Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00146

 

..... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1513 дугаар магадлалтай,

..... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

..... ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 69.045.803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.723.171 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ........ ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 136.500.000 төгрөгийг 30 хоногийн 1.49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авахаар тохирсон. Гэрээний 3.1.6-д хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн хавсралт №2-д NC/БГ070 тоот барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг ББСБ-д холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно гэж заасан байгаа. Гэвч ..... ХХК нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг дараа сараас эхлэн зөрчиж эхэлсэн. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байж байгаад батламж гэрээнд зааснаар хүү төлөх үүрэг зээлдэгчид ирсэн. Хүү төлөх талаар амаар, бичгээр, цахим шуудангаар мэдэгдсээр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар үндсэн зээл 55.478.301,32 төгрөг, хүү 10.869.760,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.165.761,93 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамж буюу хохирол 527.980 төгрөг, нийт 69.045.803 төгрөгийг гаргуулна, барьцаа хөрөнгийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хариуцагчийн зүгээс анхнаасаа машин худалдан авах сонирхолтой байсан. ..... ХХК-иас 58.500.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан төлнө гэж тохирсон. Тухайн үед манайх машин авч, мөнгөө дамжуулж төлнө гэж ойлгосон. Зээлийн гэрээний үүрэг гэх нэхэмжлэл ойлгомжгүй байна. Хуулийн дагуу ..... ХХК болон ..... ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан бол зээлийг манай дансанд шилжүүлж, бид тооцоо нийлсэн бол маргах зүйл байхгүй байх байсан. Гэтэл дүрэм журмынхаа дагуу явагдаагүй. 3 автомашиныг ..... ХХК руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал манайд данс нээж өгсөн гэж ярьдаг боловч тэр нь зөвхөн байгууллагын дотоод авлага үүсч байгаа хэлбэр. Номин трейдинг ХХК-ийн хуулгыг харахад ..... ХХК, Номин трейдинг ХХК рүү шилжүүлсэн байдаг. Тиймээс зээлийн гэрээ биш болж байна. Данс гэдэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй. Хуулийн этгээд данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүртгүүлнэ гэжээ. Үнэхээр тус дансанд 136 сая төгрөг шилжиж, түүнээс хуулгаар ..... ХХК гэж гарч ирсэн бол маргахгүй. Их хэмжээний хүү бодож байгаа. Хэрэв зээл өгч, үүнийг нь ашигласан бол бид төлөх ёстой. Үнэхээр шилжүүлсэн гэж үзэж байгаа бол 111 сая төгрөг байгаа. Гэтэл танайх 25 сая төгрөг төлөх ёстой гэж хэлдэг. Гэтэл үндсэн хүү 60 сая төгрөг болж байгаа. Бид машин худалдаж авахаар 70 гаруй сая төгрөг шилжүүлчихсэн. 3 автомашины үнэ гэж 136 сая төгрөг өгсөн. Гэтэл 3 машин ч байхгүй, дахин нэмж мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. 3 машинаа авсан учир бидэнд ямар ч өр байхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч хэлбэр төдий гэрээ байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ........ нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн NC/ЗГ070 тоот гэрээгээр 136.500.000 төгрөгийг ..... ХХК-ийн дансанд хийгээгүй, шилжүүлээгүй. Манайд албан ёсоор зээл олгоогүй учир бид үндэслэлгүйгээр 77.223.717 төгрөг шилжүүлсэн. Иймд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.223.717 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. 70 тоот гэрээ, түүний хавсралтын дагуу төлөгдсөн төлбөрийг эргүүлэн нэхэмжилж байна. 136.500.000 төгрөгийг манайх аваагүй гэх боловч авсан гэдгийг ..... ХХК-ийн гүйлгээний баримт, тэрминалын баримтаар баталсан. Зээлийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө эргүүлэн авах боломжгүй. Төлбөрөө төлөх юм бол үлдэх машинаа авч болно. 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ..... ХХК-ийн .....-д гаргасан хүсэлтэд зээл авсан болон зээлийн төлөлтийг удаашруулж, дахин зээл авахыг мэдэгдсэн. Мөн дахин 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрөө төл гэхэд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлөлт хийнэ, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байгаагаас харахад өөрсдийнх нь удирдлага зээл авсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..... ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 169 021 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 14 173 021 төгрөгийг гаргуулж ..... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 872 782 төгрөгийг, нэхэмжлэгч ..... ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77 723 171 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 344 төгрөг, болон хариуцагчийн төлсөн 546 567 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 228 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1513 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 432 500 төгрөг, хариуцагчаас төлсөн 228 816 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболотын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Номин банк бус санхүүгийн байгууллага ХХК нь ..... ХХК-тай байгуулсан NС/БГ070 дугаартай барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан автомшинуудыг компанийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд хурдан борлогдох үнээр автомашиныг худалдан зээлийн үлдэгдлээс хасаж тооцохоор талууд тохиролцсон тул Шеверлоте Тахое автомашиныг 30.000.000 төгрөг, 8478 УНИ улсын дугаартай Шеверлоте Каптива автомашиныг 25.000.000 төгрөгөөр худалдсан. Гэтэл шүүхээс NС/БГ070 дугаартай барьцааны гэрээний үнэлгээг үндэслэн Шеверлоте Тахое автомашиныг 54.600.000 төгрөг, 8478 УНИ улсын дугаартай Шеверлоте Каптива автомашиныг 40.950.000 төгрөгөөр тооцон хэргийг шийдвэрлэсэн. Талууд автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдан борлогдох үнээр худалдахаар тохиролцсон байхад автомашиныг худалдсан гэх үндэслэлээр манай компанийг буруутган барьцааны гэрээнд заасан үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 54.872.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ..... ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Манай компани автомашинуудыг хураан авах тухай албан бичиг явуулсны үндсэн дээр 4781 УБП улсын дугаартай Шеверлоте Тахое автомашиныг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хураан авсан /ХХ-34-36, 94-95 дугаар тал/ харин хариуцагч уг автомашиныг 2 жил 3 сар 4 хоногийн хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж бусдад түрээслэх замаар орлого олж байсан, мөн Шеверлоте Каптива автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хураан авсан /ХХ-34тал/ бөгөөд уг автомашиныг 3 жил 4 сар 8 хоногийн хугацаанд хариуцагч бусдад түрээсэлж орлого олж байсан үйл баримтаар тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч ..... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69.045.803 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.723.171 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, 14.173.021 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ. 

Эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч нь шийдвэр, магадлалын дагуу олгохоор шийдвэрлэсэн 14.169.021 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 228.815 төгрөгийг хариуцагчаас авахаас татгалзаж, 28-79 УНВ улсын дугаартай Шеверлот каптива маркийн автомашиныг дээрх төлбөрт тооцон авах, хариуцагч нь уг авто машиныг нэхэмжлэгчээс шүүхийн журмаар нэхэмжлэхгүй, талууд NC/ЗГ070 дугаартай зээлийн гэрээ, NC/БГ070 дугаартай барьцааны гэрээтэй холбогдуулж, Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу шаардлага гаргахгүй, дээрх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшиж байсан 3-н автомашины элэгдэл хорогдлыг нэхэмжлэхээс татгалзаж харилцан тохиролцов” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж нэхэмжлэгч ..... ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбаноров, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, хариуцагч ..... ХХК-ийн гүйцэтгэх захирал Максимилиан Реттвендэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа нар гарын үсэг зурсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.

Талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна. 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01288 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1513 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нь шийдвэр, магадлалын дагуу олгохоор шийдвэрлэсэн 14.169.021 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 228.815 төгрөгийг хариуцагчаас авахаас татгалзаж, 28-79 УНВ улсын дугаартай Шеверлот каптива маркийн автомашиныг дээрх төлбөрт тооцон авах, хариуцагч нь уг авто машиныг нэхэмжлэгчээс шүүхийн журмаар нэхэмжлэхгүй, талууд NC/ЗГ070 дугаартай зээлийн гэрээ, NC/БГ070 дугаартай барьцааны гэрээтэй холбогдуулж, Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу шаардлага гаргахгүй, дээрх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшиж байсан 3-н автомашины элэгдэл хорогдлыг нэхэмжлэхээс татгалзаж харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ..... ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 432.500 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

 

                                               ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ