Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1288

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н К  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н  ХХК -д холбогдох,

 

69.045.803 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.723.171 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Дэлгэрмаа, Д.Нурболот, Ц.Амгаланбаатар, хариуцагчийн төлөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н  ХХК-тай Н К  ББСБ ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 136.500.000 төгрөгийг  30 хоногийн 1,49 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авахаар тохирсон.

Гэрээний 3.1.6-д “ Хэрэв зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн Хавсралт №2-д NC/БГ070 тоот барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг ББСБ-д холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй болно” гэж заасан байгаа.

 Гэвч Н  ХХК нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг дараа сараас эхлэн зөрчиж эхэлсэн. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байж байгаад батламж гэрээнд зааснаар хүү төлөх үүрэг зээлдэгчид ирсэн. Хүү төлөх талаар амаар, бичгээр ,цахим шуудангаар мэдэгдэж ирсэн.

Ингэж явсаар зээлийн гэрээний хугацаа дуусан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны байдлаар үндсэн зээл 55.478.301, 32 төгрөг, хүү 10.869.760, 23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.165.761, 93 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамж буюу хохирол 527.980 төгрөг, нийт 69,045,803 төгрөгийг Н  ХХК-иас шаардаж байна. Барьцаа хөрөнгийн шаардлагаас татгалзаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. 70 тоот гэрээ, түүний хавсралтын дагуу төлөгдсөн төлбөрийг эргүүлэн нэхэмжилж байна. 136.500.000 төгрөгийг манайх аваагүй гэх боловч авсан гэдгийг Н К  ББСБ ХХК-ийн гүйлгээний баримт, тэрминалын баримтаар баталсан. Зээлийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрөө эргүүлэн авах боломжгүй. Зээлийн гэрээний төлбөрт төлөгдсөн. Төлбөрөө төлөх юм бол үлдэх машинаа авч болно.

Хэргийн 212 дугаар талд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Н  ХХК-иас Н К  ББСБ-д хүсэлт гаргасан байгаа. Тус хүсэлтэд зээл авсан болон зээлийн төлөлтийг удаашруулж, дахин зээл авахыг мэдэгдсэн байгаа. Мөн дахин 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манайх зээлийн төлбөрөө төл гэхэд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөлт хийнэ, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байгаа. Үүнээс харахад өөрсдийнх нь удирдлага зээл авсаныг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс анхнаасаа машин худалдан авах сонирхолтой байсан. Н К  ББСБ ХХК-иас 58.500.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Үлдэгдэл төлбөрөө Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан төлнө гэж тохирсон. Тухайн үед манайх машин авч, мөнгөө дамжуулж төлнө гэж ойлгосон

Маргаж буй зүйл нь бид зээлийн гэрээний үүрэгт гэж нэхэмжилсэн. Зээлийн гэрээний үүрэг гэх нэхэмжлэл ойлгомжгүй байна. Хуулийн дагуу Н  ХХК болон Н К  ББСБ ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан бол зээлийг манай дансанд шилжүүлж, бид тооцоо нийлсэн бол маргах зүйл байхгүй байх байсан. Гэтэл дүрэм журмынхаа дагуу явагдаагүй. Гурван автомашиныг Н К  ББСБ ХХК руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч тал танайд данс нээж өгсөн гэж ярьдаг боловч тэр нь зөвхөн байгууллагын дотоод авлага үүсч байгаа хэлбэр. Номин трэйдинг ХХК-ийн хуулгыг харахад Н К  ББСБ ХХК, Номин трэйдинг ХХК рүү шилжүүлсэн байдаг. Тиймээс зээлийн гэрээ биш болж байна. Данс гэдэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж ,төлбөр тооцоо, зэлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1-т “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй. Хуулийн этгээд данс нээлгэхийн тулд дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ” гэж байгаа.

Үнэхээр тус дансанд 136 сая төгрөг шилжиж, түүнээс хуулгаар Н  ХХК гэж гарч ирсэн бол маргахгүй. Бид нарт маш их өндөр хэмжээний хүү бодож байгаа. Бидний тооцоолсон хүү 50.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.000.000 төгрөг байгаа. Танайх манайд зээл өгч, бид ашигласан бол бид төлөх ёстой. Гэтэл танайх дүрэм журмын дагуу явуулаагүй. Үнэхээр шилжүүлсэн гэж үзэж байгаа бол 111 сая төгрөг байгаа. Гэтэл танайх 25 сая төгрөг төлөх ёстой гэж хэлдэг. Гэтэл үндсэн хүү 60 сая төгрөг болж байгаа. Бид машин худалдаж авахаар 70 гаруй сая төгрөг шилжүүлчихсэн. Гурван машины үнэ гэж 136 сая төгрөг өгсөн. Гэтэл 3 машин ч байхгүй, дахин нэмж мөнгө нэхэмжилж баайгаа нь шударга бус байна. Гурван машинаа авсан учир бидэнд ямар ч өглөг байхгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч хэлбэр төдий гэрээ байгаа. Манайд албан ёсоор зээл олгоогүй учир бид үндэслэлгүйгээр 77.223.717 төгрөг шилжүүлсэн байна. Иймд дээрх төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Иймд үндэслэлгүйгээр шилжүүлсэн 77.223.717 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК нь хариуцагч Н  ХХК-д холбогдуулан, 69.045.803 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н  ХХК нь нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77.723.171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайлд:

 

Нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК нь хариуцагч Н  ХХК-д холбогдуулан, үндсэн зээл 55.478.301 төгрөг, хүү 10.869.760, 23, нэмэгдүүлсэн хүү 2.165.761 төгрөг, нэхэмжлэлийг буцаасны улмаас улсын төсөвт үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 527.980 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 69.045.803 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н  ХХК нь 2014 оны 06 сарын 18-ны өдөр NC/ЗГ070 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг манай компанид олгоогүй, мөн манай худалдан авсан авто машинуудын 2-г нь Н К  ББСБ ХХК нь худалдаж, 1 автомашиныг өөрийн өмчлөлдөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2014 оны 06 сарын 18-ны өдөр NC/ЗГ070 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, Н К  ББСБ ХХК нь автомашин худалдаж авах зориулалтаар 136.500.000 төгрөгийг 30 хоногийн 1.49%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Н  ХХК нь хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг төлөх, зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “... мөнгөн хөрөнгийг ... зээлдэгчид шилжүүлэх” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь ... зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж, 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заажээ.

 

Н К  ББСБ ХХК нь зээлдэгч Н  ХХК-ийн эзэмшдэг дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, харин Номин трейдинг ХХК-ийн дансанд шилжүүлсэн, мөн зээлийн барьцааны гэрээг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан атлаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4781 УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива, 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива автомашинуудыг Н К  ББСБ байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан зэрэг хуульд нийцэхгүй гэрээ болон зээлтэй холбоотой үйлдлийг хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

 

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул барьцааны гэрээнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд уг гэрээний агуулга, талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Фидуцийн гэрээний шинжийг агуулж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй гэж маргаж байгаа боловч Н  ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч гэх “Алмандин капитал” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 06 сарын 13-ны өдрийн шийдвэрт “Худалдан авах автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь болох 58.500.000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 70% болох 136.500.000 төгрөгийг Н К  ББСБ-аас 24 сарын хугацаатай зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэж дурдсан, Н К  ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу Шевролет Каптива /2ш/, Шевроле Тахое /1ш/ маркийн автомашины үлдэгдэл төлбөр 136.500.000 төгрөгийг санхүүжүүлсэн, үүний үр дүнд Н  ХХК нь өөрийн эзэмшил, ашиглалтад автомашинуудыг шилжүүлэн авсан, улмаар эдгээр автомашинуудыг бусдад түрээслэн орлого олж байсан,  мөн Н  ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэж зээлийн гэрээний хуваарьт заасан төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг Н К  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн дансны хуулгаас үзэхэд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Н  ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 55.478.301, 32 төгрөг, хүү хүү 10.869.760, 23, нэмэгдүүлсэн хүү 2.165.761 төгрөг нийт 68.513.822 төгрөг байх ба хариуцагч уг тооцооллыг няцаасан тооцоолол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Н К  ББСБ ХХК нь Н  ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа автомашинуудыг дур мэдэн хураан авах, “түргэн борлогдох” гэх үнээр автомашинуудыг бусдад хямдхан худалдан борлуулж, зээлдэгч Н  ХХК-ийн эрх ашгийг хөндөх үр дагаварт хүргэсэн бөгөөд Н К  ББСБ ХХК нь Н   ХХК-ийн зөвшөөрөлгүй 4781УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива, 2879 УНВ улсын дугаартай  Шевроле Каптива автомашинуудыг хариуцагчаас хураан авч, “түргэн борлогдох” гэх үнээр 4781УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива автомашинуудыг бусдад худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээс нийт 54.393.220 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс хасч тооцсон хуульд нийцэхгүй юм.

 

“Талуудын харилцан тохиролцсон үнэлгээ” буюу “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан үнийн дүнгээр автомашиныг худалдан борлуулах үнийг тодорхойлж, 4781УБП улсын дугаартай Шевроле Тахое автомашиныг 54.600.000 төгрөгөөр, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива автомашиныг 40.950.000 төгрөөр тооцож, зээл, түүний хүүгээс хасаж тооцох нь шударга ёсонд нийцнэ.

 

Мөн хариуцагч Н   ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2015 оны 2 дугаар сарыг хүртэй гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, сар бүр зээлийн гэрээний хуваарийн дагуу 5.687.500 төгрөгийг 7 сар дараалан төлсөн мөнгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд үүссэн нийт үүрэг буюу үнсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 186.392.738 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн нийт 76.673.717 төгрөг, 2 автомашины үнэ 95.550.000 төгрөгийг хасаж тооцоход нийт 14.169.021 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна..

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд хандах болсон, улмаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, хуулийн шаардлага хангуулахад гарч байгаа нотариатын зардал 4.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иймд хариуцагч Н   ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.169.021 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг, нийт 14.173.021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.872.782 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

Хариуцагч Н   ХХК нь нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77.723.171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК- нь зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн, үндэслэлгүйгээр төлсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Зээлийн гэрээний үүргийн зөрчил 2015 оны 2 дугаар сараас эхлэн гэрээний үүргийн зөрчил гарч эхэлсэн бөгөөд зээлийн хүү болон зээлийн төлбөрт хариуцагч Н   ХХК-иас нийт 76.673.717 төгрөгийг нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 77-90, 192 дахь тал/

 

2014 оны 06 сарын 18-ны өдөр NC/ЗГ070 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлсөн бөгөөд үндэслэлгүйгээр Н К  ББСБ ХХК-д мөнгө төлсөн байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Номин трейдинг ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 136.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 76.673.717 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77.723.171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь Голомт банк ХХК-иас Номин трейдинг ХХК-ийн 2715002695 тоот дансны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Талуудын зээлийн гэрээний үүргийг шүүх дүгнэсэн тул 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива автомашиныг нэхэмжлэгчээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Н   ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.169.021 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг, нийт 14.173.021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.872.782 төгрөгийг, нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 77.723.171 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 775.344 төгрөг, болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546.567 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н   ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 228.815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н К  ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ЭНХБАЯР