| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2019/0292/Э |
| Дугаар | 633 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 633
Ц.Н , Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батсайхан,
хохирогч Б.Энхзаяа, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч Ц.Н , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Галхүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н , Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 1805028520915 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Ц-ийн Н , ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД......./;
2. Б овгийн Б-ын Э, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
Ц.Н нь Б.Э тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Н нь Ц.Н тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд иргэн Б.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Н , Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Н ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Б.Э г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н ийг 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Э г 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н , Н нараас нийт 1,307,560 төгрөг, тус бүр 653,780 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхзаяад олгохоор тогтоож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н , Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Энхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний 783,100 төгрөгийн баримт, үнэлгээний газраас монетон ээмэг, гинжний 352,500 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ гаргуулсан болон монетон ээмэг, гинж байсан эх сурвалжийг тогтоолгохоор хүсэлт гаргахад хохирогч нь надад ээмэг, гинж байсан эсэхийг мэдэх хүн байхгүй гэж гомдлоосоо татгалзаж, энэ талаар гомдол гаргах эрхийг минь хязгаарласан. Гэтэл шүүх хуралд хохирлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй өмнө нь өгсөн баримттай давхацсан баримтууд байсан. Мөн эмчилгээнээс өөр баримтууд оруулсан байсан. Шүүх 1,307,500 төгрөгийн хохирлыг Б.Энхзаяад гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хохирол нь эмчилгээний эсхүл ээмэг, гинжний хохирол болох нь тодорхойгүй байна.
Хохирогч Б.Энхзаяа нь хэрэг гарах үед миний нүүрийг маажиж, гарын хуруунуудыг хазаж, гэмтэл учруулсан. Дуудлагаар ирсэн цагдаа намайг авч явж гэмтлийн эмнэлэгт анхны тусламж үзүүлж, эмнэлэгт нүүрний шархыг цэвэрлүүлж, эмчилгээ хийлгээд гарын хуруунууддаа оёдол тавиулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг шүүх эмнэлэгт үзүүлэх талаарх эрхийг минь хангаагүй. 8 сарын дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1491 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг гаргахдаа осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд бичигдсэн оношийг бүрэн бичээгүй бөгөөд “фото зургийг баталгаажуул” гэсэн дүгнэлт гаргасан. Би дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар хяналтын прокурор болон дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч дахин шинжилгээ хийлгэх боломжгүй гэж үзсэнд үнэхээр гомдолтой байна.
Тухайн хэрэг гарах үед Б.Энхзаяа орцонд орж ирээд над руу дайрсан. Нүүр, гар маажсан. Дуудлагаар ирсэн цагдаа намайг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очоод би нүүрэн дэх шархаа цэвэрлүүлж, гартаа оёдол тавиулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд би өөрөө гэмтэл авсан талаараа мэдүүлэхэд Шүүх эмнэлэгт үзүүлэх эрхээр хангаж өгөөгүйд гомдолтой байна. Мөн Б.Энхзаяа нь тухайн үед гинж, ээмэг алга болсон гэдэг, энэ талаар шалгуулъя гэхэд хохирогч өөрөө шалгуулах хүсэлгүй байна гэдэг. Мөрдөн байцаалтад нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хааж өгөөч гээд бичиж өгсөн байдаг. Хохирогч Б.Энхзаяа надтай хамт амьдарч байх хугацаандаа монетон ээмэг, зүүлт зүүдэггүй байсан. ...” гэв.
Шүүгдэгч Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н миний бие Б.Энхзаяаг огт зодоогүй, Ц.Н тэй зодолдож байхад нь салгах гэж дундуур нь орсон. Гэтэл Б.Энхзаяа нь мэдүүлэг өгөхдөө “Н , Э нар намайг нийлж зодсон” гэж худал мэдүүлэг өгсөн. Шүүх Энхзаяа бид хоёрын мэдүүлгийн зөрүүг арилгалгүйгээр нэг талыг барьсан тул гомдол гаргаж байна.
Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1 “Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно”, 24.1.2-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Би Б.Энхзаяаг Ц.Н тэй маргалдаж байхад нь салгасан. Тухайн үед би 102-т дуудлага өгсөн. Анхнаасаа энэ хэрэгт би оролцоогүй. Тухай үед орцны жижүүр нь байсан, юу болсныг харсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд уг жижүүрээс гэрчээр мэдүүлэг аваагүй. Би Б.Энхзаяад гар хүрээгүй. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 377 дугаартай шийтгэх тогтоолыг дахин хянаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Н ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1491 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ц.Н өд гэмтэл тогтоогдоогүй. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд “нүүрний зөөлөн эдийн гэмтэл, тархи доргилт” гэж гурван цэг тавьчихсан байдаг. Гэхдээ онош буруу бичигдээгүй байсан. Тухайн өдөр шүүгдэгч Ц.Н гэмтэл авсан гэдгийг шүүгдэгч Н нотолж мэдүүлдэг. Мөн дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч Тэмүүжингийн 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудсанд “холбогдогч Н нь нүүрэн хэсэгт олон тооны хумсны шархтай, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын ядам хуруунд оёдол тавиулсан” /хх 8/ гэж бичсэн байдаг.
Ээмэг, гинжинд үнэлгээ тогтоосон. Эх сурвалжийг тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргасан гэсэн боловч мөрдөгч “та хүсэлт гаргаад хэрэггүй, хохирогч нэхэмжлэлээсээ татгалзсан” гэж хэлсэн. Хохирогч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан гээд хавтас хэрэгт мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс хохиролд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э гийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э гийн гаргасан давж заалдах гомдолд нэмж хэлэх тайлбаргүй. Мөн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дурдсан тул нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогч Б.Энхзаяагийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа ял хөнгөдсөн гэх хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар тодорхой эрхэлсэн ажилгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан заалт зөрчигдөж байна. Бусдын биед хөнгөн гэмтэл бүлэглэж учруулсан гэж хөнгөрүүлж зүйлчилсэн. Олон нийтийн газарт бүлэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхад уг зүйл, хэсгээр зүйлчлээгүй тул прокурорыг хяналтын чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй, шүүгдэгч нарт ял завших боломж олголоо гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай явагдсанаас болж, хөөн хэлэлцэх хугацаа дуусч уг хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Шүүгдэгч нар хавтас хэрэгт тогтоогдоогүй зүйлээр гомдол гаргасан байна. ...” гэв.
Хохирогч Б.Энхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Тухайн үед мөрдөгч надад ээмэг, гинж байсан гэдгийг хэн гэрчлэх юм бэ гэсэн. Би хоёр шүүгдэгч гэрчилнэ, хавтас хэрэгт миний өрөөсөн ээмэгтэй зураг байгаа” гэхэд “тэгвэл энэ хэрэг чинь буцаагдах юм байна гэсэн. Тус хэрэг шүүх рүү шилжихгүй, удаад байсан. Би ээмэг, гинжиндээ үнэлгээ хийлгэсэн байхад мөрдөгч хэргийг шүүх рүү явуулахгүй байсан. Би энэ хэрэг маш удаашралтай шалгагдаж байна гэсэн өргөдөл гаргаж байсан. Иймээс ээмэг, бөгжний асуудлыг дахиад шалгах хэрэгтэй гэж шүүх рүү явуулах хугацааг хойшлуулах нь гэж ойлгоод нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралд бодитой зүйлийг хэлсэн. Хохирсон болохоор нэхэмжилсэн. Надад нэг өрөөсөн ээмэг нь байгаа. ...” гэв.
Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Н ийн биед учирсан гэмтлийг тогтоож өгөөч гэх хүсэлтийг хүлээн авч, мөрдөгч шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.
Хохирогч Б.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өөрийнх нь бичиж өгсөн хүсэлт, мөн анхан шатны шүүх хуралд ээмэг, гинжийг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэж, хохиролд оруулж тооцоогүй. Хохирогч Б.Энхзаяа нь “Б.Э , Ц.Н нар бүлэглэж зодсон” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Энхзаяагийн биед нэлээдгүй тооны газарт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар харилцан бие биенийхээ үйлдлийг өөрсдөө нотлон мэдүүлдэг. Уг хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.
Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.Энхзаяаг зодох үедээ хохирогчтой хамтран амьдарч байсан. Шүүгдэгч Б.Э тай бүлэглэж, хохирогчийг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн.
Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарт “нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн” гэж байгааг ойлгосонгүй. Хуулинд байхгүй зүйлийг ярьж байна. Хэрэг шалгах ажиллагаа маш удаашралтай байсан гэдэг нь өөрсдөөс нь шалтгаалсан байдаг. Хэрэг танилцуулах гэхээр ирдэггүй байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах болон бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Ц.Н нь Б.Э тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч иргэн Б.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Н нь Ц.Н тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд иргэн Б.Энхзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
хохирогч Б.Энхзаяагийн “...2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн үед ангийн найз Э тай Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар байрны 97 тоот гэртээ хамт ирсэн. Баарны гадна Н “гэртээ харъя” гэж хэлснээс болоод намайг толгойноос үсдэж газар унагаж цохисон. Тэгээд буруу хараад “зулбасгыг ална” гээд явсан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн. Тэгээд замын хойно гараад Н намайг газар унагаж зодсон. Тэгсэн Э ирээд салгаад таксинд суулгаад, бид байрны гадаа түрүүлж очоод орцонд ороод Н ийг хүлээж байсан. Учир нь, надад гэрийн түлхүүр байхгүй байсан юм. Н орцоор орж ирээд шууд уурлаад үсдэж “эр хүн тоохооргүй болтол алаад өгье” гээд хоолой боосон. Нэг мэдсэн Э бас намайг цохиж, зодож үсдээд нуруу руу өшиглөж, миний зүүн зовхи хэсэгт сэтэлсэн. Тэр хоёр нийлээд нүүр нүдгүй намайг зодсон. Газар унасан байх үед Н босгож ирээд хоолой боож, хананд шахснаас ухаан балартсан. Тэгсэн Э доош буугаад гараад явсан, араас нь Н гадаа гарсан. ...Н хоолой боосон, миний хацар, толгой, нуруу, сарвууг гараараа цохиж, газарт унасан, үсдсэн, өшиглөсөн. Тухайн үед, би хэн нь хаана, хэдэн удаа цохиж байгааг тоолоогүй. ...” /хх 17-19/ гэх,
шүүгдэгч Ц.Н ийн “...Тэгсэн Энхзаяа орилж хашгираад дайраад, мөн Э г маажиж дайрсан. Тэгсэн Э нь зөрүүлж маажиж, цохиж газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. ...Э нь газар унасан хойно өшиглөж, цохиж, маажилцсан байгаа. ...” /хх 39-41,61-63/ гэх,
шүүгдэгч Б.Э гийн “...Би такси бариад хөдлөөд явах үедээ тэр хоёрыг харсан чинь Энхзаяа газар унасан байсан. Би таксинаас буугаад гүйгээд очих үед Төгсөө дээрээс нь гараараа цохиод байсан. Би очоод чи яаж байна гэхэд би босгох гэж байсан юм гэж хэлсэн. Тэгээд би “чи цаашаа яв” гээд Энхзаяаг нөгөө таксиндаа суулгаад гэрийнх нь гадаа хүргэж ирсэн. Төгсөө түрүүлээд орц руугаа орж байсан. Энхзаяа Төгсөөгийн араас зуурч аваад цохиод эхэлсэн, нүүр нүдгүй балбаж нүдсэн. Тэр хоёр давхар болгонд муудалцаж нэгнийгээ цохиж байсан. Сүүлдээ нөхөр нь тэсэхээ больсон уу, яасан Энхзаяаг цохиж зодсон. ...Нөхөр Төгсөө нь энэ гэмтлийг түүнд учруулсан. ...” /хх 42-44, 76-80/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6120 дугаартай “...Б.Энхзаяагийн биед баруун хөмсөгт шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамрын үзүүр, эрүү, хүзүү, цээж, баруун шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, доод баруун 2 шүдний эмзэглэл, цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн ташаан толгой, баруун гуянд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Н ийн гэр бүлийн хамаарал бүхий буюу нэг гэрт хамтран амьдарч байсан Б.Энхзаяатай маргалдаж, улмаар гудамжинд болон байрныхаа орцонд зодсон, орцонд зодохдоо Б.Э тай бүлэглсэсэн,
шүүгдэгч Б.Э гийн “...хохирогч Б.Энхзаяаг зодож байгаа шүүгдэгч Ц.Н ийн үйлдлийг дэмжин “намайг маажлаа” гэх шалтгаанаар Б.Энхзаяаг зодсон,
тэдний зодсон үйлдлээс болж Б.Энхзаяагийн биед хөнгөн гэмтэл учирсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй байх ба шүүгдэгч Ц.Н ийн үйлдэл нь тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүлэглэж...” гэсэн, Б.Э гийн үйлдэл нь тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бүлэглэж...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н , Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Н нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “Б.Энхзаяа нь хэрэг гарах цаг хугацаанд миний нүүрийг маажиж, гарын хуруунуудыг хазаж гэмтэл учруулсан үйлдлийг хэрэгт үнэн зөв шалгаагүй, хохирогчийн гэм хорын хохирлыг буруу тооцож шийдвэрлэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан Ц.Н , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын “...Ц.Н ийн эрхийг ноцтой зөрчиж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргалгүй эрхийг нь зөрчсөн байна...” гэсэн агуулга бүхий хүсэлт /хх 95-98/ гаргасныг мөрдөгч хүлээн авч шинжээч томилж, шүүгдэгч Ц.Н ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгожээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1491 дугаартай “...Ц.Н ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 109/-ээр түүнийг биед гэмтэл учирсан байдал тогтоогдоогүй байна.
Уг дүгнэлтийг шинжээч гаргахдаа Ц.Н ийн өөрийнх нь хэлсэн “...Баруун гарын сарвуугаар хөндүүрлэнэ, өөр зовиур үгүй, тухайн үед сорвины тос түрхсэн...” гэсэн зовиурыг үндэслэн Ц.Н ийн биед үзлэг хийж, 2018 оны 5 дугаар сарын 10-ны осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэргийг шинжлэн судалж гаргасан байх тул Ц.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад миний эрхийг хангаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.
Хохирогч Н нь эмчилгээний зардлын баримтаа эх хувиар нь гарган өгч, хохирлоо нэхэмжилжээ /хх 187-200/.
Анхан шатны шүүх хохирлын нэхэмжлэлээс бензиний төлбөр, хоолны төлбөр, юунд зарцуулсан баримт болох нь тодорхойгүй кассын орлогын ордер зэргээр нэхэмжилсэн төлбөрийг хасаж, зөвхөн эм тариа, эмчилгээний төлбөр зэргийн мөнгөн дүнг болон Б.Энхзаяагийн хэрэг болох үед алдсан гэх ээмэг, гинжний үнэ болох 352,600 төгрөг /хх 35/-ийг нийлүүлэн нэмж, 1,307,560 төгрөг гэж тооцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Б.Энхзаяа нь ээмэгтэй байсан, өрөөсөн ээмэг нь зодуулах үеэр алга болсон болох нь тогтоогдож байх бөгөөд харин гинжтэй байсан, уг гинж нь алга болсон болох нь тогтоогдохгүй байх тул уг гинжний төлбөрт үнэлгээгээр гаргуулсан 197800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н нь “...Би Б.Энхзаяаг Ц.Н тэй маргалдаж байхад нь салгасан болохоос хэрэгт би оролцоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хохирогч Б.Энхзаяагийн “Нэг мэдсэн Э бас намайг цохиж, зодож үсдээд нуруу руу өшиглөж, миний зүүн зовхи хэсэгт сэтэлсэн. Тэр хоёр нийлээд нүүр нүдгүй намайг зодсон. ...” /хх 17-19/ гэсэн мэдүүлгийг шүүгдэгч Ц.Н “...Тэгсэн Энхзаяа орилж хашгираад дайраад мөн Э г маажиж дайрсан. Тэгсэн Э нь зөрүүлж маажиж, цохиж газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. ...Э нь газар унасан хойно өшиглөж, цохиж маажилцсан байгаа. ...” /хх 39-41,61-63/ гэж нотлон мэдүүлжээ.
Харин Б.Э гийн хохирогчид хүч хэрэглээгүй талаарх мэдүүлгийг нотолсон, эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Шүүгдэгч Ц.Н , Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох гэмт хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд дуусчээ.
Иймд Ц.Н , Н нарт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Ц.Н , Н нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж завж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 - т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “Шүүгдэгч Ц.Н , Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.Н , Н нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н , Н нараас нийт 1,307,560 төгрөг, тус бүр 653,780 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхзаяад олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н , Н нараас тус бүр 554,980 төгрөгийг гаргуулж, нийт 1,109,960 /нэг сая нэг зуун есөн мянга есөн зуун жар/ төгрөгийг хохирогч Б.Энхзаяа /рд:ЧМ84071565/ -д олгосугай...” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н , Н нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ