Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/275

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Гэрч Ж.Гантулга, Т.Должмаа, С.Ариунсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч С.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үзээн овогт Сэнгэгаравын Хүдэрчулуунд холбогдох эрүүгийн 2221000000242 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 10ы өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Евро” хашааны үйлдвэрт туслах ажилтай байсан, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-19б тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Үзээн овогт Сэнгэгаравын Хүдэрчулуун. /РД: ЖЗ92011016/

Шүүгдэгч С.Хүдэрчулуун нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-19Б тоот өөрийн гэртээ согтуугаар З.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч С.Хүдэрчулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Хүдэрчулуун оршуулгын зардал нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрийн бүхий л зүйлийг зарцуулж хүүгээ гаргасан. Манайх ам бүл 5, манай хүү “Евро” хашааны үйлдвэрт Хүдэрчулуун, Гантулга нартай ажилладаг байсан. Оршуулгын зардал 12199.875 төгрөгийн зардал гарсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 4000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үлдсэн мөнгийг нэхэмжилж байна. Миний хүү ар гэрээ тэжээдэг байсан. Хүү маань гэр бүл болж амжаагүй 2 хүүхэдтэй бага нь 3 сартай, том нь 6 дугаар ангид орж байгаа. 2 хүүхэд нь өнчирсөн. Маш их гомдолтой байна...гэв.

Гэрч Ж.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хүдэрчулуун галаа асаана гэж зуухны аман дээр хутгаар мод цуулаад зогсож байсан. Баттулга тэр үед угаартах гээд байна гэж уурлаад байсан бөгөөд хундагатай архиа Хүдэрчулуун руу цацсан. Тэр үед Хүдэрчулуун, Баттулгын өөдөөс барьсан хутгатайгаа очиж Баттулгын дээрээс дараад унасан. Тэр үед Должмаа ах бид 2 Хүдэрчулууныг 2 талаас нь татаад босгоход Хүдэрчулуун өөрөө босож сандал дээр очиж суусан. Тэр үед Баттулга ах босох гэснээ хутгалчихлаа гэж хэлээд буцаад хэвтсэн. ... харахад Баттулгын цээж цус болсон байсан ба Хүдэрчулуун би хүн хутгалчихлаа гэж хэлээд бахираад байсан. Би Бүрнээгийн хамт Баттулгын цусыг тогтоох гэж байхад гаднаас түргэн дуудчихлаа гэж Должмаа ах орж ирээд бүгдээрээ сандралдаад байж байхад түргэн ирсэн. Талийгаач Баттулга нь Хүдэрчулуунаас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй... “ гэв.

Гэрч Т.Должмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хүдэрчулуун гал асаана гэж төмөр зуухны аман дээр хутгаар мод цуулж суусан. Тэр үед дахин утаа гарч Баттулга угаартах гээд байна, гэр утаагаар дүүрээд байна, утаа үнэртээд байна гэж уурлан хундагатай архиа Хүдэрчулуун руу цацсан. Тэр үед Хүдэрчулуун гэнэт уурлаж Баттулгын өөдөөс барьсан хутгатайгаа очиж Баттулгын дээрээс дараад унасан. Гантулга бид 2 Хүдэрчулууныг 2 талаас нь татаад босгоход Хүдэрчулуун өөрөө босож сандал дээр очиж суусан. Тэр үед Баттулга босох гэснээ Хүдэрээ намайг хутгалчихлаа гэж хэлээд буцаад хэвтсэн. Тэгээд харахад Баттулгын цээж цус болсон байсан ба Хүдэрчулуун би хүн хутгалчихлаа гэж хэлээд бахираад байсан би гар утсаа авч түргэн дуудахаар гарсан...” гэв.  

 

   Гэрч С.Ариунсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй...гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний амь нас хохирсон учир гэм буруутай байна гэж үзэж байна...” гэв.

 

Гэрч Ж.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүдэрчулуун галаа асаана гээд төмөр зуухны аман дээр хутгаар мод цуулаад зогсож байсан. Тэгсэн Баттулга дахин угаартах гээд байна “гэр утаагаар дүүрээд байна, утаа үнэртээд байна” гэх зэргээр хэлээд уурлаад байсан бөгөөд Баттулга хундагатай архиа Хүдэрчулуун руу цацсан. ... Хүдэрчулуун гэнэт уурлаад Баттулгын өөдөөс барьсан хутгатайгаа очоод Баттулгын дээрээс дараад унасан. Тэгэхээр нь Должмаа ах бид хоёр Хүдэрчулууныг хоёр талаас нь татаад босгоход Хүдэрчулуун өөрөө яваад сандал дээр суусан. Баттулга өндийгөөд босох гэснээ намайг “хутгалчихлаа” гэж хэлээд буцаад хэвтээд өгсөн. Улмаар Баттулгын цээж хэсгээс цус урсан гарч байсан ба Хүдэрчулуун “би хүн хутгалчихлаа ш дээ” гээд бахирах үед  Должмаа ах гар утсаа аваад түргэн дуудлаа гээд гэрээс гарч би Бүрнээгийн хамт Баттулга ахын цусыг тогтоох оролдлого хийсэн. Ингээд байж байхад гаднаас түргэн дуудчихлаа гээд Должмаа ах орж ирээд бүгдээрээ сандралдаад байж байхад удалгүй түргэн тусламж орж ирсэн. Талийгаач Баттулга нь Хүдэрчулуунаас өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй... Хүдэрчулуун нь мод зорж байхад хар өнгийн бариултай хутга барьсан байсан ба уг хутга нь гутлын тавиур дээр байсан хар өнгийн хутга мөн байсан” гэжээ. /хх-ийн 30-32 тал/

Гэрч Ж.Бүрэнхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн хамтран амьдрагч С.Хүдэрчулуунтай 2021 оны 11 дүгээр сард танилцаад өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёрын хувьд Хэрлэн сумын 10 дугаар баг “Ялалт” хорооллын 14-19 тоот хашаанд гэр бариад түрээслэн амьдарч байгаа юм. Харин болсон хэргийн хувьд гэвэл миний хамтран амьдрагч С.Хүдэрчулуун нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. ... бид хоёр хоол цайгаа идээд байж байхад 22 цагийн орчим Хүдэрчулуунтай хамт ажилладаг одоо талийгаач болсон Баттулга, Гантулга болон түүний хуурай ах Должмаа нар талийгаач Баттулгын Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Чойбалсан сумаас гэр ачаад ирлээ гээд ирсэн.  Ингээд манай гэрээс холгүй байдаг хүнсний дэлгүүрээс Гантулга хуурай ах Должмаагийн хамтаар “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архинаас 1 шилийг мөн 2.5 литрийн  савлагаатай “Сэрүүн” гэх шошготой пиво дэлгүүрээс авчраад задлаад хоорондоо юм ярингаа ууцгаасан, мөн архи дууссаны дараа ахин 1 шил “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи авчраад уусан ... С.Хүдэрчулуун нь надад хандан “би даараад байна, галаа асаа” гэж хэлэхээр би гал түлсэн бөгөөд миний асаасан гал асаж өгөхгүй утаа саагиулаад байхад Баттулга ах надад болон Хүдэрчулуунд “гэр утаа болгоод байна шүү дээ угаартлаа шүү дээ” гэж хэлээд байсан бөгөөд манай нөхөр тэр үед “би өөрөө галаа асаалаа” гээд зуухны амны хажууд буюу гэрийн баруун талд гартаа хар иштэй хутга бариад мод цуулаад суусан. Энэ үед би ...тамхи татахаар гэрээс гарч хэсэг байж байгаад буцаад орсон. ... Баттулга ах дахин “гэр угаартлаа шүү дээ, би угаартлаа” гэх зэргээр Хүдэрчулуунтай амаар маргаан хийх шиг болоод архиа Хүдэрчулуун руу цацах үед Хүдрээ босож ирээд Баттулга ахын сууж байсан газар руу очиж дээрээс нь дараад хэвтээд боссон. Би тэр үед огт юм бодолгүй хоорондоо юм ярилцах гэж байгаа юм байна гэж бодож байхад босох үед нь харахад Баттулга ах “Хүдрээ намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд доошоо гэдсээ тэврээд хэвтсэн. ...хажууд нь сууж байсан Гантулга, Должмаа ах хоёр Хүдэрчулууныг холдуулах үед Хүдрээ “би хүн хутгалчихлаа” гээд орилоод байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гээд гарт байсан хар иштэй хутгийг аваад үүдний гуталны тавиур дээр тавиад орхисон...” гэжээ. /хх-ийн 34-36 тал/

Гэрч С.Ариунсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 сарын 16-ны өдөр манайд шинээр бэр болж буй Бүрэнхишиг манай том эгч Ариунгэрэл рүү утсаар яриад “Хүдэрчулуун архи ууж байгаад хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн гэсэн. ...Тухайн үед би Хүдэрчулууны гэрт очих үед гэр нь хүнгүй, пийшингийнх нь эргэн тойрон цус болчихсон байхаар нь би айгаад Цагдаагийн газар ирсэн. Тэр үед Хүдэрчулуун цагдаа нарт шалгагдаж байсан. Ингэж л Хүдэрчулууныг хүн алсан болохыг мэдсэн” гэжээ. /хх-ийн 38-39 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Талийгаач З.Баттулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун урд хэсэгт 2,3-р хавирганы завсраар урдаас арагш чиглэлтэй цээжний хөндийг нэвтрэн баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цус алдалт /1000мл/ гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэж үхэлд хүргэсэн гэмтэл байна.

3. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн гэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно.

5. Талийгаач нь цээжний баруун урд хэсэгт 2,3-р хавирганы завсраар урдаас арагш чиглэлтэй цээжний хөндийг нэвтрэн баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас хурц цус алдаж нас бажээ гэх дүгнэлт /хх-ийн 46-49 тал/

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. С.Хүдэрчулуун нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. С.Хүдэрчулуун нь үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн үйлдэл, эс үйлдийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна.

3. С.Хүдэрчулуун нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-ийн 73 тал/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15 тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18 тал тал/,

- С.Хүдэрчулууны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 115-117 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Үзээн овогт Сэнгэгаравын Хүдэрчулуун нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-19Б тоот өөрийн гэртээ согтуугаар З.Баттулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа, гэрч Ж.Гантулга, Т.Должамаа, Ж.Бүрэнхишиг, С.Ариунсувд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлтүүд, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 50 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч С.Хүдэрчулуун үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч С.Хүдэрчулуун нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгаар хохирогчийн цээжин тус газарт хутгалсан ба хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

            Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа буюу хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг нь “С.Хүдэрчулууныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байгаа болно.  

            Иймд шүүгдэгч С.Хүдэрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Хүдэрчулууныг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Хүдэрчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч С.Хүдэрчулууны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас З.Баттулгын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс оршуулгын зардалд 10899875 төгрөг, өмгөөллийн зардалд 1300.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжид 141196.000 төгрөг нийт 153395.875 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгчийн шүүх хуралдаанд төлсөн 4000.000 төгрөг, давхар бичигдсэн 892.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс болох 1300.000 төгрөг зэргийг хасаж оршуулгын зардалд нийт 6007.875 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нь нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох С.Хүдэрчулуунаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрчулууны цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн урт нь 11,5  см,  бариул хэсэг нь 12,5 см хэмжээтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Хүдэрчулууны ЖЗ92011016 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үзээн овогт Сэнгэгаравын Хүдэрчулууныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрчулуунд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрчулуунд оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрчулууны цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүдэрчулуунаас оршуулгын зардал буюу гэм хорын хохиролд нийт 6007.875 төгрөгийг гаргуулж, хохирогийн хууль ёсны  төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 2-1 тоотод оршин суух Б.Баярмаа /РД: ЖЗ68123106/-д олгосугай.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нь нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох С.Хүдэрчулуунаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсын төлөөлөгчид 4000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн урт нь 11,5  см,  бариул хэсэг нь 12,5 см хэмжээтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Хүдэрчулууны ЖЗ92011016 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хүдэрчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                             П.ПАГМА

                                                                 Г.НАМУУНТУЯА