Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00826

 

2021           06            23                                          001/ХТ2021/00826

 

 

 

..................., ..................., ...................

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар магадлалтай,

 

..................., ..................., ...................нарын нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоосон ажиллагаа, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч ..................., ..................., ...................нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...................надад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар 70,715,903 төгрөгийг гаргуулан Эм эй эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийгээгүй. Энэ тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй хууль зөрчсөн. Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар тайлбарлан мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулж өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгчээс албадан дуудлага худалдаа хийлгэх тогтоолоо надад албан ёсоор урьдчилж танилцуулаагүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор хийгдсэн иргэн ..................., ................... нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар Р.Гэгээнчимэгээс 70 715 903 төгрөгийг гаргуулж Эй эм эф ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ..................., ................... нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 62.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталгаажуулан шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 130,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 91,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон бөгөөд мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019.05.28-ны өдөр төлбөр төлөгч Р.Гэгээнчимэгт гардуулж, мөн сарын 27-ны өдрийн 4/13061, 4/13062 дугаартай мэдэгдлээр өмчлөгч нарын оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Албадан дуудлага худалдаанд санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцон 65,000,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 4/14817, 4/14818 дугаартай мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч ...................т гардуулж, Р.Гэгээнчимэг, өмчлөгч ................... нарт мэдэгдлийн хувийг дамжуулж өгөхийг мэдэгдсэн. 2019.07.05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 67,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/22 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/15 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай ..................., ..................., ...................нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019.05.21-ний өдрийн 6/22 дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг 2019.06.18-ны өдрийн 7/15 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай ..................., ..................., ...................нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтоосон. Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019.06.18-ны өдрийн 7/25 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019.07.05-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж энэ талаарх мэдэгдлийг 2019.06.21-ний өдрийн 4/14817, 4/14818, 4/14819 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан хөрөнгийн хамтран өмчлөгч болох ...................тай хамт амьдардаг ...................т мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөрөнгийн өмчлөгч ...................д 2019.07.05-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухайгаа өөрт нь мэдэгдээгүй ба өмчлөгчтэй хамт амьдардаг ...................т мэдэгдсэн нь ...................д албан ёсоор мэдэгдсэн гэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Төлбөр төлөгч Р.Гэгээнчимэг, өмчлөгч ..................., ................... нар хариуцагч ...................т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч маргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

...................нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.10.27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаартай захирамжийн дагуу 70,715,903 төгрөгийг Эй эм эф ББСБ-д төлөх үүргээ биелүүлээгүй тул барьцааны зүйл болох ..................., ................... нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К106 байр, 5 тоотод байрлах 62.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа, шинжээч томилсон байдал, шинжээчийн үнэлгээ, үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацаа, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, 71, 72 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нар хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгэж чадаагүй байв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж заасан тул  “өмчлөгч ...................д 2019.07.05-ны өдрийн дуудлага худалдааг мэдэгдээгүй, түүнтэй хамт амьдардаг ...................т мэдэгдсэн нь албан ёсоор мэдэгдсэн гэж үзэхгүй” гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2020/00091 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД

                      ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                   Д.ЦОЛМОН