Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2018/01364/И |
Дугаар | 01958 |
Огноо | 2018-09-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 01958
2018 оны 09 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2018/01958 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А /РД: /-т холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 662,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Түвшинбаяр, О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тулга 1 СӨХ нь Хан-Уул дүүргийн 1,2 дугаар хороонд байрлах 32,33,37,56 дугаар байр, 2 дугаар хорооны 31 дүгээр байр, нийт 5 байрыг хамруулан сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулдаг. Тус холбооны харъяанд байрлах Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 56 дугаар байрны 49 тоотод оршин суух буюу тухайн орон сууцыг эзэмшигч Н.А нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний татварыг 2015 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа. Тус СӨХ-ны зүгээс 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны гишүүний төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагч Н.Аээс сууц өмчлөгчдийн холбооны гишүүний татвар нийт 655,088 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7,400 төгрөг, нийт 662,488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх сууц өмчлөгч Б.Аээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний болон гарсан зардалд 662,488 төгрөг гаргуулахыг хүссэн Тулга-СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т СӨХ 2015 оны 3 сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх төлбөрийг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2018.04.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.А ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-дахь хэсэгт зааснаар Б.Аээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 662,488 төгрөг гаргуулах тухай Т СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2018.04.16-ны өдөр төлсөн 20,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ