Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 47

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                  Даргалагч,

                                  Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                                  Шүүгчид                          С.Энхжаргал

                                                                          Г.Давааренчин

                           Оролцогчид

                                     Хариуцагч                           М.Энхтайван

                                 Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа наро оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 535 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отнонбаярын давж заалдах гомдлоор О.Дэлгэрзаяагийн /М.Оюунтуяа/ нэхэмжлэлтэй, М.Энхтайванд холбогдох  “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг гаргуулах” тухай,

М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох “2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг, нийт 10.737.486 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ээж М.Оюунтуяа, М.Энхтайван нар нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүрийн барилга худалдан авахаар Худалдах, худалдан авах гэрээ хийн, нотариатаар баталгаажуулсан байсан. М.Энхтайван эгч ХАС банкны барьцаанд байсан, зээлийг нь төлж дуусаагүй дэлгүүрийн барилгыг, үлдэгдэл бараа, гражийн хамт худалдсан байсан. Манай ээж рүү М.Энхтайван эгч удаа дараа утасдан Манай дэлгүүрийг аваач гээд гуйгаад байхаар нь би ээждээ Та авахгүй гээд хэлээч гэхэд ээж аль хэдийн гэрээ хийгээд аваад 2 сарынх нь зээлийг төлсөн байсан. Худалдах, худалдан авах гэрээндээ манайх бэлэн мөнгө өгч чадахгүй учраас сар бүрийн  зээлийг нь төлж дуусгаад үлдэгдэл 1.000.000 төгрөг өгч өмчлөлөө өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Манайх энэ дэлгүүрийг хэдэн сар ажиллуулж байгаад 2017 он гаргаад хүнд сарын 200.000 төгрөгөөр ажиллуулж байгаа. М.Энхтайван эгчээс тохирлын гэрчилгээ болон архи, тамхины зөвшөөрөл дууссан байна та сунгуулаад өгөөч гэхэд сунгуулж өгөөгүй өдий хүрсэн.

Би Улаанбаатар хотод амьдарч байгаад орон байраа зарж Алтанбулаг суманд ирэн дэлгүүрийн ар талын өрөөнд гэр бүлийнхээ хамт амьдарсан. Ар талд нь хаалга гаргаж хананд нь ханын цаас наах гээд хананд байсан хивсийг нь авахад дусаал гоожиж, хивсний ар тал их хэмжээний дусаал гоожсон байдалтай байсан. Үүнээс үзэхэд тухайн Худалдах, худалдан авах гэрээ-ний эд зүйл нь ХАС банкны зээлийн барьцаанд тавигдсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ нь 8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад стандарт хэмжээнд хүрэхгүй, дээврээс нь дусаал их хэмжээгээр гоождог, машины граж нь намхан дээвэртэй, палк нь дээврээсээ эхлээд илжирсэн, машин багтах зайгүй, их хэмжээний дусаал гоождог зэрэг нь биет байдлын доголдолтой байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Иймд М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Оюунтуяатай дэлгүүрийнхээ барилгыг 15.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Бид 2 гэрээндээ манай дэлгүүрийн барилга ХАС банкны зээлийн барьцаанд байгаа гэдгээ хэлж, М.Оюунтуяа бэлэн мөнгө өгч чадахгүй учраас сар бүрийн  зээлийг төлж, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө боломжтой үедээ өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Манайх банкинд 13.888.888.84 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Банкны зээл төлж дуусах хүртэл 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлээ дуусгавар болохоор өмчлөлөө шилжүүлэхээр тохиролцсон. М.Оюунтуяа зээлийг чинь сар бүр найдвартай төлнө гэж хэлээд манай дэлгүүрийн барилгыг үзэж хараад, дараа нь охин О.Дэлгэрзаяа нь нөхөртэйгөө ирж үзээд гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Би дэлгүүрийнхээ барилгын хамт үлдэгдэл 116 нэр төрлийн 1.353.450 төгрөгний бараа, склад, гонх, нэг, машины гражийн хамт дотор нь байгаа барааны лангуу, төмөр тавиур, шилэн нүүртэй хөргөгч, тамхи болон бохины тавиур, ногооны тавиур, мөнгөний сав, ханын цаг, угаалтуур, босоо толь, шалны мод, вокны тавиур, хэрэглэгчийн булан, цонхны хөшиг, жинлүүр, туухай, уртасгагч, гадна хогийн сав зэргийг хүлээлгэн өгсөн. Би дэлгүүрийн барилгаа доторх тавилга, үлдэгдэл хүнсний бараатай өгөхдөө тохирлын гэрчилгээ, архи, тамхины зөвшөөрлөө бүгдий нь шилжүүлэн өгсөн. Архины зөвшөөрөл 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, тамхины зөвшөөрөл 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусна. О.Дэлгэрзаяа дэлгүүрээ 2016 онд бүтэн ажиллуулсан. Дэлгүүрээ ажиллуулахгүй болохоор яагаад дэлгүүрээ ажиллуулахгүй байгаа юм гэж асуухад М.Оюунтуяа бараагүй болсон, манай хүргэн архийг нь авч уугаад ус хийсэн байсан гэж хэлж байсан. М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нар нь зээлээ 2017 оны 05 дугаар сар хүртэл төлж байгаад О.Дэлгэрзаяа над дээр ирээд Нөхөр бид хоёр зээлээ төлж чадахаа байлаа, нөхөр маань удахгүй зээл авна, тэр болтол та зээлээ үргэлжлүүлээд төлж байгаач гэхээр би 2017 оны 06 дугаар сараас одоог хүртэл сар болгон зээлээ төлж байгаа.

О.Дэлгэрзаяа доголдолтой дэлгүүр хүлээн авсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэгч М.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Оюунтуяа нь миний өмчлөлийн “Тоёото королла” маркийн машиныг худалдан авахаар хүсэлт тавьж, би түүнийг нь хүлээн зөвшөөрч 5.500.000 төгрөгөөр худалдан авахдаа “ХАС” банкнаас миний нэр дээр 6.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээл авахуулан би өөрөө 5.500.000 төгрөгийг авч охин О.Дэлгэрзаяад 500.000 төгрөгийг нь өгсөн. Машины бичиг баримтыг бүгдийг нь шилжүүлэн өгсөн. М.Оюунтуяа нь дэлгүүрийн болон машины зээлийг 2017 оны 06 сар хүртэл төлж байгаад түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй юм. Иймд би М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг, нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Энхтайван эгчээс машиныг нь авч өөрийнх нь нэр дээр зээл авахуулан машины үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ анх М.Энхтайван эгч машинаа 5.000.000 төгрөгөөр өгнө гэж тохиролцчихоод банкнаас мөнгө аваад надад 500.000 төгрөг өгсөн. Тухайн үедээ би юм хэлээгүй. Энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Машины болон хүнсний барааны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 535 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус зааснаар М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг, нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулах тухай, М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг, нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 435.377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт, Импортын бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Эрүүл зүйн нян судлалын лабораторийн шинжилгээний дүн, Хими хор судлалын лабораторийн шинжилгээний дүн /2 хуудас/, Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын баталгаа, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори, Сорилтын дүнгийн хуудас, Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институтын Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн зэрэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас  хасч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь иргэн М.Энхтайван, “Хас” банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан дэлгүүрийн зориулалттай гэх үл хөдлөх эд хөрөнгийг “Хас” банкны зөвшөөрөлгүйгээр худалдсан байхад уг гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзсэнд гомдолтой байна.

Түүнчлэн “үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээ нь хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн барьцаалагч талын зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн зэрэг эрхийн зөрчилтэй байсан. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд уг гэрээ нь энэ зүйлийн мөн чанар, агуулгад харшилж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дэлгүүрийн талбайн хэмжээ нь дэлгүүрийн бус, жижиг мухлаг ажиллуулах талбай бүхий байгаа нь стандартчилал хэмжил зүйн албаны баримтаар нотлогддог юм. Нөгөө талаас уг дэлгүүрийг худалдагч тал нь дэлгүүрийн тохирлын гэрчилгээ архи, тамхи худалдаалах зөвшөөрлийг огт сунгаж өгөөгүйгээс дэлгүүрийг  ажиллуулах ямар ч боломжгүй, ашигтай байх нөхцөлгүй болгон гэрээнээсээ татгалзсан байдаг. Одоо дэлгүүрээ би авна гээд л түрээсийн төлбөрийг өөрөө авч байгаа гэх.

Иймд иргэн М.Энхтайванаас хууль бус гэрээний үүрэг биелүүлэхэд гарсан 13.135.341 энэ хүчин төгөлдөр бус /хууль бус/ гэрээнээс үүдэлтэй учирсан хохирол 5.000.000 төгрөг, нийт 18.135.341 төгрөг гаргуулан тэдний зөрчигдсөн эрхийг  сэргээж өгнө үү“ гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тус гомдолд: “ХАС” банкны зөвшөөрөлгүйгээр дэлгүүрийг худалдсан байна, худалдах худалдан авах гэрээ нь хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж бичжээ. Энэ нь үндэслэлгүй болох талаар тайлбарлая. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12-р сарын 19-ний өдрийн “ Худалдах, худалдан авах” гэрээ нь Иргэний хуулийн 44-р зүйлд заасан “Болзол тавьж хийсэн хэлцэл юм. Нэхэмжлэгч М.Оюунтуяа нь хариуцагч М.Энхтайваны дэлгүүрийг худалдаж авахаар харилцан тохиролцсон байна. Тодруулбал: “ХАС” банкны зээлийн барьцаанд байгаа М.Энхтайваны өмчлөлийн дэлгүүрийн банкны зээлийг М.Оюунтуяа нь хуваарийн дагуу төлж дуусгаад тус дэлгүүрийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авна гэж тохиролцож гэрээ байгуулжээ. Гэрээний 2-р заалтад гэрээний гол нөхцлийг тохирсон байх бөгөөд тус нөхцөлдөө бүх зүйлийг тодорхой зааж өгсөн байна. Энэ гэрээ нь хэрэгжиж эхлээд 2 жил шахам хугацаа болсон байна.

Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д заахдаа: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заажээ. Иймд талууд гэрээний агуулгыг еөрсдөө тодорхойлж хийсэн байх тул хууль зөрчөөгүй байна. Энэ гэрээг байгуулсан үеэс болон одоог хүртэл банк буюу өөр ямар нэгэн гуравдагч этгээдэд хохирол учраагүй байна. “ХАС” банкны зээлийг хугацаанд нь төлөөд явж байгаа бөгөөд банкинд өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа тул гэрээг хийхдээ банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Мөн дэлгүүрийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны зээлийг төлж дууссаны дараа шилжигдэх бөгөөд энэ гэрээ нь барьцааны гэрээ биш учир улсын бүртгэлийн газарт  бүртгүүлэх шаардлагагүй юм.

Одоогийн байдлаар доголдлын талаар хуульд заасан гомдол гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн байх бөгөөд тухайн үед хэрэв доголдол байсан бол мэдэх боломжтой байжээ. Гэрээний 2.2-д заахдаа: гарах эрсдэлийг худалдан авагч бүрэн хариуцна гэж заасан байна. Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч М.Энхтайван нь байгуулсан гэрээгээ зөрчөөгүй, харин нэхэмжлэгч М.Оюунтуяа гэрээг зөрчиж банкны зээлийг төлөхгүй байгаа юм

Иймд М.Энхтайван нь банкны зээлдэгч болохоор арга буюу өөрөө зээлээ төлөөд явж байна. М.Энхтайван бол М.Оюунтуяаг гэрээгээ биелүүлсэний дараа гэрээнд заасны дагуу дэлгүүрийнхээ гэрчилгээг шилжүүлж өгөхөд бэлэн байгаа билээ. Тус гомдолд: гэрээнээс учирсан хохирол гэж 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нь ямар тооцооллоор юуны хохирол гэж нэхэмжилж байгаа нь тодорхой биш бөгөөд нотлох баримтгүй байна. М.Энхтайван нь М.Оюунтуяаг гэрээгээ биелүүлбэл дэлгүүрийг гэрээнд зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээний хамт шилжүүлж өгөх юм. М.Оюунтуяа нь тохиролцсон гэрээгээ зөрчсөнөөс болж М.Энхтайван өөрөө хохирч байгаа талаараа нэхэмжлэлд хариу тайлбар бичихдээ дэлгэрэнгүй дурьдсан билээ. Эдгээр үнэн бодит байдлуудыг дүгнэн үзэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хууль зөрчөөгүй, хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.гэв.

Үндэслэх нь:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зарчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Оюунтуяа нь хариуцагч М.Энхтайванд холбогдуулан “...Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үр дагавар болох 13.135.341 төгрөг, гэрээнээс учирсан  хохирол 5.000.000 төгрөг, нийт 18.135.341 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч М.Энхтайван нь гэрээний үлдэгдэл  4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүр зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг, нийт 10.737.486 төгрөгийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  нэхэмжлэгч М.Оюунтуяа, М.Энхтайван нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Дэлгүүрийн барилгыг  худалдах, худалдан авах тухай 336 дугаартай гэрээг 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан байх ба уг гэрээгээр  талууд  худалдаж буй дэлгүүрийн барилга нь ХАС банкны зээлийн барьцаанд байгаа тул зээлийн гэрээ дууссаны дараа үл хөдлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр шилжүүлэх, гэрээний үнийг сар бүр хэсэгчлэн төлөх  гэх мэт гол нөхцөлийн талаар  харилцан тохиролцсон байна.

 

Тус гэрээний дагуу худалдагч нь дэлгүүрийн барилгыг, дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл болон барааны хамт худалдан авагч талд шилжүүлсэн бөгөөд худалдан авагч нь дэлгүүрийн барилгыг хүлээн авснаар 1 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсныхаа дараа доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэсэн үндэслэлээр талуудын хооронд  байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад  гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж,  254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд  хөрөнгийг өмчлөх  эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагыг гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 255 дугаар зүйлд  худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах зохицуулалтыг тусгасан байна.

 

Хэргийн материалаас үзэхэд худалдан авагч М.Оюунтуяа нь  дэлгүүрийн барилгыг хүлээн авах үедээ нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой бөгөөд энэхүү доголдлыг нь мэдсээр байж хүлээн авч нэг жил гаруй хугацаанд  доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байх ба худалдагч М.Энхтайван нь  худалдсан дэлгүүрийн барилгадаа  баталгаат хугацаа тогтоогоогүй байна.

 

  Нэхэмжлэгч М. Оюунтуяа нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байхад хөрөнгийг хүлээн авч доголдлын талаар  шаардлага гаргах эрхээ алдсан, доголдлын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул  түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Хариуцагч М.Энхтайваны нэхэмжлэгч М.Оюунтуяад холбогдуулан гаргасан  сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй өөр гэрээнээс үүдэлтэй маргаан байх тул  түүний сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан шийдвэрлэх боломжгүй байх ба анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ хариуцагч М.Энхтайван, “Хас” банкны Сэлэнгэ аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан дэлгүүрийн зориулалттай гэх үл хөдлөх эд хөрөнгийг  буюу эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан байхад анхан шатны шүүх тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчсөн гэжээ.

 

Тус хэргийн зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний зүйл болох Дэлгүүр нь “Хас” банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа талаар худалдан авагч мэдсэн бөгөөд энэ талаар гэрээндээ талууд зээлийн төлбөрийг дуусгасны дараа барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээнийхээ агуулгыг талууд харилцан тохиролцож тодорхойлсон, мөн хөрөнгө болон үнэ шилжүүлэх үүргийн талаар талууд хүсэл зоригоо Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлсэн, нөгөө тал үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжээгүй боловч/ хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

  Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх  хууль хэрэглээний хувьд зарим зохицуулалтуудыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 535 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

1 дэх заалтад

 “Иргэний хуулийн”  гэсний дараа “243 дугаар зүйлийн 243.1, 256  дугаар зүйлийн 256.1” гэсэн хуулийн заалт нэмж  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамж 248.620 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                           С.ЭНХЖАРГАЛ

                                                     Г.ДАВААРЕНЧИН