Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00599

 

Р.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 212/МА2020/00032 дугаар магадлалтай,

Р.Г-ын нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид холбогдох

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019.10.31-ний өдрийн Б/18 дугаартай “Нягтлан бодогч Р.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Б оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүн. 2011 онд Монголын Үндэсний дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2011 оноос Шинжлэх ухааны академийн Баян-Өлгий аймаг дахь салбарт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2012 оны 01 дүгээр сараас Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд нягтлан бодогчоор хүний оронд түр ажиллаж байгаад 2012 оны 6 дугаар сараас “К-ж” ХХК-д нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. 2015 оноос 2017 он хүртэл хүүхэдтэй болсон ба хүүхдээ харах хүнгүйн улмаас ажил хийгээгүй. 2017.06.08-ны өдрөөс эхлэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй. Байгууллагын дарга надад шүүхэд хандаж гомдол гаргасан гэж өс санадаг, мөн даргын идэж уусан зүйлийн талаар аудитын газарт мэдээлсэн гэж ялгаварлан гадуурхдаг байсан. 2019 оны эхэнд намайг түр ажилд томилж тушаал гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандаж байсан ба шүүхийн шатанд эвлэрч шүүхээс магадлал гарч байнгын ажилд томилуулан ажиллуулахаар болж байсан. Гэтэл дарга С.Е нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байж байгаад надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би үүнийг эс зөвшөөрч дахин шүүхэд гомдол гаргаж сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгосон. Ингэж ажиллаж явж байхад намайг ажил тасалсан гэж худал гүтгэж дахин ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна. Намайг 40 хувиар цалинжуулдаг мөртлөө 8 цагаар бүтэн ажиллуулдаг. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019.10.31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Р.Г нь анх 2017.6.06-нд өргөдөл өгч, нягтлан бодогчид олгох цалин, ажлын үргэлжлэх хугацаа зэргийг нэг бүрчлэн танилцуулахад ажилд орвол болно гэж баярлан талархаж хүлээн зөвшөөрсөн тул байгууллагын даргын 2017.6.08-ны өдрийн Б/15 тоот тушаалаар түр томилон, 09 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Энэхүү Хөдөлмөрийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын дагуу /Ойн талбайн норматив, байршил батлах тухай/ ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, төрийн үйлчилгээний ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар бид харилцан тохиролцож байгуулсан. Дараа нь 2017.9.11-нд байгууллагын даргын Б/18 тоот тушаалаар хугацаагүйгээр бүр тушаал гарган ажиллуулсан. Гэтэл 2019 оны төсөв орон тоог батлахдаа Сангийн яамнаас төсвийг 50 хувиар багасгасан байна. Ингээд аймгийн удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу 2019.01.03-ны өдрөөс нягтлан бодогч тэргүүтэй 4 хүнийг ажлаас чөлөөлсөн боловч жилийн эцсийн санхүүгийн баталгаажуулалт хийх, тайлан, мэдээ зэрэг ажлын шаардлагаар 2019.01.10-ны өдөр байгууллагын даргын Б/16 тоот тушаалаар урьд нь эрхэлж байсан ажилд нь түр хугацаагаар эгүүлэн томилсон. Энэхүү ажилд түр тушаалаар томилж, хөдөлмөрийн гэрээнд бид харилцан тохиролцож өдрийн ажлын үргэлжлэх хугацааг урьдын адил 8 цаг, ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар тодорхой оруулж өгч гарын үсэг зуралцаж баталгаажуулсан. Манай байгууллага анх 2013 онд байгуулагдсанаас хойш нягтлан бодогчийн ажил хийж байсан хүмүүс 8 цагаар ажиллаад 40 хувийн цалинтай ажиллаад болоод байсан. Гэвч Р.Г нь анх ажилд орохдоо өөрөө хүлээн зөвшөөрч орчхоод ажилд жинхлэгдсэний дараа янз бүрийн асуудал гаргадаг болсон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын газарт санхүүгийн хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг төрсөн эгч Р.Т-р түрий барьж байгууллагын хөрөнгө мөнгийг идсэн гэж худлаа гүтгэж олон удаа мэдээлэл өгч шалгуулсан боловч ямар ч зүйл нотлогдоогүй бөгөөд өөрийн хийсэн ажлыг өөрөө үгүйсгэж байгаа. Харин намайг шалгуулсан нэрийдлээр өөрийн хувьдаа ашигласан 2 сая гаруй бэлэн мөнгө болон зөвшөөрөлгүйгээр ашигласан бензин шатахууныг хаалгасан байна. Ийм үйлдлээс гадна ажлын цагийг баримталдаггүй дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явдаг болсон. Сүүлийн 3 сард дараалан сар бүр 20-оос доошгүй цаг ажил тасалсан нь цаг бүртгэгчийн бүртгэлээр нотлогдож байна. Хамгийн сүүлийн 2019.10.01-ээс мөн сарын 24-нийг хүртэл 22 цагийн ажлыг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан байна. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-т ажилтан ажлын цагаас 30 минутаас дээш хоцорсон, явсан тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш бол ажлын нэг өдөр тасалсан гэж үзэж ажил тасалсан хоногтой нэгтгэн ажилласан хоногоос хасаж тооцно. Ажилтан эмчлүүлсэн, өвчтөн асарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны нотлох баримтыг цагийн тодорхойлолтын хуудсанд хавсаргана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна гэж тодорхой заасан. Р.Г-тай 2019.01.10-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2, 3-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд гэрээг шууд цуцлахаар заасан. Мөн гэрээний 5.2-т энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална гэж тус тус заасан. Р.Г нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвхөн 2019.10.01-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл 22 цаг ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын даргын 2019.10.31-ний өдрийн Б/18 тушаалаар ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гадна 2019 оны 8 дугаар сард 28 цаг, 9 дүгээр сард 20 цаг тус тус тасалж байсан. Уг 3 сарын цагийн бүртгэлийг хавсаргасан болно. Р.Г урьд нь зөрчил гаргаагүй биш гаргаж байсан. Р.Г нь байгууллагын удирдлага болон ажилтнуудтай ёс зүйгүй харьцахаас гадна удирдлагын зүгээс өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу үндэслэлгүй татгалзах, хамт олны хурал хийж байх үед хэрүүл маргаан үүсгэж, улмаар хурлыг хаяж явдаг, ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө болох notebook компьютерыг хүртэл шидэж зохисгүй үйлдэл гарган орилж, бусдыг хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул сануулах сахилгын шийтгэлийг байгууллагын даргын 2019.05.24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар ногдуулж байсан. Р.Г-ын үйлдсэн сахилгын зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын нярав С.Г, мэргэжилтэн М.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн төрийн аудитын газрын 2019.04.15-ны өдрийн 01/77 БӨА-2019/95/СТА-ТШ тоот албан шаардлагаар санхүүгийн бүртгэл тооцоог зохих журмаар хийгээгүй, төсвийн хууль, тогтоомж зөрчиж төсвийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, хариуцсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Г-т сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг аймаг дахь Төрийн аудитын газарт 2019.5.10-ны дотор ирүүлэхийг Сум дундын ойн ангийн дарга С.Е-д даалгав гэж ирүүлсэн. Миний бие Р.Г-т арга хэмжээ аваагүй шалтгаан нь Төрийн аудитын газар манай байгууллагын 2018 оны санхүүгийн баталгаажуулалт хийхдээ Төрийн аудитын хууль болон аудит хийх журмыг ноцтой зөрчиж шалгасан тул маргаан гарч шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр явж байгаа тул сахилгын шийтгэл ногдуулаагүй хүлээгдэж байна. Нягтлан бодогч байсан Р.Г-ын буруугаас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үнэн болно. Ер нь энэ ажилд тэнцэхгүй байгаа нь нотлогдож байна. Р.Г нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлаа хүлээлгэж өгөхгүй зугтаж 3 хоногийн дараа хүлээлгэн өгөхдөө өөрийн ашиглаж байсан компьютерт байгаа 2013 онд байгуулагдсанаас хойших бүх мэдээ тайлан, төсөл арга хэмжээнүүдийг бүгдийг устгаад явсан байна. Р.Г-аас өмнө 4 жил нягтлан бодогч хийж байсан Т.Т 4 жилд хийсэн бүх санхүүгийн баримт болон компьютерт байсан тайлан мэдээ, бусад зүйлүүдийг Р.Г-т нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Харин Р.Г нь компьютерт байгаа бүх зүйлүүдийг устгаад явсан. Ийм ухамсаргүй, хариуцлагагүй хүн байна гэдгийг өөрөө нотолж байна. Иймд гомдол гаргагч Р.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Г-ын Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай “Нягтлан бодогч Р.Г-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 212/МА2020/00032 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Р.Г-ын гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Р.Г-ыг тус аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтын “... дурдсугай.” гэснийг “... дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн санхүүгээс 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Р.Г-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Р.Г-ын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Е-ын хяналтын журмаар гаргасан гомдолд:  

...“Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 212/МА2020/00032 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2019.01.10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.8; 2.3 дахь заалт хариуцагчийн тайлбар, 2019 оны 10 дугаар сарын цагийн бүртгэл, цагийн бүртгэлийн тооцоо, 2013.05.10-нд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалт, 2019.10.30-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг харьцуулан судалж дүгнэвэл нэхэмжлэгч Р.Г нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж, 2019 оны 10 дугаар сард 22 цаг ажил тасалж, Хөдөлмөрийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг сахин биелүүлэх  үүргээ зөрчсөн нь бүрэн тогтоогджээ” гэж нотлох баримтыг зөв үнэлэн тогтоож, сахилгын ноцтой зөрчил гаргасныг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Дээр дурдсан нотлох баримтуудаар Р.Г нь Хөдөлмөрийн гэрээний  1.8 дахь заалт,  дотоод журмын 6.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон юм. Үүнийг давж заалдах шүүх анхаарч үзээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх нь хэсэгт “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын” 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүн бүр ... хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр  хангуулах ... эрхтэй” гэж, 3 дахь хэсэгт “ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч ... хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй” гэж тунхагласныг зөрчсөн гэж дүгнэжээ. Энэ нь давж заалдах шатны шүүх “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд  заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан үндэслэлээс илүү нарийвчилсан, ажилтанд илүү боломж олгосон, эрх ашгийг дээдэлсэн зохицуулалт юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “Дотоодын хууль тогтоомж шаардлагатайгаас бусад тохиолдолд олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж онцолж заасан тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан дотоодын хууль тогтоомж хангалттай байхад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа, заалтыг хэрэглэсэн нь “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаатай гэж гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн зүйлийн 70.1-т “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна” гэж, 70.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна” гэж, Сум дундын Ойн ангийн дотоод журам”-ын 6.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүй 2-оос дээш өдөр ажил тасалсан, ажлаас хожимдсон, цагийг нэгтгэж үзэхэд ажлын өдөр болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах арга хэмжээ авна” гэж, хөдөлмөрийн гэрээний 1.3-т ажлын цагийг 8 цагаар” тогтоосон, мөн гэрээний 2.3 дахь заалтаар ажил тасалсныг “ноцтой зөрчилд” тооцсон байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Р.Г-ын хөдөлмөрийн сахилгын зөрчил нотлогдон тогтоогдсон гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө, давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 32 дугаар магадлалын 1 дүгээр заалтаар “Р.Г-ыг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Давж заалдах  шатны шүүхээс Р.Г нь 0,5 орон тоогоор ажиллаж байгаа тул ажил олгогчийн зүгээс ажлын цагийг богиносгох, ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тогтоосон нь шударга ёсонд нийцэхгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох  заалтуудыг зөрчсөн явдал гэж үзэж байна. Тухайлбал “ажлын цагийг богиносгох заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлээр зохицуулсан байх бөгөөд уг зүйл заалтаар 0,5 орон тоонд ажиллагсдын цагийг богиносгож тооцох зохицуулалт байхгүй байна. Энэ нь давж заалдах шатны шүүх “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасныг илтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд ажлын цагийг богиносгох гэсэн, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д ажлын цагийг хорогдуулах гэсэн 2 үндэслэлээр ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг багасгах, ажлын цагийг хорогдуулах үндэслэлийг хуулиар баталгаажуулсан. Харин 0,5 орон тоо буюу  хагас орон тоонд ажиллаж байгаа ажилтны ажлын цагийг өөрчлөх эрх ажил олгогчид байхгүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...К.С нь Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019.11.18-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар тус байгууллагад нягтлан бодогчоор томилогдон хууль журмын дагуу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Р.Г-ын цагийн бүртгэлийг шүүж үзэхэд ажилд томилогдсоноос хойш байнга ажил тасалдаг байдал цагийн бүртгэлийн тооцооноос илэрхий харагдаж байгаа бөгөөд сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх түүний ажилласан сүүлийн гурван сар болох 8,9,10-р саруудын цагийн тооцооны хуудсаар цаг ашиглалтын байдалд дүгнэлт хийвэл 8 дугаар сард 28 цаг 58 минут буюу 3,5 хоног, 9 дүгээр сард 25 цаг буюу 0,3 хоног, 10 дугаар сард 22 цаг 5 минут буюу 2,6 хоног ажил тасалсан байдалтай байна. Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн цалингийн 40 хувиар цалинжуулдаг мөртлөө 8 цагаар ажиллуулдаг хэмээн ажил тасалдаг байдлаа зөвтгөсөн аястай тайлбар бичжээ. Нэгэнт ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бүх нөхцөлөө тохирон  байгуулж гэрээг өөрөө зөрчингүүтээ дээрх байдлаар өөрийгөө зөвтгөж байгаа нь хэрхэвч зүйд нийцэхгүй. Мөн ажил тасалдаг байдлаа дээрх байдлаар хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө ажил таслаагүй байхад ажил тасалсан гэж удирдлагын зүгээс дарамталдаг гэж өөрийнхөө тайлбарыг өөрөө үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй. Цаг ашиглалтын бүртгэлийг байгууллагын дарга хөтөлдөггүй бөгөөд бичиг хэргийн ажилтан хөтөлж сар болгон тооцоог гаргаж бүх ажилчдад танилцуулан  даргад хянуулдаг журамтай бөгөөд ийнхүү журмын дагуу цагийн тооцоо сар болгон гаргаснаар Р.Г-ын ажил тасалдаг байдал нь шүүхэд гаргасан цагийн тооцооллоор бүрэн нотлогдсон. Ажил олгогч болон Р.Г нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсгийн 2.3-т сахилгын ноцтой зөрчлүүдийг нэрлэн заахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон байгууллагын дотоод журамд заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор тусгаж, мөн гэрээний 5 дахь хэсгийн 5.2-т дээрх ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгаж өгсөн байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дахь бүлэгт хөдөлмөрийн сахилга хариуцлагын талаар тусгаж өгсөн бөгөөд энэхүү бүлгийн 6.2.2-т цаг ашиглалтын талаар тодорхой шалгуур тогтоож дээрх шалгуураас давж ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгаж өгсөн байна. Р.Г энэхүү шалгуураас давж ажил тасалсан нь цагийн бүртгэл болон цагийн тооцооллоор тогтоогдож байх тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Одоогоор гуравдагч этгээд К.С мөн адил 8 цагаар 40 хувийн цалингаар цалинжин ажиллаж байгаа бөгөөд хэний ч шахалт албадлагаар бус өөрийн хүсэл зоригоор ажил олгогчтой дээрх нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Үндэслэх хэсгийн 1-д “Ажилтан Р.Г хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж, 2019 оны 10 дугаар сард нийт 22 цаг ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 1.8 дахь заалтыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн нь бүрэн тогтоогдож байна” гэж дүгнэсэн мөртлөө 40 хувиар цалинждаг тул энэхүү зөрчлийг гаргаж болно гэх утга агуулга бүхий дүгнэлт хийн Р.Г-ыг ажилд эгүүлэн тогтоож байгаа нь хууль зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, огт хамааралгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Ажилтан Р.Г нэгэнт бүх нөхцөлөө тохирон ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авч чадаагүй, эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзвэл цалин хөлстэй холбоотой маргаан үүсгэж шүүхээр эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Р.Г нь 2019 оны 10 дугаар сард нийт 22 цаг тасалсан,  энэ нь хөдөлмөрийн гэрээний 1.8, 2.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-т заасан ноцтой зөрчилд /“...ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т зааснаар ажлаас халах арга хэмжээ авна”/ хамаарна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан боловч “... ажилтны гаргасан зөрчил, түүнд оногдуулсан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хэлбэр болон ажлын байрны онцлог, хөдөлмөрийн нөхцөлийг хооронд нь харьцуулан дүгнэвэл, ажил олгогчоос ажилтанд ногдуулсан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн хэлбэр нь ажилтны гаргасан зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна...” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 70 дугаар зүйлийн 70.2, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын холбогдох зүйл, заалтыг үндэслэсэн нь буруу болжээ.

Учир нь, нэхэмжлэгч нь анхнаасаа хариуцагч байгууллагын онцлог, төсвийн санхүүжилтийн хэмжээ /дан ганц ажил олгогчийн хүсэл зоригоор тодорхойлогдох боломжгүй/, ажлын ачаалал зэрэг бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2019.01.10-ны өдөр албан тушаалын            зэрэглэл, шатлал: ТҮ-8-ийн 40 хувиар, ажлын цаг: өдрийн 8 цаг, түр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ийнхүү байгуулахдаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн заасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч зөрчил гаргасан хойноо буюу хүчин төгөлдөр болсон гэрээний үүргээ биелүүлээгүй /зөрчсөн/ шалтгаанаа “намайг 40 хувиар цалинжуулдаг мөртлөө 8 цаг бүтэн ажиллуулдаг...” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч авч буй цалин, ажлын цаг, гэрээг цуцлах нөхцөлөө анхнаасаа тохирсон, эсвэл өөрөөр тохирох боломжтой байсан атлаа одоо нэгэнт хүчин төгөлдөр болсон гэрээний нөхцөлөө буруу гэсэн агуулгаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй. Мөн шүүхүүдийн дүгнэсэнчлэн, “...ажил таслаагүй, цагийн бүртгэлийг буруу бүртгэсэн...” гэх үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлоогүй, хэрэгт авагдсан баримтыг үгүйсгээгүй тул түүнийг “зөрчил гаргаагүй” гэж үзэх боломжгүй.

Иймд, Р.Г нь “2019.10.01-ний өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 22 цаг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн 2019.10.03-ны өдрийн Б/18 дугаар тушаал хууль ёсны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээг хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.“Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 10.5.“Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно” гэснийг буюу шүүх хууль хэрэглэхдээ “тусгай хуулийг ерөнхий хуулиас түрүүлж хэрэглэх”, “үндэсний эрх зүйн хэм хэмжээг олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс түрүүлж хэрэглэх”, “хэрэв үндэсний эрх зүйн хэм хэмжээ олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдвөл хэм хэмжээний эрэмбийн дагуу олон улсын хэм хэмжээг хэрэглэх” зарчмыг анхаараагүй байна.

Энэхүү хэргийн тухайд тусгай хууль байхгүй, эсхүл ижил эрэмбийн хэм хэмжээ хоорондоо зөрчилдсөн юм уу доод эрэмбийн хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулиар бүрэн зохицуулагдсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан байх тул шүүх тусгай хуулиас бусад хуулийг /хэм хэмжээг/ хэрэглэх шаардлагагүй. Харин шүүх хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх агуулгаар дүгнэж байгаа бол “хүчин төгөлдөр бус хэлцэл” –ийн үр дагавар, нэхэмжлэгчийн хүсэл зориг /нэхэмжлэлийн шаардлага/, түүний хамгаалагдах эрх, ашиг сонирхлыг анхаарах нь зүйтэй.

 Иймд, “давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн утгатай хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар  хариуцагч болон гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.               

      

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                                                                                   Д.ЦОЛМОН                                                  

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД