Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00032

 

Р.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын  дугаар багт оршин суух Х овогт Рын Гын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Е, нэхэмжлэгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч С.Е, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүн. 2011 онд Монголын Үндэсний дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2011 оноос Шинжлэх ухааны академийн Баян-Өлгий аймаг дахь салбарт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2012 оны 01 дүгээр сараас Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд нягтлан бодогчоор хүний оронд түр ажиллаж байгаад 2012 оны 6 дугаар сараас К ХХК-д нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. 2015 оноос 2017 он хүртэл хүүхэдтэй болсон ба хүүхдээ харах хүнгүйн улмаас ажил хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээгээгүй. Байгууллагын дарга надад шүүхэд хандаж гомдол гаргасан гэж өс санадаг, мөн даргын идэж уусан зүйлийн талаар аудитын газарт мэдээлсэн гэж ялгаварлан гадуурхдаг байсан. 2019 оны эхэнд намайг түр ажилд томилж тушаал гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандаж байсан ба шүүхийн шатанд эвлэрч шүүхээс магадлал гарч байнгын ажилд томилуулан ажиллуулахаар болж байсан. Гэтэл дарга С.Е нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байж байгаад надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би үүнийг эс зөвшөөрч дахин шүүхэд гомдол гаргаж сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгосон. Ингэж ажиллаж явж байхад намайг ажил тасалсан гэж худал гүтгэж дахин ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна. Намайг 40 хувиар цалинжуулдаг мөртлөө 8 цагаар бүтэн ажиллуулдаг. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Р.Г нь анх 2017 оны 6 дугаар сарын 06-нд өргөдөл өгч, нягтлан бодогчид олгох цалин, ажлын үргэлжлэх хугацаа зэргийг нэг бүрчлэн танилцуулахад ажилд орвол болно гэж баярлан талархаж хүлээн зөвшөөрсөн тул байгууллагын даргын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 тоот тушаалаар түр томилон, 09 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Энэхүү Хөдөлмөрийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын дагуу /Ойн талбайн норматив, байршил батлах тухай/ ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, төрийн үйлчилгээний ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар бид харилцан тохиролцож байгуулсан. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 11-нд байгууллагын даргын Б/18 тоот тушаалаар хугацаагүйгээр бүр тушаал гарган ажиллуулсан. Гэтэл 2019 оны төсөв орон тоог батлахдаа Сангийн яамнаас төсвийг 50 хувиар багасгасан байна. Ингээд аймгийн удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс нягтлан бодогч тэргүүтэй 4 хүнийг ажлаас чөлөөлсөн боловч жилийн эцсийн санхүүгийн баталгаажуулалт хийх, тайлан, мэдээ зэрэг ажлын шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгууллагын даргын Б/16 тоот тушаалаар урьд нь эрхэлж байсан ажилд нь түр хугацаагаар эгүүлэн томилсон. Энэхүү ажилд түр тушаалаар томилж, хөдөлмөрийн гэрээнд бид харилцан тохиролцож өдрийн ажлын үргэлжлэх хугацааг урьдын адил 8 цаг, ТҮ-8-ийн 40 хувиар цалинжуулахаар тодорхой оруулж өгч гарын үсэг зуралцаж баталгаажуулсан. Манай байгууллага анх 2013 онд байгуулагдсанаас хойш нягтлан бодогчийн ажил хийж байсан хүмүүс 8 цагаар ажиллаад 40 хувийн цалинтай ажиллаад болоод байсан. Гэвч Р.Г нь анх ажилд орохдоо өөрөө хүлээн зөвшөөрч орчхоод ажилд жинхлэгдсэний дараа янз бүрийн асуудал гаргадаг болсон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын газарт ажилладаг санхүүгийн хяналт шалгалтын байцаагчаар ажилладаг төрсөн эгч нь Р.Тамарагаар түрий барьж байгууллагын хөрөнгө мөнгийг идсэн гэж худлаа гүтгэж олон удаа мэдээлэл өгч шалгуулсан боловч ямар ч зүйл нотлогдоогүй бөгөөд өөрийн хийсэн ажлыг өөрөө үгүйсгэж байгаа. Харин намайг шалгуулсан нэрийдлээр өөрийн хувьдаа ашигласан 2 сая гаруй бэлэн мөнгө болон зөвшөөрөлгүйгээр ашигласан бензин шатахууныг хаалгасан байна. Ийм үйлдлээс гадна ажлын цагийг баримталдаггүй дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явдаг болсон. Сүүлийн 3 сард дараалан сар бүр 20-оос доошгүй цаг ажил тасалсан нь цаг бүртгэгчийн бүртгэлээр нотлогдож байна. Хамгийн сүүлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ээс мөн сарын 24-нийг хүртэл 22 цагийн ажлыг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан байна. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-д ажилтан ажлын цагаас 30 минутаас дээш хоцорсон, явсан тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш бол ажлын нэг өдөр тасалсан гэж үзэж ажил тасалсан хоногтой нэгтгэн ажилласан хоногоос хасаж тооцно. Ажилтан эмчлүүлсэн, өвчтөн асарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны нотлох баримтыг цагийн тодорхойлолтын хуудсанд хавсаргана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болбол Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1 -д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна гэж тодорхой заасан. Р.Гтай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2, 3-д сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйл болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд шууд цуцлахаар заасан. Мөн гэрээний 5.2-д энэхүү гэрээний 2.3-т заасан зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцална гэж тус тус заасан. Р.Г нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл 22 цаг ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 6.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тушаалаар ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гадна 2019 оны 8 дугаар сард 28 цаг, 9 дүгээр сард 20 цаг тус тус тасалж байсан. Уг 3 сарын цагийн бүртгэлийг хавсаргасан болно. Р.Г урьд нь зөрчил гаргаагүй биш гаргаж байсан. Р.Г нь байгууллагын удирдлага болон ажилтнуудтай ёс зүйгүй харьцахаас гадна удирдлагын зүгээс өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу үндэслэлгүй татгалзах, хамт олны хурал хийж байх үед хэрүүл маргаан үүсгэж, улмаар хурлыг хаяж явдаг, ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө болох notebook компьютерыг хүртэл шидэж зохисгүй үйлдэл гарган орилж, бусдыг хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан тул сануулах сахилгын шийтгэлийг байгууллагын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар ногдуулж байсан. Р.Гын үйлдсэн сахилгын зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан тус байгууллагын нярав С.Г, мэргэжилтэн М.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн төрийн аудитын газрын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дугаар 01/77 БӨА-2019/95/СТА-ТШ тоот албан шаардлагаар Санхүүгийн бүртгэл тооцоог зохих журмаар хийгээгүй, төсвийн хууль, тогтоомж зөрчиж төсвийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлээгүй, хариуцсан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Гт сахилгын шийтгэл ногдуулж биелэлтийг аймаг дахь Төрийн аудитын газарт 2019 оны 5 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг Сум дундын ойн ангийн дарга С.Еад даалгав гэж ирүүлсэн. Миний бие Р.Гт арга хэмжээ аваагүй шалтгаан нь Төрийн аудитын газар манай байгууллагын 2018 оны санхүүгийн баталгаажуулалт хийхдээ Төрийн аудитын хууль болон аудит хийх журмыг ноцтой зөрчиж шалгасан тул маргаан гарч шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр явж байгаа тул сахилгын шийтгэл ногдуулаагүй хүлээгдэж байна. Нягтлан бодогч байсан Р.Гын буруугаас албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үнэн болно. Ер нь энэ ажилд тэнцэхгүй байгаа нь нотлогдож байна. Р.Г нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлаа хүлээлгэж өгөхгүй зугтаж 3 хоногийн дараа хүлээлгэн өгөхдөө өөрийн ашиглаж байсан компьютерт байгаа 2013 онд байгуулагдсанаас хойших бүх мэдээ тайлан, төсөл арга хэмжээнүүдийн бүгдийг устгаад явсан байна. Р.Гаас өмнө 4 жил нягтлан бодогч хийж байсан Т.Тимур 4 жилд хийсэн бүх санхүүгийн баримт болон компьютерт байсан тайлан мэдээ, бусад зүйлүүдийг Р.Гт нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Харин Р.Г нь компьютерт байгаа бүх зүйлүүдийг устгаад явсан. Ийм ухамсаргүй, хариуцлагагүй хүн байна гэдгийг өөрөө нотолж байна. Иймд гомдол гаргагч Р.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Гын Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай Нягтлан бодогч Р.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан намайг Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ноцтой зөрчлийн талаар тухайлан тохиролцоогүй байсан. Намайг 22 цагийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж үзэж, байгууллагын дотоод журмыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Байгууллагын дотоод журмыг хуулийн дагуу батлаагүй, тухайн дотоод журмыг дарга дураараа өөрчилдөг. Би 22 цаг ажил тасалсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нягтлан бодогчоор ажилладаг ба тухайн байгууллагын санхүү, төрийн сан, аудит, татварын тайлангуудыг гаргадаг ба тухайн байгууллагуудтай хамтран ажилладаг. Байнгын тайлан тооцоо хүргэж, тайлагнадаг. Дарга намайг ялгаварлан гадуурхаж, өс санадаг. Учир нь даргыг авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, санхүүгийн зөрчил гаргасан даргын үйлдлийг илчилсэн гэж намайг харддаг ба 2 удаа хөдөлмөрийн маргаантай холбогдуулан шүүхэд гомдол гаргасан. Үүнээс болж намайг байнгын хэл амаар доромжилж, ялгаварлан гадуурхдаг байсны эцэст намайг ажил тасалсан гэж шалтаг тоочиж ажлаас халж байна. Би 40 хувиар цалинждаг мөртлөө 8 цагаар ажил дээр байж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг маань ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан Р.Гын гомдлын шаардлагын үндэслэлд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар[1] тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.Гт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 22 цаг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Уг тушаалыг ажилтан эс зөвшөөрч намайг 40 хувиар цалинжуулдаг атлаа 8 цагаар бүртгэн ажиллуулдагт, ажил таслаагүй байхад ажил тасалсан гэж арга хэмжээ авсанд гомдолтой байна гэж анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

 

1. Ажилтан, ажил олгогчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1.8, 2.3 дахь заалт[2], хариуцагчийн тайлбар[3], Сум дундын ойн ангид ажиллагсдын 2019 оны 10 дугаар сарын цагийн бүртгэл[4], цагийн бүртгэлийн тооцоо[5], 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл[6] зэргийг харьцуулан судалж, дүгнэвэл Р.Г нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тухайлан заасан[7] ноцтой зөрчил гаргаж, 2019 оны 10 дугаар сард нийт 22 цаг ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 1.8 дахь заалтыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн нь бүрэн тогтоогджээ.

 

2. Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаал[8], талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь заалт, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00030 дугаар магадлал[9], ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[10], зохигчийн тайлбар, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл зэргээс үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тус аймгийн Сум дундын ойн ангийн бүрэлдэхүүнийг 5,5 хүний орон тоотой баталж, нягтлан бодогчийн орон тоог 0,5-аар дүйцүүлэн, 40 хувиар цалинжуулахаар тогтоосны дагуу Р.Г нь Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд энэ /нэг бүхэл орон тоо биш/ нөхцөлөөр ажиллаж, цалин хөлс авч байсан байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг, тодруулбал ажилтны гаргасан зөрчил, түүнд оногдуулсан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хэлбэр болон ажлын байрны онцлог, хөдөлмөрийн нөхцөлийг хооронд нь харьцуулан дүгнэвэл, ажил олгогчоос ажилтанд ногдуулсан хөдөлмөрийн сахилын шийтгэлийн хэлбэр нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж, хэр хэмжээнд тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүн бүр ... хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. гэж, 3 дахь хэсэгт Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч ... хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй. гэж тунхагласан бол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэж хуульчлан, Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монгол Улсын иргэний хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрхийг баталгаажуулсан.

 

Хууль тогтоогч энэхүү үзэл санааг Хөдөлмөрийн тухай хуулиар бэхжүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтныг ... хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно. гэж, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. гэж тус тус хуульчилжээ.

 

Гэтэл бүхэл орон тоогоор бус, 0,5-аар дүйцүүлэн 40 хувиар цалинжуулахаар тогтоосон нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан Р.Гын хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогчоос /хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмаар/ ялгамжтайгаар, тухайлан тогтоохгүйгээр, түүнд бусад /бүхэл орон тоогоор ажиллаж буй/ ажилтнуудтай нэгэн адил шаардлага тавьж, ердийн ажлын өдрийн үргэлжлэлийг 8 цагаар тогтоон ажилтны хөдөлмөрийн шударга нөхцөлөөр хангуулах үндсэн эрхийг зөрчсөн нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын цагийн бүртгэл, тооцоо, хамт олны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар гаргасан ажилтны гомдол үндэслэлтэй байна.

 

Хууль тогтоомжоор[11] 0,5-аар дүйцүүлэн 40 хувиар цалинжуулахаар тогтоосон ажлын байрны онцлог, ажилтанд олгож буй цалин хөлсний хэмжээнд тохирсон хөдөлмөрийн нөхцөлийг, тухайлбал ажилтны ажлын өдөр үргэлжлэх ажлын цагийг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар тогтоогоогүй атлаа түүнд ажил тасалсан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй, ажилтанд ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийн хэлбэр нь түүний гаргасан зөрчлийн агуулга, шинж, хэр хэмжээнд тохироогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Р.Гыг тус ойн ангийн /0,5-аар дүйцүүлсэн 40 хувиар цалинжуулах/ нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Р.Гын анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлууд тус тус хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00119 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Р.Гын гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Р.Гыг тус аймгийн Сум дундын ойн ангийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж,

2 дахь заалтын ... дурдсугай. гэснийг ... дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн санхүүгээс 70200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Р.Гын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Р.Гын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

С.ӨМИРБЕК

 

 

 


[1] Хэргийн 11 дүгээр тал.

[2] Хэргийн 5 дугаар тал.

[3] Хэргийн 34 дүгээр тал.

[4] Хэргийн 42 дугаар тал.

[5] Хэргийн 43 дугаар тал.

[6] Хэргийн 68 дугаар тал.

[7] Хэргийн 50 дугаар хуудасны ар талд авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2 дахь заалтад ...ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард ажлын өдөр болбол гэж заасан нь ажилтны тухайн сард тасалсан ажлын цагийн нийлбэр нь нэг ажлын өдөртэй буюу ажлын найм ба түүнээс дээш цагтай тэнцэхээр бол гэж ойлгогдохоор байна.

[8] Хэргийн 4 дүгээр тал.

[9] Хэргийн 16 дугаар тал.

[10] Хэргийн 23 дугаар тал.

[11] Засгийн газрын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор.