Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0825/З |
Дугаар | 138 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 138
Иргэн М.Батсүхийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч М.Батсүх, түүний өмгөөлөгч Ж.Батхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0057 дугаар магадлалтай, иргэн М.Батсүхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Батсүхийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжийн З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням, С.Дөлмандах нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Батсүхийн нэр дээр болгон өөрчилсөн захирамж гаргах, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0057 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч М.Батсүх, түүний өмгөөлөгч Ж.Батхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.11-ний өдрийн 903 дугаар захирамж гарахдаа нэхэмжлэгчийн төрийн байгууллагаас мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдлыг далимдуулан түүнийг учирлан тайлбарласаар байхад нотлох баримт, хариуцагчийн тайлбарыг бүрэн гаргуулж тодотгоогүй, Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа аваагүй, гэрч болон гуравдагч этгээдүүдийг биечлэн оролцуулах хүсэлт, шинжээчийн баг томилох хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 31.2 заалтыг хэрэгжүүлдэггүй, хэрэгт авагдсан материалуудад анализ дүгнэлтийг бүрэн хийдэггүй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016.06.22-ны өдрийн 14/8076, Барилга хот байгуулалтын яамны 2016.06.16-ны өдрийн 02/1703 тоот албан бичгүүд, нотлох баримтаар хэрэгт шинэ нөхцөл байдал үүсээд байхад тэдгээрийг задлан шинжилдэггүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан. Тодруулбал, нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосон явдал хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хууль болон бусад дүрэм журмаа зөрчсөн тухай зөрчил дутагдлыг баримтад тулгуурлан хэлээд байхад зөрчлийг хүлээж авдаггүй, нотлох баримт бүрэн бүрдүүлээгүй, тэдгээрийг харьцуулан анализ дүгнэлт гаргадаггүй, нэхэмжлэгчийн ашиг сонирхол хаана зөрчигдөж байгаад үнэлэлт дүгнэлт өгдөггүй, илт нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас зохих материалуудыг бүрдүүлэн /Ц.Баясгалан, Д.Ганхуяг, Э.Алтанцэцэг, Х.Урангоо, М.Баттулга, Б.Мөнх-Од, Б.Одгарав, Д.Алтангэрэл, Б.Одмагнай, Д.Онолбаатар/ 10 айлын газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2008 онд хүргүүлсэн ба 6 айлд /М.Баттулга, Б.Мөнх-Од, Б.Одгарав, Д.Алтангэрэл, Б.Одмангай, Д.Онолбаатар/ газар олгогдсон, харин 4 айлын газрыг ярилцаж байгаад шийдвэрлэнэ хэмээн хойшлуулсан. 4 айлын газрыг яагаад олгоогүй талаар сурвалжлан үзэхэд дүүргийн газрын албанд ажиллаж байсан төлбөрийн байцаагч Д.Нарангэрэл хамаатан садандаа олгох талаар Нийслэлийн газрын албаны дэд дарга Буяндэлгэрийн албан бус үүрэг өгсөн тул түүнийг хэрэгжүүлэх шалтгаанаар хойшлуулсан гэж тухайн үед Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга байсан Батсайхан мэдэгдсэн ба Буяндэлгэр даргатай уулзаж учраа олохыг зөвлөсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 10 айлын газрыг 2001 онд хашаа тойруулан барьсан ба өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж ирсэн. Ер нь нэхэмжлэгч талаас маргаан бүхий 4 айлын газрыг эзэмших хүсэлтээ 2008 онд З.Доржсүрэн нарын 4 иргэнээс түрүүлж өгсөн. Энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иргэн З.Доржсүрэн нар газар дээрээ ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй буюу зориулалтын дагуу ашиглаагүй 7 жил гаруй хугацааг өнгөрүүлсэн байна. Хариуцагчаас ирүүлсэн материалуудаас үзэхэд гуравдагч этгээд нарт олгосон газрын бичиг баримт засаг даргын захирамжууд нь газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тодорхой бичиж хүргүүлсэн боловч эдгээрийг шүүх нягтлан шийдвэрлээгүй. Гуравдагч этгээд З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням нар нь өргөдлөө 2009.06.05-ны өдөр гаргасан гэх ба өргөдөлд хавсаргасан газрын кадастрын зураг нь 2009.06.06-ны өдөр үйлдэгдсэн байна. Энэ мэт зөрчил дутагдал олон бий. Тэдгээрийн өргөдөл материалуудыг газар зохион байгуулагч М.Тэгшжаргал хүлээн авч, кадастрын мэргэжилтэн Ц.Баярмагнай “Хөх саарал” ХХК-ийн тэмдэглэж координатжуулсан кадастрын зургийг мэдээллийн санд оруулсан байна. Дээрх 4 иргэний мэдээллийн санд оруулсан кадастрын зургийг нэгж талбарын дугаар, дүүргийн засаг даргын 2009.08.12-ны өдрийн 217 дугаар захирамжийн нэгж талбарын дугаар, 2012.09.20-ны өдрийн 331 дүгээр захирамжийн нэгж талбарын дугаарууд хоорондоо зөрүүтэй байна. Эдгээр нь яагаад зөрүүтэй байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Сумьяатай уулзаж тодруулга авсан. Тэрээр “газар олгох үйл ажиллагаа Газрын тухай хуульд заасны дагуу явагдсан бол нэгж талбарын дугаар зөрөх ёсгүй, үүнийг ажилтны гаргасан механик алдаа гэж үзэх боломжгүй нарийвчлан шалгаж тодруулах шаардлагатай” гэж хэлсэн. Харин газар эзэмшигчийн нэр зориулалт талбайн хэмжээ өөрчлөгдөхөөс биш нэгж талбарын дугаар өөрчлөгдөх ёсгүй юм. Дээрх 4 иргэний мэдээллийн санд орсон нэгж талбарын дугаар засаг даргын захирамжийн дугаартай зөрж байгаа нь дээрх 4 иргэнд маргаан бүхий газар олгогдоогүй гэсэн тайлбарыг өгсөн. Энэхүү нэгж талбарын дугаар зөрүүтэй байгаад үнэлэлт дүгнэлт гаргуулах талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс гадна дээрх 4 иргэний кадастрын зураг хийсэн компаниуд нь маргаан бүхий газрын кадастрын зураг хийх үед дээрх үйл ажиллагааг хийх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь маргааны үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой юм. “Хөх саарал” ХХК, “Вайлдхорс” ХХК-иуд нь тусгай зөвшөөрөлгүй байх үедээ дээрх 4 иргэний кадастрын зургийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Дээрх 4 иргэн кадастрын зургаа өөрчлүүлэх өргөдөл хүсэлт дүүргийн Газрын албанд гаргаагүй байхад нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг хэн, хэзээ, яаж газрын албаны материал дотор шургуулж оруулсан нь тодорхойгүй үлдсэн ба энэ тухай хариуцагчаас ямар ч тайлбар өгөөгүй. З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням нар дүүргийн Газрын албатай гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй ба газраа шилжүүлэхийн тулд 3 жилийн хугацаа өнгөрсөний дараа буюу 2012 онд гэрээ байгуулж, гэрчилгээ авсан нь баримтаар нотлогдож байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8-т заасныг зөрчсөн. Шүүгч дээрх 4 иргэдийн дүүргийн газрын албатай гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй 3 жил гаруй болсон хугацааг үл ойшоож Газрын тухай хуулийн 23.4.2, 27.1, 34.8 дахь зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дүүргийн Засаг дарга нь хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно иргэн М.Батсүх хуулийг ягштал биелүүлэх ёстой буюу эрхтэн дархтан Засаг дарга нар хуулийг эс хэрэгжүүлэх нь түүний захиргааны бүрэн эрх гэж тодорхойлжээ. Иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн хуулийн зарчмыг шүүгч арай мартмааргүй юм. Дээрх 4 иргэнд хамаарах газар эзэмшүүлэх дүүргийн Засаг даргын 217 тоот захирамж гараад 7 жил гаруй, дээрх 4 иргэдээс С.Дөлмандахад шилжүүлсэн 331 тоот захирамж гараад 3 жил гаруй хугацаа өнгөрүүлсэн ба уг газар дээрээ ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалтыг шүүх хэрэглэвэл зохих байсан ч хэрэглээгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас дээрх 4 иргэнд олгосон газрын нэгж талбарын дугаар яагаад 3 удаа өөрчлөгдсөн тухай тайлбар лавлагааг хариуцагчаас гаргуулан авч чадаагүй мөн гэрч оролцуулах болон шинжээчийн баг томилон ажиллуулах хүсэлтүүд биелэгдээгүй юм. “Хөх саарал” ХХК, “Вайлдхорс” ХХК нь 2009 онд геодези зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан нь Геодези зураг зүйн тухай хуулийн 6.1-д заасныг зөрчсөн байхад энэ талаар шүүхүүд дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч М.Батсүх “... 2007 онд 10 айлын газрын кадастрын зураг хийлгэн, газар эзэмших хүсэлт гаргаж байсан ч захиргааны байгууллага шийдвэрлэлгүй орхигдуулж, уг газрыг 2009 онд З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням нарт хууль бусаар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг М.Батсүхийн нэр дээр болгон өөрчлөх, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн С.Энхтүвшин, З.Доржсүрэн, Н.Балжинням, Г.Золжаргал нар 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх орчимд газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, улмаар газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг С.Дөлмандахад шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч М.Батсүх 2007 онд Сүхбаатар дүүргийн Бэлх Хадатын ам орчим нийт 7255 м.кв 10 айлын газрын кадастрын зургийг “Топ сүрвэй” ХХК-иар үйлдүүлсэн боловч газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргасан нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, С.Энхтүвшин, З.Доржсүрэн, Н.Балжинням, Г.Золжаргал нараас урьтаж маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаагүй, мөн хариуцагч газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31, 32, 33, 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд, шүүх “маргаан бүхий захиргааны актын улмаас М.Батсүхийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14, 120 дугаар зүйлийн 120.1-д заасантай нийцжээ.
Нэгэнт нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, уг газрыг эзэмшиж, ашиглах эрх түүнд үүсээгүй байхад “давхцалтай” гэж үзэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй, мөн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааралтай “Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Батсүхийн нэр дээр болгон өөрчлөх” шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтэд тусгах учиртай.
Тухайн тохиолдолд, газар эзэмших хүсэлт гаргагчийн газрын кадастрын зургийг үйлдсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар /зөвшөөрөлгүй/ болсон нь захиргааны байгууллага иргэний хүсэлтийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөхөөргүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “...“Вайлдхорс” ХХК, “Хөх саарал” ХХК-иуд кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлгүй /хугацаа дууссан/ байсан ...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Нотлох баримт цуглуулах” хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс захирамжид өөрчлөлт оруулж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь үнэлэн хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2, 37.1.2-т заасан үүргээ шүүх хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2017/0057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН