Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 02035

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Бүднүүд овогт Н.Н, хариуцагч Харцага овогт Г.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Ж, 2008 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр хүү Ц.Н нарыг эх Н.Н-ийн асрамжид үлдээсүгэй.  

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Ц.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Ц.Н, Ц.Ж нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ц-өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

  

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Ц-өөс 390 742 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д, хариуцагчийн өмчлөлийн Таван толгой ХК-ийн хувьцаанаас 13 306 ширхэг хувьцааг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн банкнаас хамтран авсан зээлийн асуудалтай холбоотой нийт 167 179 795 төгрөгийг Н.Н-д хариуцуулах, охин Ц.А-д дундын өмчийн эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Ц-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Н-д тус тус даалгасугай.

 

7. Цаашид хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гарах зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.  

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 509 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 111 662 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993 849 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ц-д олгосугай.   

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.