Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 02306

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэгт 612 394 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлтэй холбоотой 167 179 795 төгрөгийг хариуцуулах, охин Ц.А-д дундын өмчийн эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оноос Г.Ц-тэй хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2010 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2006 оны 03 дугаар сарын 17-нд хүү Ц.Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-нд хүү Ц.Н нар төрсөн. Би түүнтэй хамт амьдрахдаа 13 настай охинтой байсан. Бид гэр бүл болоход Г.Ц улс төр, боловсролын академид багшаар ажилладаг байсан ба түүний ээжийн гэрт арван хэдүүлээ нэг байранд амьдарч байсан. Би хүүгээ нэг настай байхаас нь эхлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд Г.Ц намайг эрүүл байхдаа ч зоддог. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хутга барьж алах дээрээ тулсан тул би цагдаад хандсан. Би гэрлэлт цуцлах, хүүхдүүдээ асрамжидаа авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хувь буюу 612 394 800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхон 53-41 тоот 3 өрөө, орон сууцыг 126 750 000 төгрөг, 82 тоот автозогсоол 15 000 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил хотхоны 90 дугаар байрны 3 тоот, 3 өрөө орон сууц 172 040 000 төгрөг, 5, 6 тоот 2 автозогсоол 30 000 000 төгрөг, 07-88 УНИ улсын дугаартай, Тоёото ланд круйзер 200 маркийн автомашин 40 000 000 төгрөг, 07-88 УНР улсын дугаартай, Волксваген тигуан маркийн автомашин 15 000 000 төгрөг, “Таван толгой” ХК-ийн 25 800 ширхэг хувьцаа /25 800*9 270 төгрөг/ 239 166 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити 1/19 дүгээр байрны 4 тоот орон сууц 47 520 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 9-25 тоот хашаа 8 000 000 төгрөг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Цэций хороолол 5-18 тоот орон сууц 52 800 000 төгрөг, Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2 дугаар баг Билгэх баруун суу 5-1а тоот 1600 м.кв газар 4 000 000 төгрөг нийт 612 394 800 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд хуваахад нэг гишүүнд 127 951 200 төгрөг /127 951 200*4 гишүүн/ буюу 612 394 800 төгрөгийг өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19 дүгээр байрны 4 тоот орон сууцыг 2018 оны 02 дугаар сард буюу шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бэлэглэлийн гэрээгээр Ц.Б-д шилжүүлсэн байна.

 Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Н-тай 15 жил хамт амьдрахдаа санал зөрөх асуудал байсан. Би байнгын дарамтлагч хүчирхийлэгч байсан бол Н.Н хоёр хүүхэд гаргаад, надтай хамт амьдрахгүй байсан. Н.Н-ийн хуваах гээд байгаа хөрөнгө зөвхөн миний 20 жил хөлсөө дуслуулсны үр шимээр бий болсон. Би Н.Н-ийн дагавар охиныг хүртэл хүний хүүхэд гэж ялгалгүй бага болон дээд сургуулийг төгсгөж, өрх гэр тусгаарлахад миний хүүхэд гэж хандаж өсгөсөн. Би гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргахгүй. Эхнэр хүүхэддээ Нархан хотхоны 3 өрөө орон сууц, автомашины зогсоол, Тигуан автомашиныг тус тус өгөх, Алтай хаус хотхоны 3 өрөө орон сууц, автомашины зогсоол, унаж байгаа Ланд круйзер автомашиныг өөртөө үлдээх саналтай байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19-4 тоот орон сууцыг Ц.Б-гийн эцэг Г.Ц хөрөнгө оруулалт хийж, Г.Ц-өөс мөнгө зээлж энэ байрыг аваад 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ц.Батхүүд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 9 дүгээр гудамж, 25 тоот үл хөдлөх хөрөнгийг Г.Ц, Н.Н нарыг гэр бүл болохоос өмнө худалдаж авсан гэх н.Тогтохын тайлбар хэрэгт байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар 2004 онд гэр бүл болсныг 2010 онд баталгаажуулж гэрлэлтийн баталгаа олгосон. Гэтэл нэхэмжлэгч талаас 2004 оноос хойш бий болсон бүх хөрөнгүүд гэр бүлийн дундын өмч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэт цаасны тухайд гэрлэлтийг хууль ёсоор бүртгүүлээгүй байх үеийн үнэт цаас тул хэрхэн яаж хувиарлах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэжээ. 

Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтдаа ирээдүйгээ төлөвлөж авсан зээлээ салах нийлэх болохоор надад хамаагүй гэж болохгүй. Тиймээс би “Голомт банк” ХХК-иас Өмнөговь аймагт байр, үйлчилгээний талбай авахаар 120 000 000 гаран төгрөгийн зээлийн асуудлыг сөрөг нэхэмжлэлдээ харуулсан. Энэ зээл авахад урьдчилгаа төлбөрийн асуудлыг, зээл ямар шатандаа явж байгааг тэмдэглэсэн. Зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл зээлийн хүү, төлөлтийг би төлж байгаа. Тиймээс би хөрөнгө хуваалцвал хамтдаа энэ зээлийг хуваалцана гэж үзэж байна. Охин Ц.А-д дундын эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг шүүхээр тогтоолгох шаардлага гаргасан. Ц.Анхзаяагийн сургалтын төлбөрөөс авахуулаад 3 өрөө иж бүрэн тавилгатай байр, сургуулиа төгсөхөд нь  автомашин авч өгөн, гадаад улсад танилцсан найз залуутай нь хамт хэлний бэлтгэлд сургаж байсан.  Би охин Ц.А-г хүний хүүхэд гэж хандаагүй, өөрийн нэрээр овоглосон.

Иймд банкнаас хамтран авсан зээлийн асуудалтай холбоотой 167 179 795 төгрөгийг Н.Н хариуцуулах, охин Ц.А-д дундын өмчийн эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Шүүхэд ирсэн баримтыг үзээд манайх ийм зээлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйлчилгээний талбай болон байртай гэдгийг мэдсэн. Би нэг ч удаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Голомт банкны салбарт очоогүй. Би зээл аваагүй тул энэ зээлийн асуудлыг хариуцахгүй. Охин Ц.А-г өөрөөрөө овоглосон, түүний эцэг, тэрээр хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б овогт Н.Н, хариуцагч Х овогт Г.Ц нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Ж, 2008 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр хүү Ц.Н нарыг эх Н.Н-ийн асрамжид үлдээж,  

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Ц.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Ц.Н, Ц.Ж нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ц-өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Ц-өөс 390 742 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д, хариуцагчийн өмчлөлийн Таван толгой ХК-ийн хувьцаанаас 13 306 ширхэг хувьцааг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн банкнаас хамтран авсан зээлийн асуудалтай холбоотой нийт 167 179 795 төгрөгийг Н.Н-д хариуцуулах, охин Ц.А-д дундын өмчийн эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Ц-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Н-д тус тус даалгаж,  

Цаашид хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гарах зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж,   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 509 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 111 662 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993 849 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ц давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Нархан хотхоны 3 өрөө орон сууц, 82 тоот автозогсоолыг би Улаанбаатар хотод амьдарч байгаад 2006 онд Өмнөговь аймаг Цогтцэций суманд шилжин ажиллах нөхцөлтэй ажил гүйцэтгүүлэх зорилгоор “ТТТ” ХХК-ийн захирал Д.Давгадоржоос тодорхой болзолтойгоор надад бэлэглэсэн хөрөнгө болно. Энэ биднийг гэр бүл болоход зориулан бэлэглэсэн хөрөнгө биш. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 127.1.2-д зааснаар хуваарьт хөрөнгө мөн. Эхнэр Н.Н-ийн эзэмшилд Тигвуан вольксвагэн байдаг. Би 2011 онд Цогтцэций суманд байрлах өөрийн ээжийн өмчлөлийн газрыг зарж, уг мөнгөөр шинэ машин эхнэртээ худалдан авч өгсөн. Ландкруйзер автомашин нь эхнэрийн эгч Н.Н-ын эзэмшилд бүртгэлтэй байсан, одоо төрсөн ах Г.Ц-ын эзэмшилтэй. Хэдийгээр миний санхүүгийн оролцоотой авсан машин боловч эхнэр бид хоёрын нэр дээр эзэмшил нь хэзээ ч байгаагүй, өөр хүний эзэмшилтэй хөрөнгийг хуваасан нь бусдын эрх ашгийг хөндсөн асуудал гэж үзэж байна.

Миний бие “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхад ТУЗ-ийн гишүүдэд олгосон шагнал урамшууллын мөнгөөр “Таван толгой” ХК-ийн хөрөнгийн бирж дээрээс худалдан авч, 2009 оны 01 дүгээр сарын 30-нд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулсан. Гэтэл бид бараг жил хагасын дараа гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүл болохоос өмнө олж авсан хөрөнгө, хувьцаа нь хуваарьт хөрөнгөд хамаарна. Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн хуваарьт өмч болох хувьцааг гэр бүлийн дундын өмч гэж үзэж гэр бүлийн гишүүдэд хуваасан нь үндэслэлгүй. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолын холбогдох заалтад “Анхаарвал зохино” гэж тэмдэглэснийг зөрчсөн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан хуулганд хэзээ анх буй болсон, ямар зарлага хийсэн нь тодорхой байдаг.

Хан-Уул дүүргийн Вива сити 1/19 байр 4-4 тоот 2 өрөө орон сууц ашиглалтанд орсон цагаас хойш миний төрсөн ахын бага хүү Ц.Батхүүгийн өмчлөлд бүртгэлтэй, одоог хүртэл амьдарч байгаа. Анх худалдан авах төлбөрийн 80 гаруй хувийг төрсөн ах, үлдэгдэл төлбөрийг би хийсэн. Тухайн үед би хотод байсан учир миний нэр дээр гэрчилгээ нь гаргасан. Ц.Б хурим хийж гэрлэлтээ батлуулсан учир бэлэглэлээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал уг байрыг бусдынх гэдгийг мэдэж байгаа учир шүүх хуралдааны үед ямар ч нотолгоо тайлбар, маргаан хийгээгүй. Харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө энэ хөрөнгийг хуваахгүй гэдгээ хэлсэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл шүүх нэхэмжпэгчийн татгалзлыг хүлээж авалгүй тухайн орон сууцыг хуваасан нь хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 25 тоот хашаанд манай аав, ээж 1990 онд хотод шилжин ирж хувь хүнээс өөрсдийн тэтгэврийн мөнгөөр худалдан авч, намайг сургуулиа төгсөж ирэхэд нь бэлдсэн. Биднийг танилцахаас өмнө бий болсон хөрөнгийг хуваасан нь ойлгомжгүй. Хамтын зээлийн тухай нотлох баримтыг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Голомт банкны салбараас албан тоот, бичиг баримтын хуулбарт хуулийн этгээдийн тамга дарагдсан хэрэгт хавсаргасан байгаа.

Голомт банкны зээлээр авсан орон сууцыг хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж, гэр бүлийн гишүүдэд хуваасан атлаа уг байрыг худалдан авах хөрөнгийн эх үүсвэр, үндэслэл болсон зээлийг төлөх үүргийг Н.Н-д хариуцуулаагүй нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дах хэсэгт заасныг зөрчиж байна. Зээлийн гэрээний үүргийг уг маргаантай хамт шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 1/19-4 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 25 тоот хашаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций хороолол, 5-18 тоот орон сууц, хувьцаа зэрэг хөрөнгүүдийг ямар үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэтэрхий нэг талд үйлчилж, талуудын эрх тэгш байх хуулийн үндсэн зарчмыг алдагдуулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ямар ч хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн хэрэгт хамааралгүй хүмүүсийн буюу бусдын өмчлөлийн эрхэд халдсан үйлдэл гарсан гэж үзэж болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, оролцогч талуудын эрх тэгш, шударга байх зарчмыг хангах хууль зүйн үндсэн зарчмыг мөрдөөгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Н хариуцагч Г.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэгт 612 394 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Голомт банкны зээлтэй холбоотой 167 179 795 төгрөгийг гаргуулах, охин Ц.А-д дундын өмчийн эд хөрөнгө хуваах асуудал хамааралгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Зохигчид 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 05 дугаар сарын 03-нд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү  Ц.Ж, 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ц.Н нар төрсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж,  2 хүүхдийг эхийх нь асрамжид үлдээн, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэснийг хариуцагч маргаагүй. Харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ.

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх үндэслэл бүхий дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтад нийцээгүй байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоо бүхий зохигчийн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ зарим хөрөнгүүд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх эсвэл хуваарьт хөрөнгө мөн эсэхийг тодруулсны дараа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах заалтыг хэрэглэх боломжтой. Тухайлбал: зарим эд хөрөнгө болох 07-88 УНИ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер маркийн, мөн 07-88 УНР улсын дугаартай, Волксваген Тигуан маркийн автомашинууд Н.Н-ын нэр дээр бүртгэлтэй талаарх баримт хэрэгт авагдсан байхад уг эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх талтай гэж үзэх үндэслэлтэй. /1 х.х-ийн 34 дүгээр тал/

Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт гэр бүлийн хамтран өмчлөх өмчийн талаар эрх нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлэх эрх нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасан зохицуулалтай уялдана. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вивасити 1/19 дүгээр байрны 4-4 тоот орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх, захиран зарцуулахад гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр энэ үйл ажиллагаа явагдах учиртай. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Г.Ц өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ц.Б-гийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасан гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу өмчлөх эрх шилжсэн эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна.  

Нэхэмжлэгч Н.Н нь иргэн Ц.Б-д дээрх эд хөрөнгийг шилжүүлэхийг татгалзсан эсвэл мэдээгүй эсэхийг шүүх тодруулж, иргэн Ц.Б болон хариуцагч Г.Ц нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ буюу уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлээр нэхэмжлэгч эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлсний дагуу мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дах хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр дүгнэгдэж, хуваагдах учиртай. Уг асуудлыг тодруулаагүй атлаа гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хувааж шийдвэрлэсэн нь хуульд үл нийцнэ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар баг, Баруун суу 5 дугаар гудамжны 1а тоот, 1600 м.кв газрыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээж шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ямар ямар хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээж,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иймд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэж үзэхээр байна.  

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Учир нь: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар СД бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын нэг болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр хороо, Цэций хороолол, 5 дугаар байрны 18 тоот орон сууцыг гэрлэгчид нь Голомт банктай 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ5210002741, ЗГ5210002742 тоот орон сууцны зээлийн гэрээ болон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ5210002741-А тоот нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан, уг гэрээнд нэхэмжлэгч Н.Н нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. /1 х.х-ийн 93-94, 98-100, 103-104/

Уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, эд хөрөнгөтэй холбоотой барьцааны үүрэгтэй холбоотой үүрэг мөн адил хуваагдах байтал энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил, хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 182 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА