Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00848

 

2021           06            24                                          001/ХТ2021/00848

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 620 дугаар магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.16-ны өдрийн 2539 дугаар шийдвэрээр ...................аас 22,937,950 төгрөгийг гаргуулж Д.Эрдэнэцэцэгт, мөн шүүхийн 2019.03.19-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30,076,987 төгрөг гаргуулж Д.Бат-Оршиход олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр болон захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ...................ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэх болон хураан авах тогтоол үйлдэн улмаар талууд хоорондоо хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй учир хөндлөнгийн шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж, 75 250 000 төгрөгийн үнэлгээ тогтоолгосон байна. Энэ үнэлгээ нь өөрөө эргэлзээтэй байгаа. Шалтгаан нь тухайн орон сууц нь дээр үеийн буюу 1980 онд баригдаж ашиглалтад орж байсан байр юм. Тухайн үед м.кв талбайн хэмжээг тооцохдоо зөвхөн өрөөний талбайн хэмжээг тооцож, коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг талбайн хэмжээнд оруулдаггүй байсан. Гэтэл одоо үед гэрчилгээнд ашигтай талбай гэдэгт тухайн орон сууцны бүх талбай буюу коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг оруулж тооцдог болсон. Гэтэл Мөнх оргил трейд ХХК нь үүнийг мэдсээр байж ашигтай талбайн хэмжээг хэмжилт хийгээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хуучин 30 м.кв гэсэн ашигтай талбайн хэмжээгээр тооцож үнэлгээ гаргасан нь нэхэмжлэгчид хохиролтойгоор тогтоогдсон учраас үнэлгээ нь үндэслэлгүй байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 30 м.кв талбайн хэмжээгээр тооцоод талбайн хэмжээг өөрсдөө хэмжилт хийхгүйгээр үнэлгээг тогтоож, зарын хуудсыг хавсаргасан байсан. Энэ зар нь хэзээ, ямар сайтад, яаж тавигдсан зар гэдэг нь тодорхойгүй байгааг хооронд нь харьцуулаад 75,250,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгаа нь илтэд үндэслэлгүй байгаа юм. Энэ үнэлгээнээс харахад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд хэрвээ төлбөр төлөгчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан тохиолдолд үнэлгээгээр тогтоосон 75,250,000 төгрөгийн 70 хувь буюу 52,675,000 төгрөг, 50 хувь буюу 37,625,000 төгрөгөөр худалдагдахаар байгаа нь 2 төлбөр авагчид төлөх ёстой 53,014,937 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй, төлбөр төлөгчөөс нэмж төлбөр төлөх байдалтай байна. Тийм учраас илтэд үндэслэлгүйгээр гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагч хариу тайлбартаа хугацаа алдсан гэж тайлбарласан байдаг. Хугацаа алдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мэдсэн гэдгийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж тодорхой заасан. ...................ад шинжээчийн дүгнэлтийг 2019.12.02-ны өдөр Б.Лочин өөрөө танилцуулсан байдаг. Тиймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.16-ны өдрийн 2539 дүгээр шийдвэрээр ...................аас 22,937,950 төгрөгийг гаргуулж Д.Эрдэнэцэцэгт, мөн шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30,076,987 төгрөгийг гаргуулж Д.Бат-Оршиход олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ...................ад сайн дураар төлбөр төлөх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шат дараалсан ажиллагааг гүйцэтгэсэн боловч төлбөрийг төлөхгүй байгаа тул төлбөр төлөгч ...................ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 75,250,000 төгрөгөөр тогтоосон болохыг талуудад хуулийн хугацаанд танилцуулж мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргах ёстой. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулна гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг Мөнх оргил трейд ХХК-иас 2019.11.18-ны өдөр хүлээн авсан. Үүнээс хойш 3 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээ болон мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин сууж байгаа хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт шийдвэр гүйцэтгэгч өөрийн биеэр 2019.11.20-ны өдөр очиж 4/26405 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу насанд хүрсэн О.Өлзиймаад хүлээлгэн өгч, танилцуулж төлбөр төлөх шаардлагаа тавин мэдэгдэхэд төлбөр төлөгч орон нутагт явж байгаа учраас Улаанбаатар хотод очихоороо өөрийн биеэр танилцана гэсэн тайлбарыг ...................а утсаар өгсөн. Мөн 2019.03.18-ны өдөр талуудад эрх, үүргийг танилцуулсан. Үүнд талууд өөрсдийн оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг хамгийн сүүлд тэмдэглэгдсэн хаягаар мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэсэн эрх үүрэгтэй танилцсан учраас төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2019.11.20-ны өдөр мэдсэн байгаа. 2019.12.02-ны өдөр ...................а мөн өөрөө өрөөнд ирж хөрөнгийн үнэлгээтэй дахин танилцсан. Энэ хугацаанд төлбөр төлөгч өөрөө сайн дураар төлбөрөө төлөх болон эд хөрөнгөө худалдан борлуулах эрхээ эдэлье гэсэн хүсэлтээ өгсөн байгаа. Үүний дагуу ...................ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ...................т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 95/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...................ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 620 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...................ад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа түүний өмчлөлийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо, 14-р байрны 167 тоот 2 өрөө орон сууцыг хураан авч, битүүмжлэн, улмаар “Мөнх Оргил Трейд” ХХК-наар 75,250,000 төгрөгний үнэлгээ тогтоолгосон байдаг. “Мөнх Оргил Трейд” ХХК-ийн гаргасан хөндлөнгийн үнэлгээ нь тухайн орон сууцны биет байдал, байршил, ашигтай талбайн хэмжээг буруу тооцож, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь ...................ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд илтэд хохиролтой байсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. Учир нь уг орон сууц нь олон жилийн өмнө буюу 1980-аад онд ашиглалтанд орсон нь тухайн үед байрны м.кв талбайн хэмжээнд коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, тагт зэрэг ашигтай талбайг хасч тооцдог байсан. Гэтэл одоогийн аргачлалаар орон сууцыг оршин суугчийн ашиглаж болох гал тогоо, коридор, тагт, ариун цэврийн өрөө зэргийг талбайн хэмжээнд хамруулж тооцдог болсон юм. Үүнийг хөрөнгийн үнэлгээний компани маш сайн мэдэх ёстой бөгөөд одоогийн зах зээлийн бодит тооцоонд үндэслээгүй 30 м.кв талбайн хэмжээгээр буруу тооцсон, мөн орон сууцыг хотын төвтэй ойр байршилтай, завсар иж бүрэн хийгдсэн зэрэг бусад орон сууцнаас ялгарах давуу талуудыг тооцоогүй нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй, илтэд үндэслэлгүй болох шалтгаан болсон байдаг. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч талаас үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ маш тодорхой тайлбарлаж шүүхийн журмаар шинжээч томилж үнэлгээг өөр байгууллагаар үнэн зөв тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцыг хураан авч, битүүмжилсэн байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс дур мэдэн орон сууцанд үнэлгээ хийлгэх эрх байхгүй, үнэлгээг үндэслэлгүй болохыг нотлох ямар нэгэн баримт гаргах боломжгүй юм. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “...шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх...” эрхтэй талаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тухай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу шүүх зохигчоос хүсэлт гаргасан тохиолдолд шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжийг хангаж өгөх үүрэгтэй байтал нэхэмжлэгчийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж буруутгаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ...................а нь хариуцагч ...................т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.16-ны өдрийн 184/ШШ2018/02539 дугаар шийдвэрээр ...................аас 22,666,667 төгрөг гаргуулж Д.Эрдэнэцэцэгт олгож, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ...................ын өмчлөлийн улсын бүртгэлийн ...................дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 167 тоот хаягт байрших 2 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ...................т даалгаж шийдвэрлэсэн, мөн шүүхийн 2019.03.19-ний өдрийн 184/ШШ2019/00734 дугаар шүүгчийн захирамжаар ...................аас 30,000,000 төгрөг гаргуулж Д.Бат-Оршиход олгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

................... үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан, талуудаас үнийн санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн, үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Д.Эрдэнэцэцэг шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага 2019.11.13-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсон, шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн орон сууцны зах зээлийн үнийг 75,250,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан талаар давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад нийцсэн дүгнэлт хийсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулсан нь үндэслэлтэй болжээ. Дуудлага худалдаанд оруулах орон сууцны талбайн хэмжээ ашигтай талбайн хэмжээгээр илэрхийлэгдсэн боловч шинжээч орон сууцны зах зээлийн үнийг тогтоосон тул үнэлгээг хэт доогуур тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/00348 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 620 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД