Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01462

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Х аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суух,  Г овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Т банкны Х салбарт холбогдох

       Т банкны Х салбарын харъяа Х тооцооны төвд ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2018/01301/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь 2016 оны 9 дүгээр сараас Т банкны Х салбарын харъяа Х тооцооны төвд теллер, ахлах теллерээр 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан юм. Т банкны Х салбараас Х тооцооны төвд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийсэн шалгалтаар өөрийн боож гарын үсгээ зурсан, тамгалсан боодолтой мөнгөнөөс 80.000 төгрөг дутсан, кассыг 20 хоног зөрүүтэй байлгасан гэж буруутган ажлаас халсан.Тухайн зөрчлийг огт мэдээгүй бөгөөд тус банкинд хичээж ажиллаж теллерээс ахлах теллер хүртэл дэвшин ажиллаж хичээж ирсэн. Тухайн дутагдал гарсан гэх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр салбараас зузаатгал ирсэн бөгөөд хоёр теллер бие биедээ хяналттайгаар дундын мөнгө тоолдог машинаар тоолж боож баглаж байсан. Тухайн өдөр кассанд ямар ч мөнгө төгрөгийн зөрүү гараагүй. Ажил олгогчийн шийдвэр илтэд намайг буруутгасан, миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан шударга бус шалтгаангүй байх тул гомдолтой байна. Би шалгалтаар илэрсэн гэх 80.000 төгрөгийг дутагдал зөрчлийг мэдсэнээс хойш 2 хоногийн дотор банкийг хохиролгүй болгосон.

Иймд Д.Б намайг Т банкны Х салбарын харъяа Х тооцооны төвд ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Д.Б нь Х аймгийн Х тооцооны төвд сонгон шалгаруулалтад тэнцэж 2016 оны 09 дүгээр сард анх ажилд орсон. Орсон цагаасаа хойш ажлын үр бүтээлтэй шаардлага журмын дагуу ажиллаж ирсэн. Тийм ч учраас ахлах теллерээр дэвшүүлсэн ажиллуулсан. Энэ хугацаанд дундуур нь жирэмсний амралтаа авч 2017 онд авч 2018 оны 03 дугаар сард эргэн ажилдаа орсон. Ажиллаж байх хугацаанд 06 дугаар сарын 07-ны өдөр тус хариуцагчаас зузаатгалын мөнгөнөөс 80.000 төгрөг дутсан, нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр хуулийн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байгаа. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х аймгийн Х тооцооны төвийн захирал Мөнхжаргал бие бүрэлдэхүүн комисс гарган дотоод журмын дагуу гэнэтийн шалгалт явуулсан. Тэр үеэр ямар ч мөнгө дутаагүй байсан. Зузаатгалын мөнгө ирээд теллертэйгээ хамт тоолоод лацадсан байгаа. Түүн дээр он сарыг нь солиод тэмдэглэсэн бол өөр асуудал. Одоогийн амьдрал дээр 80.000 төгрөг тийм их мөнгө үү. Тэр мөнгийг аваад цааш нь нуун дарагдуулах асуудал байхгүй, нуун дарагдуулаагүй. Энэ бол санаатай гуйвуулах гэсэн зүйл байгаа. Он сарыг нь 06 гэснийг 07 болгож тэмдэглэгээ хийсэн байгаа. Тухайн үед зузаатгал хүлээж аваад дээд удирдлагадаа мэдэгдсэн, 08-ны өдөр болон 15-ны өдөр касс тоолсон. Дутагдуулаагүй гэсэн зүйлээ нотлож байгаа. Дотоод журамд нь заасан байсан. Ажил хийж байгаа ямар ч цаг хугацаанд гэнэтийн шалгалтуудыг тогтмол хийх ёстой нэгээс дээш тооллогыг хийдэг. Тухайн үед чиглэл өгөөгүй ч гэнэтийн шалгалт хийж кассаа шалгуулсан байдаг. Заавал төлөвлөгөөт зарчмаараа дутагдалыг илрүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тодорхой хугацааны дотор төлөөд барагдуул гэсэн журмын дагуу 80,000 төгрөгийг төлсөн. Хамт олныхоо үйл ажиллагааны тайлан дээрээ би энэ мөнгийг аваагүй цагдаагийн байгууллагаар гэм буруутай эсэхийг нь тогтоолго гэсэн хүсэлт тавьсан байгаа. Манайх хуулийн дагуу байгууллагад хандаад хариу өгч байна гэсэн байдаг. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байгаа. ... манай эхнэр 2017 оны 08 дугаар сард төрөөд 2018 оны 03 дугаар сард эргэж ажилдаа орсон. Миний хүнээс зээлсэн мөнгийг хүртэл хамруулан үзсэн байсан.

 Иймд энэ шийдвэрийг бид зөвшөөрөхгүй байгаа. Энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Ахлах теллерын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 980.230 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

           Хариуцагч Т банкны Х салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х тооцооны төвийн ахлах теллер байсан Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Т банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

         Хариуцагч Т банкны Х салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч   Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Х аймгийн Т банкны салбарын тооцооны төв хариуцсан менежер Ш.Х миний бие харилцааны менежер Мөнхбаяр, ахлах теллер Даваасүрэн нарын хамт 2018 оны 06 дугаар 25-ны өдрөөс 26-ны өдрийн хугацаанд Х аймгийн Х тооцооны төвд томилолтоор ажилласан. Салбарын захирлын томилолтоор ажиллах удирдамжийн дагуу очиж ажилласан. Тэрнээс өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар шалгалтаар комисс томилоод касс тоолоход ийм зөрүү гаргаагүй гэж ярьж байна. Энэнээс өмнө шалгалтаар очсон хүн байхгүй. Тухайн үед очиж касс тоолоход 80,000 төгрөг дутсан, боодолтой мөнгөнөөс 4 ширхэгийг авсан байсан. Тухайн үед зузаатгал авсан хүн нь Х тооцооны төвийн теллер байсан. Теллер бол ажиллах журмандаа ч зузаатгал аваад ахлах теллертээ өгдөг. Ахлах теллер тоолж аваад гарын үсэг зураад тамга тэмдэгээ дарж  сейфэндээ хадгалах ёстой. Их кассыг ахлах теллер өөрөө хариуцаж ажилладаг байгаа. Илүүдэл дутагдал гарвал удирдах тооцооны төв хариуцсан мэргэжилтэнд хандах ёстой тийм зүйл байгаагүй. Илүүдэл, дутагдал бүртгэгдээгүй, касс 20 хоног дутуу байсан. Бусад мөнгө нь ямар ч тэмдэглэгээгүй тэмдэглэгээ хийсэн мөнгө нь цаад талдаа нуугдсан аястай байсан гэж шалгалтын комисс үзээд хурлаар оруулсан. Салбараас зузаатгал ирсэн тохиолдолд тооцооны төвийн ахлах теллер өөрөө бүрэн хариуцаж авах ёстой. Өөрийнх нь ажил үүргийн хувиарт заасан байгаа. Тухайн үед илүүдэл юм уу дутагдал гарсан тохиолдолд салбарын ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч, нэгжийнхээ захиралд мэдэгдээд шалгуулах ёстой. Тухайн үед бүрэн гэж авчихаад 20 хоногийн дараа дутсан тэрийг нь мэдэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Салбарын захирлын зүгээс 08-ны өдөр болон 10-ны өдрүүдэд касс тоолох чиглэл өгөөгүй. Тухайн тооцооны төв дээр нэгжийн захирал, теллер ахлах телерүүдийгээ шалгадаг. Х салбар гэж яриад байх юм. Х-ын тооцооны төв юм. Х аймгийн тооцооны төвийн салбар тоолсон байгаа. Х салбараас нэгжүүддээ хүргэгдсэн чиглэл байхгүй. Дутагдалыг салбараас ажилласан ажлын хэсэг очиж илрүүлээд түүнээс 2 хоногийн дараа Д.Б ахлах теллер дутагдлыг төлж барагдуулсан байгаа. Үнэхээр өөрөө аваагүй юм бол тухайн захирал, теллертэйгээ хуваагаад төлсөн бол итгэл үнэмшилтэй байх байсан. Өөрөө зөвшөөрөөд төлсөн байдаг. Тооцооны төвд ажилласан ажлын тайланг манайх салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргаад төв банкны хуулийн хэлтэс рүүгээ явууулаад ажлаас халах үндэслэлтэй байна гэж үзээд дараа сард нь ажлаас чөлөөлсөн. 2 цаг ч кассыг зөрүүтэй байлгаж болохгүй. Мөнгөний хэмжээнээс хамаарахгүй.  Тухайн салбараас зузаатгал очиход зөрүүтэй байсан бол зөрүүтэй байна гээд холбогдох хүмүүс рүү нь мэдэгдэх ёстой. Тухайн өдөр зөрүүгүй мөнгө авчихаад дараа нь яаж зассаныг мэдэх боломжгүй.  Теллер өдрийн гүйлгээгээ хийж дуусгаад орой нь ахлах теллертэй касс бэлэн мөнгөө хүлээлгэн өгнө. Теллер ахлах теллерийн ажил үүргийн хуваарь өөр байгаа байх би тэрийг мэдэхгүй. Би бичиг хэргийн ажилтан биш ээ тэрийг мэдэхгүй гэв.Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. 2017 оны 07 дугаар сард нэмэлт гэрээ байгуулсан. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал аль гэрээг цуцласныг сайн мэдэхгүй байна. Теллерын гэрээн дээр нэмэлт гэрээ байгуулаад ахлах теллер болгоод албан тушаал ахиулсан байх. Ноцтой зөрчил гэдгээр ажлаас чөлөөлсөн. ... Дотоод журамдаа заасан байгаа. Би тэрийг нь сайн мэдэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т банкны Х салбарт холбогдуулан Т банкны Х салбарын харъяа Х тооцооны төвд ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрийг гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Кассыг 20 хоног зөрүүтэй байлгаж, 80.000 төгрөгийг дутагдуулсан зөрчил гаргасан учир ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдлоо гаргах эрхтэй байна.

        Зохигчдоос шүүхэд Г овогт Д.Б-ийн 0519803 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, хариуцагч байгууллагыг төлөөлж салбарын захирал Б.Б, нэхэмжлэгч Д.Б нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г эх хувиар 3 хуудас, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хариуцагч байгууллагын салбарын захирал Ц.Б, нэхэмжлэгч Д. Б нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт оруулах тухай” гэрээ 1 хуудас, Ажлын байрны тодорхойлолт эх хувиар 2 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас,Т банкны хөдөлмөрийн дотоод журам 11 хуудас,  Т банкны дүрэм 8 хуудас, салбарын захирлын тушаал 1 хуудас, хурлын тэмдэглэл 2 хуудас,  албан томилолт 1 хуудас, касс тоолсон акт 1 хуудас, дутагдлын акт 1 хуудас, томилолтын тайлан 1 хуудас, өмгөөлөгч М-ын Т банкны Х аймаг дахь салбарт хандаж гаргасан хүсэлт 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Ш.Х нараас гаргасан тайлбар 1 хуудас, Т банкны Х салбарын захирлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 063 дугаартай “Ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаал 1 хуудас, Т банкны теллерийн системийн багц журам 11 хуудас, кассын орлогын баримт 1 хуудас, сарыг зассан ягаан өнгийн балаар тэмдэглэсэн ахлах теллерийн дардас дарагдсан мөнгөний цаасан боодол 1ш зэрэг баримтыг гаргаж ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б нь Т банкны Х салбарын харъяа Хтооцооны төвд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл теллер, ахлах теллерээр ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус тооцооны төвд мөнгөний зузаатгал хийгдэж уг мөнгийг нэхэмжлэгч Д.Б нь хүлээн авч тоолон касстай бүртгэж орлого зарлага хийж байсан, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Т банкны Х салбараас Х тооцооны төвд хийсэн шалгалтаар кассаас 80.000 төгрөг дутсан зөрчил илэрсэн, уг зөрчлийн талаар Тбанкны Х салбарын захирлын зөвлөл хэлэлцээд нэхэмжлэгч Д.Б-ийг Х тооцооны төвийн ахлах теллерийн ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдлоо.

         Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Т банкны Х салбарын захирлын 160 дугаартай тушаалд  Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Т банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.3 дах заалт, 5.28.12, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.13 дахь заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний 45 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн  ... Д.Б нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.12 дахь заалтыг зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өөрийн боож гарын үсгээ зурж тамгалсан боодолтой мөнгөнөөс 80,000 төгрөг дутааж кассыг 20 хоног зөрүүтэй байлгасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс тасалбар болгон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...,

         2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Б, хариуцагч байгууллагын захирлын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд ...Ажлын байрны буюу албан тушаалын нэр- Хсалбар тооцооны төв-теллер,... туршилтын хугацаа 5 сар буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл...,

          Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч байгууллага  Тбанкны Х салбарын захирал нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах тухай” гэрээнд...Ажлын байрны буюу албан тушаалын нэр- Ахлах теллер, Ажил үүргийг гүйцэтгэж эхлэх хугацаа- 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, туршилтын хугацаа 3 сар буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл... 4.1 Энэхүү Нэмэлт гэрээ нь “Т банк” ХХК болон Ажилтан Д.Б хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд тус гэрээний бусад нөхцлүүд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө...,

          Т банкны Хсалбарын захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 063 дугаартай “Ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалд ...1.Хүүхэд асрах чөлөөтэй байгаа Д.Б нь ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан тул түүнийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Х” салбарын харъяа ”Х” тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсугай...3. Ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж тушаалын хувийг Орон нутгийн банкны газар үйл ажиллагааны хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Хяналт шалгалтын газар хүргүүлэхийг Архив бичиг хэргийн ажилтан /М.Б/-д, мөн энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тооцооны төв хариуцсан менежер /Ш.Х/ нарт тус тус үүрэг болгосугай. ... гэжээ.

      Хариуцагч байгууллага  Т банкны Хөвсгөл салбар нь Д.Б-тэй анх ажилд ороход нь 5 сарын хугацаатай гэрээг байгуулан ажиллуулж байсан, мөн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ахлах теллерээр ажиллуулан Нэмэлт гэрээг байгуулсан байх боловч гэрээний нөхцлүүдийг тусгаагүй, түүнчлэн гэрээний 4.1-т Энэхүү Нэмэлт гэрээ нь “Т банк” ХХК болон Ажилтан Д.Б хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн  Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд тус гэрээний бусад нөхцлүүд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө гэсэн нь ойлгомжгүй, мөн өдөр өөр гэрээ байгуулсан юм уу эсвэл 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний нөхцлүүд хүчин төгөлдөр юм уу гэдэг нь тодорхойгүй энэ талаар тусгаагүй,

          Тбанкны Х салбарын захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 063 дугаартай “Ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалд ... 3. Ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж тушаалын хувийг Орон нутгийн банкны газар, үйл ажиллагааны хэлтэс, захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Хяналт шалгалтын газар хүргүүлэхийг Архив бичиг хэргийн ажилтан /М.Б/-д, мөн энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тооцооны төв хариуцсан менежер/ Ш.Х/ нарт тус тус үүрэг болгосугай гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б-ийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахдаа Хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заасан байх боловч гэрээг байгуулаагүй, энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан байх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

         Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б-ийг хариуцагч байгууллага  Т банкны Х салбар нь ажлаас чөлөөлөхдөө үндэслэсэн Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.13 дахь заалт нь хэдэн сарын хэдний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалт болох нь тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Т банкны Хсалбарын харъяа “Х” тооцооны төвд ахлах теллерээр ажиллуулахдаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээг байгуулахыг хориглоно” гэж заасан ба Д.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогч буюу хариуцагч байгууллага болох Т банкны Х салбарт хуулиар ногдсон,

       Мөн ажил олгогч Т банкны Х салбар, нэхэмжлэгч Д.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй учир Д.Б гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байсан ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч Т Банкны Х салбарын захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

      Нэхэмжлэгч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа манай эхнэр сард 490.000 төгрөгийн цалинтай байсан. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байна. 980.230 төгрөг болж байгаа үүнийг нэхэмжилж байгаа гэх тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 7 дугаар сарын 17 ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт ажлын 51 хоног ажил эрхлээгүй, нэхэмжлэгч нь 2018 оны 4,5,6 дугаар сард нийт ажлын 65 хоног ажиллаж 1.476.000 төгрөгний цалин хөлс авч байсан, түүний нэг өдрийг цалин 22.708 төгрөгтэй тэнцэж байгаа ба 51 өдөрт 1.158.108 төгрөгний цалин хөлс авах ёстой байсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно. ... “  гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн  980.230 төгрөгийг хариуцагч байгууллага Т банкны Хсалбараас гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

        Иймд нэхэмжлэгч Д.Б-ийг Т банкны Хсалбарын харъяа Х тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 980.230 төгрөгийг хариуцагч Т банкны Хсалбараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.   

       Нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тбанкны Х салбараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 980.230 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 28.076 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийг Т банкны Х салбарын харъяа Х тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн  тогтоосугай.

         2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 980.230 /есөн зуун наян мянга хоёр зуун гуч/ төгрөгийг хариуцагч Т банкны Х салбараас гаргуулж олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т банкны Х салбараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, 28.076 /хорин найман мянга далан зургаан/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА