Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/01280/И |
Дугаар | 001/ХТ2021/00219 |
Огноо | 2021-03-16 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00219
..... ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1729 дугаар магадлалтай,
..... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
..... ХХК-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 193.197.287 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэл: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55.538.614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай компани ..... ХХК-тай №30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, №31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр, мөн Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийсэн нэмэлт засварын ажлын хөлс 206.206.021 төгрөг болсон ба үүнээс 112.092.962 төгрөгийг манай компани авсан. ..... ХХК-д 143.325.280 төгрөгийн материал нийлүүлсэн ба үүнээс 77.269.128 төгрөгийг авсан. Ажлын хөлсний 94.113.059 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр 66.056.152 төгрөг, нийт 160.166.211 төгрөгийг одоо болтол авч чадаагүй. Барилгын засварыг гэрээнд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч зарим хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд заасан хугацаанд засварын ажлыг дуусгах боломжгүй болсон. Ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгасан боловч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр ажил дууссан тухай захиалагч талд мэдэгдсэн. Ажлаа хүлээлцэе гэж олон удаа утсаар болон уулзаж хэлж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариу албан бичиг ирсэн. Албан бичигт дурдсан ажлуудыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хоёр тал хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний тооцоогоо гаргая гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас хэмжилт хийхгүй байсан. ..... ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160.309.874 төгрөгөөр тооцож тооцоо хийх тухай албан бичиг ирүүлсэн. Уг бичигт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйн алдангийг 19.768.934 төгрөгөөр тооцсон байсан. Манай компанийн зүгээс алдангийг хэрхэн тооцож гаргасан талаарх тооцоогоо өгөх, хоёр талаасаа хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний нийт тооцоогоо гаргая гэсэн хүсэлтээ утсаар болон албан бичгээр мэдэгдэж, уулзаж хэмжилт хийх талаар хүсэлт тавьсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хоёр талаасаа комисс гарч засварын ажил хийсэн барилгуудыг хэмжсэн. Хэмжсэн хэмжилтээ хамтарч бодох хэрэгтэй гэж хэлсэн боловч ..... ХХК-ийн инженер өөрөө бодож ажлын хөлсний дүнг 146.228.604 төгрөг гэж гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэмжсэн талбайгаа хамтарч бодож ажлын хөлсний дүнг 183.542.021 төгрөг гэж тооцож гаргасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй боловч Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний дүн 22.664.000 төгрөг болсон. Ингээд нийт ажлын хөлсний дүн 206.206.021 төгрөг болсон. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ..... ХХК-аас ирүүлсэн тооцоонд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160.309.874 төгрөг, нэмэлт ажлыг 3.311.000 төгрөг, нийт 163.620.874 төгрөг гэсэн байсан. Алдангийг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй, 19.768.934 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцсон байсан. Манай компанийн зүгээс ажлын хөлсийг хоёр талаасаа хамтарч бодож гаргасны дагуу 183.542.021 төгрөг, нэмэлт ажлын хөлс болох 22.664.000 төгрөг, нийт 206.206.021 төгрөгийг бүтнээр нь олгож өгнө үү гэсэн албан бичиг өгсөн. Гал тогоо, оффисын барилга, соёлын төвийн барилгын хуучин фасадыг шинэчлэх үед тооцоолсноос илүү их эвдрэл бий болж, хуучин шаврыг хуулж авах, шинээр сэргээн шавардах зэрэгт илүү их цаг зарцуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй 8 төрлийн нэмэлт ажлуудыг ..... ХХК-ийн захирал Д.Ганбаттай тухайн үед амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй гэж заасан. Хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс их байсан учраас ажил гүйцэтгэх хугацаа уртасхад нөлөөлсөн. Тухайлбал анх ажил гүйцэтгэх гэрээ хийх үед хөөсөнцөртэй фасад иж бүрнээр нь хийх ажил 5 550 м.кв байсан бол ажил дууссаны дараа хэмжихэд 6 302 м.кв болж нэмэгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ..... ХХК-аас дахин ажлын хөлсний тооцоог хэмжилтээр гарсан 183.542.021 төгрөг, нэмэлт ажлын хөлсийг 3.311.000 төгрөг, нийт 186.853.021 төгрөг гэж тооцсон тооцоог явуулсан. Гэрээний дагуу тооцсон алданги 19.768.934 төгрөг хэвээрээ байсан. Манай компанийн зүгээс ..... ХХК-д дахин албан бичиг явуулж нэмэлт ажлын хөлсний тооцоог бүрэн оруулж өгөх, алдангийг тооцохгүй байхыг хүссэн боловч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ..... ХХК-аас ирсэн хариу албан бичигт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор ажлын хөлсийг тооцно гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр материалын урьдчилгаа төлбөр болох 77.269.128 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 66.056.152 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй байна. Манайд өгсөн албан бичиг бүртээ дээрх төлбөрийг төлөхөд бэлэн гэдэг боловч төлөөгүй. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т заасны дагуу 3 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71.449.059 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй боловч Д.Ганбат захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлсийн дүн 22.664.000 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр 66.056.152 төгрөг, алданги 33.028.076 төгрөг, нийт 193.197.287 төгрөгийг ..... ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..... ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 3.1-д ажлыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт календарийн 70 хоногт багтаан гүйцэтгэнэ. 1.4-т гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно, 4.2-т үлдэгдэл 30 хувийн төлбөрийг ажлыг дуусгаад хүлээлгэж өгөх үед төлнө, 4.4-т обьект бүрийн ажил дууссаны дараа 2 тал хамтран хэмжилт хийн гүйцэтгэлийг тодотгож акт үйлдэж баталгаажуулах ба энэ нь ажлын хөлс төлөх үндсэн баримт болно гэж харилцан тохиролцсон. ..... ХХК нь эмчилгээ, сувилгааны чиглэлээр нийтийг хамарсан үйлчилгээ эрхэлдэг байгууллага бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үйлчилгээгээ түр зогсоож байгаад засварын ажлыг эхлүүлж 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр засварын ажлыг бүрэн дуусгаж, үйлчлүүлэгч, сувилуулагч нараа хүлээн авна гэж нийтэд мэдээллэсэн. Гүйцэтгэгч ..... ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн дуусгах боломжтой гэж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл ..... ХХК нь гэрээнд заасан ажлыг 2018 оны 08 дугаар сарын 03-нд дуусгаж чадаагүй, энэ үед ажил дуусаагүй байсан учраас бид амалсныхаа дагуу сувилалаа нээж, үйлчлүүлэгчээ хүлээн авч чадалгүй 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүрсэн. Олон нийтийн шаардлага, хүсэлтээр аргагүйн эрхэнд энэ өдрөөс үйлчлүүлэгч, сувилуулагч нараа хүлээн авсан боловч гадна засварын ажлын дуу чимээ, тоос шороо нь үйлчлүүлэгч нарын амрах тав тухыг алдуулж байна гэсэн байнгын гомдол, хүсэлт гаргаж хэцүү нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж, зарим тохиолдолд үйлчлүүлэгч, сувилуулагч нарыг хүлээж авахгүй манай компани хохирол, алдагдал хүлээж байсан. Мөн 5 давхарын дээврийн саравчийг тайрч дулаалга хийх ёстой байсан боловч хийгээгүй, шууд гаднаас нь дулаалсан нь дулаан алдагдлыг багасгаагүй, энэ өвөл урьдын адил хүйтэн өвөлжиж сувилуулагч нараас гомдол ирсэн хэвээр байна. Ингээд ..... ХХК 10 дугаар сарын дунд үеэр ажлаа хүлээлгэж өгөлгүй, өөр барилгын ажилтай гээд манай ажлыг дутуу дуусгаад явсан. Бид ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэх талаар өөрсдөө хөөцөлдөж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 192 тоот албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичгээр ажлын гүйцэтгэлийн тооцоо, гэрээ дүгнэсэн актыг удаа дараа хүргүүлж байсан боловч ..... ХХК өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичигт хавсаргасан актаар ..... ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 71.449.059 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 3.311.000 төгрөг буюу нийт 74.760.059 төгрөгийг ..... ХХК-д төлөх ёстойгоос барилгачдын ажлын хоолны тооцоо 8.180.500 төгрөг, гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээний дагуу тооцсон алданги 19.768.934 төгрөг, угсардаг шатны төлбөр 1.400.000 төгрөгийг хасаад 45.410.625 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэгч ..... ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн компани, дадлага туршлагатай гэж өөрсдийгөө танилцуулаад гадна фасадны засвар хийгдэх барилгуудыг нэг бүрчлэн үзэж өөрсдөө шалгаад ажлын тоо хэмжээгээ тодорхойлон гэрээнд тодорхой заасан. Нэмэлт ажлын хөлс гэх 22.664.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тодорхой ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн баримт байхгүй, юуг үндэслэж, ямар нэмэлт ажил хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу материалын үлдэгдэл төлбөр болох 66.056.152 төгрөгийг ..... ХХК-аас нэхэмжилсэн. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу хүлээн авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 14.543.400 төгрөг буюу нийт 66.056.152 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэдгээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 203 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичгээр ..... ХХК-д мэдэгдэж байсан. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 30/18 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т үлдэгдэл төлбөрийг фасадны ажлын гүйцэтгэлээр буюу 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан гүйцэтгэлийг гаргасан дүнг үндэслэн ажлын 3 хоногийн дотор төлнө гэж үлдэгдэл төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцсон. ..... ХХК нь гадна фасадны ажлын гүйцэтгэл, тооцоог гаргаж, акт үйлдэж, удаа дараа ..... ХХК-д хүргүүлсэн. Иймд 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан гүйцэтгэлийн дүн нь нэхэмжлэгч ..... ХХК-ийн хүсэл зоригоос шалтгаалан өнөөдрийг хүртэл хийгдээгүй, гарын үсэг зурагдаагүй тул үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй, үүнтэй холбоотойгоор алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймээс алданги 33.028.076 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.8-д гүйцэтгэгч тал хүсэлт гаргавал өдөр, оройн хоолыг хөнгөлөлттэй 5.000 төгрөгөөр нийлүүлж өгч болно гэж заасны дагуу ..... ХХК-ийн ажилчид барилгын засварын ажил гүйцэтгэх хугацаандаа манай сувилалд өдөр, оройн хоолоор үйлчлүүлсэн. Өдөр бүр хоолонд орсон ажилчдын бүртгэлийг хөтөлж, тухай бүр хариуцсан ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Энэхүү хоолны тооцоо 8.180.500 төгрөгийг Баяслах-Атлас ХХК-аас шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 31/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээт ажлыг дуусгах ёстой байсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцсон алданги 45.958.114 төгрөг байна. ..... ХХК нь барилгын ажилд ашиглахаар манай компанийн угсардаг шатыг авсан бөгөөд энэхүү шатны төлбөр 1.400.000 төгрөгийг гэрээт ажлын хөлснөөс суутгуулахаар тохиролцсон. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ..... ХХК-ийн ажилчдад өгсөн хоолны төлбөр 8.180.500 төгрөг, алданги 45.958.114 төгрөг, угсардаг шатны төлбөр 1.400.000 төгрөг буюу нийт 55.538.614 төгрөгийг ..... ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хоолны мөнгө 8.180.500 төгрөг, шат хүлээн авсан 1.400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. ..... ХХК-аас манайх руу явуулсан албан бичигт ажил гүйцэтгэх гэрээний алданги 19.768.930 төгрөг гэж хамгийн анх 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн байдаг. Гэтэл одоо 45.958.114 төгрөгийн алданги гэж гэнэт нэмэгдүүлээд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Гэрээнд байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй гэж заасан. Гэрээнд заасан хугацаа болох 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 34 өдөр их, бага хэмжээний бороо орсны улмаас бид засварын ажил гүйцэтгэж буй тухайн ханыг бүрэн хатааж байж ажлаа үргэлжлүүлж байсан тул хугацаа алдсан. Энэ нь гэрээнд заасан байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хугацаа алдсанд тооцогдоно. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Ийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.....” ХХК-аас 169 880 851 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.....” ХХК-д, нэхэмжлэгч “.....” ХХК-аас 52 736 305 төгрөг гаргуулж хариуцагч “.....” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч “.....” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 316 436 төгрөгийн, хариуцагч “.....” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 802 309 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 937 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 645 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.....” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 007 354 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.....” ХХК-д, нэхэмжлэгч “.....” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 421 632 төгрөг гаргуулж хариуцагч “.....” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1729 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 312 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, өмгөөлөгч Г.Болорцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Шүүх хуралдааны тэмдэглэлд маргааны үйл баримтад хамааралтай талуудын тайлбар бүрэн тусгагдаагүй тохиолдолд зохигчдын хоорондын мэтгэлцээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасны дагуу явагдаж, шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь: Шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар бүрэн тусгагдаагүй гэж байгаа нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаас үзэхэд шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны тэмдэглэлд бичихээр заасан байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаас үзэхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, түүнийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргахаар зохицуулсан байна. Талууд нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Зохигчийн тайлбар шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан тайлбар, мөн шүүх хуралдааны явцад өмнө гаргасан тайлбараа дэмжсэн, түүнийгээ дэлгэрэнгүй тайлбарласан, амаар хэлж байгаа тайлбар. Анхан шатны шүүх талуудын тайлбарыг зохих журмын дагуу хүлээж авсан, шүүх хуралдааны явцад сонссон. Талуудын тайлбарыг хүлээн авахаас татгалзсан ямар ч үйлдэл анхан шатны шүүхийн зүгээс байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүх хурал дээр талуудыг тайлбар хийх бололцоогоор хангаж, мэтгэлцэх боломжийг бүрэн олгож, ийнхүү хэлсэн тайлбарыг тал бүрээс нь харьцуулж, өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэж байна. Иймд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын хэлсэн тайлбарыг цаасан дээр буулгаж, тэмдэглэл үйлдэхдээ дутуу бичсэн нь “шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдээгүй” гэж үзэх үндэслэл биш. Хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч нарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, түүнд засвар оруулах талаар хуульд заасан хугацаанд ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдааны аудио бичлэгийг гаргуулж, түүнийг сонсож судалсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална” гэж зааснаас үзэхэд шүүх хуралдааны аудио бичлэгийг шүүх хуралдааны тэмдэглэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.6-д “Шүүх хуралдаанд нотлох баримтын талаарх мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно” гэж давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулснаас үзэхэд шүүхийн тэмдэглэлд дутуу бичигдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг өөрөөс нь сонссон, мөн шүүх хуралдааны аудио бичлэгээс сонсож танилцуулснаар хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн боломжтой байсан. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах ямар ч шаардлага, үндэслэл байхгүй байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгосон ба 167.1.5-д заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэдэгт “шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн” гэдэг хамаарахгүй, энэ ноцтой зөрчсөн гэдэг нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-ээс 168.1.7-д заасан үндэслэлээр хязгаарлагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж заасан бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхэд нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэдэг нөхцөл байдал зөвхөн нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхаар зохицуулсан ба энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь диспозитив зарчмыг хангадаг. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаас хэлэлцэхээс өмнө болон шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ямар ч хүсэлт гаргаагүй, “шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байна уу” гэсэн шүүгчийн асуултад нэхэмжлэгчийн зүгээс “байхгүй” гэсэн хариулт өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдал илэрхий байхад, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шинжээч томилох, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасан эсэх талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс асуухад нэхэмжлэгч “үгүй” гэж хариулсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ..... ХХК, хариуцагч ..... ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон ажлын хөлс 71.449.059 төгрөг, материалын төлбөр 66.056.152 төгрөг, нэмэлт ажлын хөлс 22.664.000 төгрөг, алданги 33.028.076 төгрөг, нийт 193.197.287 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан хоолны төлбөр 8.180.500 төгрөг, алданги 45.958.114 төгрөг, угсардаг шатны хөлс 1.400.000 төгрөг, нийт 55.538.614 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч, үндсэн нэхэмжлэлээс ажлын хөлс 71.449.059 төгрөг, материалын төлбөр 66.056.152 төгрөг болон нэмэлт ажлын хөлсөнд 3.311.000 төгрөг, бүгд 140.816.211 төгрөг төлөхийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлээс хоолны төлбөр 8.180.500 төгрөг, угсардаг шатны төлбөр 1.400.000 төгрөг, нийт 9.580.500 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзсан байна.
Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн тайлбар бүрэн тусгагдаагүйгээс уг тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болж чадахгүй, энэ тохиолдолд зохигчийн хоорондох мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдаж шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, тус шүүх анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 37 дугаар зүйлийн 37.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь тухайн шүүх хуралдааны үйл ажиллагааны явцыг тухайлбал, шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг буулгасан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйлдсэн баримт бичиг байдаг бөгөөд нотолгооны нэг хэрэгсэл болно.
Шүүх хуралдааны тэмдэглэлд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг бичих ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан “нэмэгдэл ажлын материал болох 2 хоовой элс, хайрга, 20 тонн цемент, 5000 гаруй тоосго зэрэг барилгын материалыг талбайд зөөж авчран өгч нэмэлт ажлыг хийлгүүлсэн” гэсэн хэсэг дутуу тусгагдсан нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед илэрсэн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн.
Гэсэн хэдий дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах буюу шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил болохгүй байна.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч тайлбараа бичгээр гаргасан нь хэргийн баримтад авагдсан ба зохигчийн хэн аль нь шүүх хуралдаанд оролцож, тайлбар гарган, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, татгалзлын хүрээнд мэтгэлцжээ.
Иймээс шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн тайлбар дутуу бичигдсэнээр зохигчийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөө талаар шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулдаг ба анхан шатны шүүх хуралдааны явцын дуу бичлэгийг давж заалдах шатны шүүх шинжлэн судалсан атлаа үйл баримтын талаар дүгнэлт өгөх өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь учир дутагдалтай болсон байна.
Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.
2. а/ Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.05.30-ны өдрийн гэрээгээр ..... ХХК нь ..... ХХК-ийн захиалгаар тус сувилалын 12 барилга, байгууламжийн гадна фасадын ажлыг 2018.05.24-нөөс 2018.08.03-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх, ажлын хөлсөд 160.309.874 төгрөг авахаар тохирсон нь тогтоогдсон тул шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
2018.05.30-ны өдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр ..... ХХК нь ..... ХХК-д 128.781.880 төгрөгийн бараа материал нийлүүлэхээр болсон байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй байна.
Дээрх хоёр гэрээг зохигч бичгийн хэлбэрээр байгуулсан ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир зохигчийн хэн аль нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.
б/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний үнэ 160.309.874 төгрөг хэдий ч хоёр талын хэмжилтээр 183.542.021 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авсан, 112.092.962 төгрөг төлөгдсөн, 71.449.059 төгрөг төлөгдөөгүйг зохигч маргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
в/ Худалдах-худалдан авах гэрээгээр 128.781.880 төгрөгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэхээр тохирсон боловч нэмж 14.543.400 төгрөгийн нийт 143.325.280 төгрөгийн барааг хариуцагч хүлээн авч, төлбөрөөс 77.269.128 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна. Хариуцагч 66.056.152 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
г/ Нэмэлт ажлын хөлсийг нэхэмжлэгч 22.664.000 төгрөг гэсэн бол хариуцагч 3.311.000 төгрөг гэснээс гадна зохигч хэн аль нь алданги гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс тэдний хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэлийн эдгээр шаардлагын хүрээнд үүсчээ.
-8 төрлийн нэмэлт ажлыг ..... ХХК-ийн захиралтай амаар тохиролцон гүйцэтгэсэн гэж ..... ХХК тайлбарласан, хариуцагч офиссын барилга болон 5 давхар сувиллын барилга дээр блокоор парпед өрсөн, үүдний саравч хийсэн ажлын хөлс 3.311.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангахдаа шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3-т заасныг зөрчөөгүй байна. Учир нь 19.353.000 төгрөгийн нэмэлт ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн гэх, улмаар хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар хэрэгт баримт авагдаагүй тул энэ шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
-Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ.
Худалдах-худалдан авах гэрээний 4.3.3-т “3 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасан нь алданги тогтоосон хуулийн агуулгад нийсэн байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу алданги шаардах эрхтэй, энэ талаархи шүүхийн дүгнэлт зөв байна.
Гэрээний 4.2-т зааснаас үзвэл, төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл төлбөрийг фасадны ажлын гүйцэтгэлээр буюу 2 талын гарын үсэг зурж баталгаажуулсан гүйцэтгэлийг гаргасан дүнг үндэслэн ажлын 3 хоногийн дотор төлөх үүргийг хариуцагч хүлээжээ.
Хариуцагч ..... ХХК-ийн зүгээс худалдах-худалдан авах гэрээний талаар удаа дараа тооцоо гаргаж, 2019.02.01-ний өдөр уг гэрээг дүгнэж 66.056.152 төгрөгийн төлбөртэйг тогтоосон акт үйлджээ. Уг актад нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй боловч энэ хэмжээгээр төлбөрийн үлдэгдэлтэйг зөвшөөрч нэхэмжилсэн байх тул акт үйлдсэн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.04.29-ний өдөр хүртэлхи хугацаагаар алдангийг тооцож нийт 29.064.640 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч дээрх баримтыг няцаагаагүй, алдангийг 2019.02.01-ний өдрөөс өмнө аль хугацаанаас эхлэн тоолохыг заасан үндэслэлээ нотолж тайлбар гаргаагүй тул алданги гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний 1.4 дэх “гэрээнд заасан хугацаанаас 70 хоног хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэсэн тохиролцоо нь алдангийн талаархи хуулийн шаардлагад харшлаагүй байна.
Нэхэмжлэгч ажлыг 2018.05.24-нөөс 08.03-ны өдөр хүртэл 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх үүргийг гэрээгээр хүлээсэн ба ажлыг 2018.10.05-ны өдөр хүлээн авахыг хариуцагчид мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Иймээс хугацаа хэтрүүлсэн 77 хоногийн алдангийг хариуцагч нэхэмжлэгчээс шаардах эрхтэйг шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.
Удаа дараа бороо орсны улмаас ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй хугацааг хэтрүүлсэн гэж алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээдэг.
Тухайн үеийн цаг агаарын байдал ажлыг хугацаанд нь гүйцэтгэхэд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал, нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдсэн, хугацааг сунгахаар талууд тохиролцсон баримт байхгүй тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь хуульд нийцнэ. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний алдангид нийт 43.155.805 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1729 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2. Хариуцагч ..... ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.401.629 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН