Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Х.Жанчив, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Ш.Давгадорж, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр,

Хохирогч Ч.Төмөрбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онолт овогт Хашбатын Жанчив, Боржигон овогт Шийлэгбатын Давгадорж нарт холбогдох эрүүгийн 201625020103 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Онолт овогт Хашбатын Жанчив, Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шримэкс” ХХК-д лифтний механик ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгойн хороолол 1 дүгээр байрны 1 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтантэвшийн 48 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: АИ94101019/;

 

2. Боржигон овогт Шийлэгбатын Давгадорж, Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шримэкс” ХХК-д лифтний механик ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Онги хороололын 10-11 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙО90073135/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Жанчив, Ш.Давгадорж нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” караокед Ш.Давгадоржийн эхнэрийг өмөөрсөн Ч.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жанчив мэдүүлэхдээ: Төмөрбаатар намайг өөрөө түрүүлж цохисон. Би иргэнийхээ үүргийг биелүүлж өөрийгөө хамгаалсан. Манай найзтай муудалцаад байсан тул найзыгаа өмөөрсөн. Намайг Төмөрбаатартай ноцолдож байхад Давгадорж байгаагүй. Бид хоёр хоёулахнаа коридорт байсан.  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Давгадорж мэдүүлэхдээ: Тухайн үед 2 зодоон болсон. Нэг зодоон нь гадаа, нэг нь дотор болсон. Аль аль нь удаан үргэлжлээгүй. Үүнийг бүлэг хэрэг гэж үзэж байгаад гайхаж байна. Тухайн үед караоке руу ороод Жанчивтай таарсан. Миний хамраас цус гоожоод байсан. Жанчив юу болсон бэ гэхэд нь зодуулчихлаа гэж хэлээд шууд ариун цэврийн өрөө рүү явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Төмөрбаатар мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хэрэг мөрдөн байцаалтанд буцсанаас хойш нэг удаа мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг үнэн зөв. Цагдаа ирэхэд үзүүлнэ гэж байсан. Камерын бичлэгийг үзэж чадаагүй. Давгадорж бид хоёр барьцалдаад зодолдож байхад Жанчив ирээд “миний найзыг чи яагаад зоддог юм бэ” гээд шууд ирээд өшиглөсөн. Эхлээд Давгадоржтой барьцалдахад ноцтой гэмтэхээр цохилцоогүй. Тэр үед Жанчив ирээд нүүр рүү өшиглөсөн. Өшиглүүлээд би унасан. Унасан байхад хэн нь яаж цохисныг хараагүй. Жанчив өшиглөхөд би унаад шүд хугарсан. Тэгээд энэ хоёр дээрээс өшиглөөд байсан. Давгадоржтой зодолдож байхад Жанчив ирээд өшиглөсөн. Тэгээд газар унахад энэ хоёр дээрээс өшиглөөд байсан. Хэн нь хаашаа өшиглөсөнийг мэдэхгүй байна.  Гадаа сүртэй зодоон болоогүй. Ганц нэг удаа цохилцсон. Давгадорж бид хоёр харилцан бие биенээ цохисон гэв.

Хохирогч Ч.Төмөрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн 5 дугаар байрны хажууд байрлах “BB” караокед Давгадорж хүрээд ир гээд дуудахаар нь очсон, тэгээд би караокены гадна очсон чинь Давгадорж эхнэрийнхээ хамт гарч ирээд эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ алгадсан, тэгэхээр нь би эхнэрийг нь өмөөрч Давгадоржтой зодолдсон, тэгсэн хажуунаас Жанчив орж ирээд намайг цохиж нүүр рүү өшиглөсөн ба газар унасан байсан ба тэнд байсан ах намайг салгаад гэр рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-11-12, 52, 82/,

 

Гэрч Ц.Намнансүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “BB” караокед 23 цагаас 24 цагийн орчимд “Ширмекс” ХХК-ийн ажлын Мандах, Талаасүрэн, түүний эхнэр Нямсүрэн, Алтангэрэл, Жанчив, Давгадорж, түүний эхнэр Гэрлээ, манай найз охин Насанжаргал нарын хамтаар үйлчлүүлж байгаад тарахаар болоод 03 цаг дөхөж байхад Талаасүрэн эхнэр Мандах нар түрүүлээд явсан байсан. Тэгээд би караокены өрөөнд найз охин Насанжаргал, Алтангэрэл, Жанчив бид 4 сууж байгаад Жанчив гараад төд удалгүй Давгадоржийн эхнэр Гэрлээ өрөөнд орж ирээд Алтангэрэл рүү “яахаараа чиний дүү намайг цохидог юм бэ?”  гэж хэлэхэд нь юу болов гээд бид 3 гараад очсон чинь Төмөрбаатар, Жанчив нар нэг нэгнийхээ дээр, доор гарсан байдалтай хэвтэж байсан, хажууд нь Давгадорж зогсож байсан. Тэгээд би Төмөрбаатарыг салгаад аваад гарсан, Алтангэрэл Жанчивийг аваад таксинд суулгаж явуулаад дүү Төмөрбаатарыг аваад явсан. Хэрэг гардаг өдрийн маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төмөрбаатар над руу яриад хөгтэй юм болсон байна. Жанчивтай ярих гэсэн юм гээд ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ уулзахад Давгадорж эхнэртэйгээ караокенаас гараад явах гэж байхад Төмөрбаатартай тааралдаад Төмөрбаатар Давгадоржийн эхнэр Гэрлээг алгадах үед нь Давгадорж Төмөрбаатарыг тэвэрч аваад 2 удаа мөргөсөн тэгээд доор нь орж зодуулсан гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг  /хх-16-17, 88/,

 

Гэрч Б.Гэрэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” караокед 23 цагийн орчим “Ширмекс” ХХК-ийн шинэ жил болоод нөхөрийн ажлынхантай орж үйлчлүүлээд 03 цагийн үед би нөхөр Давгадоржтой харих гээд караокенаас гараад үүдэнд нь зогсож байсан чинь цагаан өнгийн машин ирээд зогссон, нэг залуу буусан бид 2 дээр ирснээ та нар юу юм бэ? “Ширмекс”-ийн гөлөгнүүд Алтангэрэл чинь хаана байна, та нарыг бүгдийг ална гээд орилоод байхаар нь би “чи ер нь хэн бэ?” гэсэн чинь нөгөө залуу “чи Давгаагийн эхнэр юм уу? Чи юу гээд хуцаад байгаа юм, тэгж ярих юм бол танай нөхөрийг би ажилд оруулж өгсөн шүү” гэхээр нь би “чи өөрөө хэн юм бэ?” гээд хэлсэн чинь нөхөр миний амыг дараад “дуугүй бай” гэсэн, тэгсэн нөхөрийг нөгөө залуу цохиж аваад зууралдахаар нь би араас нь тэр залууг өшиглөсөн чинь намайг түлхээд унагахад нь би газар унаж уйлсан, тэгсэн нөхөр Давгадорж чи эмэгтэй хүн цохилоо гээд нөгөө залуутай зууралдаад дээр доороо ороод нөхөрийг нүдээд байсан. Тэгсэн Төмөрбаатар гэдэг залуу л юм байна лээ. Тэгээд караоке руу орж Төмөрбаатарын ах Алтангэрэлд орж дүү чинь бөөн зодоон хийгээд намайг алгадаад унагаасан гэж хэлэхэд Жанчив надтай зөрж гарахдаа миний найзыг хэн зодчихов гээд гарсан, араас нь Алтангэрэл ах хувцасаа аваад би цуг гарч байсан чинь караокены зөөгч нэг цүнх үлдсэн байна гэхээр нь буцаж өрөө рүү орж цүнхээ аваад эргээд зааланд гараад ирсэн чинь нөхөрийн амнаас цус гарсан тэнд байсан хүмүүс тарсан байсан... би Төмөрбаатартай маргалдах үед нөхөр чимээгүй байж бай гээд миний амыг хаагаад байсан, тэрийг харснаа нөхөрийг намайг зодсон гэж харсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-18-19, 87/,

 

Гэрч Ч.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…караокены өрөөнд нэг нь орж ирээд Төмөрбаатар ирчихээд бөөн юм болоод байна гэж хэлсэн, тэгэхээр нь би караокены өрөөнөөс гараад очтол тамхины жижиг өрөөнд хүмүүс бужигналдаж байсан, тэгэхээр нь би бүгдийг салгасан ба Төмөрбаатарыг Жанчив, Давгадорж нар нийлэн зодож байсан, тэгээд би салгаад Жанчивыг авч гараад таксинд суулгаад явуулсан, тэгээд хүмүүсээ тараасан ба би Төмөрбаатарыг явч яваад гэрт нь хүргэж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-86, 157/,

 

Гэрч Ц.Алтан-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Төмөрбаатар гэх залуу нь буугаад мөнгө аваад ирье гээд орсон ба нөгөө хамт явсан найз нь машинд тасарчихсан унтаж байсан. Тэгээд тэр Төмөрбаатар гэх эрэгтэй гарч ирэхдээ нэг эмэгтэй, залуу 2 хүнтэй гарч ирсэн тэгээд гадаа гарч ирээд Төмөрбаатар нь нэг залуутай юм яриад маргаад байсан ба хажууд нь байсан эмэгтэй Төмөрбаатартай нөгөө залуугаа өмөөрөөд хэрэлдээд маргаад байсан ба тэр эмэгтэй “чи яахаараа энэ хүнээс мөнгө авах ёстой юм, чиний таксины мөнгийг бэлдэх ёстой юм уу” гэх мэтээр маргаад байсан. Тэгж байтал тэр караокеноос Төмөрбаатартай хамт гарч ирсэн залуу хажууд басан эмэгтэйгээ хажуу талаас нь түлхээд толгойг нь нэг самбарт мөргөлдүүлчихсэн. Тэгтэл надтай явсан Төмөрбаатар гэх залуу чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд тэр залууг Төмөрбаатар цохиод авсан тэгээд хоорондоо зодолдсон ба газар унаад босч ирээд тэр караоке руу орсон…” гэсэн мэдүүлэг /хх-89,160/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт:

1. Төмөрбаатарын биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун зовхины дотор буланд цус хуралт, 2 шүдний хугарал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүд унах нь хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10 хувь алдагдуулна. /хх-22/,

 

Шүүгдэгч Х.Жанчивын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, “Шримекс” ХХК-ийн тодорхойлолт /хх-63/,

 

Шүүгдэгч Ш.Давгадоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-62/, “Шримекс” ХХК-ийн тодорхойлолт /хх-64/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-161-165/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Прокуророос шүүгдэгч Ш.Давгадоржийг Х.Жанчивтай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” караокед Ш.Давгадоржийн эхнэрийг өмөөрсөн Ч.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Ш.Давгадорж уг гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдохгүй байна. 

Учир нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.Давгадоржийн “би Х.Жанчивтай нийлж Ч.Төмөрбаатарыг зодоогүй, Ч.Төмөрбаатар бид хоёр гадаа муудалцаад салаад караоке руу орсон” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...би эхнэрийг нь өмөөрч Давгадоржтой ноцолдоод салсан, энэ үед сүйдтэй зүйл болоогүй, тэгээд дотогшоо караоке руу орсон, ороход Х.Жанчив намайг цохьсон” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Намнансүрэнгийн “…Төмөрбаатар, Жанчив нар нэг нэгнийхээ дээр доор гарсан байдалтай хэвтэж байсан, хажууд нь Давгадорж зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-16-17, 85/, гэрч Б.Гэрэлмаагийн “...Жанчив надтай зөрж гарахдаа миний найзыг хэн зодчихов гээд гарсан” гэсэн мэдүүлэг, /хх-18-19, 84/, гэрч Ц.Алтан-Одын “…Төмөрбаатар гэх залуу чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд тэр залууг Төмөрбаатар цохиод авсан тэгээд хоорондоо зодолдсон ба газар унаад босч ирээд тэд караоке руу орсон…” гэсэн мэдүүлэг /хх-86,159/,

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар “баарны зөөгч, баарны ажилчидаас мэдүүлэг авах, ...хэрэг болсон газрын камерын бичлэгийг шүүж үзэх, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах” талаар даалгавар бичиж мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “баарны ажилчид ажлаасаа гарсан, камерын бичлэг удаан хугацаагаар хадгалах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн болон хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Ш.Давгадорж шүүгдэгч Х.Жанчивтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь эргэлзээтэй нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ш.Давгадоржид холбогдох бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Х.Жанчив нь 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” караокед Ш.Давгадоржийн эхнэрийг өмөөрсөн Ч.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 399 тоот актын дүгнэлт, хохирогч Ч.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул прокуророос Х.Жанчивт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Жанчивыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Х.Жанчивт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.450.000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд үүнээс Х.Жанчив, Ш.Давгадорж нар нь 70.000 төгрөг төлсөн болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Харин гэмт хэрэгт үйлдэхэд учирсан бодит хохирол болох 1.380.000 төгрөгийг шүүгдэгч Х.Жанчиваас гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-744 тоотод оршин суух, ГГ89042032 регистрийн дугаартай Гонжив овогт Чулууны Төмөрбаатарт олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Ч.Төмөрбаатар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар прокуророос Боржигон овогт Шийлэгбатын Давгадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
  2. Онолт овогт Хашбатын Жанчивт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  3. Онолт овогт Хашбатын Жанчивыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Онолт овогт Хашбатын Жанчивт холбогдох эрүүгийн 201625020103 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Онолт овогт Хашбатын Жанчивыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Жанчив, Ш.Давгадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 зааснаар шүүгдэгч Х.Жанчиваас 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-744 тоотод оршин суух хаягтай ГГ89042032 регистрийн дугаартай Гонжив овогт Чулууны Төмөрбаатарт олгосугай. 

8. Хохирогч Ч.Төмөрбаатар энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                   

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Жанчив, Ш.Давгадорж нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Жанчив, Ш.Давгадорж нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР