Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0290

 

2021 оны 05 сарын 11-ны өдөр Дугаар 128/ШШ2021/0290 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б, Г.Х

Хариуцагч: СБДЗД

Гуравдагч этгээд: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: Х.А, З.Х нарт газар эзэмшүүлсэн СБДЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, иргэдийн төлөөлөгч Т.Д оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Б, Г.Х нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Г.Б,  Г.Х бид нар П.Г хамтаар С дүүргийн дүгээр хороо, ШМЗ-нд 2007 оны зун 4x5 м хэмжээтэй зуны зуслангийн байшин барьж, модон хашаа хатган гурван айлын хэмжээтэй газрыг зуслангийн зориулалтаар эзэмших болсон.

Улмаар 2009 онд тухайн газартаа кадастрын зураг хийлгэн, Газрын тухай хуульд заасан бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд гаргасан боловч зуслангийн газрын зөвшөөрөл өгч эхлээгүй байна гэж хүсэлтийг хүлээж авалгүй буцаасан.

Мөн 2012 оны 05 дугаар сард хүсэлтээ өгөхөд зөвшөөрөл өгөгдөж эхлээгүй тул хүлээж бай гэсэн.

2007 оноос хойш бид зуслангийн газраа ашигласаар ирсэн бөгөөд мотор ашиглах, айлаас салаалах зэргээр цахилгааны асуудлаа шийдэж байсан. Харин 2012 оноос Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээтэй гэрээ байгуулан, щит тавьж гэрээний дагуу цахилгааны төлбөрөө төлсөөр байгаа болно.

Мөн биднийг уг газарт 2007 оноос хойш амьдарч, зусландаа гарч байсныг ойр орчмын айлууд, зуслангийн манаач гэрчилнэ.

Ингэж байтал манай газрыг СБДЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар захирамжаар Х.А, З.Хгэдэг хүмүүст эзэмшүүлсэн болохыг мэдсэн.

Гэтэл энэ нь бидний 2007 оноос хойш эзэмшиж, амьдарч байсан газрыг ямар нэгэн үндэслэлгүйгээр бусдад эзэмшүүлсэн тул хууль зөрчсөн захирамж болсон. Мөн дүүргийн Газрын албанаас газрыг эзэмшүүлнэ, асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өдийг хүрсэн атлаа газраа нэг ч удаа очоогүй бусад хүмүүст эзэмшүүлсэнд гомдолтой байна.

Дүүргийн Засаг даргаас захирамж гаргахдаа газар дээр очиж хээрийн судалгаа хийх, өмнө нь хүсэлт гаргаж байсныг тодруулах зэргээр бодит байдлыг тогтоогоогүйгээс хууль бус захирамж гарсан

Түүнчлэн З.Х, Х.А  нар нь зуслангийн газраар байнга явж судлан танил талаараа дамжуулан бусдын газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан луйвар хийдэг хүмүүс. Хууль бусаар авсан хоёр айлын газраа буцааж өгсөн гэж хүмүүсээс сонссон ба X.А бид утсаар ярихад та нар газрын гэрчилгээ гаргуулж чадахгүй, Наад газраа маргаангүй өгчихвөл, би нэг айлын газрын гэрчилгээ гаргуулж өгье" гэх зэргээр ярьснаас нь бид хүмүүсийн яриа үнэн болохыг ойлгосон. Мөн эдгээр хүмүүс нь 2015 онд газар эзэмших эрхтэй болсон боловч одоог хүртэл газарт очоогүй, ашиглаагүй байгаа болно.

Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр танай шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээд шатны засаг даргад хандах шаардлагатай" гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас авсны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нараас СБДЗД-ын  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар захирамжаар З.Х, Х.А нарт газар эзэмшүүлсэн гэж мэдэгдэж байгаа боловч бид одоог хүртэл тухайн захирамжтай танилцаагүй, захирамжаар бусад иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгосон эсэхийг мэдэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг дээрх байдлаар гаргасан...Иймд бидний олон жил амьдарч эзэмшсээр ирсэн, эзэмших хүсэлтээ гаргаж байсан газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г Б, Г Х нар нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл уг газарт амьдарч, эзэмшиж байсан гэдэг боловч одоог хүртэл уг маргаан бүхий  газрыг эзэмших захирамж болон газрын гэрчилгээ гаргаагүй байна.

Газрын тухай хуулинд тусгасны дагуу түрүүлж газар эзэмшихээр өргөдөл гаргаж холбогдох бичиг баримтыг бүртгүүлсэн этгээд уг газрыг эзэмшихээр тусгасан байдаг. Иймд иргэн 3.Х,  Х.А  нарт дүүргийн Зд-ын  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч нар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл манай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгч байсан ямар нэгэн баримт архивт байхгүй болно.

Харин нэхэмжлэгч нар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ үед уг газар нь иргэн З.Х, Х А нарын эзэмшлээр бүртгэгдэж дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.Б, Г.Х нарыг миний бие өмнө нь харж байгаагүй. Маргаан бүхий газартай ямар холбоотой болохыг мэдэхгүй байна. Хэргийн материалд тэр талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Миний таамаглаж байгаагаар  газрын зэргэлдээ газрыг Ц.Ц гэх хүнд зарсан П.Г гэх хүнээс зуслангийн газар худалдаж авна гэж мөнгө өгч залилуулсан байх гэж бодож байна.

Учир нь П.Г, Г.Б, Г.Х нарын олон жил амьдарсан гэх зуслангийн байшингийн зураг нь П.Г-ийн Ц.Ц гэх хүнд зарсан газар дээр байсан байшин байна. Уг байшин нь зуны модон байшин байсан олон жил хүн амьдарч байгаагүй тог цахилгаан байнга төлж өвөлжих боломжгүй байшин юм. Мөн Г.Х, Г.Б нарын цахилгааны дэвтэр нь манай зуслангийн газартай огт хамааралгүй бөгөөд маргаан бүхий газар дээр тог цахилгаан татагдаагүй байгаа.

Манайхыг 2015 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл өгч зөвшөөрөл авах үед П.Г нь манай баруун залгаа газарт зуслангийн байшин барьж байсан. Гэтэл биднийг зөвшөөрлөө авч хашаагаа барих гэтэл П.Г хөлсний ажилчдыг хөөж явуулсан байсан тул бид Сүхбаатар дүүргийн Газрын албан дээр П.Г болон түүний эхнэртэй таарч, маргалдаж байхад байцаагч Х.А, З.Х нар нь албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. П.Г та манайд ямар нэгэн өргөдөл, хүсэлт өгч байсан баримт байхгүй тул шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлнэ үү гэж байсан. Үүний дагуу П.Гшүүхэд өргөдөл өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон байсан. Намайг байнга дарамталж хашаа бариулахгүй байсан тул би 2016 оны 10 сард Нийслэлийн Газрын албанд гомдол гаргаж шалгуулахад танд ямар ч зөрчил байхгүй тул хашаа байшингаа барьж болно гэсэн хариуг цахимаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газарт хашаа барьж чадахгүй байсаар аав З.Хасбагана маань 2016 онд нас барсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Г.Б, Г.Хн нар нь Х., З.Х нарт газар эзэмшүүлсэн СБДЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

СБДЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай ** дугаар захирамжаар шарга морьтод байрлах тус бүр 700 м.кв газрыг Х.А, З.Хнарт 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба Х.А, З.Х нартай тус бүр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Гуравдагч этгээд З.Х нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нас

барсан /нас барсны бүртгэлийн лавлагаа/ байх ба түүний төрсөн охин Х.А Өвлөх эрхийн 0046 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

Х.А, З.Х нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших өргөдөл гаргасан болох нь тэдний гаргасан өргөдөл, Өргөдөл, гомдол бүртгэл-хяналтын картын маягт, Сүхбаатар дүүргийн Газрын албанд хийсэн шүүхийн бичиг баримтын үзлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Б, Г.Х  нар нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээдүүдээс өмнө хуульд заасан журмын дагуу бичгээр гаргаж байсан нь нотлогдохгүй байх ба Сүхбаатар дүүргийн Газрын албанд хийсэн шүүхийн бичиг баримтын үзлэгээр нэхэмжлэгч нар хүсэлт гаргаж байсан ямар нэгэн баримт байхгүй, газар эзэмших талаар гуравдагч этгээдүүдээс өмнө хүсэлт гаргаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн 2007 оны архивын зурган мэдээллийг 2017 оны сансрын зурагтай[1] давхцуулсан зургууд болон кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан бусад зургуудаас[2] үзэхэд маргаан бүхий газарт нэхэмжлэгч Г.Б, Г.Х нарын үл хөдлөх эд хөрөнгө байгаа болох нь нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нарын эзэмшил бодитоор үүссэн болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2015 оны ** дугаар захирамж гарахаас цаг хугацааны хувьд өмнө Г.Б, Г.Х нар газар эзэмших хүсэлтээ гаргасан болох нь, маргаан бүхий газарт нэхэмжлэгч нарын эзэмшил бодитоор үүссэн болох нь тус тус нотлогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших эрх үүссэн, түрүүлж хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Иймд СБДЗД-ын  2015 оны ** дугаар захирамжийн холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга

газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 2015 оны ** дугаар захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан байна.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан тул бид анхнаасаа 2007 оноос эхлэн маргаан бүхий газарт 3 айлын газар аваад жижиг намхан хашаа барьсан, тог цахилгаан татуулсан учир бидний эзэмшил аль эрт үүссэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай ** дугаар захирамжийн Х.А, З.Х, нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Б,, Г.Х, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ