Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д.О,

Нэхэмжлэгч: М.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н -т холбогдох

Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Урангоо, нэхэмжлэгч Д.О, М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг /онлайнаар оролцсон/, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О, М.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр иргэн М.Сүхбаярын жолоодож явсан Д.Огийн эзэмшлийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Хонда СиАрВи /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай Н.Нын эзэмшлийн автомашиныг иргэн Эрдэнэбилэг овогтой Алтансүх жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осол нь Э.Алтансүхийн 100% буруу болон тогтоогдсон бөгөөд тухайн өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Н нь өөрийн автомашинаа Э.Алтансүхээр жолоодуулахаар томилсон байсан учир Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу бидний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, эд хөрөнгөний хохирол 3,126,500 төгрөг нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Ноос гаргуулж авах хүсэлтэй байна. Осол болдог өдөр Д.Огийн эзэмшлийн автомашинийг М.Сын дүү М.Сүхбаяр жолоодож явж байсан учраас Зам тээврийн осолын тэмдэглэл, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан дээр М.Сүхбаярын нэр бичигдсэн байсан.” гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Н.Н миний бие нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М.С, Д.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.Н надад холбогдуулан нэхэмжлэгч М.С, Д.О нар зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон эд хөрөнгөд учирсан хохирол нийт 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага Дарь эхийн 6-1802 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд “Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх”-д гаргахаар хуульчилж өгсөн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг ч  тухайн Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Ж.Намхайноровын эзэмшлийн машин болох нь уг тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэгээд ч тухайн машиныг миний бие жолоодож яваагүй буюу Э.Алтансүх гэгч этгээд жолоодож явсан болох нь хавтаст хэргийн 6-р хуудаст авагдсан прокурорын мэдэгдэх хуудас, 7-9-р хуудасны зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэргээр тогтоогдож байгаа. Э.Алтансүхийн жолоодож явсан Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг М.С гэгч жолоодож явсан байхад нэхэмжлэл дээр болон прокурорын мэдэгдэх хуудас, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хөрөнгийн үнэлгээ зэрэгт М.Сүхбаяр гэж, хавтаст хэргийн 66-р хуудасны арын нүүрт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “Нэхэмжлэгч: Манай төрсөн дүү Өсөхбаяр жолоодож явсан” гэх мэтээр зөрүүтэй тайлбар, мэдүүлэг авагдсан байна. Иймээс нэхэмжлэгч М.Сын эрх зүйн байдал тодорхойгүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол 3,173,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.О, М.С нар нь эрүүл мэндэд учирсан 47,350 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №469 тоот шүүгчийн захирамжаар М.Сыг нэхэмжлэгчээс хассан байна. Хавтаст хэргийн 35-р хуудаст авагдсан 47,350 төгрөгний хохирлын баримт М.Сын нэр дээр бичигдсэн байгаа. М.С нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул дээрх хохиролд нэхэмжилсэн 47,350 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хүүхэд Н.Бишрэлт нь 4 настай бөгөөд хоолойны махтай учир, эмчилгээ хийлгэх, хоолойны махаа авахуулах хагалгаа хийлгэх, мөн манай эхнэр 3 сартай бага хүү Төгөлдөрөө гэрээр хардаг, нялх биетэй тул миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, эвдэрсэн авто машины гэрэл зургийн үзүүлэлт, Д.Огийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зарлагын баримт, нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэгчээс татгалзах хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаартай шүүгчийн захирамж, “Хонда Си Ар Ви” /HONDA СR-V/ маркийн 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Н.Нын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан  тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О, М.С нар нь тус шүүхэд зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3,173,850 төгрөгийг хариуцагч Н.Ноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Н нь тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Намхайноровын эзэмшлийн машин. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3,173,850 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашинд гэм хорын хохирол учирсан байх ба тус автомашины эзэмшигч нь Доржсүрэн овогтой О бүртгэлтэй байна. /хх-ийн 62 дугаар хуудас/ Иймд нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч М.С нь Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашины эзэмшигч биш бөгөөд тухайн ослын улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Огийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын 3,126,500 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч нар нь эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 47,350 төгрөгийг нэхэмжилж байх боловч ослын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан болохыг нотлох шүүх эмнэлэгийн дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлээгүй, мөн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 23 дугаар хуудас/, зарлагын баримт /хх-ийн 35 дугаар хуудас/-ийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 47,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 3,126,500 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Н.Н нь Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин биш, аав Намхайноровын эзэмшлийн машин гэж тээврийн хэрэгсэл эзэмшигчийн асуудлаар маргаж байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашины эзэмшигчээр Жадамба овогтой Намхайноров /хх-ийн 109 дүгээр хуудас/ бүртгэлтэй байх боловч тухайн тээврийн хэрэгслийг Н.Нт үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлж өгсөн, Н.Н нь шууд эзэмшигч мөн болох нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн тасгийн байцаагч С.Батзоригийн авсан тайлбарт Н.Н нь “...би 2016.12.22-ны өдөр хамт ажилладаг дүү Алтансүхтэй Цогтцэций сумаас нүүрс тээвэрлэлтийн Гашуунсухайт автозамын 6 дахь километрт байрлах засварын газарлуу явж байгаад сумаас гарсан болохоор би дүү Алтансүхийг машин жолоодох уу гэсэн, Алтансүх тэгье гээд Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. ... Миний аавын нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин. Өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл аав хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа” гэх тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/, Н.Нт захиргааны шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбар, Н.Нын торгууль төлсөн баримтын хуулбар /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. Тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашины эзэмшигч Н.Н нь гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.О, М.С нарын хариуцагч Н.Нт холбогдуулан гаргасан зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас  47,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 3,126,500 төгрөгийг хариуцагч Н.Ноос гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,126,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 64,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урч овогт Намхайноровын Ноос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3,126,500 төгрөгийг гаргуулж Тайжууд овогт Доржсүрэнгийн Од олгож, Д.Сын нэхэмжлэх болох үлдэх 47,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,126,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 64,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                                     

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА     

 

                           ШҮҮГЧИД                                         С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                                                                   

                                                                                        Ц.УРАНГУА