Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

В.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ж.Энх-Амгалан,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт,

          шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн болон өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч В.Бд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

В.Б, 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Гыг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: В.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ваанчигийн В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар В.Бийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан В.Бийн цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг CD-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн юүдэнтэй энгэртээ цахилгаантай халаастай куртик, саарал өнгийн энгэртээ цахилгаантай өвлийн куртик, ногоон өнгийн урдаа цахилгаантай, зүүн энгэртээ спорт гэсэн бичигтэй ноосон цамц, саарал өнгийн урдаа цахилгаантай цээж хэсгээрээ эрээн өнгөтэй ноосон цамц, хар өнгийн ханцуутай цамц, ногоон өнгийн фудболк, саарал өнгийн ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн хоёр хажуу талдаа цахилгаантай өмд, улаан өнгийн оймс, хар өнгийн хагас түрийтэй гутал, хэргийн газраас хураан авсан толь зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Бээс 6.298.205 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэн (РД: ХИ28120310)-д олгож, үлдэх 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ялтан В.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие энэ хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өглөө босоод найз Төмөрбаатартай утсаар ярин хүрээд ирээч гэж хэлсэн. Төмөрөө 14 цагийн үед Лхагвасүрэн гэдэг залуугаар машинаа бариулаад ирсэн. Би тэр хоёрт хоол аягалж өгсөн. Төмөрөө 2 шил Хараа 0,75 архитай ирсэн бөгөөд 1 шил архиа задлаад нэг нэг татаад би машины түлхүүрээ өгчих, доошоо явж Ганбаа ахыг аваад ирий, сая баяраар ганцаараа байсан гээд машин унаад Ганбаагийн гэр рүү явахад Ганбаа ах манайх руу ирж явсан. Бид 2 уулзалдаад машиндаа суулгаад Төмрөө ирсэн. 2 шил архитай ирсэн гээд гэрт ороод архиа уусан. Эхний архи талдаа орж байхад Төмөрөө жаахан унтчихъя гээд би хөнжил тавьж өгсөн. Тэгээд Ганбаа ах бид хоёр архиа уусан. Тэгж байтал Ганбаагийн дүү ус авна гэж ирээд Ганбаа очиж ус өгчихөөд ирсэн. Дараа нь Төмөрөө, Лхагвасүрэн нар явахаар болж тэр хоёр явсан. Бид 2 үлдсэн архиа уугаад би зурагтны урдуур, Ганбаа ах орны урдуур хэвтэцгээсэн. Тэгээд миний шээс хүрээд босоод иртэл гэрт хүнгүй байсан. Би бодохдоо шээх гэж гараад унасан байна гэж бодоод гэрт оруулаад үзэхэд нэг сонин байсан. Тэгээд шууд дүү Оюун луу хэлээд 103, цагдаа дуудсан. Дүү нь цээжин дээр нь массаж хий гэж хэлээд би массаж хийж дарж үзсэн. Тэгээд түргэн, цагдаа нар ирээд өнгөрсөн байна гэж хэлсэн. Бид хоёрт муудалцаж, зодолдож, ноцолдсон асуудал байхгүй. Би болсон байдлын талаар үнэн зөв мэдүүлж байгаа билээ. Ганбаа ах түлээ, нүүрс байхгүй, манайд олон хоногоор хамт цуг байдаг л байсан. Хоёулаа нэг газар хоолоо хийж идээд хамт байж байя гэж би хэлдэг байсан. Өвөл байсан болохоор айлууд байхгүй, манайх Ганбаагийнх, тэгээд ганц хоёрхон айлууд л өвөлждөг. Бид 2 хаашаа ч явсан, юу ч хийсэн цуг л байдаг байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 149 тоот актаар ...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, чигчий хурууны дунд үеийн шарх, зүүн гарын хоёр дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба толгойн гэмтэл нь дух, зулайн хэсэгт цохилтын хүч үйлчилж, улмаар арагш савж унахад үед үүссэн байх магадлалтай байна. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн гэмтэл болно... гэжээ. Миний бодлоор манай байшингийн үүдний цементэн хэсэг яг хаалга руу өгсөж ордог шатны хэсэг мөстсөн байсан. Энэ хүн тэр мөстсөн хэсэг дээр хальтирч унасан гэж би бодож байна. Унахдаа энэхүү гэмтлүүдийг авсан байхад яагаад хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэж байгаа юм бэ. Бас зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсэн гээд байдаг. Гэтэл уг хүний зулайн хэсэг гадна талдаа ямар нэгэн жоохон ч гэсэн хөхрөлт, хавдар, язралт гэх мэт ул мөр байхгүй байдаг. Мөн 8, 9 дүгээр хавирганы хугарал нь хиймэл амьсгал хийхэд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, амьд ахуйд нь үүссэн шинэ гэмтэл гэж үздэг. Түргэний эмч 20 цаг 32 минутанд дуудлага аваад, үзлэгээр 20 цаг 54 минутанд нас барсан байсан гээд, нас бараад 20-30 минут болж байсан байх гэж мэдүүлдэг. Шинжээч эмч нар дүгнэлтдээ хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр гэдэг үгийг талийгаачийн аав, ах, дүү нар буруу ташаагаар ойлгож миний хүүг хатуу мохоо зүйлээр олон удаа цохиж алсан гэж буруу ойлгож байна. Гэтэл дээрх гэмтлүүд нь хальтирч арагш савж унахдаа авсан гэмтлүүд байдаг. Прокурор, шинжээч эмч, хохирогч талын өмгөөлөгч, хохирогч талынхан энэ хүн хальтирч унахад ийм байдалд хүрэх үү гэдэг талаас нь нэг сайн харж, тунгааж, бодож үзээч гэж хүсэж байна. Хальтирч унаад ийм байдал үүснэ гэдгийг энгийн хүн шүүх хуралдаанд дүгнэсэн байдаг. Анхан шатны 2 шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар хальтирч арагш унахдаа ийм байдалд хүрч гэж дүгнэсэн. Шинжээч эмч нар нэг л дүгнэлтээ адилхан гаргадаг. Харин эхний анхан шатны шүүх хуралд оролцсон шинжээч эмч Ганболд хэлэхдээ хальтирч арагш савж унахад ийм байдалд хүрч болно. Хүний тархины 65 хувь нь шингэн байдаг. Цохилтын хүч араас өгөхөд урдаа гарна, эсрэг талдаа үүснэ гэж мэдүүлж байсан. Мөн би анх байцаалт өгөхдөө л шээх гэж гараад орж ирэхдээ хальтирч унасан байх гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхэд тэр унасан газрын байдал, мөстэй байсан эсэх, байшингийн ар хэсэгт шээсэн ул мөр зэргийг ерөөсөө хэрэгт тусгаагүй. Ер нь хэрэгт магадлалтай, тогтоох боломжгүй гэх мэт яг нотолсон зүйл байдаггүй. Шкафны толины хагархай нь хагараад нилээд удаж байгаа хагархай юм. Би яг хэзээ хагарсныг нь сайн мэдэхгүй. Куртикны хувьд урагдаад сар гаруй болж байсан байх. Тэр куртикийг тухайн өдөр огт өмсөөгүй бөгөөд шкафны гадна талд хадаасанд өлгөөстэй байсан куртик юм. Өмнө нь манай дээхэн талд байдаг айлын эхнэр нь оёод өгөх үү гэж хүртэл хэлж байсан. Толгойн гэмтэл нь арагш савж унах үед үүссэн байх магадлалтай. Зүүн гарын хурууны өнгөц хөлдөлт нь нам хэвийн хэсэг газрын үйлчлэл, баруун гарын дунд үеийн шарх, баруун ташааны цус хуралт нь унах үед үүсэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Би бодохдоо хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлдэл, үйлчлэл гэдгийг хүнийг ямар нэгэн хатуу мохоо зүйлээр энд тэнд нь эсхүл нэг газар нь олон удаа цохисон, өшиглөсөн үйлдлийг хэлэх байх гэж бодож байна. Гэтэл энэ хүн арагш унахдаа л энэхүү гэмтлүүдийг тархины битүү гэмтэл, баруун ташааны цус хуралт гэх мэт гэмтлийг авч үхэлд хүрсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 11-ний анхан шатны шүүх хуралдаанаар намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мэдээж ах, дүү, хүүхдээ алдсан хүмүүс ямар их хэцүү байгааг би сайн ойлгож байна. Гэхдээ энэхүү явдал нь угтаа маш харамсалтай золгүй явдал байсан. Харин прокурор, хохирогч, түүний талын өмгөөлөгч нарын гомдол, эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хурал болсон бөгөөд уг хурлаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл, шийдвэр гаргасан байдал тодорхой бус байна, үүнийг тодруулан нарийн сайн гаргах хэрэгтэй гэсэн утгаар буцаасан гэж би бодож байна. Гэтэл анхан шатны шүүх урьд нь гаргасан цагаатгах тогтоолоо хүчингүй болгож, хэт нэг талыг барьсан шийдвэр, дүгнэлт гарган шийтгэлээ гэж үзэж байна. Бид хоёр зодолдон муудалцсан зүйл огт болоогүй. Бид хоёр хаана ч цуг л явдаг, маш сайн хуурай ах дүүс байсан. Иймд миний энэхүү байдлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хальтирч унаж гэмтэл авсан гэж боддог. ... гэв.

 

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 364 дугаар бүхий шийтгэх тогтоолоор Ваанчигийн В.Бийг хүнийг алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Амь хохирогч Г.Б.Г 2017 оны 01 дүгээр сарын 2-нд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод В.Бтэй архи ууж согтсон үедээ, түүний амьдарч байсан байшингийн үүдний довжооны зүүн талд, цементэн талбай дээр ар дагзаараа унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байдаг. Гэтэл энэ үед хамт байсан В.Бийг амь хохирсон хүнийг алсан байх ёстой гэсэн сэжиг таамаг дэвшүүлж, гэм буруутай ямар үйлдлээр алсан болохыг тогтоогоогүй байхад, шүүх гэм буруутайд тооцон хилсээр шийтгэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг заасан.

Гэтэл В.Бийг хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг 2 жил гаруй хугацаагаар явуулсан боловч хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх яллах дүгнэлтэд дурьдагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдийн хоорондын харилцан хамаарал, аль нь ямар үйлдлийг нотолж байгаад дүгнэлт хийлгүйгээр шууд гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байдалд хүргэж байна.

Хэрэгт буй дээрх нотлох баримтууд нь тухайн цаг хугацаанд, тухайн газарт амь хохирогч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг нотолсон болохоос хамт архи уусан В.Бийн ямар үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь тогтоогдоогүй.

Хүнийг санаатай алсан гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхэл 2-ын хооронд зайлшгүй шалтгаант холбоотой, тэр нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой билээ. Гэтэл В.Б ямар сэдэлт зорилготой, ямар үйлдэл хийгээд тэр нь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн юм бэ гэдэг нь тогтоогдоогүй юм.

2. Анхнаасаа хэргийн газарт цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн очиж үзлэг хийхдээ гэрт нь хувцасны шкафны гадна талд өлгөөстэй байсан, гэрийн ажилд өмсдөг, урагдсан хар куртик, хувцасны шкафны хаалган дахь толины хуучин цууралт 2-ыг нотлох баримтаар бэхжүүлээд л зөвхөн нэг талыг барьсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас В.Бийг гэм буруутай гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн юм. Иймд зүүн тийш харсан байшингийн дээврээс өдөр цас хайлж цементэн талбай дээр мөстөлт үүссэн болон гэрээсээ гараад байшингийн зүүн булангаар тойрч бие засдаг зэрэг бодит байдлуудыг үзлэгээр тогтоосон бол амь хохирогч гарч бие засаад буцах замдаа хальтирч ар дагзаараа савж унасан байдал тогтоогдох байсан юм.

3. Прокурор яллах нотлох баримтууддаа шинжээчийн дүгнэлтүүдийг гол үндэслэл болгодог боловч энэ нь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон бөгөөд эргэлзээ ихтэй байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сарын 11-ний шүүх хуралд оролцсон шинжээч ...хойшоо савж унахад тархины доторхи биет урагш хүчтэй доргилт өгснөөс зулай хэсгээр цус хуралтууд үүснэ гэж тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь шинжээч эмч Ариунзул, Одончимэг нарын зулай хэсэгт цохилт үйлчилснээс цус хуралт үүссэн гэдгийг үгүйсгэдэг.

4. Цогцосны гадна үзлэгээр амь хохирогчийн биед зодолдсон, цохилцсон ямар ч шарх сорви илрээгүй бөгөөд В.Бийн биед ч ямар нэгэн гэмтэл, шарх сорви байгаагүй юм.

Ийнхүү хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхэд В.Бийн ямар гэм буруутай үйлдлээс хохирогчийн амь хохирсон болох нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2 дахь хэсэгт ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. ... гэж заасны дагуу цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч М.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/364 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх “В.Бд холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлуудаас энэ зүйлийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн” гэж үзэн эрүүгийн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 696 тоот “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид прокурор эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах болон Улсын Дээд шүүхээс уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаас хойш шинжээч эмч Б.Даваасүрэн, гэрч Ж.Төмөрбаатар, Б.Лхагвасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авч хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тогтоогоогүй. Түүнчлэн, В.Бийн ямар үйлдлийн улмаас амь хохирогч тархиндаа гэмтэл авч, улмаар нас барсан, яллах талын нотлох баримт болох гэрт байсан толь хэзээ хагарсан талаарх гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгоогүй, В.Бийн хувцсанд үүссэн урагдал хэзээ урагдсан талаарх гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгоогүй.

Шүүгчийн захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд №732 тоот цагаатгах тогтоол гаргаж, үүгээр В.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж чадахгүй байна гэж цагаатгасан.

Тус цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” талаар зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасантай нийцсэн. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэн гэх үндэслэлтэй байна.

Дээрх №732 тоот цагаатгах тогтоолд прокурор эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №124 тоот магадлалаар анхан шатны шүүх прокуророос яллах үндэслэл болгосон нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаалт хийж чадаагүй, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож, В.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон хуулийн дээрх зохицуулалт нь “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолд тодорхой заагаагүй гэж үзэхээр байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №2019/ШЦТ/364 тоот шийтгэл тогтоолоор В.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ялаар шийтгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч В.Батсайхан шүүх хуралдаанд...” мэдүүлсэн мэтээр бичжээ. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар В.Батсайхан бус, В.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн болно.

Түүнчлэн, анхан шатны шүүх В.Бийг хүнийг алсан гэм буруутайд тооцож №2019/ШЦТ/364 тоот шийтгэл тогтоол гаргасан атлаа тус тогтоолын тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл буюу “шүүхийн цагаатгах тогтоол” гаргах агуулга бүхий хуулийн зохицуулалтыг баримталжээ. Үүнээс үзвэл тухайн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

Зүй нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор хэн нэгэн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг баримтлах байсан.

Анхан шатны шүүх В.Бийг гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэн, гэрч Г.Оюунбаяр, Б.Сундуйжав, Ц.Оюун-Очир, Б.Бүжинлхам, Б.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №149 тоот дүгнэлт, шинжээч эмч Б.Ариунзул, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг яллах талын нотлох баримтаар үнэлжээ. Тухайн нотлох баримтууд нь В.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд үзэхэд эргэлзээтэй, бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар харьцуулан бичлээ.

Д.Гомбосүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол”-оор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон /1хх65/ атлаа 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс үзвэл Д.Гомбосүрэн нь тухайн хэрэгт ямар эрх, үүрэгтэйгээр /статус/ оролцож байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан үүрэг хүлээж, эрх эдэлж байгаа бол гэрч нь тухайн хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байна. Гэтэл ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гомбосүрэнгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчээр мэдүүлэг авсан учир дутагдалтай болжээ.

Гэрч Г.Оюунбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь В.Бийн өгсөн мэдүүлгийг давхар нотолдог. Тодруулбал, гэрч Г.Оюунбаяр “...19 цаг өнгөрч байхад танай ах Ганбаа гадаа уначихсан байна гэж хэлсэн, тэгэхээр нь би татаад босгоод үзээч гэж хэлтэл хөдлөхгүй байна гэсэн, тэгэхээр нь би цээжин дээр нь дараад үзээч гэж хэлсэн. ...чи тоглоод байгаа юм биш биз дээ гэж хэлсэн..." /1 хх39,101/ гэх мэдүүлэг нь В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагч болон шүүх хуралдаанд өгсөн “...талийгаачтай үлдсэн архиа уусан, хоёр шил архиа уугаад би согтсон байсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна, шээс хүрээд босоод иртэл гэрт хэн ч байхгүй байсан, шээх гээд гадаа гартал талийгаач манай үүдэнд шатны доор хэвтэж байсан, тэгэхээр нь би хөөе Ганбаа ах гээд гарнаас таттал гар нь хүйтэн байсан, би сандраад босгох гэтэл толгойны араас нь цус гарсан байсан, талийгаачийг шууд өргөж гэрт оруулаад толгойд нь дэр тавьж өгөөд түргэн дуудсан, дараа нь цагдаа дуудсан, талийгаачийн дүү Оюун руу залгаад Ганбаа ах өнгөрчих шиг боллоо гэсэн, тэгтэл өөдөөс битгий тоглоод бай гэсэн, тэгэхээр нь би тоглоогүй байна гээд орилсон, тэгтэл надад Оюун эгч цээжин дээр нь дар, массаж хий гэж хэлсэн, би цээжин дээр нь дарсан, тэр үед цагдаа их хурдан ирсэн, дараа нь түргэн ирээд өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг /1 хх192,194-196,198,200,205/ давхар нотолж байна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг цагаатгах нотлох баримт болохгүй хэдий ч тухайн үйл баримтыг өөр бусад нотлох баримт болох дээрх Г.Оюунбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг давхар нотолж байгаа нөхцөлд В.Бийг хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, В.Б тухайн хэргийн талаар анхнаасаа тогтвортой, эргэлзээгүйгээр мэдүүлэг өгч байсныг анхаарах нь зүйтэй.

Гэрч Д.Сундуйжанцангийн өгсөн мэдүүлгийн /1хх70/ хувьд, дээрх В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн сэжигтэн, яллагдагч болон шүүх хуралдаанд өгсөн /1 хх192,194-196,198,200,205/ мэдүүлгүүдийг давхар нотолж байгаа.

Түүнчлэн, В.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах зорилгоор хувийн сууцыг цэвэрлэсэн байж болзошгүй талаар шүүх хуралдааны явцад яригдсан байдаг. Гэрч Д.Сундуйжанцангийн “...гэр бол маш цэвэрхэн байсан, нас барсан хүнд нэг хөнжил шиг зүйл дэрлүүлсэн байсан. Цэвэрлэсэн гэх зүйл бол анзаарагдаагүй. ...”, мөн гэрч Б.Лхагвасүрэн “...гэр нь маш цэвэрхэн байсан, Цэнгэл гэх хүн найз нь гэрээ цэвэрлээд байж байлаа гэж Төмөрөө ахад хэлж байсан” гэх мэдүүлгээр /1хх84/ няцаагдаж байна.

Гэрч Ц.Оюун-Очирын мэдүүлэгт /1 хх71/ “...Уг дуудлагын дагуу очиход “байшин дотор 55 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, ухаангүй шалан дээр хэвтэж байсан. Үзэхэд царай цайсан, хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй, эвэрлэгийн рефлекс байхгүй, артерын даралт тодорхойлогдохгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, захын болон том судасны лугшилт байхгүй захад хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, хүүрийн толбо үүсээгүй нас барсан байдалтай байсан. Нэмэлт үзлэгээр дагзны ар оройн хэсэгт 1-2 см язарсан шархтай, бага зэрэг цус гарсан шархтай, өөр ил харагдах хугарал, мултрал шарх байхгүй байсан. Тэгээд нас барсныг тодорхойлох бичиг хийж өгөөд бүрэлдэхүүн дуудаад явсан. ...” гэжээ.

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хх Зб/ “амь хохирогчийн баруун талын 5 дугаар хурууны дунд үеэн дээр 0.7x0.9 см арьс хууларсан шархтай” гэснийг В.Б нь амь хохирогчтой ноцолдсон, зодолдсон байж болзошгүй талаар мөн шүүх хуралдаанд яригддаг. Гэтэл гэрч Ц.Оюун-Очирын мэдүүлэгт амь хохирогчийн дагзны ар оройн хэсэгт 1-2 см язарсан шархнаас өөр ил харагдах хугарал, мултрал шарх байхгүй байсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч В.Бийн гэрт байхдаа тухайн гэмтлийг аваагүй, харин цогцсыг тээвэрлэх явцад хурууны арьс хууларсан шарх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Ц.Оюун-Очир нь гэрчийн мэдүүлэгтээ “дуудлагын дагуу очихдоо ямар нэгэн бүрэлдэхүүнгүйгээр буюу ганцаараа цогцсод үзлэг хийж, нас барсныг тодорхойлох бичиг хийж өгсөн талаар” хэлсэн байхад тухайн үед дуудлагаар очсон цагдаа Д.Сундуйжанцан “...удаагүй 2 минут орчмын дараа 103-ын эмч Баасанжав гэдэг хүн ирээд нас барсан байна гэж бичиг хийж өгсөн...” гэж /1хх70/ мэдүүлсэн. Мөн түргэн тусламжийн дуудлагын хуудас №МС1А11211882 /1 хх 219/-д эмч Ц.Оюун-Очир үзлэг хийсэн талаар бичигдсэн байхад Д.Сундуйжанцангийн мэдүүлэгт /1хх70/ яагаад Баасанжав гэдэг эмч нас барсан тухай бичгийг хийж өгсөн гэдэг нь ойлгомжгүй байна.

Гэрч Б.Бүжинлхамын мэдүүлэг нь тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй байна. Тухайн гэрчийн мэдүүлэг нь эрүүгийн хэргийн нөхцөл байдлаас юуг нотлох, юу гэж мэдүүлсэн нь В.Бийн гэм буруутай эсэхийг гэрчилж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч В.Б нарын хооронд хувийн таарамжгүй харьцаатай байсан эсэх, гэмтэл учруулж болзошгүй сэдэл, санаа, нөхцөл байдал байсан эсэхийг шууд нотолсон нотлох баримт биш юм.

Гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Төмөрөө ах утсаа салгаад намайг манай найз модны хоёрт хүрээд ир гэж байна, би явлаа гээд хувцсаа өмссөн, тэгтэл Цэнгэл гэх гэрийн эзэн тэгвэл би хамт явъя гээд цуг явахаар болсон, тэр үед өндөр настай Цэнгэлийн дагуулж ирсэн ах сандал дээр унтсан байсан, тэгтэл гэрийн эзэн В.Б нөгөө ахыг бос, би явлаа гэтэл нөгөө хүн босохгүй унтаад байсан, тэгтэл Цэнгэл гэх хүн нөгөө настай унтаж байсан хүний хөл рүү өшиглөөд босгох гэтэл босохгүй байсан. ...” гэж мэдүүлснийг/1хх85/ хувийн таарамжгүй харьцаатай, улмаар В.Б нь амь хохирогчийг алсан гэм буруутай гэж үзсэн. Гэтэл гэрч Х.Баярбилэг, Р.Оюунчимэг, Б.Бат-Отгон, Б.Ундрал нарын мэдүүлэгт амь хохирогч болон В.Б нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, харин нэг нэгнийхээ гэрээр орж гардаг, их эвтэй байдаг талаар гэрчилсэн.

Түүнчлэн, В.Бийн гэрт байсан хувцасны шүүгээний толь тухайн өдөр цуураагүй байсан гэдгийг Б.Лхагвасүрэн мэдүүлсэн ба хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тухайн толийг хэзээ хагарсан талаарх шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн амь хохирогч болон В.Б нар тухайн өдөр ноцолдсон байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлж, улмаар В.Б нь амь хохирогчийн биед гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт буруутгасан.

Хувцасны шүүгээний толь хагарсан эсэх талаар гэрч Х.Баярбилэг “...тэр толь нь 10 дугаар сард намайг ороход голоороо нэг цуурсан байсан. ...нэг цуурхай байсан, талийгаач би налаад хагалсан юм гэж ярьж байсан...” /1 хх 79/, Б.Бат-Отгон “...тэр толь хагараад бараг нэг жил гаран болж байгаа байх, талийгаач налаад хагалсан гэж манай ээж надад хэлж байсан юм...” /1 хх 95/, Б.Мандалмаа “...тэр толь хагараад удаж байгаа, тэр гэр нь манай ээжийн гэр байгаа юм, уг толь хагараад 2 жил болж байгаа байх...” /1 хх 96/, Б.Ундрал “...уг толийг 2016 оны зун талийгаач Б.Г манай гэрт орж ирээд өмнө нь сандал тавьж сууж байгаад хойшоо налаад хагалсан гэж надад талийгаач хэлж байсан юм...” /1 хх 97/ гэж тус тус мэдүүлжээ. Үүнээс үзвэл тухайн толь хэзээ хагарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээрх толь хагарсан талаарх мэдүүлэг өгсөн гэрчүүд нь В.Бтэй ойр дотны хүн учир шууд гэрчийн мэдүүлгээр үнэлэх боломжгүй талаар яригдсан байдаг. Гэрчид худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг сануулж мэдүүлэг авсан учир “ойр дотны хүн худал мэдүүлэг өгөх боломжтой” гэх таамгаар мэдүүлгийг үнэлэхгүй байх нь учир дутагдалтай юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №1847 тоот шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн толинд гарсан хагаралт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан байна. Хэрэг учрал болсон цаг хугацаанд гарсан эсэхийг тогтоох боломжгүй...” /1 хх 164/ талаар дурдсан. Үүнээс үзвэл тухайн толийг хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг шинжээч тогтоосноос биш В.Бийн ямар үйлдлийн улмаас тухайн толь хагарсан болохыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заах талаар зохицуулсан. Иймд тухайн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “шинээр гарсан хагарал” гэдэг нөхцөл байдлыг няцаасан дээрх гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан тул тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй.

Шинжээч Г.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...ирмэг болон зах нь бохирлогдоогүй байгаа нь шинээр үүссэн гэж үзэх үндэслэл болно, ... толь хагарч бутарч унаагүй байхад бохирлогдох боломжгүй эсэхийг тогтоох боломжгүй, ... толь хэзээ хагарсныг тогтоох боломжгүй...” гэж /1 хх 67/ мэдүүлсэн байна. Үүнээс үзвэл толь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хагарсан гэдгийг тогтоох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, толь хагарч, бутарч унаагүй тохиолдолд бохирлогдохгүй байх боломжтойгоос гадна, толийг яг хэзээ хагарсныг тогтоох боломжгүй талаараа мэдүүлсэн нь №821 тоот шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Түүнчлэн, хувцасны шүүгээний толь хагарсан нөхцөл байдал нь тухайн эрүүгийн хэрэгтэй ямар учир шалтгаанаар холбогдож, В.Бийн ямар үйлдлийн улмаас толь цуурсан, энэ нь амь хохирогчид үүссэн гэмтэлтэй ямар шалтгаант холбоотой зэрэг нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хувцасны шүүгээний толь хагарсан асуудал нь амь хохирогчийг В.Б алсан гэм бурууг нотолж буй баримт сэлт биш юм. Яллах талаас таамгийн түвшинд ноцолдсон байхыг үгүйсгэхгүй гэж тайлбар хийсэнтэй адил амь хохирогч гэрээс гарахдаа тухайн толийг хагалсан байх боломжтой. Гэтэл В.Б болон амь хохирогч нар ноцолдсоны улмаас толь хагарсан гэж шууд үзэх нь буруу юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №149 тоот шинжээчийн дүгнэлтийн /1 хх 109/ тухайд, амь хохирогчийн биед ямар гэмтэл үүссэн, ямар үйлчлэлээр үүсэх боломжтой, тухайн гэмтлүүд хөнгөн, хүндийн аль нь болох, ямар гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн зэргийг тодорхойлсон байдаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээчийн мэдүүлгүүд үүссэн гэмтлийн хувьд зөрүүгүй боловч тухайн гэмтэл хэзээ, хэрхэн, яаж үүссэн талаар зөрүүтэй байдаг.

Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №350 тоот дүгнэлтэд “...зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтэл нь хиймэл амьсгал хийх үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн атлаа шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт “...зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтэл нь хиймэл амьсгал хийх, унах үед үүсэх боломжгүй. Харин цохиход үүсэх боломжтой...” гэжээ. Хэргийн баримтаас үзвэл В.Б нь амь хохирогчийг цохисон үйл баримт тогтоогдоогүй, харин тэрээр амь хохирогчийн цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Оюунбаярын цээжин дээр нь дараад үзээч гэх мэдүүлгээр уг гэмтэл үүссэн байх боломжтойг нотолж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №149 тоот шинжээчийн дүгнэлтэд гавал тархины битүү гэмтэл үхэлд хүргэсэн гэмтэл болохыг дурдсан байдаг. Гэтэл В.Бийн ямар үйлдлээр тухайн гэмтэл үүссэн болохыг хэргийн баримтаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй. Мөн баруун гарын 5 дугаар хурууны дунд үенд шарх үүссэн нөхцөл байдал нь дуудлагаар ирсэн эмч Ц.Оюун-Очирын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд дээрх хурууны дунд үенд үүссэн шарх байхгүй байсан болох нь тогтоогдсон.

Мөн дүгнэлтэнд зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт нь амь хохирогч хувийн сууцны гадаа хальтирч унасны улмаас гавал тархины битүү гэмтэл авсныг нотолж байна. Өөрөөр хэлбэл, гавал тархины битүү гэмтэл нь гэр дотор бус, гадаа үүссэн, үүнээс болж хөдөлгөөн хийх боломжгүйгээс болж хуруу нь өнгөц хөлдсөн болох нь тогтоогдож байна.

Шинжээч Б.Ариунзулын мэдүүлэгт /1 хх 115/ “...2-р хурууны өнгөц хайрагдал хөлдөлт нь хэдий хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй, гадаа хэр хүйтэн байснаас шалтгаална...” гэжээ. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 16-21 цагийн хооронд агаарын температур 20-22 градус хүйтэн байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын 3/273 тоот албан бичиг /1 хх 221/ хэрэгт авагдсан ба үүнтэй холбоотойгоор шинжээчээс дахин мэдүүлэг авч, амь хохирогч хэдий хугацаанд гадаа байсныг тодруулах боломжтой юм. Уг цаг хугацааг Ж.Төмөрбаатар, Ж.Лхагвасүрэн нар тухайн хувийн сууцнаас явсан цаг хугацаатай харьцуулан амь хохирогч хэзээ хальтирч унасан болохыг тогтоох, цаашилбал гэмт хэрэг үйлдэгдэх хугацаа байсан эсэхийг тогтоох боломжтой байжээ.

Мөн шинжээч Б.Ариунзул №149 тоот дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь унахад үүсэх боломжгүй талаар мэдүүлсэн. Тодруулбал, амь хохирогчийн гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан тархмал том голомтот цусархаг няцрал нь унахад үүсэх боломжгүй талаар /1 хх 115/ мэдүүлсэн.

Дээрх шинжээч Б.Ариунзулын гаргасан №149 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж шинжээч С.Одончимэг, М.Золжаргал, О.Болороо нар нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр №350 тоот дүгнэлтийг /1 хх 120/ гаргасан. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч С.Одончимэг толгойд учирсан гэмтэл унахад болон ар дагзаараа савж газарт хатуу цемент дээр унахад үүсэх боломжгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг /1 хх 122/ өгсөн. Урьд гаргасан №149, №350 дугаартай дүнгнэлтүүд үндэслэлтэй гарсан талаар мөн шинжээч Ц.Ганболд, Ч.Эрдэмболор, Б.Даваасүрэн нар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №751 тоот дүгнэлтийг /1 хх 751/ гаргасан.

Гэтэл дээрх №751 тоот дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Ганболд нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “мөсөн дээр хальтираад хойшоо унахад талийгаачийн биед үүссэн гэмтэл бүгд үүсэх боломжтой юу” гэсэн асуултад “тархины гэмтэл үүсэх боломжтой...”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хойшоо савж унаснаас болж гавал тархинд цус хуралт үүссэн гэж ойлгож болох уу” гэсэн асуултад “тийм” гэсэн хариулт өгчээ. Дээрхээс үзвэл шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн хариултыг шүүх хуралдаанд өгсөн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн гавал тархины битүү гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэсэн атлаа шүүх хуралдаанд үүсэх боломжтой мэтээр хариулт өгсөн нь шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үнэн зөв, бодиттой гарсан гэж үзэх боломжгүй байна.

Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хх 44/ түүний өмссөн зарим нэг хувцсанд урагдалт үүссэн талаар дурдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн №413 тоот шинжээчийн дүгнэлт /1 хх 149/ гарсан ба үүгээр шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай цоорхой гарсан, хар цамцанд гарсан тасарсан товч бэхэлгээ оёдлоороо тасарсан, ногоон цамц, хүрэм, саарал өмдөнд гарсан уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан, ногоон хүрмэнд гарсан уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хар өмдөнд гарсан цоорхой халалтын улмаас гарсан түлэгдсэн цоорхой, хар өмдөнд гарсан уранхай эдэлгээний явцад гарсан уранхай болохыг тогтоосон. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ш.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны явцад “...татаж чангаах хүчин зүйлээр урагдсан гэдэг нь цамцны дээд талаасаа 2 дахь товч нь бэхэлгээ оёдлоороо тасарсан, тасарсан үзүүр нь тэгш биш суналттай тасарсан байх тул татаж чангаах хүчин зүйлээр үүссэн, харин шинэ хуучин гэдгийг хувцсыг шинжилгээнд ирүүлсэн тохиолдолд шинэ хуучин эсэхийг дахин шинжилж тогтоох боломжтой” гэж мэдүүлсэн /1 хх 155/ байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №4255 тоот шинжээчийн дүгнэлтэд /1 хх 159/ шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн хувцсанд уранхай, цоорхой гарсан байх ба уг уранхайнууд хэзээ үүссэн, хэрхэн үүссэн болохыг тогтоох боломжгүй талаар дурджээ.

Дээрхээс үзвэл В.Бийн татаж, чангаасан үйлдлийн улмаас дээрх товч тасарч унасан, амь хохирогчтой ноцолдсон эсэхийг тогтоосон асуудал бус, харин тухайн товч гадны нөлөөгөөр буюу амь хохирогч өөрөө татаж, эсвэл ямар нэгэн зүйлд тээглэж, өөр бусад хувцсанд татагдаж унасан байхыг үгүйсгэхгүй байна. Мөн шинэ болон хуучин урагдалт эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод байрлах хувцасны шүүгээнд байсан хар өнгийн юүдэнтэй цахилгаантай, мөн хоёр ташаандаа цахилгаантай халаастай куртиканд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн тухайн хувцсанд хийсэн шинжээчийн №412 тоот дүгнэлт /1 хх 145/ гарсан ба үүгээр хар өнгийн хүрмэнд үүссэн урагдалтыг хэрэг учрал болсон цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй талаар дурдсан. Мөн дүгнэлт гаргасан шинжээч Г.Ганзориг нь тухайн урагдалт нь ойрын хугацаанд буюу 3 сараас дотогш хугацаанд үүссэн байх боломжтой талаар /1 хх 147/ мэдүүлсэн. Мөн гэрч Р.Оюунчимэгийн “...2016 оны 12 дугаар сард ... В.Бийн өмссөн хүрэмний баруун суганаас доошоогоо нилээд урт урагдсан харагдаж байсан ба эгч нь оёоод өгөх үү гэтэл В.Б өөрөө хэрэггүй гэж хэлээд надаар оёулаагүй юм...” гэх мэдүүлгээр тухайн хүрмэнд үүссэн урагдалт нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн гэх нөхцөл байдлыг няцааж, үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, В.Б нь амь хохирогчтой ноцолдож, маргалдсаны улмаас урагдсан гэж үзэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, В.Бийн ямар үйлдлийн улмаас амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл учирсан болохыг тогтоогоогүй. Тухайлбал, В.Б амь хохирогчийн толгойд хэрхэн, яаж цохисноор зулайд нь гэмтэл үүсч, улмаар газар унахдаа гавал тархины битүү гэмтэл авсан /шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар/, эсвэл В.Б нь хэрхэн, яаж амь хохирогчид гавал тархины битүү гэмтлийг учруулсан зэрэг нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр тогтоох шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр В.Б нь бусад ноцолдсон, тэмцэлдсэн ул мөр байсан эсэхийг түүний биед үзлэг хийх журмаар баримтжуулаагүй, тухайн хувийн сууцны гадаа цементэн талбай хальтиргаа, гулгаатай байсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулсан.

Анхан шатны шүүх №2019/ШЦТ/364 тоот шийтгэл тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх цагаатгах талын нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар няцаалт хийх үүргээ биелүүлээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №2019/ШЦТ/364 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Бийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт В.Батсайхан гэж шүүгдэгч В.Бийн нэрийг буруу бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс үүнийг бичиг, үсэг буюу техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал биш учраас хуульд зааснаар залруулга хийх боломжтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөх ноцтой алдаа биш гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгчийн гэм буруутайг хангалттай тогтоох нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан гэж үзэж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтэд 8, 9 дүгээр хавирганы гэмтлийг шинэ гэмтэл буюу тухайн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд үйлдэгдсэн байх ёстой гэснийг няцаасан баримт хэрэгт байхгүй. Мөн зулайн хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас гавал тархины суман заадас салсан бөгөөд энэ нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан, энэ нь олон удаагийн үйлчлэлээр үйлчилсэн гэж байгаа нь амь хохирогчийг мөсөн дээр хальтирч унаснаас үүссэн гэмтэл гэдгийг няцааж байна. Толины хагархайны тухайд шүүгдэгч хуучин хагарсан байсан хэмээн хэлдэг боловч шүүхийн шинжээчийн дүгнэлтээр хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ цууралт гэж тогтоосон. Гэрч Лхагвасүрэн “намайг гэрт ороод сууж байхад толь нь хагараагүй байсан” гэж мэдүүлснээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол няцаагдаж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “хальтирч унасан” гэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан шүүгдэгчийн анхны мэдүүлэгт “Төмөрбаатарыг ирснээс хойш 2 шил архи уусан, түүнээс хойш би юу ч санахгүй байна, мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгчийн мэдүүлгээр архи уусан цаг, Төмөрбаатар гэрчийн ирээд явсан цаг, амь хохирогчийг олсон цагтай тохирч байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэнгийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн тайлбартай санал нэг байна. ... гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан. В.Батсайхан гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг журамласан нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг болох үед амь хохирогч, шүүгдэгч нар хамт байсан, өөр хүн байгаагүй. Шүүгдэгч “хальтирч унасан байх магадлалтай” гэсэн мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч нь өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тухайн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөн амь хохирогчид учирсан гэмтэл, хувцсанд үүссэн урагдалт зэрэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Толь хагарсан асуудлын хувьд, гэрч Лхагвасүрэн нь хэрэг гарахаас өмнө нь гэрт очиход толь хараагүй байсан тухай мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр толинд тоос, тоосонцор байгаагүй, шинэ хагарал байсан гэх дүгнэлт гарсан байдаг. Нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтийг Лхагвасүрэнгийн мэдүүлэг нотолдог. Амь хохирогчид тархинд гэмтэл учрахаас гадна, гарын таван хурууны үенд гэмтэл учирсан. Энэ нь цохилтоос үүсэх боломжтой. Амь хохирогчийн өмссөн хувцсанд урагдалт илэрсэн нь хүний хүчний үйлчлэлээр буюу татах үед үүсэх боломжтой гэх дүгнэлт гарсан. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд тухайн хэрэг гарах үед зодоон болсон гэдэг нь харагддаг. Хальтирч унасан гэдэг боловч зулайн оройд үүссэн гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээрээс үзвэл В.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн 24 тоотод иргэн Б.Гыг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 27-28/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 29-32/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 33/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 34-35/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 37-38/, эд мөрийн баримт /1 хх 41/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 42, 44-45/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1 хх 43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 46/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 47/, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг /1 хх 48/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 49-50/, хохирлын баримтууд /1 хх 56-60/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганбаярын “...Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Манай ах ямар нэгэн өвчин зовлон байхгүй, бие эрүүл хүн байсан. ...” /1 хх 61-63/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гомбосүрэнгийн “...Үр хүүхдээ бусдын гарт алдсан, сэтгэл санаагаар их хохирч байна. Оршуулгын зардал болох 9.650.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” /1 хх 65-66, 67-69/,

гэрч Ж.Төмөрбаатарын “...Би 14 цагийн үед өөрийн Лхагвасүрэн гэх ажилтнаар машинаа бариулаад Төмөрбаатарын гэр болох Гоодойн зусланд байдаг гэрт нь очсон юм. Би гэрт нь очих замдаа дэлгүүрээс 2 шил 0,75 граммтай, хараа архи авсан. Тэгээд В.Бийн гэрт ороход В.Б хоол хийсэн байсан, хоолноос нь идээд архиа задлаад уусан. Тэгтэл В.Б түлхүүрээ өгчих, би Жооны ахыг аваад ирье гэсэн. ... Тэгээд машины түлхүүр аваад гарч яваад 5 минут болоогүй орж ирсэн. Тэгээд бид гурав архиа уугаад, эхний нэг шил архи уугаад байж байтал манай таньдаг дүү болох Шинэ-Од гэдэг залуу ах хүрээд ир, би Модны хоёрын бааранд байна гэсэн. Тэгээд би гараад яваад өгсөн. ...В.Бийн гэрт очоод нэг хоёр шил архи уугаад бага зэрэг 10 гаруй минут унтсан байсан. Намайг босож ирэхэд В.Б талийгаач хоёр архи уугаад сууж байсан. Тал архи байсан. ...Би уг куртикийг харах юм бол танина. Харин уг куртиканд хүний нүдэнд ил харагдахаар уранхай байхгүй байсан. ...” /1 хх 81-83, 2 хх 103-104/,

гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Цэнгэл гэдэг гэрийн эзэн хүн миний машины түлхүүрийг аваад нэг хүн аваад ирье, хөөрхий амьтан ганцаараа байгаа гээд явсан, удаагүй 2-3 минутын дараа нэг настай эрэгтэй хүн дагуулж орж ирсэн юм. Төмөрөө ах уг хүнийг таньж байсан. ...нөгөө шил архи бараг дуусаж байхад Төмөрөө ах “би 10 минут унтлаа” гээд унтаад өгсөн, нөгөө хоёр хүн юм яриад архи уугаад байсан. Тэгтэл удалгүй Төмөрөө ах босож ирээд нөгөө үлдсэн шил архиа задалж уугаад байж байтал 17 цагийн үед Төмөрөө ахын утас дугараад утсаар ярьсан. Төмөрөө ах утсаа салгаад “намайг манай найз Модны хоёрт хүрээд ир гэж байна, би явлаа гээд хувцсаа өмссөн. Тэгтэл Цэнгэл гэх гэрийн эзэн “тэгвэл би хамт явъя” гээд цуг явахаар болсон. Тэр үед нөгөө настай Цэнгэлийн дагуулж ирсэн ах сандал дээр унтсан байсан, тэгтэл гэрийн эзэн В.Б “нөгөө ахыг бос, би явлаа” гэтэл нөгөө хүн босохгүй унтаад байсан. Цэнгэл гэх хүн нөгөө настай унтаж байсан хүний хөл рүү өшиглөөд босгох гэтэл босохгүй байсан. Тэгтэл Цэнгэл та хоёр гадаа гараад хүлээж бай, би энэ хүнийг гаргаж явуулчихаад гараад очъё гэсэн. ...хувцасны шкапны хаалган дээр гонзгой толь байсан. Тэр толинд би сандал дээр сууж байгаад харсан юм. Тэгэхэд ямар нэгэн хагархай толь харагдаагүй зүгээр байсан. ...” /1 хх 84-87, 2 хх 105-106/,

гэрч Г.Оюунбаярын “...19 цаг өнгөрч байхад танай ах Ганбаа гадаа унтчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би татаад босгоод үзээч гэж хэлтэл хөдлөхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би цээжин дээр нь дараад үзээч гэж хэлсэн. ...Их сандарсан шинжтэй байсан, өнгөрчих шиг  боллоо гэж надад хэлсэн. ...” /1 хх 99-101/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...уг гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. ...цохилтын хүч зулайд үүссэний улмаас арагш унахдаа дагзандаа үүснэ. ...” /1 хх 115-116/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...уг гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. ...зулайн орой хэсэгт цохилтын хэсэг үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. ...” /1 хх 122-123, 124-125/,

шинжээч эмч Г.Ганзоригийн “...уг үйлдэлд татах, чангаах, зууралдах, ноцолдох зэрэг бүх үйлдэл хамаарагдана. ...” /1 хх 147/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...дээрх гэмтлийн хувьд савж унасан тохиолдолд далд юм уу тухайн унасан хэсэгтээ хугарал, няцрал үүсдэг. Зулайд учирсан гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй. ...” /2 хх 100-102/ гэх мэдүүлгүүд,

 

“Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 3 ширхэг шинэ ханзарсан уранхай” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 412 тоот /1 хх 144-146/,

“Шинжилгээнд ирүүлсэн толинд гарсан хагаралт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр гарсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1847 тоот /1 хх 163-166/,

“...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл болох зулайн хуйханд цус хуралт, дагзны хуйханд язарсан шарх, зулай яс суман заадсаар салсан хугарал, хугарал дух дагз яс руу үргэлжлэл, зулай, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх шингэн цусан хураа 60 мл, их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал том голомтот цусархаг няцрал болон зүүн 8, 9 дүгээр хавирганы шууд хугарал, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны дунд үенд шарх, зүүн гарын 2 дугаар хурууны өнгөц хөлдөлт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба толгойн гэмтэл нь дух, зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас арагшаа савж унах үед үүссэн байх магадлалтай байна. Зүүн гарын 2 дугаар хуруун өнгөц хөлдөлт нам хэмийн хэсэг газрын үйлчлэл байна” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149 тоот /1 хх 108-114/,

“2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 149 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Гын бие цогцост тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хавирганы хугарал нь амьд ахуйд нь үүссэн шинэ гэмтэл” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 350 тоот /1 хх 119-121/,

“Урьд гаргасан 149, 350 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 751 тоот /1 хх 127-131/,

“В.Б нь сэтгэцийн өвчингүй, хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, ...” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 174 тоот /1 хх 163-166/ дүгнэлтүүд,

гэрч Б.Сундуйжанцан /1 хх 70/, Ц.Оюун-Очир /1 хх 71/, Б.Тамир /1 хх 72-73/, Б.Бүжинлхам /1 хх 74-75/, П.Даваачулуун /1 хх 78/, Х.Баярбилэг /1 хх 79-80/, А.Хонгорзаяа /1 хх 88-89/, Б.Мандалмаа /1 хх 96/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч В.Бийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс В.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн болон өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нар “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Бийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Гэрч Г.Оюунбаярын “...19 цаг өнгөрч байхад танай ах Ганбаа гадаа унтчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би татаад босгоод үзээч гэж хэлтэл хөдлөхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би цээжин дээр нь дараад үзээч гэж хэлсэн. ...Их сандарсан шинжтэй байсан, өнгөрчих шиг  боллоо гэж надад хэлсэн. ...” /1 хх 99-101/,

шүүгдэгч В.Бийн сэжигтнээр өгсөн “... 2 шил архи уугаад би согтсон байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ... Шээх гээд гадаа гартал талийгаач манай үүдэнд шатны дор хэвтэж байсан. ...” /1 хх 192-193/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...уг гэмтэл нь унахад үүсэх боломжгүй. ...зулайн орой хэсэгт цохилтын хэсэг үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. ...” /1 хх 122-123, 124-125/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...дээрх гэмтлийн хувьд савж унасан тохиолдолд далд юм уу тухайн унасан хэсэгтээ хугарал, няцрал үүсдэг. Зулайд учирсан гэмтэл нь савж унах үед үүсэх боломжгүй. ...” /2 хх 100-102/ гэх мэдүүлгүүд,

“Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 3 ширхэг шинэ ханзарсан уранхай” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 412 тоот /1 хх 144-146/,

 “...гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба толгойн гэмтэл нь дух, зулай хэсэгт цохилтын хүч үйлчилсний улмаас арагшаа савж унах үед үүссэн байх магадлалтай байна. Зүүн гарын 2 дугаар хуруун өнгөц хөлдөлт нам хэмийн хэсэг газрын үйлчлэл байна” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 149 тоот /1 хх 108-114/ гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч В.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар согтсон үедээ амь хохирогч Б.Гад хүч хэрэглэсний улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн болон өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх В.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталсныг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт “...Шүүгдэгч В.Батсайхан шүүх хуралдаанд. ...” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гарсныг тэмдэглэж байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн болон өмгөөлөгч М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталсныг хүчингүй болгосугай.

 

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ