Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2108

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02108                             Улаанбаатар хот

 

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: х, “Кбанк” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Б /РД: /-т холбогдох,

зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 3,680,364,298.60 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хэвээрээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүрэн дэмжиж байна. Нэмээд хэлэхэд Кбанк болон Ж.Б нарын хооронд байгуулсан 2014.08.14-ний өдрийн 86 тоот зээлийн гэрээ байдаг. Энэхүү зээлийн гэрээний 3.13 дахь хэсэгт “гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээлийн өр төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ, гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Мөн тухайн гэрээний 3.14 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралтад заасан эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс зээлийн үлдэгдлээс үндсэн хүүг 20%-иар нэмэгдүүлж, хүүг тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж зээлийн гэрээн дээр тодорхой заагаад талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаа нь авсан зээлээ эргүүлэн төлөх хуваарьт гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээнүүдэд тусгайлан зааж өгсөн байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэж авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гээд хуулиар зохицуулсан байна. Ийм болохоор Кбанк ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн дүн болох 3,680,364,289.62 мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зөв зүйтэй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж үзэж байна” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэлдээ 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 автомашин зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байсан. Эдгээр барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг зөвшөөрч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч нь өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Автомашины хувьд Кбанкны нэр рүү шилжигдээд зээл нэмж авахдаа үүнийг давхар барьцаалж 12 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй учраас 86 болон 12 дугаартай зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцааны гэрээнүүдэд дурдагдсан гэр доторх гэр ахуйн цахилгаан бараа, тавилгыг барьцааны зүйлээс чөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт “дараах нөхцөлд банк зээлийн хүүг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана” гээд тодорхой заасан байгаа. 2016 оны 05 дугаар сараас хойш эргэн төлөлт огт хийгдээгүй явдал нь гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.7, 8.3.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд үүссэн байхад, мөн шүүхэд нэхэмжлэл гаргалгүй бүхэл бүтэн 11 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч тал өөрсдөө зохих ёсоор эрхээ хэрэгжүүлээгүй гэдгийг харуулж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч хугацаандаа төлөөгүйн төлөө үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө л нэмэгдүүлсэн хүүний асуудал яригдаж байгаа. Иргэний хуульд хүүг багасгах боломжийн талаар заасан байдаг. Нэгэнт банк зээлийн гэрээний 8.3 дахь хэсэгт заасан үүргээ өөрсдөө биелүүлээгүй явдал нь хүүг багасгах боломжийг харуулж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байгаа. Бага хэмжээний мөнгө биш, 2 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байгаа тул маш их хэмжээний хүү төлөх эрсдэлд хүргээд байна. Тухайн үедээ зээлийг эргэн төлөх асуудал хүндрэлтэй болсон. 1-рт улс орон даяар эдийн засгийн хямралт байдал үүссэн, 2-рт нь энэ хүн байшин барилга барьж зардаг. Гэтэл ямар ч байр зарагдахгүй байдал үүссэнээс асуудал хэцүү байдалд орсон. Энэ талаар хариуцагч өөрөө Кбанкинд бодит байдлаа хэлж байсан байдаг. Үүнийг эрхэм шүүгч харгалзан үзээд хэтэрсэн хугацааны хүүг бүхэлд нь хасч, нэмэгдүүлсэн хүүг багасган тооцож үзнэ үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Кбанк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Ж.Бтай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нийтдээ 3,680,364,298.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Кбанк нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа 2014.08.14-ний өдрийн 86 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,489,032,835.73 төгрөг, зээлийн хүү 1,046,628,319.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,325,663.92 төгрөг нийтдээ 2,744,986,819.23 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 362,814,566.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,562,913.23 төгрөг нийтдээ 935,377,479.39 төгрөг нийт 3,680,364,298.62 төгрөгийг гаргуулах, 2014.08.14-ний өдрийн 86 тоот, 2015.02.16-ны өдрийн 12 тоот барьцааны гэрээнүүдэд тус тус заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  тодорхойлсон байна.

Хариуцагч тал  2 удаагийн зээлийн гэрээний дагуу мөнгө  хүлээн авсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгох нөхцөл байдал үүссэн байхад банк шүүхэд хандаагүйгээс нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ хэт их нэмэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Кбанк ХХК болон хариуцагч Ж.Б нарын хооронд 2014.08.14-ний өдөр 86 тоот зээлийн гэрээ  байгуулж, барилгын санхүүжилтын зориулалтаар 1,500,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 1,9 хувийн хүүтэй, 2015.11.04-ний өдрийн 86-1 дугаартай гэрээгээр зээл төлөх хугацааг 3 сараар сунгасан, мөн 2015.02.16-ны өдөр 12 тоот зээлийн гэрээ байгуулж, барилгын санхүүжилтын зориулалтаар 500,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, нэг сарын 2 хувийн хүүтэй, 2015.11.04-ний өдөр 12-1 дугаартай гэрээгээр зээл төлөх хугацааг 3 сараар сунгахаар тус тус харилцан тохирчээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар  2014.08.14-ны өдрийн 86 тоот зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөг, 2015.02.16-ны өдрийн 12 тоот зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг нийтдээ  2,000,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг  хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан 2014.08.14-ний өдрийн 86 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээлийн гэрээний хугацаа 24 сар, нэмэлтээр 3 сараар сунгасан байх ба зээлийн гэрээний  үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, 2015.02.16-ний өдрийн 12 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зээлийн гэрээний хугацаа 18 сар, нэмэлтээр 3 сараар сунгасан байх ба зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус дууссан байх тул хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т  “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан хэдий ч  шүүх нэмэгдүүлсэн хүүд тооцсон 281,888,577.15 төгрөг/ 209,325,663.92+72,562,913.23/-ийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3, 8.3.1, 8.3.2, 8.3.3-т “...төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол .... гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгох,  үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон .... хохирлыг шаардана” гэж заасан, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 8 сар буюу 240 хоног хэтрүүлсэн байхад банк зээлийн гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэв.

Зээлийн үйл ажиллагаа нь 2 талын харилцан ашигтай байх нэгдмэл зорилгод нийцсэн байх ёстой бөгөөд “...зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээнд хүрэхээр тооцсон” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу хариуцагч Ж.Баас 2014.08.14-ний өдрийн 86, 86-1 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 1,489,032,835.73 төгрөг, зээлийн хүүд 800, 000,000 төгрөгийг, 2015.02.16-ны өдрийн 12, 12-1 дугаартай зээлийн  гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүүд 262,814,566 төгрөгийг  нийтдээ 3,051,847,401.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй юм.

Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож,  зээлдэгчийн өмчлөлийн Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, BenzG550 маркийн автомашиныг тус тус барьцаалуулан зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Иймд Ж.Бт холбогдох зээлийн гэрээнүүдийн нийт үүрэгт 3,051,847,401.73 төгрөг гаргуулж Кбанк ХХК-д олгож, нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 628,516,896.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Баас  зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3,051,847,401.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кбанк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628,516,896.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.        

  

          2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 байр, 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 байр, 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын бүртгэлийн дугаартай, WDCYC7BF2BX189159 арлын дугаартай, BenzG550 маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,559,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 15,417,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кбанк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ