Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2130

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02130                             Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, С ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:, М ком ХХК /РД: /-д холбогдох,

           худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийтдээ 417,841,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норовсамбуу, шинжээч Б.Бүрэнжаргал, Ж.Баттогтох, гэрч Д.Болор, нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани нь М ком ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр худалдагч тал манай компанид 2500 ширхэг таблетийг нийлүүлэх, нөгөө талаас манай компанийн зүгээс тус бүрийг нь 260 ам доллараар үнэлж, 650.000 ам доллар шилжүүлэх гэрээг талууд байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу С ХХК-ийн зүгээс гэрээний 3.1.1, 3.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 195.000 долларыг, мөн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 70 хувь буюу 455.000 ам доллар буюу нийт 650.000 ам долларыг хариуцагч талд  шилжүүлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч талаас гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу барааг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн нийлүүлэх, үүнээс 500 ширхэг барааг 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр гэрээнд бараа нийлүүлэх хугацааг тодорхой заасан. Хариуцагч тал хугацаа хэтрүүлж 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 140 ширхэг таблет,  2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 900 ширхэг таблет, 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700 ширхэг таблет, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 785 ширхэг таблет тус тус нийлүүлсэн. Хамгийн сүүлд эцсийн байдлаар 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүрэн нийлүүлж дууссан. Гэрээнд заасны дагуу 2012 оны 06 дугаар сарын 15, 25-ны өдрүүдэд бараа бүрэн нийлүүлэгдээгүй. 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс гүйцэтгэх захирлын тушаал гарч, смарт таб бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж, нэг бүрийн үнийг нь 490.000 төгрөг байхаар тогтоосон. 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зах зээлд худалдсан. Худалдаанд гаргасны дараа тухайн барааг худалдаж авсан хэрэглэгчдийн зүгээс компанид удаа дараа гомдол гаргаж эхэлсэн. Гомдлууд нь цэнэглэгч тасарсан, цэнэг авдаггүй, батарей нурсан, компьютерт холбогддоггүй, асч унтардаг, гацдаг, халдаг, touch screen товчлуур ажиллагаагүй, сэрүүлэг шиг чимээ гардаг, таблет шатсан, таблет цоожлогдсон, 3G сүлжээнд ордоггүй гэх мэт хэрэглэгчийн зүгээс смарт табын биет байдлын доголдол, чанар стандарттай холбоотой гомдлуудыг компанид гаргаж эхэлсэн. Үүнтэй холбоотой гомдлын баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 2012 оны 07-10 саруудад энэ гомдол үргэлжилсэн. Энэ хугацаанд М ком ХХК-д гомдлын талаар удаа дараа мэдэгдэж, хэлж байсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр смарт табыг үйлдвэрлэгч Хятадаас төлөөлөгч, М ком ХХК-ийн төлөөлөгч, С ХХК-ийн төлөөлөгч нар оролцоод смарт таблетад хамтарсан шалгалт хийсэн. Шалгалтаар цэнэглэгч тасарсан, гацдаг, асдаггүй, карт уншихгүй, таблет цоожлогдсон, дэлгэц хагарсан, мэдрэгч ажиллахгүй байгаа, цэнэг авдаггүй гэх зэрэг, мөн 5MPX камертай гэсэн боловч 2MPX камертай, 3G сүлжээнд ордоггүй зэрэгт нэг бүрчлэн хамтарсан шалгалт хийж, дүгнэлт гаргаж талууд гарын үсгээ зурж, эвдрэл гэмтэл, биет байдлын доголдолтой, хэвийн ажилладаггүй гомдлуууд дээр ажилласан. Хамтарсан дүгнэлтээр 2012 оны 11 дүгээр сарын 09-ний бүх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэж дуусна гэсэн тохиролцоонд хүрсэн. Үүнээс хойш нөхцөл байдлуудыг өөрчлөх, засч янзлах, хэвийн ажиллагаанд нь оруулах талаар арга хэмжээ аваагүй, манай компанид учирсан хохирлыг төлөөгүй. Тухайн үед С ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Болор 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр М ком ХХК-ийн захирал н.Анхбаярт гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд Иргэний хуулийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн, учир нь нийлүүлэгдсэн 2500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний чанар үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй, цаашид хэрэглэгчид борлуулах боломжгүй доголдолтой бараа байсан. Барааны доголдлын талаар хэрэглэгчийн зүгээс ирүүлсэн гомдолд үндэслэн танай компани болон үйлдвэрлэгч компанийн төлөөлөгчдийн хамтарсан шалтгалтаар барааг хүлээж авах үед мэдэх боломжгүй гэсэн. Хамтарсан шалгалтаар 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор бүх доголдлоо арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч арилгаагүй. Тийм учраас гэрээг цуцалж байна. Доголдолтой барааг буцаан төлж, төлбөрийг буцаан өгнө үү гэсэн компанийн байр суурийг албан ёсоор бичгээр өгсөн. Үүнээс хойш М ком ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй, энэ цагаас хойш сураг тасарсан. Манай компанийн зүгээс Nokia баталгаат засварын төв, хөндлөнгийн байгууллагаар смарт табууд дээр дүгнэлт гаргуулсан. 50 ширхэг смарт табыг ажиллуулж үзсэн. Ингэхэд дэлгэцийн гэмтэлтэй, асах үед 2 минутын турш дэлгэцэнд мэдээлэл очдоггүй, үйлдвэрийн гэмтэлд тооцогдох дэлгэцийн нягтрал муу, батарей ашиглалт муу, мэдрэгч нь бусад оригинал таблеттай харьцуулахад муу, камер нь MPX-дээ хүрдэггүй, стандарт бус дугаарлалттай гэх зэргээр биет байдлын доголдлын талаар дүгнэлт гарсан. Компанийн зүгээс М ком ХХК-д доголдлыг арилгах, өөр бараа бүтээгдэхүүнээр солих санал гаргасан боловч захирлын мэдэгдлийг хүлээн авснаас хойш төлбөрийг шилжүүлээгүй, маш ихээр хугацаа алдсан учир 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 2016 онд С ХХК-ийн удирдлагын баг бүрэлдэхүүн шинэчлэгдэж, 2017 онд н.Нарантуяа захирал томилогдож, энэ асуудлыг судалсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад хариуцагч компани хаягандаа байхгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Бидний зүгээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасанаар хариуцагч компанийг эрэн сурвалжлах шийдвэр 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарсан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн оршин байгаа хаягийг тогтоосон албан бичгийг өгсөн. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ албан ёсоор гаргасан. Өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тийм учраас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдвэрлэгч, худалдагч, худалдан авагч нар байлцаж, смарт таб бүтээгдэхүүнийг  биет байдлын доголдолтой гэдгийг тогтоосон. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Nokia баталгаат засварын төвийн хийсэн дүгнэлтээр биет байдлын доголдолтой нь тогтоогдсон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч нар бараа бүтгээдхүүнийг биет байдлыг доголдолтой гэдгийг хангалттай тогтоосон. Тийм учраас биет байдлын доголдолтой бараа бүтээгдэхүүн 851 ширхэг таблет нийлүүлсэнийг буцаан өгч, хохирол болох барааны үнэ 325.550.679 төгрөг, хохирол буюу зайлшгүй олох ёстой байсан орлого 92.290.320 төгрөг, нийт 417.841.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү” гэв.

             

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норовсамбуу шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч бол процессийн үйл ажиллагааны аль ч үе шатанд шүүгчээс татгалзан гарах эрхтэй гэсэн заалтын дагуу эрхээ эдлэх хүсэлтээ гаргасан. Хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Иргэний хуулийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч тал Q721 таблетийн оронд өөр таблетийг хүлээн авсан учраас манай талыг үүрэг гүйцэтгэсэн гэж үзнэ. Өөр таблет хүлээн авчихаад гэрээнд заасан таблетийг л өгөх ёстой байсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд заасан чанарын шаардлагаараа таблетийг доголдолтой гэж үзэж байгаа бол буруу юм. Шинжээчийн дүгнэлтийг үзвэл илүү гарч байгаа үзүүлэлт ч байгаа, дутуу гарч байгаа үзүүлэлт ч байгаа учир түүнийг бас харгалзан үзнэ үү. Тиймээс үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэл байгаа. Мөн Иргэний хуулийн 251.3-т зааснаар бага хэмжээний чанарын шаардлагад нийцэхгүй байгаа ч нэгэнт хүлээн авсан бол үүнийг доголдолгүй гэж үзнэ гэсэн заалт байна. Тэгэхээр 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан зүйлийнг 2018 оны 09 дүгээр сард гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хариуцагчийн зүгээс 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Иргэний хуульд зааснаар гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Гэтэл баталгаат хугацааг оруулан тоолоход 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусч байна. 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 3 жил тоолоход 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусч байна. Хариуцагч энэ хооронд нэхэмжлэл гаргасан гэж байгаа ч хэргийн материалд нэхэмжлэлийг буцаах шийдвэр авагдсан байгаа учир нэхэмжлэл гаргаагүйд тооцогдоно. Мөн Иргэний хуулийн 251.1, 251.2-т зааснаар доголдолд үндэслэн шаардах эрхээ алдсан. Гол онцлох зүйл нь Иргэний хуулийн 251.2-т зааснаар аж ауйн үйл ажиллагаа эрхэлдэг бол худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргийг биелүүлээгүй гэж байна. 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шилжүүлэн өгсөн байхад сүүлд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шаардлага гаргасан. Тэгэхээр энэ хоёрын хооронд маш удаан хугацаа байна. Хуулийн гол агуулга нь С ХХК нь мэдээлэл холбооны салбарт ашгийн төлөө хуулийн этгээд учраас аж ахуй эрхлэгч гэж үзэж байна.  Тиймээс хүлээн авахдаа шалгах үүргээ биелүүлээгүй нь гомдлын дагуу шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 251.1-д зааснаар нэхэмжлэгч хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан, мөн хохирол гэх зүйлийг юунд үндэслэж,  яаж тодорхойлсон нь хэргийн материалаас харагдахгүй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх  С ХХК-ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетийн үнэ 325,550,679 төгрөг, хохирол 92,290,320 төгрөгийг нийтдээ 417,841,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг  хүссэн байна.

Хариуцагч нь үүрэг дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй болно.

Хэргийн баримтаас үзэхэд С ХХК, М ком ХХК-ийн хооронд 2012.05.23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний ерөнхий зүйлд  нийлүүлэгч нь 2500 ширхэг Tablet-г дагалдах хэрэгслийн хамт гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, захиалагч нь тогтоосон хугацаанд хүлээн авах, үнийг төлөх хэлцлийн нөхцөлийг заасан байна.

Гэрээний 2.1-д  зааснаар нийлүүлэгч тал Q.721 маркийн 2500 ширхэг Tablet нэгжийн үнэ 245 ам доллар, Navigation system нь 15 ам доллар, нийтдээ 650 000 ам долларын бараа нийлүүлэх, гэрээний 3.1, 3.1.1, 3.1.2-т зааснаар захиалагч тал төлбөрийн 30 хувийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ, үлдэгдэл 70 хувийг захиалагчийн биет төлөөлөгч барааг үйлдвэрлэж буй газарт очин хүлээн авах боломжтой гэдгийг баталгаажуулж, барааг хүлээн авахаас ажлын 10 хоногийн өмнө шилжүүлэхээр тохирсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Гэрээний 4.1-д зааснаар нийлүүлэгч нь барааг 2012.06.25-ны өдөр DS Kingdom Technology Limited-ээс бүрэн нийлүүлнэ, эхний ээлжинд 500 ширхэг барааг 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор агаараар түргэн нийлүүлэх ба төлбөрийг талууд тохиролцохоор, гэрээний 5.2, 5.3-т зааснаар нилйүүлэгч нь бараа эвдрэлтэй болон гэрээний нөхцөлийг хангахгүй байгаа тохиолдолд тус барааг 5 хоногийн дотор ижил бараагаар солих эсвэл төлбөрийг захиалагчид буцаан олгох, мөн нэг төрлийн давтагдсан гэмтэл гарсан тохиодолд үлдэгдэл барааг буцаан  авч, төлбөрийг захиалагчид буцаан олгохоор байна.

М ком ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, С ХК-ийн төлбөрийн хүсэлт, материалын орлогын падаан зэргээс үзэхэд  нэхэмжлэгч нь гэрээний 3.1.1-д зааснаар 30 хувийн төлбөр буюу 195,000 ам долларыг 2012.05.24-нд, мөн 3.1.2-т зааснаар 70 хувийн төлбөр буюу 455,000 ам долларыг 2012.06.22-нд тус тус шилжүүлсэн, харин хариуцагч 2012.06.11-нд 140 ширхэг таблет, 2012.07.09-нд 900 ширхэг таблет, 2012.07.10-нд 700 ширхэг, 2012.07.31-нд 785 ширхэг нийтдээ 2525 /нөөц бараа 25 ширхэг/ таблетыг тус тус нийлүүлсэн байна.

Дээрх бараанууд нь биет байдлын доголдолтой болох нь 2012.11.01-ний өдрийн БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хамтарсан уулзалтаар 2012.11.09-ний өдрийн дотор шинээр солих, бүрэн засварлахаар тохирсон байна.

С ХХК-ийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг 2012.12.20-ний өдрийн 01/1100 албан тоотоор хүргүүлсэн байх бөгөөд нийлүүлсэн 2500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан чанар, үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй, доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч хэрэгжээгүй  гэх үндэслэлүүдийг уг мэдэгдэлд дурджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,  254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

Дээрх байдлаас үзэхэд нийлүүлэгч барааны үлдэгдэлийг 2012.07.31-нд нийлүүлж дууссанаас хойш 6 сарын дотор буюу 2012.11.01-нд доголдол илэрсэн, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.

Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2018.06.15-ны өдрийн 07623 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд  2018.08.16-ны өдрийн 01-095/18 дугаар шинжээчдийн дүгнэлтээр үлдэгдэл таблет нь биет байдлын болон ажиллагааны доголдолтой болох нь тогтоогдсон байна.

С ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд М ком ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, улмаар татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахыг хүссэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн  205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын тооцоо, задаргаанаас үзэхэд төлөвлөсөн ашиг буюу нэхэмжлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлого 92,290,320 төгрөгийг нотолсон баримтгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 851 ширхэг таблетийн үнэ буюу 295,955,163.4 төгрөг /худалдан авсан үнэ 260 ам долларыг 2012.06.24-ний өдрийн ханш 1,337.59 төгрөгөөр тооцож нэгжийн өртөг 347,773.4/-ийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,  уг 851 ширхэг таблетийг М ком ХХК-д буцаан өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Нэхэмжлэгч С ХХК нь 2015.04.08-ны өдөр Дүүргийн ИХАШШ-д, мөн 2015.11.10-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж байсан, тус шүүхийн 2015.12.02-ны өдрийн 39186 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, Баянзүрх дүүргийн ИХАШШ-ийн 2017.08.08-ны өдрийн 13167 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Сүхбаатар дүүргийн ИХАШШ-ийн 2017.09.07-ны өдрийн 02238 дугаар шийдвэрээр хариуцагч М ком ХХК, түүний захирал Т.Анхбаяр нарыг эрэн сурвалжилсан байдлуудаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Хариуцагч талыг өөрийн татгалзалын үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотолж чадсангүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, үүрэгтэй болно.

Нэр бүхий шинжээчид дүгнэлт гаргахаар ажилласан цагийн нэмэлт тооцоог гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д  зааснаар шинжээчдийн ажлын хөлсийг хүсэлт гаргасан тал буюу нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М ком ХХК-иас 295,955,163.4 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож, үлдэгдэл 851 ширхэг таблетийг М ком ХХК-д буцаан өгч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,885,837 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар М ком ХХК-иас 1,637,726 төгрөг гаргуулж С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,247,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 1,400,000 төгрөгийг гаргуулж шинжээч Б.Бүрэнжаргалд 700,000 төгрөг, Ж.Баттогтоход 700,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ