Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01484

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01089 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК хариуцагч М ХХК -д холбогдуулан биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетын үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн, Ө.Жамбалсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2012 оны 05 сарын 23-ны өдөр ХХ/182/12 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2 500 ширхэг таблетыг 1 ширхгийг 245 ам.доллар, Navigation system /цаашид нэйвигэйшион систем гэх/ 1 ширхэг нь 15 ам.доллар, нийт 260 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Барааг 2012 оны 06 сарын 25-ны өдөр DS Kingdom Technology Limited компаниас бүрэн нийлүүлж, хариуцагч нь 500 ширхэг барааг 2012 оны 06 сарын 15-ны өдрийн дотор агаараар түргэн нийлүүлэх гэж тохиролцсон боловч хугацаа хожимдуулж, 2012 оны 07 сарын 31-ний өдөр нийт 2 525 ширхэг /25 ширхэг нь нөөц бараа/ таблетыг тус тус нийлүүлсэн.

С ХХК гүйцэтгэх захирлын 2012 оны 06 сарын 25-ны өдрийн Таблет бүтээгдэхүүний үнэ батлах тухай А/71 дугаар тушаалын хавсралтаар 1 ширхгийн үнийг 491 000 төгрөгөөр тогтоож, 2012 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Гэтэл таблет худалдан авагчдаас гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол ихээр гаргасны дагуу шалгахад гэрээний 6.1-д заасан техникийн үзүүлэлт, чанар, стандарт, тоо хэмжээ, өнгө дизайныг нийлүүлэх гэж заасныг ноцтой зөрчиж биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн байсан.

2012 оны 11 сарын 01-ний өдрийн БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн инженерийн дүгнэлтээр доголдол нь тогтоогдсон. Таблет өөрөө асаж унтардаг, дотоод санах ойн СД карт уншигдахгүй болдог, батарей цэнэг тооцох алгоритм буруу 3.3В, дэлгэцийн мэдрэгч муу ажилладаг, буруу үсэг дарагддаг, камерын үзүүлэлт 2 мега пиксел үзүүлэлттэй зэрэг доголдол илэрч, нийлүүлэгч компаниас 2012 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл бүрэн засварлахаар тохирсон боловч засварлагдаагүй. Улмаар 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 01/1100 дугаар албан бичгээр нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой байгаа талаар дурдаад доголдлыг арилгах нэмэлт хугацаанд арилгаагүй тул доголдолтой барааг буцаан авч, төлбөрийг буцаан шилжүүлэх талаарх гомдлын шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн.

Мөн 2014 оны 12 сарын 18-ны өдөр Нокиа албан ёсны баталгаат засварын төвөөр дүгнэлт гаргуулахад таблетын дэлгэц үйлдвэрийн гэмтэлтэй, асаах үед 2 минутын турш дэлгэцэд мэдээлэл өгөхгүй цайрдаг, дэлгэцийн нягтрал муу, мэдрэгч нь мэдрэх түвшин муу, камерын үзүүлэлт нь үйлдвэрээсээ 5 мега пиксел гэсэн боловч 2 мега пиксел хэмжээнд ажилладаг, Имэй код байхгүй, сериал код ихээр давхацдаг, стандарт бус дугаарлалттай, санах ой нь өөр дээрээ 4 гегабайт боловч үндсэн цэс нь ихэнх зайг ачаалдаг учир зураг дарах, видео бичлэг хийх үед заавал Мемори карт ашиглах шаардлага гардаг гэсэн доголдлууд илэрсэн.

Дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон ноцтой биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн байгаа талаар хариуцагчид мэдэгдэж, доголдлыг бүрэн арилгах нэмэлт хугацаа тогтоож байсан боловч доголдлыг арилгаагүй хохироож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.7, 219 дүгээр зүйлийн 219.1, 219.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэг, худалдах, худалдан авах гэрээний 5.2, 5.3, 7.2.1-д заасныг тус тус үндэслэн биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетын үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг нийт 417 841 000 төгрөгийг М ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээний хавсралтад заасан тоо ширхэг, чанарын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Скайтел ХХК нь 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ дэмжээгүй учир шүүхээс нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг буцаасан захирамжид гомдол гаргаагүй, мөн энэхүү захирамж гаргаснаас хойш бараа бүтээгдэхүүний талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байж дахин шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр таблетын үнэ, техникийн үзүүлэлт, баталгаат хугацааг харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд таблетыг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба бараа бүтээгдэхүүнд гарсан алдаа, доголдлыг захиалагчийн шаардлагаар цаг тухайд нь баталгаат хугацаандаа арилгаж, засварлаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Таблетын техникийн үзүүлэлт болон чанар нь худалдах худалдан авах гэрээний хавсралтад заасан хүрээгээр тодорхойлогдох бөгөөд уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанийн худалдааны нэхэмжлэл, мэдээллийг үндэслэн талууд тохиролцсон байдаг. Уг тохиролцоог үндэслэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Скайтел ХХК таблетыг хүлээн авч, ажиллагааг шалгаж үзээд гэрээгээр тодорхойлсон техникийн шаардлагын бүрэн хангаж, хэвийн ажиллаж байна гэж үзээд зах зээлд нийлүүлсэн. Иймд биет байдлын доголдолтой гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр нэйвигэйшион болон трэйкинг системийг таблет бүрд нэг бүрийн 15 ам долларын өртөгтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг системийн чанар, үзүүлэлттэй холбоотойгоор нэг ч гомдол гаргаагүй атлаа уг үнийг оролцуулан нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна.

Түүнчлэн Нокиа баталгаат засварын төв гэх албан бус газрын дүгнэлтийг үндэслэн таблетын чанар, үзүүлэлтийг гэрээний хавсралтаар тодорхойлсон чанар, үзүүлэлтээс өөр хүрээнд тодорхойлж байгаа нь талуудын хооронд гэрээгээр тохиролцож баталсан техникийн үзүүлэлтээ өөрөө үгүйсгэж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Скайтел ХХК нь дээрх таблетыг зах зээлд хангалттай нийлүүлсэн бөгөөд борлогдоогүй үлдсэн, өөрсдийн буруугаас гэмтээсэн бараа бүтээгдэхүүнээ доголдолтой бараа бүтээгдэхүүн хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй байна. 2012 оны 05 сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрдөг. Гэрээний дагуу манайх бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Хариуцагчийн зүгээс татгалзаад байгаа хоёр нөхцөл нь бараа бүтээгдэхүүнийг актаар хүлээж аваагүй.

Скайтел ХХК нь доголдлыг барааг хүлээж авахдаа мэдэх боломжгүй байсан гэдгээ тайлбарладаг хэдий ч нэг бүрчлэн зүг заагч болон нэйвигэйшион систем суулгасан. Гаалиас бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад, зориулалтын агуулахад хадгалсан эсэх, хэрэглэгчид зориулалтын дагуу ашигласан эсэх дээр маргаан үүснэ. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК -аас доголдолтой 851 ширхэг таблетын үнэ болох 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 851 ширхэг таблетыг хариуцагч М ХХК -аас буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 247 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -аас улсын тэмдэгтийн хураамж 2 247 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нотлох баримт гаргуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах байсан. Шүүх хуралдааны бичлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэлэлцээд, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон байгаа нь тусгагдсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулахаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид М ХХК -ийн захирал н.Анхбаяр, өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Ч.Өнөржаргал миний Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралтай байгаа талаар нотлох баримт, өмгөөлөгч Ч.Өнөржаргал миний шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн хүсэлт зэрэг нотлох баримт өгөх, уг хүсэлтээ тайлбарлах боломжийг олгоогүй нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжийг шүүх хязгаарласан байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасныг үндэслэн мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан эрхийн хүрээнд шүүгч болон шүүхээс татгалзан гарах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулахыг тодорхой дурдсан. Гэтэл шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжидийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан шүүгч болон шүүхээс татгалзан гарах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчин татгалзлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгч болон Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлээгүй байна.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжидийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлснийг буруу шаан, шүүх хуралдааныг дэг зөрчсөн гэж шүүх хуралдааны танхимаас гаргаж, хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Сэвжид шүүх хуралдааны үед гаргасан татгалзан гаргах хүсэлтээ шүүх хуралдааны явцад бичгээр гаргаж өгөх боломж байгаагүй тул татгалзлыг бичсэн хүсэлтээ шүүгчийн туслахад өгөх гэсэн боловч шүүгчээс асууж байж авна гэх хариу өгсөн байдаг. Ингээд шүүгч хүсэлтийг авахгүй гэж байна гээд татгалзлыг бичсэн хүсэлтийг нь хүртэл хэрэгт аваагүй байдаг.

Өмгөөлөгч Ч.Өнөржаргал нь Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцохоор 2020 оны 04 сарын 26-ны өдөр Улаанбаатар-Улаангом, буцах тасалбар 2020 оны 04 сарын 30-ны өдөр Улаангом-Улаанбаатар тасалбар захиалсан байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 сарын 28-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ. Иймээс Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, 2 талын нислэгийн тийз захиалсан баримт, Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан шүүх хуралдааны хурлын тов зэрэг нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн боловч шүүгчийн мэтгэлцэх боломжийг хязгаарласан нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргах, уг баримтуудыг хэрэгт хавсаргах боломж олдоогүй байдаг. Өмгөөлөгч Ч.Өнөржаргал нь М ХХК -ийн захирал н.Анхбаяртай 2020 оны 04 сарын 25-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийн материалтай танилцахдаа хэрэгт хавсаргасан болно.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Ж.Сэвжидийн шүүх хуралдаанд эхлэхээс өмнө гаргах хүсэлтийг бүрэн сонсоогүй атлаа түүний шүүгч болон шүүхээс татгалзан гарах хүсэлт гаргаж байгаа байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ойлгосон, шүүх хуралдааны явцад шүүгч болон шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гарах хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгч болон Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэх байтал хариуцагчийн төлөөлөгч Ж.Сэвжидийг шүүх хуралдааны хуулиар тогтоосон дэг, шүүх хуралдааны журмыг удаа дараа зөрчсөн гэж тайлбарласан нь хууль бус байна.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд тайван оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх байтал чанга дуу хоолойгоор зандрах, шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг бүрэн сонсохгүй байх, шүүх хуралдааны явцад шүүгч болон нийт шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэж хуралдааны танхимаас зайлуулах зэргээр маш бүдүүлэг, дээрэнгүй хандлагаар шүүх хуралдааныг удирдсан байгаа нь шүүх хуралдааны бичлэгт тодорхой бичигджээ.

Иймд хэргийн оролцогч Ж.Сэвжидийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчин татгалзлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнд шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Дээрхээс гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй байх бөгөөд Иргэний хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч М ХХК -д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетын үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 60/

 

Анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, хариуцагч М ХХК -аас нийт 417 841 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийг /2хх 34-36/ болон хэрэгт хавсаргагдсан шүүх хуралдааны бичлэгтэй харьцуулан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинээр нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн талаар танилцуулсны дараа дахин өөр агуулгаар хүсэлт гаргасан байх боловч шүүх хүсэлт гаргах үе шат дууссан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийг эхлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийн зохицуулалт нь хэргийн оролцогчоос зөвхөн нэг удаа хүсэлт гаргах, шүүгч зөвхөн нэг удаа шийдвэрлэх агуулгыг илэрхийлээгүй байна. Мөн хэргийн оролцогчийн зүгээс хүсэлтээ нэг нэгээр нь гарган шийдвэрлүүлнэ хэмээн ойлгосон талаар тайлбарлаж байхад тухайн хүсэлтийг сонсоод бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх нь дээрх хууль зөрчсөн үндэслэл болохгүй юм. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Харин шүүхийн зүгээс шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч энэ талаар хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзал байхгүй гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд шүүгчээс татгалзаж байна хэмээн тайлбарласныг татгалзан гаргах хүсэлт гэж үзэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлт гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд эд мөрийн баримтыг эзэмшигчид буцаан олгож болохоор, ийнхүү буцаан олгох бол эд мөрийн баримтыг дүрс бичлэг, гэрэл зураг, зураглалаар бэхжүүлж хэрэгт үлдээхээр журамлажээ. Гэтэл хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргасны улмаас шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг таблетыг хэргийн оролцогчийн хүсэлтээр түүнд буцаан өгсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулах боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01089 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 247 155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР