Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 139

 

Иргэн Ц.Цэвэлдоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, Н.Наранцацрал, гуравдагч этгээд “Баярсгоулд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0100 дугаар магадлалтай, иргэн Ц.Цэвэлдоржийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 965 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.4, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.3-т заасныг баримтлан Ц.Цэвэлдоржийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүд нь илт хууль  бус болохыг тогтоосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0100 магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч Ц.Цэвэлдоржийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын 13713А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008.05.16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “Баярсгоулд” ХХК-д олгосон. Энэ шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008.12.12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Үүний дараа Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг бүртгэлээс хассан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахдаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015.05.08-ны өдрийн 334, 2015.05.20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүд илт хууль зөрчиж гарсан бөгөөд үүний улмаас өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрх зөрчигдөж байгаа талаар дурдаж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, “Баярсгоулд” ХХК-д нөхөн олгогдсон гэх тусгай зөвшөөрөл нь анхнаасаа л илт хууль бусаар олгогдсон зөвшөөрөл бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олгосон гэх хариуцагчийн үйлдэл Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж гарсан учраас 334, 387 дугаар актуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Гуравдагч этгээдийн эзэмшиж байсан 13713А тусгай зөвшөөрлийг олгосон АМГТХЭГ-ын ГУУКХ-ийн даргын 2008.05.16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн 350 тоот шийдвэрийг 2008.12.12-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх гаргасан. Энэхүү шийдвэрийг үндэслэн АМГ-ын ГУУКХ-ийн 2009.04.09-ний өдрийн 75 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эхлэх газрын ГУУКХ-ийн даргын 2008.05.16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцсоныг бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл нь бүртгэлээс хасагдсан зөвшөөрөл юм. Анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ямар тохиолдолд нөхөн олгох асуудлыг зохицуулаагүй байна”, “хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргасан нь илт хууль бус байна” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн зүгээс гаргасан гомдлыг хянан үзээд “...холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн маргааныг хянан шийдвэрлэх нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн 2017.02.01-ний өдрийн 221/МА2017/0100 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  өгнө үү” гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ

“Баярсгоулд” ХХК-ийн 6343Х, 13245Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 2003, 2006 оноос хойш ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан 351 гектар талбайд Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр 13713А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай /уурхайн талбай/ нь:

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:” 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, ... талбайтай давхцаагүй” гэж заасны дагуу тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газартай;

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүстэй;

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд ... ашигт малтмал хайх, олборлох ...ыг хориглоно” гэж заасны дагуу усны онцгой хамгаалалтын бүстэй тус тус давхцах учиргүй.

“Баярсгоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 351 гектар талбай нь Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01, 08/02 дугаар тогтоолоор “тусгай хэрэгцээ”-нд авсан газартай давхацсан үйл баримтыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр тогтоосон; үүнээс хойш тус компани 223 гектар талбайг буцаан өгснийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрээр баталгаажуулж, 127.44 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-018764 тоот тусгай зөвшөөрөл олгосон байх бөгөөд энэ нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай, усны онцгой хамгаалалтын бүстэй давхцаагүй, харин “усны энгийн хамгаалалтын бүс”-тэй хэсэгчлэн давхацсан болохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодорхойлжээ. 

Харин ашигт малтмал ашиглах МҮ-018764 тоот тусгай зөвшөөрлийн 127.44 гектар талбай нь /орон нутгийн/ “тусгай хэрэгцээ”-ний газартай үргэлжлэн давхцаж байгаа эсэх, ямар хэмжээгээр давхцаж байгаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01, 08/02 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байгаа эсэх, нэхэмжлэлийн “...Бөөрөлжүүтийн голын онцгой хамгаалалтын бүс дотор, голын эргээс 6-8 метр зайд ашигт малтмал олборлолт хийж, голын гольдрол, урсцыг алдагдуулснаар иргэн миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөхөд хүрнэ” гэсэн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар байдлаар зөрчих нөхцөл байгааг хэрэгт  авагдсан баримтаар тогтоох боломжгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх “нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэж үзэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх магадлалд дурдсан нотлох баримтыг бүрэн цуглуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэвэл зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0100 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН