Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/02211

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/02211

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-а ХХК-д холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн  .. дүгээр хороо, .. байрны ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Н-а ХХК-иас алдангид 34.150.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд С.Бямбацогтын бие даасан шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч Н-а ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, түүний өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н-а ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 134 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу захиалсан байрандаа амьдарч байгаа болно. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандах гэхэд Н-а ХХК нь шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа болно. Иймд С.Н намайг Сонгинохайрхан дүүргийн .. дүгээ хороо, .. байрны .. тоот хаягт байрлах, ... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Н-а ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н-а ХХК нь С.Нд ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд тэрээр гэрээнд дурдсан орон сууцандаа амьдарч байгаа болно. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийн хувьд, Н-а ХХК-ийн удирдлагууд иргэдтэй давхар гэрээ байгуулж, захиалагч нарыг залилсан гэх асуудлаар 2016 оны хавраас Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм. Энэ үндэслэлээр Цагдаагийн байгууллага бүх бичиг баримтыг хураан авсан болно. Манай компани нь захиалагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс түр хороо болон Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо ТББ-г байгуулсан. Ингээд Н-а ХХК болон уг төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан болно. Энэ гэрээ нь давхардсан захиалагч нарын эрх ашгийг хамгаалахад нэн ач холбогдолтой юм. Гэтэл захиалагч нар нь нэгдсэн нэг хүсэл зоригоос татгалзаж, дан ганцаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бусад захиалагч нарын эрх зөрчигдөх, цаашид ажил явах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Н-а ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Нг өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Учир нь гуравдагч этгээд С.Бнь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. С.Бнь төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан тул бид С.Б-той байгуулсан гэрээг цуцалж, С.Нтай гэрээ байгуулсан юм. Иймд С.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд С.Бшүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд С.Бнь гэрээгээр харилцан тохиролцсон 68.300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм. 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр компаниас дуудаад барилга энэ ондоо ашиглалтад орно, та түлхүүр гардуулахад өгөх 10 хувийн төлбөрөө төлчих гэхээр нь бид төлсөн. Барилга хугацаандаа ашиглалтад оролгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Н-а ХХК-ийн борлуулалтын менежер гэх хүн та маргааш ирээд түлхүүрээ гардаж ав гэж утсаар хэлсэн. Маргааш нь очиход тэр хүн талбайн инженертэй уулзаад ир гэхээр нь тухайн хүнтэй уулзахад юу гэсэн үг вэ наад байранд чинь 2016 оны 4 дүгээр сард айл оруулсан шүү дээ гэсэн. Би буцаад эрх бүхий этгээдэд энэ тухай хэлэхэд та хүлээж бай, бид байрыг чинь суллуулж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл биднийг хүлээлгэсэн. Биднээс хойш захиалга өгч гэрээ байгуулсан С.Нд бидний байрыг олгосон нь хууль бус байгаа учир иргэн С.Бямбацогтыг Сонгинохайрхан дүүргийн  .. дүгээр хороо, .. байрны ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн Н-а ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний 4.1-д заасны дагуу 34.150.000 төгрөгийн алдангийг Н-а ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Н гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй байдаг. Хариуцагч Н-а ХХК нь 2016 оны 4 дүгээр сард уг орон сууцыг миний эзэмшилд шилжүүлж өгсөн тул намайг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Н-а ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд С.Бнь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байсан. Иймд бид С.Б-той байгуулсан гэрээг цуцалж С.Нд байрыг худалдсан. Улмаар 2016 оны 4 дүгээр сард байрыг С.Нд хүлээлгэж өгсөн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Н-а ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн  .. дүгээр хороо, .. байрны ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н-а ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гуравдагч этгээд С.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, улмаар маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаснаар талууд маргажээ.

Хариуцагч Н-а ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, гуравдагч этгээд С.Б-той Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд баригдах орон сууцны барилгын ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцыг С.Б-ын өмчлөлд шилжүүлэх, С.Бнь харилцан тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээсэн, мөн Н-а ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, нэхэмжлэгч С.Нтай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .. байрны .. давхарт байрлах ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Нд шилжүүлэн өгөх, С.Н нь харилцан тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороонд, Н-а ХХК-ийн барьж буй ... айлын орон сууцны барилга /А блок/-ын зураг төсөлд өөрчлөлт оруулах, орон сууцны зохион байгуулалт, хийц, хэлбэр, хэмжээнд захиалагч-ийн хувиар нэг бүрчлэн нөлөөлж болохоор талууд тохиролцоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь Н-а ХХК-ийн урьдчилан бэлдсэн зураг төслийг үндэслэн, тус компанийн барьж буй 75 айлын орон сууц /барилгын А блок/-ны барилгаас ... м.кв талбай бүхий орон сууцыг хариу төлбөртэйгөөр өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах хүсэл зоригтой байсан, мөн ирээдүйд бий болох эд хөрөнгийг худалдан авч болдог тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг үндэслэн гуравдагч этгээд С.Бнь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 13.660.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 13.660.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 13.700.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20.450.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 6.830.000 төгрөгийг тус тус төлснийг хариуцагч Н-а ХХК хүлээн авсан, мөн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг үндэслэн Н-а ХХК нь 75.130.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Нгаас хүлээн авсан, гэрээний үүргээ хэн аль нь биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг-ийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь хариуцагч Н-а ХХК-иас шаардах эрхтэй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй.

Дээр дурдсан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ нь талуудын

хооронд зөвхөн хөрөнгө шилжүүлэх үүрэг-ийг үүсгэх бөгөөд дан ганц энэ үүрэг нь хөрөнгийн эрх зүйн байдлыг өөрчилж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүчин төгөлдөр үүргээс гадна дахин хөрөнгө шилжүүлэх хэлцэл /Иргэний хуулийн 110, 111 дүгээр зүйл/ талуудын хооронд хийгдсэнээр эд хөрөнгийн эрх зүйн байдал өөрчлөгддөг болно.

Хариуцагч Н-а ХХК нь нэхэмжлэгч С.Нтай байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнээс гадна уг гэрээг үндэслэн хөрөнгө шилжүүлэх хэлцэл хийж1, улмаар 2016 оны 4 дүгээр сард маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч С.Нгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь зохигч болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 4-6 дугаар тал/

Ийнхүү хариуцагч Н-а ХХК нь нэхэмжлэгч С.Нтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнээс гадна мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар дахин хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн байх тул С.Н болон Н-а ХХК хоорондын хөрөнгө шилжүүлэх тохиролцоог хүндэтгэн үзэх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэхээс гадна мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг нэхэмжлэгч С.Н нь өөрийн эзэмшилдээ авах давуу эрхтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн  .. дүгээр хороо, .. байрны ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр С.Нг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гуравдагч этгээд С.Бнь шүүхэд хандаж бие даасан шаардлага гаргахдаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаснаас гадна хариуцагч Н-а ХХК-д холбогдуулан 34.150.000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг мөн гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар, гуравдагч этгээд нь маргааны зүйл-ийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй талаар хуульчилсан ба талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг үндэслэн 34.150.000 төгрөгийн алданги шаардсан нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхтэй холбогдолгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн буюу энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр, хариуцагч Н-а ХХК-иас 34.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдох хэргийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

_____________________________

1-         Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч С.Н хүлээж авснаар хөрөнгийн эзэмшил шилжсэн байна.

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн  .. дүгээр хороо, .. байрны ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр С.Нг тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Н-а ХХК-иас гэрээний дагуу төлөх ёстой алдангид 34.150.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд С.Бямбацогтын бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус бүр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-а ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР