Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02369

 

 

     

 

 

      2018 оны 09 сарын 24 өдөр

          Дугаар 184/ШШ2018/02369

                  Улаанбаатар хот

                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Ж   

Хариуцагч: “Д.Х” ХХК

Хариуцагч: Ц.Т

Гэрээнээс татгалзаж, хохирол, алдангид нийт 49 204 887 /дөчин есөн сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч Ц.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Х ХХК-ийн захирал Б.Э, гэрч А.Ариунжаргал, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд байрлах зуслангийн зориулалттай газартаа амины орон сууц бариулахаар шийдэж 2016 оны 9 дүгээр сард Д.Х ХХК-ийн удирдлагатай уулзаж амины орон сууц бариулах талаар ярилцсаны үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус компанитай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 2 давхар амины орон сууц, 22 м.кв граж, 18 м.кв хэмжээтэй террастай дөрвөн улирлын зориулалттай амины орон сууцыг 45 хоногийн хугацаанд бариулж хүлээн авахаар тохиролцсон. Бид уг ажлын төсөв санхүүжилтэд 48 960 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт  4 896 000 төгрөг, нийт 53 856 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж гэрээнд заасны дагуу эхний удаа 24 000 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ийнхүү барилгын ажлын санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд Хаан банкнаас 50 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй авсан юм.

Бид гэрээт ажлын санхүүжилт төсвийг ямар нэгэн саадгүйгээр шийдвэрлэж байсан ч гүйцэтгэгч тал гэрээнд заасан 45 хоногтоо барилгыг дуусгаж чадаагүй, нэг давхрын ажлыг л хагас дутуу хийсэн байдалтай маш хангалтгүй ажилласан. Энэ хугацаанд удаа дараа шаардлага тавьж байсан ч ажлын талбай дээр гүйцэтгэгчийг төлөөлж зохион байгуулах хүн байхгүй, ажилтнууд биднийг цалинг өгөөгүй, техник эвдэрсэн гэх мэт шалтаг тоочсоор өнгөрөөсөн. Гүйцэтгэгч компани 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цаг агаар хүйтэрч, ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хавар үргэлжлүүлье гээд ажлыг зогсоох санал гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны хооронд 41 хоногийн хугацаанд дуусгах, мөн зарим ажлыг үнэ төлбөргүйгээр хийж өгөхөөр ажлын хуваарийг гаргаж ирүүлснийг би зөвшөөрсөн.

Гэтэл гүйцэтгэгч компани сунгасан хугацаанд ч ажлыг бүрэн дуусгаагүй, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгах шинэ төлөвлөгөө гарган ирүүлж бид энэ хугацаанд яг дуусгана төлөвлөгөөнд гарын үсэг зурчих гэсэн бөгөөд цаашид энэ байдал давтагдаж 2017 оны 7 дугаар сарын 1, 17-ны өдрүүдэд нөгөө шинэ төлөвлөгөөгөө л гаргаж байсан. Мөн шинэ захиалагч ороод ирвэл танай барилгын ажлыг хурдан дуусгана, бидэнд хугацаа хэрэгтэй гэж л хэлдэг.Гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээгээ биелүүлэхгүй, цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэх нь эргэлзээтэй байсан тул 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр албан шаардлага хүргүүлж 2017 оны 7 дугаар сарын 28-ны дотор доголтолтой гүйцэтгэсэн ажлуудыг бүрэн дуусган хүлээлгэн өгөхийг шаардаж биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, алданги хохирол нэхэмжлэх талаар мэдэгдсэн ч өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй байна. Ажлын чанарын доголдлын талаар дурдвал барилгын үндсэн хийц болох суурийн хэсгийн арматур хийгдээгүй, бетоны марк муу өгөршсөн нурах аюултай, технологийн горим алдагдсанаа суурийн бетон хөлдсөн, дам нурууны зузаан багадсан, барилгын материал чанарын шаардлага хангахгүй зэрэг маш ноцтой 11 төрлийн зөрчил илэрсэн. “Дриймвүүд” ХХК-ийн захирал Ц.Т нь барилгын санхүүжилт болох 34 000 000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах ёстой.

Анх нэхэмжлэл гаргахдаа  хариуцагч компани болон Ц.Таас 34 000 000 төгрөг, зээлийн хүү төлж хохирсон 6 689 143 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги  8 515 744 төгрөгийг гаргуулах, мөн энэхүү дутуу баригдсан барилгыг буулгаж газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаардлагаа дараах байдлаар багасгасан.  

Дүгнэлтээр хариуцагч тал барилгын ажилд 25 003 423 төгрөг бодитоор зарцуулсан нь тогтоогдсон тул зөрүү 8 996 577 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 5 423 000 төгрөг, алданги 2 024 229 төгрөг, нийт 16 623 806 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Ц.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс барилгын ажилд зориулан  34 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Анх томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө, Барилгын хөгжлийн төвийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь Барилгын хөгжлийн төв нь эрх үүргийнхээ хувьд шинжээчээр ажиллах, үнэлгээ тогтоох эрх хэмжээтэй байгууллага биш. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр доголдол гэж яриад байгаа зүйлийг маш тодорхой үнэлсэн, нарийвчлан гаргасан учраас энэ үнэлгээг зөвшөөрч байгаа. Хариуцагч Ц.Т нь нэхэмжлэгчтэй Д.Х ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн бөгөөд нэхэмжлэгч  гэрээнээс татгалзсан, хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болно.  

Д.Х ХХК-ийн захирал Н.Энхдэлгэрэх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Х ХХК-ийн захирал Ц.Ттай анх Солонгос улсруу гэр бүлээр нь гаргаж өгнө гэсний дагуу танилцсан. БНСУ-ын виз авахаар түүнд 5 гадаад паспорт, 2 800 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард өгсөн. 2017 оны 11 дүгээр сард виз гарахгүй байсан тул орлого нотлох, баталгаа болгох үүднээс Д.Х ХХК-ийн захирлаар томилогдон, компанийн хувьцааг шилжүүлэхээр Ц.Тын зааж өгсөн нотариатын газар очиж бэлдсэн баримтад гарын үсэг зурсан. Тэрээр виз гарахгүй байна гэж цаг хугацаа хойшлуулсаар 2018 оны 5 дугаар сард мөнгө бичиг баримтыг надад эргүүлэн өгч, компанийн хувьцааг буцаан шилжүүлж авсан.

Энэ компанийн тухай би юу ч мэдэхгүй, ямар ч гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байгаагүй, миний бие компанийг буцаан өгсөн, энэ компанийн бусдын өмнө хүлээх хариуцлага надад хамаагүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ж нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хохирол, алдангид нийт 49 204 887 төгрөгийг хариуцагч Д.Х ХХК болон Ц.Таас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж  16 623 806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

А.Ж, Д.Х ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 50 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Д.Х ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхийн зусланд байрлах 138 м.кв талбайтай амины орон сууц, 22 м.кв граж, 18 м.кв хэмжээтэй, террастай дөрвөн улирлын сууцны барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь 53 223 400 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч Д.Х ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгөөгүй тул талууд  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Барилгын ажлыг түр зогсоох акт” гэх нэмэлт гэрээ байгуулан хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан дутуу ажлуудыг гүйцэтгэхийг түр зогсоож, гүйцэтгэгч нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 41 хоногийн дотор барьж дуусгах, гал тогооны тавилга, гадна сүүдрэвчийг нэмэлтээр хийж өгөхөөр харилцан тохиролцсон байна. 

Зохигчид гэрээ байгуулсан, захиалагч 34 000 000 төгрөгийг гүйцэтгэгч компанид төлсөн, мөн нэмэлт гэрээ байгуулсан, гэрээгээр тохиролцсон зүйлийн талаар маргахгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 50 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”–нд захиалагч А.Ж, гүйцэтгэгч Д.Х ХХК-ийг төлөөлж захирал Ц.Т нар гарын үсгээ зурсан байх бөгөөд гэрээ байгуулах үед Ц.Т нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон болно. /хх-ийн 13, 218/

Хариуцагч Ц.Т нь Д.Х ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Энхдэлгэрэхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Н.Энхдэлгэрэх нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ц.Ттай бэлэглэлийн гэрээ байгуулан компанийн хувьцааг буцаан шилжүүлж өгсөн, энэхүү гэрээний дагуу улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчийг шинэчлэн бүртгүүлээгүй байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага солигдох нь компанийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй, өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох, төлөөлөгчөөрөө дамжуулан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой  байна.

Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд  зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний талууд гэрээнээс үүсэх үүргийг харилцан шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Х ХХК нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч А.Ж нь Иргэний хуулийн  355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Талууд гэрээг цуцласан талаар маргахгүй, харин учирсан хохирлын хэмжээ, гүйцэтгэгч компанийн хийсэн ажлын өртгийн талаар маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох дутуу баригдсан барилгад хэрэглэсэн материал стандартад нийцэж буй эсэх, барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад өгөх боломжтой эсэх, гүйцэтгэгч компани бодитоор хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртгийг тодорхойлуулахаар шүүхээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон.

Гүйцэтгэсэн ажлын нийт өртгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 39 тоот дүгнэлтээр 31 913 060 төгрөг гэж,  Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/1052 тоот дүгнэлтээр 25 003 423 төгрөгөөр тогтоосон бөгөөд төсвийн тооцоо, барилгын зургийг бүрэн хийгээгүйгээс гүйцэтгэлийг тооцох боломжгүй, цаашид үргэлжлүүлэн барих боломжтой талаар дурдсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/1052 тоот дүгнэлтэд дурдсан хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын өртөг болох 25 003 423 төгрөгөөс, өмнө шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг хассан зөрүү 8 996 577 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад 5 423 000 төгрөг, алданги 2 024 229 төгрөг, нийт 16 623 806 төгрөг гэж тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлж, Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/1052 тоот  дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг тодорхойлох нь бодитой гэж үзлээ.

Нэхэмжлэгч барилгын ажлын гүйцэтгэхэд гарсан доголдлыг арилгахад 5 423 000 төгрөг шаардлагатай талаар тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтэд доголдлын талаар дурдаагүй, цаашид үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулах боломжтой талаар дүгнэсэн, нэхэмжлэгч доголдлын талаар болон арилгахад гарах зардлыг нотлоогүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Талууд байгуулсан гэрээнийхээ 6.1 дэх заалтаар гүйцэтгэгч тал хугацаандаа ажлыг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон, барилгын ажлыг дуусгах эцсийн хугацаа болох 2017 оны 4 дүгээр сарын 25-наас хойш гүйцэтгэгч ажлыг хийж дуусгаагүй байх тул алдангид тооцсон 2 024 229 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Х ХХК-иас нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Тт шилжүүлсэн 34 000 000 төгрөгөөс Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/1052 тоот дүгнэлтэд дурдсан хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын өртөг болох 25 003 423 төгрөгийг хассан дүн 8 996 577 төгрөг, алданги 2 024 229 төгрөг, нийт 11 020 806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 603 000 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч нь шаардлагаа Д.Х ХХК болон Ц.Т нарт хамтран хариуцуулахаар гаргасан, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд Ц.Т,  “Д.Х”  ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх  хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Д.Х ХХК болон Ц.Т нараас 11 020 806 /арван нэгэн сая хорин мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 603 000 /таван сая зургаан зуун гурван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 191 282  төгрөг гаргуулан нэхэмжлэгч  А.Жд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ