Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02046

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02046

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Ё,

Хариуцагч: Б.Д,

Хариуцагч: Т ХХК нарт холбогдох,

20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Д.Б болон Т ХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б болон Б.Д нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Бболон В.Ё нарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 20.. оны . дугаар сарын ..-ны өдрийн А-т ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч Б.Д, хариуцагч Т ХК-ийн төлөөлөгч С.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч В.Ё-ын өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дадийхүүгийн Баттулга миний бие 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн В.Ётай хамтран 73.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар, 50:50 хувийн хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэй А-т ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Улаанбаатар хот-Орхон аймгийн чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах уралдаанд орохын тулд өөрийн компанийн дүрмийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд хууль бус гэрээ байгуулан А-т ХХК-ийн хувьцааны 20%-ийг Т ХК-д, 15%-ийг Б.Дид тус тус худалдах, иргэн В.Ёаас 17.5%-ийн хувьцаа худалдаж авах зэргээр хуурамчаар хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан юм. Тухайн үед хувьцаагаа шилжүүлснээр компани үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм байна гэсэн буруу ойлголттой байлаа. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн. Эдгээр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн Т ХК-ийн захирал С.Г, иргэн Б.Днар нь өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд А-т ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй атлаа одоо бид компанийн хувь эзэмшигч, ашиг авна, хөрөнгө оруулалт хийнэ гэх зэргээр авирлах боллоо. Тухайн үед хөрөнгө оруулалт хийх нь бүү хэл түрээсийн төлбөр нэхэж, хувьцаанаасаа татгалзаж байгаагаа удаа дараа амаар болон бичгээр өгч байснаа умартан компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй болох нөхцөл байдал бүрдэх үед хууль бусаар байгуулсан гэрээ, түүнд нийцүүлсэн дүрмээр түрүү барин компанийн дотоод ажилд оролцож, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өөрсдийн тээврийн хэрэгслийг манай компанийн шугам замд оролцуулж, ашиг олох зорилгоор компанийг өөрсдийн мэдлээр хөдөлгөхийг санаархаж, ил далд хэлбэрээр шахалт, дарамт үзүүлэх зэргээр нөлөөлж байна. Ийнхүү хууль бус гэрээгээр шалтаглан миний 7 жилийн хүч хөдөлмөр, өөрийн болон төрсөн эгчийнхээ орон сууцыг барьцаалан зээл авч босгосон хөрөнгийг минийх биш, А-т ХХК-ийн хөрөнгө гэж сүрдүүлэн булаан авахыг санаархаж, ёс зүйгүй авирлах нь хэрээс хэтэрлээ. Тухайн үед эрсдэл үүрээгүй, дэмжлэг үзүүлээгүй байж зээлээ төлж дуусаад ирэнгүүт ашиг авна, том оврын автобуснууд чинийх биш, А-т ХХК-ийн өмч хөрөнгө, тиймээс бид мэднэ, зорчигч тээвэрлэх шугамыг мөн чинийх биш, биднийх гэж хэлэх боллоо. Хамгийн сүүлд л гэхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд намайг гарын үсэг зур хэмээн тулгаж байгаа нь эрээ цээрээ алдсан хууль зөрчсөн үйлдэл боллоо. Би өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа яагаад өөрийн хүсэл зоригоос гадуур өөрөө хүсээгүй байж бусдад шилжүүлэх билээ. Уг тогтоолд намайг хувьцаа эзэмшигчээс чөлөөлсүгэй гэсэн нь бүүр ноцтой асуудал юм. Дээрх хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүд дээр зурагдсан гарын үсэг бүгд хуурамч бөгөөд хувьцаа худалдаж авсан үнийн дүнг хэн ч төлөөгүй болно. Иймд 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Д.Б болон Т ХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Бболон Б.Днарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Бболон В.Ёнарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, мөн 20.. оны . дугаар сарын ..-ны өдрийн А-т ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч В.Ёшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бнь нэхэмжлэлд дурдахдаа 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн В.Ётай хамтран 73.000.000 төгрөгийн дүрмийн сантай А-т ХХК-ийг үүсгэн байгуулсан гэж огт худал зүйл бичсэн байх юм. Үнэн хэрэгтээ В.Ёминий бие 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр тус А-т ХХК-ийг 4.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.П-ынхамт үүсгэн байгуулсан юм. Улмаар Ц.П-ыннь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 дугаар сард А-т ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших эрхээсээ татгалзаж, компанийн 93 хувийн хувьцааг миний бие, 7 хувийн хувьцааг миний эхнэр С.Ээзэмшихээр болсон. 2009 оны дундуур Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан учраас уг тендерт орох болж материал бүрдүүлж байтал Т ХК-ийн захирал С.Гнь манай баазад аав нь ажиллаж байсан, хувьдаа автобустай Д.Бгэж залуу байна, чи хамтраад энэ тендерт оролцвол чамд дэмтэй байх гэсэн санал тавьсан ба бид нар хоорондоо уулзаж тохиролцож тендерт хамтран орохоор болсон. Тухайн үед тендерийн материалд тавьсан шаардлагыг хангахын тулд түншлэлийн гэрээгээр Т ХК-ийг оруулж байсан бөгөөд тус компанийн оффис, засварын цех, угаалга, гадаа болон дотор зогсоол зэргийг хэрэглэдэг хэмээн оруулсан. Бид дээр дурдсан тендерт миний А-т ХХК-ийг оруулахаар болж материалаа бэлдэж байхад Д.Бнь тендерт оролцох хугацаа бага байх тул тендерийн нөхцөлд тохируулан А-т ХХК-ийн дүрмийг өөрчлөх, компанийн хувьцаа эзэмшигч болох талаар санал гаргасан. Бид хоорондоо аман хэлбэрээр ярилцаж, тендерийн материалд зориулж компанийн дүрмийг 50, 50 хувь болгож өгье гээд 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А-т ХХК-ийн дүрмийг зөвхөн тендерийн материалд өгчхөөд дараа нь компанийн хувьцаатай холбоотой асуудлыг сүүлд шийдье гээд үлдээсэн. Миний бие өөрийн 50 хувийн хувьцааг ямар нэг шалтгаангүйгээр Д.Бд шилжүүлэх нөхцөл боломж байхгүй. Д.Бнь хууль бусаар материал бүрдүүлж, 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед 2009 онд Д.Бнь надаас гэрээний гэх тамга хийлгэх зөвшөөрөл өгөөч, би өөрийн автобусаа компаниар гэрээ хийж явуулах гэрээн дээр даръя гэхэд нь зөвшөөрч тамга хийлгэсэн байсан юм. Ингээд Д.Бтай орсон тендер амжилтгүй болж, цуцлагдсан. 2010 онд мөн Улаанбаатар-Орхон аймаг, Улаанбаатар-Архангай аймгийн чиглэлд тендер зарласан. Энэ тендерт түншлэлийн гэрээгээр орох боломжгүй болсон тул Т ХК-ийг мөн Д.Б-ынтанилцуулсан, түүний найз гэх Б.Дгэх хүмүүстэй уулзаж, тендерийн материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна иймд А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохыг ярьцгаасан. Учир нь Улаанбаатар хотод Т ХК-ийн оффис, засварын цех, гадна, дотор гараж, инженер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б.Дийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулъя хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5%, Д.Б32.5%, Т ХК 20%, Б.Д15%-ийн хувьцаа эзэмшье хэмээн дүрэм үйлдэж, тендерийн материал бүрдүүлэн өгсөн. Тендер авч үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд өгөхдөө дахин хувь хэмжээг тохирно гэж ярьсан болно. Энэ хугацаанд тендерт маргаан гарч орсон бүх байгууллагуудад чиглэлийг хуваан өгсөн. 2016 оны 12 дугаар сар хүртэл Т ХК, Б.Д, Д.Ббид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, А-т ХХК-нд зээл авах асуудлыг шийдвэрлэж баталгаа гаргах зэргээр ажилласаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд П.Бнь өөрийнхөө 50 хувийн хувьцааг хууль бусаар авсан үйлдлээ нуух санаатайгаар тендерийн материал бүрдүүлэн өгсөн баримт, гэрээний гэх тамгыг ашиглан Т ХК, Д.Б, Б.Днарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг бид 2016 оны 12 дугаар сард мэдсэн. 2016 оны 12 дугаар сард бид хуралдаж, энэ хугацаанд хэн хэн нь А-т ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй тул Улсын бүртгэлд бүртгүүлсэн хувьцааг надад буцаан өгөхөөр тохирсон боловч Д.Бгарын үсэг зураагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ хугацаанд бүхий л үйл ажиллагаанд тусалж оролцож компанийг өдий зэрэгт хүргэсэн Т ХК болон өөрийнх нь найз Б.Днарыг хууль бус хэмээн үзэж байна. Мөн өөрийнхөө нэхэмжлэлийг нотлох зорилгоор Оюуны өмч, улсын бүртгэлд би энэ хувьцаа шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, өөрийгөө цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боловч нэгэнт Д.Бд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг өөрөө сайтар мэдэж байгаа болохоор энэ бүх луйвраа илчилж байгаа бололтой. Д.Б-ын50 хувийг эзэмшүүлэхээр хийгдсэн бүх баримт бичгүүд бүгд хууль бус юм. Д.Б-ыннэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б-ынгаргасан нэхэмжлэлийг ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэгчээр өөрийн найз Б.Д, Т ХК болон надад холбогдуулан ийм асуудал гаргаж байгаад харамсаж байна гэжээ.

Хариуцагч Т ХК-ийн захирал С.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар-Орхон чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан. Уг шалгаруулалтад оролцохоор А-т ХХК-ийн үүсгэн байгуулагч В.Ёхөөцөлдөж байсан. Д.Б-ынаав нь манай компанид ажилладаг хүн тул хүүг зүс мэдэх бөгөөд хувьдаа ганц нэг автобустай юм шиг байсан. Миний зүгээс тендерт хамтраад оролцвол дээр, ялах боломж өндөр гэж бодоод В.Ё, Д.Бнарыг уулзуулсан юм. 2009 ондоо Д.Б, В.Ёнар хамтран тендерт оролцохоор баримт материал бүрдүүлж байсан бөгөөд манай Т ХК нь туслах зорилгоор түншлэлийн гэрээ байгуулан оролцсон боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямар ч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир Т ХК-ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Т ХК нь материаллаг бааз, ажилчдаар хангаж А-т ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн тендерт ороход Солонгос улсаас автобус оруулж ирсэн байх нь тендерийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх магадлалтай байсан тул Д.Б-ындагуулж ирсэн, түүний найз гэх Б.Днь Эрдэнэт хотод өөрийн өмчлөлийн засвар, угаалгын газартай, мөн түүний Монгол Улсад оруулж ирж зарах гэж байсан автобуснуудыг А-т ХХК-ийн нэр дээр гаргуулах зэрэг шаардлага гарч, тендерийн материал бүрдүүлэн өгч, Б.Дид А-т ХХК-ийн 15%-ийн хувьцааг шилжүүлэн хувь нийлүүлэгчээр бүртгэж, тухайн хуулийн этгээд маань 4 үүсгэн байгуулагчтай болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, А-т ХХК-ийг 4 хувьцаа эзэмшигчтэй хэмээн дүрэм үйлдсэн бөгөөд үүнийг миний бие хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ингээд тус тендерт А-т ХХК шалгарч чадаагүй бөгөөд маргаан гарч, тендерт орсон бүх компаниудад Улаанбаатар-Орхон чиглэлийн замыг хувааж өгсөн. Өнөөдрийг хүртэл А-т ХХК нь Улаанбаатар-Орхон чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Т ХК-ийн материаллаг бааз, оффис, авто засвар, зогсоол, гараж, техникч, инженер зэргийг ашиглаж ирсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь худал юм. Түүнчлэн А-т ХХК-ийн нэр дээр зээл авах асуудал үүсэхэд бид 4 хуралдаж байж шийдсэн зээлд нь манай Т ХК нь баталгаа гаргаж өгсөн. Гэвч Д.Бнь өөрийн төрсөн дүүг нягтлан бодогчоор ажиллуулан уг зээлийг хувьдаа ашигласан, мөн хэдэн автобус авсан боловч жолооч нарт түрээсийн гэрээ байгуулан өгч нөгөө зээлээс А-т ХХК-д орсон ашиг байхгүй харин Д.Борлого олсон. Иймд бусад хувьцаа эзэмшигчдийн зүгээс түүний энэ үйлдлийг шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Дминий бие Д.Бтай цэрэгт хамт алба хааж найз нөхөд болцгоосон эртний танилууд юм. Миний бие Солонгос улсаас автобус, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирж зардаг, мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажиллуулдаг бизнес эрхэлдэг юм. Д.Бнь Истана маркийн автомашины сэлбэг болон том оврын автобус надаар дамжуулан захидаг байсан, мөн газар шорооны ажлын самосвал машин захиж авчруулж байсан. Сүүлд надаар дамжуулан автобус, сэлбэг захиж авчруулсан ба дээрх захиалга хийхдээ урьдах мөнгөө өгөөгүй тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөр ч тооцоо дуусаагүй байна. Мөн тендерт оролцож шугам авахаар мөнгийг чинь буцааж өгнө гээд тухайн үед оруулж ирэх гэж байсан автобусыг А-т ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн. Д.Бнь тендерт оролцож, Улаанбаатараас-Орхон чиглэлд явах автобус шаардлагатай байна гэж гуйсны улмаас миний бие Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг А-т ХХК болон Д.Б-ыннэр дээр ачуулсан, тооцоо дуусаагүй байгаа. 2010 онд Д.Бнь А-т ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Днамайг А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх Ёндонжамц, Т ХК-ийн захирал С.Гнартай уулзаж ярилцан тус компанийн 15%-ийн хувьцаа эзэмшигч болж, дүрэм үйлдсэн. Учир нь Орхон аймагт миний эзэмшлийн авто засварын газар, зогсоол болон авто угаалгын газрууд маань тендерт оролцоход чухал шаардлагатай байсан. Анх Д.Бнь надад ойлгуулахдаа А-т ХХК-ийг өөрийнх нь үүсгэн байгуулсан компани гэж байсан бөгөөд санхүүгийн баталгаа гаргах явцад өөр хүний үүсгэн байгуулсан компани гэдэг нь илэрсэн. Т ХК-ийн захирал С.Ганболд, А-т ХХК-ийн захирал В.Ё, Д.Ббид 2010 оноос хойш хувь нийлүүлэгчдийн хурал хийн үйл ажиллагаа явуулж, миний Эрдэнэт хот дахь засвар, угаалгын газрыг хэрэглэсээр өдийг хүрсэн. Саяхан хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьж хэлж байсан зүйлээсээ буцаж ийм асуудал үүсгэж, өөрөө шүүх, цагдаа болон явж байгааг ойлгохгүй байна. Иймд Д.Б-ынгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бнь шүүхэд хандаж, 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б-В.Ё, Д.Б-Б.Д, Д.Б-Т ХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгаж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар, А-т ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүрэмд бичигдсэний дагуу, тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

А-т ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүрмээс үзвэл, тус компани нь 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө 73.000.000 төгрөгийн дүрмийн сан /өөрийн хөрөнгө/-тай, нэхэмжлэгч Д.Бболон хариуцагч В.Ёнар нь тус бүр компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байжээ. / хх (1)192-199 дүгээр тал/

Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, тус компани нь хувьцаа эзэмшигч нэмэх байдлаар өмнөх дүрмийн сан /өөрийн хөрөнгө/-г 40.000.000 төгрөгөөр ихэсгэж, А-т ХХК-ийн 32.5%-ийн хувьцааг В.Ё, 32.5%-ийн хувьцааг Д.Б, 20%-ийн хувьцааг Т ХК, 15%-ийн хувьцааг Б.Днар тус тус эзэмших эрхтэй болсон, мөн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 113.000.000 төгрөг болж нэмэгдсэн талаарх дүрмийн өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх(1) 25-31 дүгээр тал/

Харин дээрх дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ зохигчид Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ гэх баримтуудыг ашиглажээ. /хх(1)168-176 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Б-ын: ... 2010 онд зорчигч тээврийн сонгон шалгаруулалтад оролцохын тулд өөрийн компанийн дүрийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд ... гэрээ байгуулсан ... тухайн үед хувьцаагаа шилжүүлснээр компани үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм байна гэсэн буруу ойлголттой байлаа. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн ... гэх тайлбар, хариуцагч В.Ёын: ...2010 онд мөн Улаанбаатар-Орхон аймаг, Улаанбаатар-Архангай аймгийн чиглэлд тендер зарласан. Энэ тендерт түншлэлийн гэрээгээр орох боломжгүй болсон тул Т ХК-ийг, мөн Д.Б-ынтанилцуулсан түүний найз гэх Б.Дгэх хүмүүстэй уулзаж, тендерийн материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна, иймд А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохыг ярьцгаасан. Учир нь Улаанбаатар хотод Т ХК-ийн оффис, засварын цех, гадна, дотор гараж, инженер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б.Дийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулъя хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5%, Д.Б32.5%, Т ХК 20%, Б.Д15%-ийн хувьцаа эзэмшье хэмээн дүрэм үйлдэж, тендерийн материал бүрдүүлэн өгсөн ... гэх тайлбар, хариуцагч Т ХК-ийн захирал С.Ганболдын: ...улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямар ч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир Т ХК-ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар Т ХК нь материаллаг бааз, ажилчдаар хангаж, А-т ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон...гэх тайлбар, хариуцагч Б.Дийн: ...2010 онд Д.Бнь А-т ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Днамайг А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал тавьж анх Ёндонжамц, Т ХК-ийн захирал С.Гнартай уулзаж ярилцан тус компанийн 15%-ийн хувьцаа эзэмшигч болж, дүрэм үйлдсэн... гэх тайлбар зэргээс үзвэл, Талууд Компанийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар А-т ХХК-д хөрөнгө оруулж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцож хамтран ажиллах, ашиг олох зорилго бүхий хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Нөгөө талаас, 73.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан А-т ХХК нь 113.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж компанийн өөрийн хөрөнгө нэмэгдсэн, өөрийн хөрөнгийн энэ өөрчлөлттэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн болон тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээнд өөрчлөлт орсон болох нь тус компанийн дүрэм, А-т ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хурлын протокол, Р....... аудит ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хараат бус аудиторын дүгнэлт зэрэг бичмэл баримтуудаар тогтоогдож байна. /хх р тал/

Компани ийнхүү өөрийн хөрөнгөө ихэсгэх замаар хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, улмаар хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээг өөрчилж байгаа үйл явцыг компани хувьцаа нэмж гаргаж байгаа үйл явц гэж үзнэ. Харин ийнхүү компани хувьцаа нэмж гаргаж буй тохиолдолд өмнөх хувьцаа эзэмшигч нь нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжид авах эрхтэй ба өмнөх хувьцаа эзэмшигчид болох Д.Б, В.Ёнар нь өөрсдийн эзэмшлийн хувиа тус бүр 32.5 хувь болгож бууруулснаас үзвэл Компанийн тухай хууль /1999 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан эрхээсээ хувьцаа эзэмшигчид нь татгалзсан байна гэж үзэх боломжтой. /хх(2) 66, 71-81 дүгээр тал/

Ийнхүү А-т ХХК, түүний хувьцаа эзэмшигч нар нь хувьцаа эзэмшигч нэмэх байдлаар компанийн өөрийн хөрөнгийг ихэсгэж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ гэх 6 гэрээг ашигласан болохыг дээр дурдсан.

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч В.Ётай байгуулсан гэх 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нд В.Ёын өмнөөс гарын үсэг зурсан, мөн өдөр Б.Дтой байгуулсан гэх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нд Б.Дийн өмнөөс гарын үсэг зурсан, Т ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нд Т ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Бнь дээрх гэрээнүүд дэх зарим этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болоогүй /В.Ё-Д.Б/, хэлцэл хийх зөвшөөрлийг эрх бүхий этгээд, хуульд заасан хэлбэрээр олгоогүй /Д.Б-Т ХК, Д.Б-Б.Д/, эдгээр хэлцлүүдийг сонгон шалгаруулалтад орох зорилгоор, дүр үзүүлж хийсэн /Д.Б-В.Ё, Д.Б-Т ХК, Д.Б-Б.Д/ гэх үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах нэхэмжлэл гаргажээ.

Талууд зөвхөн сонгон шалгаруулалтад ороход шаардлагатай бичиг баримтыг А-т ХХК-д бүрдүүлж өгөх төдий бус, хэн аль нь уг сонгон шалгаруулалтын дагуу олгогдох хот хооронд зорчигч тээвэрлэх тусгай зөвшөөрлийн үр шимийг хүртэх хүсэл зоригтой байсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог.

Мөн зохигчдын хэн аль нь дээрх хэлцлүүдийг хийх үедээ хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсгэхийг хүсээгүй бөгөөд харин, хуулийн этгээдэд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших замаар тусгай зөвшөөрлийн үр шимийг хүртэх, цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар, А-т ХХК-ийн 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Хурлын протокол 1, мөн А-т ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хурлын протокол баримтуудаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хэлцлүүдийг хийхдээ талуудын хэн аль нь худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориггүй, харин компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших замаар тодорхой зорилгод хүрэх талаар санал нэгдсэн, тохиролцоонд хүрсэн болохоо ухамсарлаж байсан боловч энэ хүсэл зоригоо гадагш илэрхийлэхдээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ гэх 6 гэрээг үйлдсэн байна.

Дээрх тохиолдолд маргаан бүхий Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ нь талуудын жинхэнэ хүсэл зориг бус гагцхүү тэдний хүсэл зоригийн алдаатай илэрхийлэл болох юм. Энэхүү хүсэл зоригийн алдаатай илэрхийлэл нь өөр бусад гуравдагч этгээдийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлөхөөргүй бол уг алдааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар, талууд өөрсдөө залруулж болдог байна. /хх(1)158 дугаар тал/

Ийнхүү хэлцэл хийгч талууд буруу илэрхийлэгдсэн, шаардлага хангаагүй хүсэл зоригийн илэрхийлэлээ хожим зөвтгөсөн болох нь 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А-т ХХК-ийн хувь нийлүүлэгч гэх агуулгаар бодит хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан баримт, А-т ХХК-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч баталсан баримт, А-т ХХК нь дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичгээр хүсэлт гаргасан баримт болон А-т ХХК, түүний 4 хувьцаа эзэмшигч нь 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дүрмийн өөрчлөлтийн дагуу 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тодорхой асуудлуудаар хамтран шийдвэр гаргаж байсан зэрэг үйл баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх(1) 33-35, 155-157, 159, 160-167 дугаар тал/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д: Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д: Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хэлцэл гэх эрх зүйн ойлголт нь талуудын субъектив дотоод хүсэл зоригоос гадна энэ дотоод хүсэл зоригийг гадагш илэрхийлсэн объектив илрэлхийлэлээс мөн бүрддэг тул хэлцэл-ийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан зохицуулалт нь талуудын хүсэл зоригийн зөвхөн гадаад илэрхийлэлийг төдийгүй түүний дотоод агуулга, мөн чанарыг мөн үгүйсгэх зорилготой, өөрөөр хэлбэл цаад эрх зүйн үр дагаврыг мөн үгүйсгэхэд чиглэдэг байна.

Дээр дурдсанаар, талууд хүсэл зоригийн алдаатай илэрхийлэлээ зөвтгөсөн, бодит хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т _________________________________

1-         2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Хурлын протокол баримтад нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч нарын зөвшөөрлийн дагуу, тэднийг төлөөлж гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар хэлцэлд төлөөлөх бүрэн эрхийг амаар олгож болдог байна.

зааснаар хүчин төгөлдөр болсон байх тул өмнөх алдаатай илэрхийлэл болох 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Б-В.Ё, Д.Б-Б.Д, Д.Б-Т ХК нарын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг дангаар нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Энэ тохиолдолд мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах ойлголт байхгүй болох юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Бнь маргаан бүхий дээрх гэрээнүүдэд өөрөө гарын үсэг зурсан, өөрөө бусад этгээдийг төлөөлж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж байсан, уг гэрээнүүдийн дагуу хэн аль нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсгэхийг зориогүй болохыг мэдэж байсан, улмаар 7 жилийн хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагаа явуулсан атлаа эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д: Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

Нөгөө талаас, хэлцэл хийгч нөгөө талууд болох Б.Д, Т ХК нь, А-т ХХК-д хөрөнгө оруулж, тодорхой зорилгод хүрэх, ашиг олохоор уг хэлцлийг хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хэлцэл хийгч эдгээр этгээдийн хуульд нийцсэн итгэл үнэмшил нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хамгаалагдах ёстой.

А-т ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Д.Б, В.Ё, Б.Д, Т ХК-ийн захирал С.Гнар нь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд тус тус хуралдаж, компанийн асуудлаар хамтран шийдвэр гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Т ХК болон Б.Днар нь компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, В.Ё, Б.Д, Тав, ХК-ийн захирал С.Гнар нь нэхэмжлэгч Д.Бболон өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа В.Ёад бүхэлд нь шилүүлэхээр Хувьцаа эзэмшигчдийн тогтоол-д гарын үсэг зурсан нь Компаний тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрх болон хэлцэл хийгч талуудын 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн бодит хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнг нэхэмжлэлийн үнэ гэж үзэх тул Хувьцаа худалдах- худалдан авах 3 гэрээний үнийн дүнгээс тэмдэгтийн хураамжийг бодно. Харин Эрх шилжүүлэх гэрээ 3 гэрээ нь үнэлэх боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гэрээ тус бүрд 70.200 төгрөг төлөх ёстой гэж үзэх нь зүйтэй ба нэхэмжлэгч нь нийт 455.628 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөр байх тул илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан хариуцагч В.Ё, Б.Д, Т ХК нарт холбогдох, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн Д.Б болон Т ХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Д.Бболон Б.Днарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Д.Бболон В.Ёнарын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, 20.. оны . дугаар сарын ..-ны өдрийн А-т ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д.Б-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.051.300 төгрөгөөс 455.628 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 595.672 төгрөгийг Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР