Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0403

 

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0403

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч С ХХК

Хариуцагч Б сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Б сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С ХХК-д Б сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/443 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын ДЦГ-т байршилтай, Зайсангийн ам нэртэй газрын ашиглах эрхийг хууль ёсоор олгож, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 0201546 дугаартай гэрчилгээ олгосон.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09/2835 тоот албан бичгээр манай компанийн дээрх газар ашиглах эрхийг Б сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/493 дугаар тушаалаар хүчингүй болгосон тул батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгосон талаар манайд мэдэгдсэн.

Тус яамнаас газар ашиглах эрх дуусгавар болсон тушаал, шийдвэр гаргасан талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу манайд огт мэдэгдээгүй, тушаалын хувийг бидэнд гардуулаагүй байна.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан тоотоор тус яаманд хандаж ямар үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан талаар тайлбар, тушаалын хувийг тус тус гаргаж өгөхийг хүссэн бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тушаалын хувийг ирүүлсэн байна. Уг тушаалд С ХХК нь хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн, 2. Зориулалтын бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэмийг зөрчиж газар ухаж барилга барьсан, 3. Газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, газар ашиглах хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдийг заасан байх ба дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээр үндэслэлийн хувьд: Нэхэмжлэгч компани нь тус газрыг хуульд заасан журмаар олж авсан бөгөөд хууль бусаар бусдад шилжүүлж, ашиглаагүй болно. Тушаалд дурдсан З ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгж бөгөөд тус компаниас С ХХК нь Блью моунтайн аялал жуулчлалын цогцолбор-ын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг зээлийн гэрээний дагуу авч төсөлд бүрэн зарцуулж байсан. Тус төсөлд 8,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба зээлийн эргэн төлөлтийг аялал жуулчлалын үйл ажиллагааны ашгаас эргэн төлөх нөхцөлтэй. Гэтэл газар ашиглах эрхийг цуцалж, бидний хийсэн бүтээн байгуулалт, газар дээрх өмч хөрөнгөө ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэнийг эргэн төлөгдөх боломжгүй зээлийн асар том өрөнд оруулах, эрх ашгийг ноцтойгоор хохироох хууль бус, үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Хоёрдугаар үндэслэлийн тухайд: Тус компани нь анх тус газрын ашиглах эрхийг авахдаа хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшиж ашиглах байсан. Түүнчлэн газар ашиглах эрхийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу барилгын ажлыг явуулсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулсныг нэхэмжлэгч компанийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

Гуравдугаар үндэслэлийн хувьд: Тус компани нь газрын төлбөрийг жил бүрэн төлж байсан бөгөөд 2008 онд олгосон газар ашиглах эрх 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болохоос өмнө хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтийг гаргасан.

Гэсэн хэдий ч яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс газрын хэмжээ нь 3.75 га байсныг 3.55 га болж өөрчлөлт орсон, бүртгэлийн алдаанаас болж сунгалт хийх, гэрчилгээ олгох асуудлыг удаашруулсаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг шинээр олгосон ба 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0201546 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон.

Иймээс сүүлийн 2 жил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаартай тушаалаар газар ашиглах эрх олгосон шийдвэр, гэрчилгээнд хамааралгүй бөгөөд эрүүгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж шалгаж асуудлаас болж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан газар ашиглах гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулж чадаагүй тул гэрчилгээг шинээр олгосноос хойших газрын төлбөр төлөхийг шаардаж болохгүй.

Мөн маргаан бүхий тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8 дахь заалтуудад заасан зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 13.1-д зааснаар нэхэмжлэгч компани нь захиргааны актын үйлчлэл шууд чиглэсэн, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй оролцогч этгээд байтал 15 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй, 43 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны актыг мэдэгдээгүй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад гомдол гаргах журмыг хуульд заасны дагуу захиргааны актад тусгах ёстой байтал энэ талаар А/493 дугаартай тушаалд огт дурдаагүй байна.

Түүнчлэн тус газарт нэхэмжлэгч компани нь 8,000,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын үйл ажил явуулж байгаа байтал захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн итгэлийг хамгаалах зарчмыг хангалгүй их хэмжээний алдагдал, хохирол учруулах шийдвэрийг гаргасан байна.

Дээрх бүтээн байгуулалтын зөвхөн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болох, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоохоор Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа боловч уг нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр, хуульд заасан журмыг баримтлалгүйгээр цуцалсан байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу дээрх шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай А/493 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн аманд иргэн Б.Баттулгад 3.75 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2008 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 814 дүгээр гэрчилгээг С ХХК-д, 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С ХХК-иас компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай З ХХК-д, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр З ХХК-иас бэлэглэлийн гэрээ нэрээр буцаан Б.Б-д, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-аас Ц.Ж-д тус тус шилжүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах эрхийг зааж өгсөн бөгөөд 33.2-т ...Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглахыг хориглоно... гэж мөн 39 дүгээр зүйлийн 39.1-д ...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно..., 39.1.1-д ...Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах... мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д ...Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх..., 38 дугаар зүйлийн 38.1-д ...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана... гэж заасан.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг зааж өгсөн бөгөөд 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болж байх тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/34 тоотоор прокурорын мэдэгдэл ирүүлсэн. Дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар албан мэдэгдэлд дурдсан байсан.

Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д ...Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ... мөн зүйлийн 36.5-д ...Мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... гэж хуульчилсан.

Иймд С ХХК-ийн зөрчлүүд нь Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/34 тоотоор Прокурорын мэдэгдлээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/496 дугаар тушаал нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас Б сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн аманд 3.75 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 814 дүгээр гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай С ХХК-д олгож, улмаар 2013 онд 5 жилийн хугацаагаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгажээ.

Нэхэмжлэгч компаниас хугацаа сунгуулах, нэр баталгаажуулж шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан С ХХК-д 35550 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон байна.

Ийнхүү нэхэмжлэгч компанид газар ашиглах эрхийг шинээр олгосноос хойш Нийслэлийн прокурорын газрын прокурор С ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/34 дүгээр дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 5, 11, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн аманд иргэн Б.Б-д 3.75 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 814 дүгээр гэрчилгээгээр С ХХК-д, 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С ХХК-иас З ХХК-д, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр З ХХК-иас бэлэглэлийн гэрээ нэрээр буцаан Б.Б-д 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-аас Ц.Ж-д шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны 1/34 дүгээр мэдэгдлийн дагуу зориулалтын бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм гормыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан, газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашиглах хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 28-ны А/433 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ., Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл прокурорын мэдэгдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэлбэрийн талаар мэдэгдэлд дурдах бөгөөд харин захиргааны байгууллага, албан тушаалтан тус мэдэгдлийн дагуу аливаа арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, түүнд газар ашиглуулсан өмнөх тушаалаа хүчингүй болсонд тооцохдоо шийдвэр гарах нөхцөл байдлыг өөрөө тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Хэрэгт авагдсан С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК, З ХХК-иудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзвэл нэхэмжлэгч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь иргэн Б.Б-аас 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З ХХК-д, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр З ХХК-иас иргэн Б.Б-д, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Б-аас иргэн Ц.Ж-д тус тус шилжсэн байх бөгөөд одоо тус компани иргэн Ц.Ж-ы 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд С ХХК хувийн хөрөнгө оруулалттай, З ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай байна.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно., 39 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах; гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахыг хориглосон боловч газар ашиглаж буй компанийн хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байхыг хориглоогүй бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаар тушаалаар С ХХК-д газрыг ашиглуулахаар шийдвэрлэх үед тус компанийн хувьцаа эзэмшигчээр иргэн Ц.Ж бүртгэлтэй байсан байх тул хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох боловч компанийн хувьцаа эзэмшигч солигдсоныг ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар С ХХК-ийн газар ашиглах эрх 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дууссаны дараа тус компаниас гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг хариуцагч сайдын тушаалаар 2020 оны 05 дугаар сард дахин олгосон тул газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй, хүртэл хугацааны газрыг төлбөрийг төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна. гэж зааснаар газар ашиглуулах шийдвэр гарснаар газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна.

Нэхэмжлэгч С ХХК газар ашиглаж эхэлснээс хойш ашиглаж буй газар дээрээ барилга барихаар эрх бүхий байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл авч барилга барьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй бөгөөд маргаан бүхий тушаалд зориулалтын бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж барилга байшин барьсан гэж дурдсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын ойр орчимд орон сууц, эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгө байгаа нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэхүү үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй гэж шүүхээс үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох бөгөөд залилах, мөнгө угаах гэх асуудлыг шалган шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүй бөгөөд тус хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч газар ашиглах эрх болон тус газар дээр баригдсан барилгатай холбоотой асуудлыг тухайн үед шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/493 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН