Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Ш.Оюунгэрэлийн  нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 136/2017/00207/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                             Шүүгчид                          Л.Амарсанаа

                                                                     Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч             Р.Атарцэцэг

                              Бие даасан шаардлага гаргаагүй 

                             гуравдагч этгээдийн өмгөөлөгч      М.Гансүх

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцож,   Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан  2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 593 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлоор Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Ш.Алтангэрэлд холбогдох  “Өв залгамжлагчаар тогтоолгох”, төрсөн эх Л.Лодонг “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг  хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Оюунгэрэл миний бие нь талийгаач эх Р.Лодонгийн төрсөн ганц охин нь юм. Миний ээж 2004 оны 07 сарын 02-ны  өдөр  нас  барсан. Талийгаач ээж маань Улаанбаатар Төмөр замд 40 шахам жил ажиллаж  Улаанбаатар төмөр замын харьяа орон сууцны 1 дүгээр ангид ажиллаж байгаад өндөр настан болсноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 87 дугаар хороонд байрлах 2-р 60 айлын 13 тоот 2 өрөө байрыг эзэмшдэг байсан. Уг байрыг миний ээжийг насан эцэслэсний дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Барилга орон сууцны 1 дүгээр ангиас татгаварт гарсан ам бүл 1 гэж хувьчилж өгсөн.

 Хууль ёсны өмчлөгч нь миний төрсөн дүү Ш.Алтангэрэл бид хоёр бөгөөд тухайн үед байрны гэрчилгээнд миний нэрийг хуулийн дагуу эзэмших эрхтэйгээр бүртгүүлнэ гэж иргэний үнэмлэхийг авсан бөгөөд бүртгүүлсэн гэж хэлсэн.

Харин Ш.Алтангэрэл нь өөр хүнтэй гэрлэсний улмаас 2015 оноос уг байрыг орхиж явсан болохыг би мэдэж 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд өглөө орой 9 удаа гэртээ очсон /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот/ боловч хаалгаа нээж өгөөгүй тул орж чадсангүй ээ. Хажуугийн айлуудаас асуухад ер хүнгүй шахуу байдаг юм гэж байсан боловч гэрэл нь асаалттай тагтны хаалга нь нээлттэй дотор нь нэг эмэгтэй хүн байсан. Ш.Оюунгэрэл миний бие өөрийн гал голомтондоо 2014, 2015 онуудад хэд хэдэн удаа очсон боловч намайг оруулсангүй. Байрны гэрчилгээг бичиг баримтын лавлагааг зохих журмын дагуу 2016 оны 04 дүгээр сард авч үзэхэд миний нэр огт байхгүй төдийгүй өөр хүмүүсийн нэр байсан нь намайг гэрт маань оруулахгүй байсан учрыг тэр үед л мэдлээ. Иймд би маш их гомдолтой байна. Тиймээс Ш.Оюунгэрэл намайг хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэхь хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замын орон сууцны нэгдүгээр ангид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт суусан миний ээж Р.Лодонг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 2 дугаар 60 айлын нэгдүгээр орцны 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч гэдгийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлж байна” гэжээ.

 

Хариуцагч Ш.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний аав Шагдаржав маань эгч бид хоёрыг 4 буюу 7 настай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлж ээжтэйгээ бид 3 амьдарч эхэлсэн гэдэг. Ээж маань биднийгээ хүний зэрэгт хүргэж ажил амьдралтай маань залгуулах гэж их хүч хөдөлмөр, тэсвэр хатуужилтай байсан нь түүх болон үлдсэн юмаа. Ээж маань Улаанбаатар төмөр замын харъяа Сайншанд дахь Орон сууцны 3 дугаар ангид 1965-1978 онуудад ажиллаж байгаад эгч Оюунгэрэл маань ЕБСургууль төгсч Архангай аймагт сургуульд суралцах, би 5 дугаар ангиасаа Улаанбаатар хотод хөгжим бүжгийн сургуульд тэнцэж суралцах болсон тул ээж маань ахыг маань бараадаж 1978 онд УБТЗ-ын орон сууцны 1 дүгээр ангийн харъяа Сүхбаатарын амрах байранд жижүүрээр ажиллаж өндөр настны тэтгэвэрт гарсан юм. Ажиллаж байх хугацаанд нь төмөрзамын ажилчдад олгодог байр хомс байсан тул 3 өрөө байртай машинч Сайнцогт гэж айлын хажуу нэг өрөөг олгож тэнд бид 3 зургаан жил шахам амьдарсан. Байгууллагын захиргаанаас ээжийн маань амьдрал, ажил хөдөлмөрийг үнэлж дэмжин 1985 онд одоогийн энэ /Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хороонд байрлах 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө/- байрыг олгож бид гурав тав тухтай амьдарч эхэлсэн юм даа. Эгч маань Мэргэжлийн сургууль төгсч Сайншандад хуваарилагдан ирсэн боловч биднийгээ асран тэтгэж амьдарч байв. Миний анхны охин 1987 онд төрж ам бүл олуул болсон тул ээж минь Сайншандад эгч дээр маань ирж амьдардаг болж бидэн дээр ирэн очин байдаг байсан ба 2003 оны 06 дугаар сард Сайншандаас Сэлэнгэд очоод 07 дугаар сард насан өөд болсон. Уг байр нь ээжийн минь өмч хөрөнгө бөгөөд хувьчлагдах үеийн бичиг баримт нь нэг хүний өмч гэж ээжийн маань нэрээр бүртгэгдэж явсан боловч ээж маань 2003 оны 07 дугаар сард насан өөд болоход 2003 оны 12 дугаар сард МУ-ын Засгийн газрын тогтоолоор УБТЗ-ын Сүхбаатар зангилааны орон сууцны өндөр настан нэг хүний өмч гэж хувьчлагдсан юм. Энэ үед миний эгч Оюунгэрэл энэ орон сууц, байр бид хоёрын өмч учир гэрчилгээнд нэрээ оруулна тэгээд ч ээж зөвхөн надад өгнө гэдэг байсан гэж ярьсан учир би ч зөвшөөрч, иргэний үнэмлэхээ бидэнд орхиод явсан байсан. Орон сууцны буюу байрны гэрчилгээ авах бүртгэл хийх үед би өөрийн биеэр байгаагүй тул миний эхнэр болох Д.Алтангинж очиж бүртгүүлэхдээ өөрийгөө бичүүлж эгч Ш.Оюунгэрэлийг болон тэр үед миний эгчтэй амьдарч байсан миний охин болох Ариунаа нарыг бичүүлээгүй байсан. Тэр үед яагаад тэгж бичүүлсэн талаар асуухад энд байхгүй юм чинь гэсэн хариу өгсөн., би таны гал голомтонд байгаа гэдгийг санаж яв гээд өгдөггүй юмаа. Одоо энэ байранд бид амьдарч байгаа нь үнэн болно. Иймд миний төрсөн эгч болох Ш.Оюунгэрэл аав, ээжийн маань орон гэр, өөрийн гал голомтонд очиж амьдарна гэж буй тул өдий болтол худал хэлж, нууж явсан явдалдаа хүлцэл өчиж энэхүү өмчийн өв залгамжлагчаас татгалзаж эгч Ш.Оюунгэрэлийг өв залгамжлагчаар тогтоохыг зөвшөөрч байна” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтангинж Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 13 тоот байранд би амьдраад 31 жил болж байна. Анх энэ айлд бэр болж ирхэд манай нөхөр Ш.Алтангэрэл ээжтэйгээ амьдардаг байсан. Ш.Алтангэрэл бид хоёр 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Тухайн үед Ш.Оюунгэрэл нөхөр 2 хүүхэдтэйгээ Сайншандад амьдардаг байсан. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Манай хадам ээж 1986-2003 онд бидэнтэй хамт амьдарч байгаад миний гар дээр насан өөд болсон. Би хадам ээжийгээ асардаг байсан. Мөн миний 3 хүүхдийг өсгөлцөж өгсөн ачтай хүн.

Анх уг байр Ш.Алтангэрэлийн нэр дээр Сүхбаатар өртөөний нэр дээр байсан. Манай хадам ээжийг өнгөрсний дараа Төмөр замын орон сууцны контороос манай нөхөр Ш.Алтангэрэлийн нэр дээр ордер бичиж өгсөн. Дараа нь хувьчлал явагдахад Ш.Алтангэрэл, Болормаа бидний нэр дээр өмчлүүлснийх нь дагуу өмчилж авсан. 2004 онд эзэмших эрхийн, 2006 онд өмчлөх эрхийн, 2007 онд Сэлэнгэ аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээд албан ёсоор бүртгэл хийлгэсэн. Тэгэхээр энэ байр бол манай гэр бүлийн дундын өмч мөн бөгөөд Ш.Оюунгэрэлд ямар ч хамааралгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 593 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн  90  дугаар зүйлийн  90.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Ш.Алтангэрэлд холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон  нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтанд Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1, 520-р дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Ш.Алтангэрэлд холбогдуулан өв залгамжлагчаар тогтоолгох, мөн Р.Лодонг Сэлэнгэ аймгйин Сүхбаатар сумын 3-р баг 7-р хэсэг 2-р 60 айлын 13 тоот 2 өрөө орон суүцны эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 Гэтэл дээрх хуулийн зохицуулалт нь 1.Иргэний хуүлийн 90-р зүйлийн 90.1 дэх хэсэг нь шударга эзэмшигчийн гэж хэнийг хэлэхийг зохицуулсан зохицуулалт бөгөөд энэ нь Р.Лодон тухайн байрны эзэмшигч байсныг шүүх нотлогдсон гэж үзэж энэ заалтыг баримталсан байтлаа хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.  

2.Иргэний хэргийн 520-р зүйлийн 520.1.1, нас барагчийн нөхөр, эхнэр төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өмчлөгч байна гэсэн заалтыг баримтлан өв залгамжлагчаар тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн зохих заалтыг буруу баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж   үзэхээр байна.  Энэхүү хуулийн заалтаар Ш.Оюунгэрэл нь Раднаа овогтой Лодон гэдэг хүний хууль ёсны өв залгамжлагч мөн гэдэг нь тогтоогдож байгаа юм. 

2. Р.Лодон уг байранд 1986 оноос хойш 2003 он хүртэл амьдарч байсаныг түүний хүү Алтангэрэл, бэр Алтангинж нар тайлбартай мэдүүлсэн төдийгүй хэргийн материалд талййгаач Р.Лодон гэдэг хүний нэр дээр 1999 оноос 2003 оны 4 сар хүртэл жил жилээр сунгасан сунгалттай тамга тэмдэгтэй уг байрны эзэмших эрхийн гэрээний дэвтэр, МУ-ын Ерөнхий архивын газрын тодорхойлолтонд өрхийн тэргүүнээр Р.Лодон бүртгэгдсэн байна гэсэн лавлагаа зэрэг нь авагдсан байхад энэ нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа нь тодорхой бус шийдвэртээ энэ талаар үгүйсгэж байгаа болон ямар үндэслэлээр нотлох баримтыг үнэлээгүй талаар тусгаагүй байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ..Ш.Оюунгэрэл нь талийгаач Р.Лодонг шүүхэд төлөөлөх эрхгүй гэсэн өгүүлэмж бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь энэ хүний хуүль ёсны өв залгамжлагч гэдэг нь хуулиар хуульчилсан. Тэгвэл юуг яагаад төлөөлөх эрхгүй гэж бичсэн нь тодорхойгүй байгаа учраас ойлгохгүй байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэжлэлийн шаардлага нь Р.Лодон гэдэг хүний амьдарч байсан өндөр насны шугамаар хувьчилж орсон СБ сумын 3 баг 7 хэсэг 2-р 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны өв залгамжлагч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байхад шүүх зөвхөн өв загамжлагчаар тоггоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх юм. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байгаа тул гомдол бичсэн.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь агуулгын хувьд ойлгомжгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага ч гэсэн анхнаасаа ойлгомжгүй байсан. Гаргасан гомдол нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай зөрнө. Нэхэмжлэл гаргасан мөртлөө анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Захиргааны хэргийн шүүхийн ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл нь хариуцагч Ш.Алтангэрэлд холбогдуулан “өв залгамжлагчаар тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа “талийгаач эх Р.Лодонг Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар хэсэгт байрлалтай Төмөр замын 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэмэгдүүлсэн байна.

 

 Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, хариуцагч Ш.Алтангэрэл нар нь төрсөн эгч дүүс бөгөөд  талийгаач Р.Лодонгийн төрүүлсэн хүүхдүүд тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.д зааснаар зохигчдыг  хууль ёсны өвлөгч гэж үзнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл хуулиар Р.Лодонгийн хууль ёсны өвлөгч гэдэг нь тогтоогдсоор байхад  түүний өвлөгч болох хуулиар олгосон эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн ямар шалтгаанаар өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаад байгаа болон ямар шалтгаанаар өвлүүлэгчийг /талийгаач эх Р.Лодон/ эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох  тухай  шаардлагыг хариуцагчид холбогдуулаад байгаа  зэрэг нь тодорхой бус байна.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч нь  өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргаад байгаа мэт ойлгогдохоор байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эсхүл ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх материаллаг эрх зүйн ямар харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлох,  хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжих үндэслэл болохгүй.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Алтангинж Ш.Оюунгэрэлийн өвлүүлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох гэж маргаж буй орон сууц нь миний буюу  хариуцагч Ш.Алтангэрэл болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө тул өөрсдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд  гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх   хүлээн авч, шүүгчийн  2017 оны 05 сарын 17-ны өдрийн 1118 тоот захирамжаар Д.Алтангинжийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэжээ.

 

 Хэргийн үйл баримт болон  Д.Алтангинжийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээс үзвэл  гуравдагч этгээд нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн талаар шаардлага гаргасаар байхад  шүүх түүний эрх зүйн байдлыг буруу тодорхойлсноор  түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болдог. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг бус харин түүнийг хэргийн оролцогч болсныг шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг гэж ойлгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдах бөгөөд аливаа маргаан, түүнийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 593 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дах хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Ш.Оюунгэрэлээс  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                  Л.АМАРСАНАА

                                                                          Г.ДАВААРЕНЧИН