Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 22

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

        Прокурор                                               М.Сайнзаяа

        Шүүгдэгч                                               Ч.Б, Т.М, Г.О, Д.М

        Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Х.Оюунбат, Р.Цэрэнханд

        Нарийн бичгийн дарга                           Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой  Ч.Б, Т.М, Г.О, Д.М нарт холбогдох 1815000360029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч.Б

Монгол Улсын иргэн, Д.М.

Монгол Улсын иргэн, Т.М

Монгол Улсын иргэн, Г.О

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э.тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны  04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б.г зодож Б.Б.н гар утсыг авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч С.Б Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Т.М, Г.О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг,

шүүгдэгч Д.М, Т.М, Г.О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  

Шүүгдэгч Д.М, Т.М, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, 2 дахь хэсгийн  2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг тус тус  нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.н 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Т.М, Г.О нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын  “тохижилт үйлчилгээний ангид“ өдөрт 4 цагаас дээшгүй цагаар ажиллуулахаар тус тус тогтоож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Т.М, Г.О нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б.н  цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч. Б, Д.М, Г.О, Т.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч Д.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б.н нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 570000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх,  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо: “....Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтаар гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс дээрх зүйл ангиар шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг анхаарч үзэлгүй ял оногдуулсан.

           Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байдлыг харгалзаж үзэж ялыг хөнгөрүүлж болно гэж заасан байх ба уг заалтыг Ч.Б.д хэрэглэж ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.д учруулсан хохирол 330 000 төгрөгийг төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүулэх энэхүү хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байна.

            Мөн Ч.Б нь төрөлхийн зүрхний ховдлын эмгэгтэй бөгөөд зүрх судасны эмчийн хяналтанд байдаг ба зүрхний хагалгаанд орох заалттай. Түүний эрүүл мэндийн байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нарын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ “ ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Б.г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт, Д.М, Г.Ор, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ч.Б.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Д.М, Г.Ор, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн зүйлчлэлийг  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Ч.Б.г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, Д.М, Г.Ор, Т.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүгдэгч Ч.Б.н өмгөөлөгч Х.Оюунбат шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...Б ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ “... шүүгдэгч Ч.Б нь Д.М, Г.О, Т.М нартай бүлэглэж хохирогч Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар түүний эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авсан нь...нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Мөн “... шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нар хохирогчийн гар утас газарт унасан байсныг болон хараагүй маргааш нь Ч.Б авсан байсан талаар хамт явсан гэрч А.М.с мэдсэн талаар өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна...” гэж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэсэн атлаа Д.М, Г.О, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Б.н үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулсан байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Б  овогт Т  ... өөрчлөн зүйлчилсүгэй” гэж шүүгдэгч М.н нэрийг бичилгүй орхигдуулсан алдаа гаргажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурьдсугай. 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.М, Г.О, Т.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                   ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                               С.УРАНЧИМЭГ