Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02984

 

2018 оны 10 сарын 09 өдөр             Дугаар 102/ШШ2018/02984                                  Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн нарангийн  дугаар гудамжны  тоотод оршин суух Д овогт А.Т-ын нэхэмжлэлтэй хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 36.779.713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Баянгол дүүргийн прокурор Д.Э, иргэдийн төлөөлөгч А.Э, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      

        Нэхэмжлэгч А.Т нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хамаатан Г.Б, хүргэн ахын дүү н.Т нарын хамт Да хүрээ зах орж, өөрийн хуучин машинаа зөрүү өгч солиод, “Тоёота марк-2” машиныг Д.Э-аас худалдан авч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-тай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан.

        2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Г.Б “ээжийгээ вокзалаас тосох хэрэгтэй байна, машинаа өгөөч” гэж гуйсныг анх зөвшөөрөөгүй, орой гэрт ирж дахин гуйхаар нь арга буюу өгөөд явуулсан.

        Машинаа өгөхдөө жолооны үнэмлэх байгаа эсэхийг асуухад байгаа гээд  үнэмлэхээ холоос үзүүлсэн.

        Гэтэл Г.Б худлаа хэлж машин аваад, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тэрэлж”-ийн замд, зам тээврийн осол гарган, 2 хүн нас барж, 2 хүний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан.

        Улмаар Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай Шийтгэх тогтоолоор Д овогт А.Ц-ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар “оногдуулсан 3 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид” эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Дараа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 27 дугаартай Магадлалаар, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин  хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж” шийдвэрлэсэн.

Ингээд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай Шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ялыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн.

Иймээс жил гаруй хугацаанд цагдан хорих төвийн чийгтэй, харанхуй орчинд үндэслэлгүйгээр 97 хоног хоригдож, эрүүл мэндээр хохирч, ажил төрлөө хийж чадахгүй, 0-3 насны хоёр хүүхэд, эмчийн хяналтанд байдаг эхнэрээ харж хандаж чадахгүй, өмгөөлөгч авч хөлс төлж, шүүхээс үндэслэлгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж миний бие болон манай гэр бүл сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтанд байсан тул хууль бусаар цагдан хоригдсон хугацаанд аваагүй цалин 6.779.713 төгрөг, өмгөөлөгч З.Б, Н.Б, Л.О нартай гэрээ байгуулан, өмгөөлөлийн үйлчилгээ авсны хөлс 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 36.779.713 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

         Гуравдагч этгээдийн төлөөлөгч Баянгол дүүргийн прокурор Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжихгүй.

         Шүүх шийдвэр гарахдаа цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон. Батлан даалтанд гаргасан шийдвэр гарсан байхад цагдан хоригдсон хоногт оруулан бодсон. Мөн нэхэмжлэгч жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн гэм буруутай байдаг. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд хоригдох хугацаандаа цалин хөлсөө авч байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулинд өмгөөлөлийн хөлс олгоно гэсэн заалт байхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А.Т хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 36.779.713 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         

         Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай Шийтгэх тогтоолоор А.Тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

          Иймээс зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэгч “ 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаартай Шийтгэх тогтоолоор цагаатгагдан, нийт 97 хоног цагдан хоригдож, үүний улмаас эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч З.Бат-Эрдэнэд 1.000.000 төгрөг, Л.Оюунцэцэгт 1.000.000 төгрөг, Н.Баярхүүд 8.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан, тус тус  төлсөн болох нь тогтоогдож байна.

        Мөн нэхэмжлэгч цагдан хоригдсон хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч энэ хугацаанд байгууллага нь түүний цалинг олгож байсан талаар маргаагүй болно.

        Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хоригдох хугацаанд 2 нялх хүүхэдтэй эхнэр маань ажил хийж явах хойгуур хүүхэд түлэгдсэн нь сэтгэл санаанд нөлөөлж байна” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн учирсан бодит хохиролд холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, цалин 6.779.713 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөлийн үйлчилгээ авсны хөлс 10.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1 “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хохирлыг төр хариуцан арилгана” гэж заасны дагуу төрөөс буюу Хууль зүйн сайдын  багцаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгүүдэд зааснаар төрөөс /Хууль зүйн сайдын  багцаас/ 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д овогт А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 26.779.713 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.        

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Г.АРИУНАА

 

                 ШҮҮГЧИД                                                    З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                         Х.ЭНХЗАЯА