Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 470

 

 

А.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03270 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хууль бусаар цагдан хоригдсоноос учирсан хохиролд 36 779 713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т,

Прокурор Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жолоодох эрхээ, жолооны эрхгүй этгээдэд шилжүүлсэн хэрэгт холбогдож цагдан хоригдсон. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 97 хоног хоригдсон. Жолоодох эрхгүй этгээд автомашин авч яван, хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Жолоодох эрхгүй автомашин авч явсан этгээд үнэнээ хүлээгээд надад холбогдох хэргийн цагаатгах тогтоол гарсан. Би Улаанбаатар төмөр замын татах хэсэгт 7 жил гаруй ажиллаж байна. Засварын 4-р зэрэгтэй. Сардаа дунджаар 1 500 000 төгрөгийн цалин авдаг. 3 сар цагдан хоригдсноос болоод энэ цалингаа авч чадаагүй. Ээлжийн амралтаа эдэлж чадаагүй, ээлжийн амралтын мөнгөөр өмгөөлөгч авсан. 13 дахь сарын цалинг бас авах эрхгүй болсон. Цалингийн өндөр зээлтэй байсан учраас хүнээс зээлж хохиролд 2 000 000 төгрөг өгч 4 000 000 төгрөгт гэрээ хийсэн. Би өмгөөлөгч н.Бат-Эрдэнээсээ татгалзаж, н.Оюунчимэг өмгөөлөгчийг авсан. 2 дахь удаагийн шүүх хурал дээр өмгөөлөгч н.Оюунчимэг маань эмчилгээнд Солонгос Улс руу явсан. Тус шүүх хуралдаанд бүрэлдэхүүн дутуу, 2 шүүгч орж ирээд өмгөөлөгчийн учир байдлыг хэлтэл цагдан хорисон. Намайг хоригдож байх хугацаанд охин маань түлэгдсэн байсан. Сэтгэл санаа бол хэцүү байсан. Би гэмт хэрэгт холбогдоод хууль бусаар 97 хоног цагдан хоригдсон. Алдсан цалин хөлс, өмгөөллийн хөлс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Алдсан цалин хөлс 6 779 713 төгрөг, н.Бат-Эрдэнэ, н.Оюунчимэг, н.Баярхүү 3 өмгөөлөгч авсан, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, нийт 36 779 713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13 дугаар шийтгэх тогтоолоор жолоодох эрхгүй этгээд автомашин бариулж хүний биед хүнд гэмтэл учруулж, хүний амь нас хохирсон гэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн гэм буруутайд тооцож 3 жилийн ял авсан. Хавтаст хэргийн материалд шийтгэх тогтоол, магадлал цагаатгасан талаарх баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн ажлын газраас 2010 оноос одоог хүртэл засварчнаар ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт ирсэн байсан. Нийгмийн даатгалын дэвтрээс төлөлт нь бүтэн харагддаг. Шүүгч, прокурорын хууль бус шийдвэрээр үндэслэлгүй хоригдох гэдэг нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт прокурор шүүгч нарын хууль зөрчсөн ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэж заасан байна. Ямар шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа нь нэхэмжлэлээс харагдахгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шийдвэр хүчингүй болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор А.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа харагдахгүй, нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан холхирол 36 779 713 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулах тухай нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэхь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх 97 хоног цагдан хоригдсон нь хууль бус ажиллагаа байсан гэдгийг нотлох баримт, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон тухай баримт байхгүй, шүүхэд аливаа сэжигтэн, шүүгчдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих эрх хуулиар олгогдсон байдаг учраас хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

...Шүүх А.Т-г гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тогтоож, цагаатгасан атлаа гэмт хэрэг хийгээгүй хүнийг цагдан хорьсон нь хуулийн дагуу байсан, эрх бүхий субъектүүдийн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн тодорхой заалтын дагуу нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 36 779 713 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 399 дүгээр зүйлд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заасан уг хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах эрхтэй болохыг заасан боловч онцгой ажиллагааны журмаар иргэний хэргийг шийдвэрлэх журам тогтоогоогүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах зохицуулалттай холбон тодорхойлсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүдийн төрлийг заасан бөгөөд тухайн төрөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх талаар заагаагүй байхад анхан шатны шүүх гэм хорын нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн атлаа уг иргэний хэргийн хариуцагч тодорхой бус байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.    

 

Хуулиар тогтоосон ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох байтал нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлоогүй нөхцөлд шүүхээс Засгийн газрын нөөц сангаас буюу тодорхой бус этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулсан нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар прокурорын байгууллага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх зүйн байдалтайгаар оролцож байгааг тодруулах шаардлагатай.

 

Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг бүрдүүлэн, үнэлэх журам, явуулах ажиллагаа нь ердийн журмаар гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээс ялгаатай бөгөөд талууд нэхэмжлэл, татгалзлаа гарган, харилцан няцаах зэргээр мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх учиртай.

 

Иймд оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байдлаар хэргийг шийдвэрлэхэд хэргийн гэм хорыг арилгуулах нэхэмжлэлтэй уг хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ