Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0527/З |
Дугаар | 128/ШШ2021/0444 |
Огноо | 2021-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0444
2021 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 128/ШШ2021/0444 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: Б комисс
Гуравдагч этгээд: П ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын комиссын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б ХХК нь П ХХК-тай Барилганы аижл гүйцэтгэх гэрээгээр ажил хийж гүйцэтгэсэн. Манай компани тухайн актанд дурдагдсан компаниудтай гэрээ байгуулж, тухайн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд манай компани ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээр ажиллаж, өөрийн компанийн 16 давхар барилгын тусгай зөвшөөрлийг ашиглан ажиллаж байсан. Барилгын угсралтын ажил болон барилгын гүйцэтгэлийн хяналтын чиг үүргийг манай компани хариуцан ажилласнаас гадна 14000 м.кв цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн, зохих барилгын далд ажлын актыг гаргаж өгсөн. Тухайн үед П ХХК барилгын 16 давхрын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд манайхтай гэрээ хийж ажил гүйцэтгэсний дараа буюу 2018 онд 16 давхрын тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Мэргэлийн хяналтын газарт байгаа далд ажлын хуурамч актыг өөрийн нүдээр харсан. Гэтэл П ХХК Ерөнхий гүйцэтгэгч Б ХХК-ийн хооронд гэрээний төлбөрийн маргаан гарч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдах явцад П ХХК хуурамч бичиг баримт үйлдэн барилга, орон сууцыг ашиглалтанд оруулах актыг гаргуулсан байна.
Маргаж буй 2019/310 тоот актаар 201, 202, 205 дугаар барилгуулыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Одоо 201, 202 дугаар орон сууцнуудад хүмүүс амьдарч байгаа, мөн 205 дугаар үйлчилгээний барилгад түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс оршин суугчдад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа гэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа болно.
Иймд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 тоот Улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... П ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газартаа зоорийн давхартаа 78 автомашины граж бүхий 146 айлын орон сууцны барилгыг барьж, ашиглалтанд оруулах комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу П ХХК-ийн барилгад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр комисс томилогдон ажилласан бөгөөд Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 4 дэх хэсэгт заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдалд санал өгч шийдвэрлүүлсний дараагаар тухайн барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн хүрээнд бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарган баталгаажуулжээ.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан бөгөөд улсын комисс нь тус хуулийн 48.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн тул хууль зөрчөөгүй байна.
Дээрх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд П ХХК-ийн захирал Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Б ХХК нь маргааны обьект болох барилгын ажилд Ерөнхий гүйцэтгэгчээр огт ажиллаагүй болно. Харин П ХХК нь Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Буман залуус цогцолборын 203, 204 тоот орон сууцны барилга, үйлчилгээний төвийг барьж дуусган хэсэгчлэн ашиглалтад оруулахаар захиалагчийн хүсэлт гаргасны дагуу Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж хууль дүрмийн дагуу барилгыг ашиглалтад оруулсан.
Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс захиалагч, гүйцэтгэгч болон эрх бүхий байгууллагуудын төлөөллийг бүрэн оролцуулж, холбогдох материалуудад дүрмийн хүрээнд хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд баримт бичгийн бүрдлийн талаар ямар нэгэн гомдол гараагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б ХХК-иас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 3.1.2-т энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах., 4.4-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. гэж заажээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/1022 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулсан бөгөөд Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно. гэж зааснаар маргаан бүхий дүгнэлтийг үйлдсэн улсын комиссыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан болно.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 машины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламжид барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулах нь зүйтэй шийдвэрлэжээ.
Тус комиссын хурлын тэмдэглэлд ...үйлчилгээтэй 2 ширхэг 16 давхар 148 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэсэн гэж болон барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр П ХХК ажилласан талаар тэмдэглэсэн байна.
Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага-ын 6-д Бага, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний зураг төсөл хэсгийн ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, 4-д Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл хэсгийн ЗТ-4.1Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл төрлөөр тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тушаалаар гуравдагч этгээд Пирамид орд ХХК-д олгожээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 машины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламж 2015 оны 05 дугаар сараас баригдаж эхэлсэн байхад П ХХК өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн бүтээцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2018 оны 04 дүгээр сард авсан нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ. гэж заасантай нийцэхгүй байна.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;
48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;
48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хуулийн дээрх заалтад заасан барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт зэрэг баримтууд дутуу байхад улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана: 48.7.1.энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;... гэж зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах байжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч хууль зөрчсөн нь тогтоогдож байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа захиргааны акт бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр тус барилга байгууламж 4 орон сууцны барилгатай бөгөөд маргаан бүхий улсын комиссын дүгнэлтээр 2 орон сууцны барилгыг хүлээн авсан бөгөөд үлдсэн 2 барилгыг улсын комисс хүлээн авах асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа талаар тайлбарласан бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно. гэж заажээ.
Гэвч маргаан бүхий улсын комиссын дүгнэлтэд дээрх барилга байгууламж цогцолбор барилга болох талаар болон технологийн хувьд нэгдмэл бус талаар дурдаагүй байх бөгөөд улсын комисс хүлээн аваагүй байгаа 2 ширхэг орон сууцны барилгыг улсын комисс хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар хариуцагч Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын нэгдсэн зоорийн дулаан зогсоол бүхий орон сууц, үйлчилгээний барилга байгууламж нь 4 ширхэг орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын технологийн байдал болон ерөнхий гүйцэтгэгчээр тусгай зөвшөөрөл бүхий этгээд ажилласан эсэхийг тогтоосны үндсэн дээр хуульд заасан баримтыг бүрэн судалж тус барилга байгууламжийг бүхэлд нь ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл дээрх асуудлаар нотлох баримт цуглуулж нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх бөгөөд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.6.барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах;, 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна. гэж зааснаар дээрх асуудлыг шалган шийдвэрлэх нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хариуцагч Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг юм.
Иймд хариуцагч Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос П ХХК-ийн захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын нэгдсэн зоорийн дулаан зогсоол бүхий орон сууц, үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гарах хүртэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, 48.5, 48.7, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн нутаг дэвсгэр дэх бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссоос П ХХК-ийн захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын нэгдсэн зоорийн дулаан зогсоол бүхий орон сууц, үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гарах хүртэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлт хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН