Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0383

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Сангийн сайд

Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” *** дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0302 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагч Сангийн сайдын өмгөөлөгч Т.Э

Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0052/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК нь Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О нарт холбогдуулж “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” *** дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0302 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо:

“Иргэн Х.Н-ын диплом хуурамч эсэх асуудлын хувьд: ...Маргаан бүхий дипломыг хуурамч гэх асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаж дууссан. Энэ хүрээнд гарсан эцсийн, хүчин төгөлдөр шийдвэр нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай тогтоол юм. Тус тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.2-т заасан гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тус тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Иймд захиргааны хэргийн шүүхээс Прокурорын тогтоолыг үндэслэлгүй гэж үзэх, түүгээр нэгэнтээ шийдвэрлэгдсэн асуудлыг өөрөөр дүгнэх үндэслэлгүй юм. Иймд шүүх “тухайн шинжилгээг диплом буюу үнэт цаасыг үнэн зөв эсэхийг шинжилснээс бус доторх мэдээлэл үнэн зөвийг тогтоогоогүй” гэх Прокурорын тогтоолыг няцаах дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэртэй хэн нэгэн маргаагүй, гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байгаа цагт түүнийг шүүх няцаах үндэслэлгүй юм. Тухайлбал, захиргааны хэргийн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол цагдаа, прокурорын байгууллага түүнийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх учиртай. Тэрнээс Прокурор нь “захиргааны хэргийн шүүх нотлох баримтаа дутуу цуглуулсан байна” гэх зэргээр шүүхийн шийдвэрийг няцаах үндэслэлгүй юм.

Иргэн Х.Н-ын төгссөн гэх их сургуулиас лавлагаа, тодорхойлолт ирсэн гэх боловч тухайн нөхцөл байдал, баримттай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Хэрэв тус нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага шалгаж, нэг мөр, эргэлзээгүй байдлаар тогтоосон нөхцөлд дипломыг хуурамч гэж үзэх үндэслэлтэй болох юм. Гэвч цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоогүй, иргэн Х.Н-ын гэм бурууг тогтоосон шийдвэр байхгүй байхад түүнийг хуурамч бичиг баримт ашигласан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ялангуяа иргэн Х.Ныг цагдаад шалгуулахаар тухайн иргэнийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн мөртлөө түүний бичиг баримтыг ашигласан компанийг “хуурамч диплом ашигласан” гэж буруутгах үндэслэлгүй юм.

Тухайн их сургуулийн төгсөгчдийн дунд иргэн Х.Н-ын мэдээлэл олдоогүй нь түүний дипломыг хуурамч гэж дүгнэх хангалттай үндэслэл болж чадахгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “их сургуулийн төгсөгчийн мэдээлэл нь гарч ирэхгүй байх тохиолдол байдаг. Бид энэ тохиолдолд тухайн хүний төгсөлтийн монтаж зэрэг баримтыг авч үздэг” зэргээр тайлбарласан. Асуулт, хариултын үе шатад ч энэ агуулгаар асуултад хариулсан. Гэтэл иргэн Х.Н-ын хувьд хариуцагчид тийнхүү тодруулах ажиллагаа огт хийгээгүй. Иргэн Х.Н төгсөлтийн дипломтой, харин их сургууль нь “төгсөгчдийн мэдээлэл дунд нэр нь алга” гэх мэдээлэл өгсөн. Шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор дипломыг хуурамч биш гэж үзсэн.

Ийнхүү зөрүүтэй дөрвөн нотлох баримтаас яагаад их сургуулийн мэдээллийг үнэн зөв гэж үзэж, үлдэх 3 баримтыг үнэн зөв гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Ялангуяа Монгол Улсын эрх бүхий байгууллага, Үндсэн хуульд заасан Прокурорын байгууллагын хүчин төгөлдөр тогтоолоос ОХУ дахь нэгэн их сургуулийн тайлбарыг илүүд үзэж байгааг ойлгохгүй байна.ОХУ-аас ирсэн гэх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй байсан гэж харж байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. ОХУ-аас ирсэн гэх баримт нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шаардсаны дагуу ОХУ-аас ирсэн баримт. Гэхдээ тухайн баримт нь захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн дараа шүүхэд ирсэн тул түүнийг үнэлээгүй байдаг. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ризагийн албан бичиг хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх, тодруулах, мэтгэлцэх, нотлох баримтаар тооцож авах зэрэг ажиллагаа хийгдээгүй. Иймд ОХУ-аас ирсэн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Дипломыг хуурамч гэж үзвэл нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа бай эсэх:

...Тендерт оролцох материал бүрдүүлж байгаагийн хувьд баримт бичгийн үнэн зөвийг хариуцах ёстой гэх хуулийн зохицуулалт байхгүй. Бид Тендерийн хуулиас тийм зохицуулалт олсонгүй. Иймд шүүгч дээрх байдлаар дүгнэлт хийж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээлгээгүй үүргийг нэхэмжлэгчид компанид хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Тендерийн тухай хуулийн 14.1.6, 14.5-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн улсын байцаагч тогтоосон бол тендер оролцох эрхийг хязгаарлах тухай заасан. Өөрөөр хэлбэл, тендерт оролцох эрхийг хязгаарлах шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл, үндэслэл нь тухайн этгээд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлэх явдал юм. Харин бичиг баримтын үнэн зөвийг хариуцах, эсвэл энэ байдал алдагдах нь тендер оролцох эрхийг хязгаарлах шийдвэр гаргах үндэслэл биш билээ. Иймд нэхэмжлэгч нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэх нь хэрэгт чухал болохоос тендерийн бичиг баримтын үнэн зөвийг хариуцах асуудал хэрэгт чухал биш юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т гэм буруутны ял зэмлэлийг бусдад халдаан хэрэглэхийг хориглосон. Иймд буруутай үйлдэл гаргасан тухайн этгээд өөрөө хариуцлага хүлээх учиртай. Гэтэл иргэн Х.Ныг цагдаад шалгуулахаар тухайн иргэнийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн. Тухайн этгээд гэм буруутай байлаа гэж бодсон ч түүнд нь компани оролцоогүй, хамааралгүй билээ. Иймд тухайн иргэний гаргасан үйлдлээс болж компанид арга хэмжээ авах үндэслэлгүй юм.

Маргаан бүхий диплом хуурамч эсэх нь тусгай мэдлэг шаардах зүйл бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж тогтоох боломжтой. (Хариуцагч тал ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа асуулт, хариултын үе шатад илэрхийлсэн) Тийм ч учраас тухайн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, шинжээч томилж, ОХУ-аас нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг хийж байгаа билээ. Тэдгээр ажиллагааг хийхгүйгээр хэн ч тухайн дипломыг хуурамч гэж мэдэх, дүгнэх боломжгүй. Тийм атал нэхэмжлэгч компанийг яагаад буруутгана гэж? Бидний шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэл, компанийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүгч Та бүхэн үнэн зөв гэж ойлгосны үндсэн дээр тэдгээрт тулгуурлаж хэргийг шийдвэрлэж байгаа.

Гэтэл тэдгээр баримтуудыг бид хуурамчаар үйлдсэн болох нь хожим тогтоогдвол түүнийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Та бүхнийг буруутгаж болох уу? Нэхэмжлэгч компанийн хувьд тийм л зүйл болоод байна. Энэ шударга ёсонд нийцсэн, логиктой зүйл үү гэдгийг бодож үзэхийг Та бүхнээс хүсэж байна. Нэхэмжлэгч компанийн хувьд иргэн Х.Н-ын гаргаж өгсөн дипломыг үнэн зөв гэж бодсоны үндсэн дээр түүнийг ажиллуулж, цалин хөлс өгч байсан. Тухайн цаг хугацаанд буюу тендерийн бичиг баримтад ашиглах үед энэ талаар ямар нэгэн маргаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байгаагүй.

Иймд компанийн зүгээс дипломыг хуурамч гэж үзэх үндэслэлгүйн дээр тийнхүү бодох, хардах ч үндэслэл, сэжүүр байгаагүй. Хожим ч цагдаа, шүүх шинжилгээ, прокурорын байгууллагууд шалгаад тус дипломыг хуурамч биш гэж дүгнэсэн. Өнөөдөр ч гэсэн тухайн диплом хуурамч эсэх нь эргэлзээтэй, маргаантай байна. Тодруулбал, түүнийг хуурамч гэж үзэх үндэслэл болж байгаа ганц баримт нь ОХУ-аас ирсэн “Х.Н-ын мэдээлэл нь их сургуулийн төгсөгчдийн мэдээлэл дунд алга" гэх баримт байгаа. Харин үүний эсрэг талд шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дипломыг хуурамч биш гэж дүгнэсэн байдаг. Ийм атал нэхэмжлэгч компани яагаад “илт худал мэдээлэл” бүхий тендер ирүүлсэн гэж буруудах вэ?

Тендерийн тухай хуулийн 14.1.6, 14.5-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэдгийг хэн ч хараад ойлгомжтой, тусгай мэдлэг үл шаардах зүйл гэдэг агуулгаар тайлбарлах үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч ч үүнтэй санал нийлж, хуулийн тус заалтыг энэ утгаар тайлбарласан. Тухайлбал, жишээ татаж “Компани нь 2023 онд үүсгэн байгуулагдсан атал үүнээс өмнөх хугацаанд ажил хийсэн гэж гэрээ өгсөн байвал энэ нь илт худал мэдээлэл болно” хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл маргаан бүхий диплом нь хуурамч гэдэг нь илт тодорхой зүйл биш юм. Дээрх байдлаар мөрдөн шалган ажиллагаа, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдэж байгаа нь үүнийг харуулна. Мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, шинжээч томилох ажиллагаа хийгдсэн ч гэсэн тухайн нөхцөл байдал эргэлзээтэй хэвээр байгаа нь “илт худал мэдээлэл” гэх нөхцөлийг үгүйсгэх юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг бичиг баримтын үнэн зөвийг хариуцах ёстой хэмээн дүгнэсэн. Гэвч компани тухайн дипломыг хуурамч гэдгийг мэдэх боломжтой байсан эсэх, энэ хүрээнд юу хийх байсан эсэх, юуг хийгээгүй эсэх буюу яагаад буруутай эсэхэд огт дүгнэлт хийсэнгүй. Учир нь, тухайн үед дипломыг ашигласан компанийг буруутгах логик, үндэслэл байхгүй билээ. Компани шалгах, мэдэх боломжтой эсэхээс үл хамаараад бичиг баримтын асуудлыг бүрэн хариуцна гэвэл маш хортой үр дагаварт хүргэх болно. Тухайлбал, ажилтны иргэний үнэмлэх, иргэний харьяаллын мэдээлэл, төрсний гэрчилгээ, ажлын туршлагыг харуулсан баримт, төрийн байгууллагаас олгосон лавлагаа, мэдээлэл зэрэг компаниас үл хамаарах бичиг баримтуудын алдааны улмаас компани шууд тендерт оролцох боломжгүй нөхцөл байдал бий болсоор байх болно. Ийнхүү диплом хуурамч гэж үзсэн ч энэ талаар мэдээгүй, мэдэх боломжгүй компанийг “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” хэмээн буруутгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн энэ талаарх хийсэн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн тухай:

Маргаан бүхий диплом нь хуурамч эсэх асуудалд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгсөн. Тодруулбал, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0035 дугаартай шийдвэрийн 33 дахь тал, “8.2. М компанийн барилгын инженер Х.Н нь ОХУ-аас дээрх мэргэжлээр суралцаж төгсөөгүй гэх маргааны тухайд” гэх хэсэгт энэ талаар дүгнэлт хийсэн. Ингэхдээ, шүүхийн шийдвэрийн 34 дэх талд “Нэхэмжлэгч Н компаниас .... хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, ... захирамжаар түдгэлзүүлсэн. ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд бусдаас гаргасан гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээр ... мэргэжлийн диплом нь зориулалтын үнэт цаасанд хэвлэгдсэн, жинхэнэ баримт бичиг болохыг тогтоосон байна” хэмээн дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг няцаагаагүй. Иймд иргэн Х.Н-ын диплом хуурамч эсэх асуудал нь өмнө шүүхээр дүгнэгдсэн асуудал гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд мэргэжлийн диплом хуурамч биш болохыг нэхэмжлэгч нь дахин нотлох үүрэггүй юм. ОХУ-аас ирсэн баримт нь шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй. Гагцхүү тухайн баримтын үндсэн дээр хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан үзэж, өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон нөхцөлд дээрх шүүхийн шийдвэр үгүйсгэгдэх юм. Гэвч одоогоор тус журмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий дипломыг хуурамч гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дэх заалтыг зөрчсөн, өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хяналт шалгалтын журам зөрчигдсөн тухай:

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03 дугаартай Удирдамжийн дагуу нэхэмжлэгчид хяналт шалгалт хийсэн. “Н” компанийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гомдлын дагуу тус хяналт шалгалтын Удирдамжийг баталж, хяналт шалгалт хийсэн. Ийнхүү Гомдол ирснээс хойш 2 жилийн дараа хяналт шалгалт хийж байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т иргэн, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор хяналт шалгалтыг эхлүүлэхээр заасан. Иймд Сангийн яам нь нэхэмжлэгчид хяналт шалгалт хийх бол 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөрт багтаан эхлүүлэх ёстой байсан. Гэвч тус хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй, 2 жилийн дараа хяналт шалгалт хийсэн. Хариуцагчдын зүгээс “Засгийн газрын 2021.12.14-ний өдрийн 64 дүгээр хуралдааны тэмдэглэлээр хяналт шалгалтыг бууруулахыг зөвлөсөн тул Н компанийн шалгалт хийх ажиллагааг хойшлуулсан” хэмээн тайлбарладаг. Улсын байцаагчийн маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай Дүгнэлтийн Тодорхойлох хэсэгт мөн адил тус агуулгаар заасан. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм. “Н” компани 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан. Засгийн газрын дээрх тэмдэглэл 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Иймд тэр хүртэл хяналт шалгалт хийх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тус Тэмдэглэл нь нэхэмжлэгч компанид хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл, шалтгаан болоогүй юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т заасан 5 хоногийн хугацаа энэ хооронд өнгөрсөн. Засгийн газрын дээрх Тэмдэглэлийн 1 дэх заалтад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 50 хувиар бууруулахыг зөвлөсөн. Нэхэмжлэгч компанийн хувьд Гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж, түүний хүрээнд маргаан бүхий захиргааны актууд гарсан. Иймд Засгийн газрын дээрх тэмдэглэл нь нэхэмжлэгч компанид хяналт шалгалт хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй юм. Засгийн газрын дээрх тэмдэглэлийн 2 дахь заалтад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрсдэлд суурилан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийх, хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт бус буюу гомдлын дагуу хийгдэх хяналт шалгалтаа хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч компанид гомдлын дагуу хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалт нь хуульд заасан хугацааны дотор хийгдэх байсан. Дээрхээс дүгнэхэд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т заасан хугацаа өнгөрсөн, 2 жил хэтэрсэн байх үед хяналт шалгалтын удирдамж баталж, шалгалт хийсэн нь хууль бус юм. Иймд тус хяналт шалгалтын үр дүнд гарсан захиргааны акт нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, хууль бус захиргааны акт байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтэд “...М ХХК Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 онд зарласан БСШУСЯ/201902176 дугаартай “Цэцэрлэгийн барилга, 250 ор /Баян-Өлгий, Өлгий сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон ерөнхий инженер Х.Н-ын ОХУ-ын Барнаул хотын И.И.Ползуновын нэрэмжит Алтай улсын Техникийн их сургуулийг үйлдвэрийн ба иргэний барилгын инженер мэргэжлээр төгссөн дипломыг ирүүлсэн. Уг диплом хуурамч болохыг ОХУ-ын Алтайн бүс нутгийн Барнаул хотын Октябрьский дүүргийн шүүхээс өөрийн улсын Хууль зүйн яамаар дамжуулан “Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн туслалцааны тухай гэрээ”-ний дагуу Монгол Улсын иргэн Н Х холбогдох эрх зүйн туслалцааны хүсэлтийг хариу албан бичигт хавсаргасан дээр дурдсан мэдээлэл, нотлох баримтуудаар тогтоосон байна” гэснийг үндэслэн “1.М ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “М” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

          3.  Дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “М” ХХК гомдол гаргасныг Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8532 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          4. Улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар “...Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг хавсралтаар баталсугай”, тушаалын хавсралтын 60-д “М” ХХК илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэжээ.

          5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” 52 дугаар зүйлийн 52.1.14-т “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх”, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заасан.  

          6. Анхан шатны шүүх “...уг мэдээлэл нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтад оролцохдоо ерөнхий инженер Х.Ныг ОХУ-ын Барнаул хотын И.И.Ползуновын нэрэмжит Алтай улсын Техникийн их сургуулийг үйлдвэрийн ба иргэний барилгын инженер мэргэжлээр төгссөн гэх диплом ирүүлснийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй... маргаан бүхий захиргааны акт гаргах урьдчилсан нөхцөл болсон улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журамд нийцсэн, нэхэмжлэгч нь тендерт оролцсоны хувьд хариуцлагатай байх, баримт бичгийн үнэн зөвийг нягтлах үүрэгтэй бөгөөд тендерийн баримт бичигт тухайн дипломыг хавсаргасан нь маргаан бүхий захиргааны актууд гарах үндэслэлд хамаарахаар байна” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

          7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тус нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага шалгаж, нэг мөр, эргэлзээгүй байдлаар тогтоосон нөхцөлд дипломыг хуурамч гэж үзэх үндэслэлтэй болох юм. Гэвч цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоогүй, иргэн Х.Н-ын гэм бурууг тогтоосон шийдвэр байхгүй, ...Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-д заасан 30 хоногийн хугацаа хэтрүүлж тушаал гаргасан, ... хяналт шалгалтын журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          8. Нэхэмжлэгч “М” ХХК нь дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гарган, түүнийг шийдвэрлэсний дараа маргаан бүхий тушаалыг гаргасан нь хугацаа хэтрүүлж тушаал гаргасан зөрчилд хамаарахгүй байх бөгөөд тухайн тохиолдолд эрүүгийн журмаар Х.Н-ын гэм бурууг тогтоогоогүй нь захиргааны байгууллага хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэн хяналт тавихад хамааралгүй юм.      

       Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

 ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА