Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1962

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/01962

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ха овогт Марын А /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах “Л” ХХК /РД: /-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, гэрч **********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Л”ХХК-ийн машин баригчийн ажилд сарын 700.000 төгрөгийн цалинтай, 1 жилийн хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний бие ажилдаа очих боломжгүй байсан тул хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер  Б-д ажилдаа очих боломжгүй болчихлоо, иймээс та өнөөдөр миний оронд өөр хүн ажиллуулаад өгөөч гэж хүсэлт гаргасан. Ингэхэд хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер Болорчулуун зөвшөөрч чиний оронд машин баригч Н-ийг тавилаа, чи өнөөдөр ажилдаа ирэхгүй байж болно гэсэн тул би тухайн өдөр ажилдаа очоогүй. Манай байгууллагын ажилчид ажлаас 1 өдрөөс доторх чөлөөг үйлдвэрийн дарга буюу хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженерээс авдаг тул би зохих журмын дагуу авсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн оройн ээлжинд гарах гэтэл өдрийн 14 цагт нөгөө ээлжийн мастер  Л.Б гэдэг хүн ажилдаа ирээд хэрэггүй, чамайг халсан байна, манай ээлжнээс чиний оронд хүн гарна гэсэн. Миний бие тухайн өдөр хөдөлмөр, хамгаалал аюулгүй байдлын инженер  Б-аас чөлөө авсан атал намайг ажил тасалсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан “Л”ХХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 дугаар тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2.100.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М.А нь манай компанид 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хялгас ялгах машин баригчаар ажилд орсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд амаржсаны болон хүүхэд асрах чөлөөний амралтаа эдлээд ажилдаа орж өдийг хүртэл ажиллаж байгаа болно. М.А нь ажлын байрандаа хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харьцаатай байдгаас гадна ээлжийн ахлагч, үйлдвэрийн дарга болон байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөдөөс нь сөргөөцөлдөн хэрэлдэж, хэл амаар доромжилж байдаг, ажилдаа халамцуу ирдэг зэрэг зан суртахууны талаар доголдолтой ажилтан. Энэ талаар нь үйлдвэрийн дарга, ерөнхий инженер, ээлж хариуцсан ажилтан, хамт ажиллагсад нь удаа дараа зэмлэл хүлээлгэх, учирлан хэлэх, хамт ажиллагсадтайгаа эвтэй байх талаар сануулдаг боловч өөртөө дүгнэлт хийлгүй, алдаагаа бусдад нялзах, удирдлагын өөдөөс хэрэлдэх, хэл ам татлах зэрэг нь хэвээр байсан учир ажилчид, албан хаагчдаас  гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сарын цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээг захирлын 27/2017 тоот тушаалаар авсан ба М.А нь өөрийн дутагдалтай байдалдаа дүгнэлт хийлгүй дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан учир 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн захирлын 15/1/2018 тоот тушаалаар ажлаас халах хүртэл хатуу сануулга өгсөн сахилгын арга хэмжээ авсан. М.А нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 08.00-20.00 цаг хүртэл ээлжинй ажилтайн байсан атлаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажил таслан архидан согтуурч бусдын гар утсыг шидэж эвдлэх зэрэг агсан тавьж, олон нийтийн газар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас Төмөр замын Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэн бүтэн 11 цагийн турш ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 10.2.4 дэх заалтыг зөрчсөн байх тул 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захирлын 25/2018 тоот тушаалаар ажлаас халсан болно. М.А нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер Бд ажилдаа очих боломжгүй гэж чөлөө авсан гэж буй нь  байгууллагын дотоод журмын 5.5. дахь хэсэгт “компаний захирлын шийдвэрээр ажилтанд түүний хүсэлтийн дагуу 1-3 хоногийн чөлөө олгож болно. Чөлөөтэй байх хугацаанд тэтгэмж олгох эсэх асуудлыг компаний захирал жич шийднэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь ажилтан нарт чөлөө олгох эрхгүй бөгөөд М.А нь худал хэлж, чөлөө олгох эрхгүй ажилтнаас чөлөө авсан гэж ажил таслан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны цагдаа д/а Мөнхжаргалд бусдын гар утсыг шидэж эвдэлсэн талаар асуугдаж шалгагдаж байсан байна. Тухайн компанид ажиллаж буй хэн ч хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журмыг биелүүлэх үүрэгтэй. Үүнийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгсөн. Тиймээс М.А нь байгууллагын дотоод журмын 3.4.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.4, 10.2.5 дахь заалтуудыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халж М.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд М.Аыг ажлаас халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч ***************нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.А нь хариуцагч “Л”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч М.Алзтанзулын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

            М.А нь “Л”ХХК-д машин баригчаар ажиллаж байхад нь “Л”ХХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журмын 3.4, хөдөлмөрийн гэрээний 10.2.4, 10.2.20 дахь заалтыг баримтлан ажлаас нь халжээ.

            Нэхэмжлэгч М.А нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 08.00 цагаас 20.00 цаг хүртэл ээлжийн ажилтай байсан атлаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05.00 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан танхайрсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж, эрүүлжүүлэгдсэн болох нь зохигчдын тайлбар, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, лавлагаа зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч М.А нь тухайн өдөр ажилдаа очих боломжгүй болсон тул хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер н.Б-д утсаар хэлж чөлөө авсан атал намайг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан бол хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн дотоод журамд зааснаар гүйцэтгэх захирал, түүний эзгүйд ерөнхий инженер ажилтанд чөлөө олгох эрхтэй бөгөөд чөлөө олгох эрхгүй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженерээс чөлөө авсан гэж үзээд ажилдаа ирээгүйг ажил тасалсанд тооцсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир “Л”ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн ажлын байрны тодрхойлолт зэргээс үзэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь ажилтанд чөлөө олгох эрхгүй байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 5.5-д зааснаар компанийн захирал ажилтанд түүний хүсэлтийн дагуу 1-3 хоногийн чөлөөг олгох эрхтэй байна.

            Нэхэмжлэгч М.А нь тухайн өдрийн ээлжийн ажилдаа ирэх боломжгүй болсон тухай түүний нөхөр Ч.Г мэдэгдсэн тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер н.Б-аас түүний оронд өөр ажилтан томилон ажиллуулсныг чөлөө олгосон гэж үзэхгүй тул ажилтан М.Аыг ажлын нэг өдөр ажил тасалсанд тооцохоор байна.

            Хэдийгээр гэрч нар гүйцэтгэх захирал байхгүй үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээс чөлөө авдаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч М.А нь өөрөө чөлөө авах талаар мэдэгдээгүйгээс гадна байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, чөлөө олгож байсан үйлдэл нь сахилгын зөрчлийг зөвтгөх  хууль зүйн үндэслэл болохгүй юм.

            Иймд ажилтан  М.А Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нэг өдрийн ажил тасалсан зөрчил гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээний 10.2.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-д заасан ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг  харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Гэвч ажил олгогчоос ажилтан М.Аын ажил таслан, архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, ёс зүйн алдаа гаргасан зөрчилд гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24/2018 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан атлаа 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түүнд ажлаас халах арга хэмжээ дахин авсан нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан гэж үзэхээр байна.

            Хариуцагч “Л”ХХК-ийн гүйцэтгэх захирлын М.Ад сануулах сахилгын арга хэмжээ авах тухай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 24/2018 тоот тушаал, М.Алзтанзулыг ажлаас халах тухай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 25/2018 тоот тушаалуудын үндэслэл нь ажилтан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн ажил тасалж, эрүүлжүүлэгдсэн гэх сахилгын нэг зөрчил байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна.

          Иймд нэхэмжлэгч М.Аыг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, “Л”ХХК-ийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.

                 Нэхэмжлэгч М.А нь ажилгүй байсан хугацааны олговорт 2.100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тооцвол М.А нь 1.055.553 төгрөгийн дундаж цалинтай байх ба 1 сарын ажлын дундаж хоног 21.5 хоногоор тооцоход өдөрт 49.095 төгрөгийн цалинтай байна.

 Иймд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл  ажилгүй байсан 52 хоногийн хугацааны олговорт 2.552.940 төгрөг олгох үндэслэлтэй байгаа боловч нэхэмжлэгчийн 2.100.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны олговорт 2.100.000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 48.550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон   

   

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Магсарын Аыг “Л”ХХК-ийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоож, “Л”ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2.100.000 төгрөг гаргуулан М.Ад олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар “Л”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48.550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР