Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00878

 

2021           06            25                                          001/ХТ2021/00878

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...................., Ц.Бямбадорж нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...................., Ц.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................... анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ................... би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016.04.10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. М.................... нь асуудал шийдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2,000,000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд “Манай байгууллага нэг сарын 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016.05.12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд “Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм” гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016.07.16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан. 2016.08.11-нд очиж түрээсээ нэхэхэд “Өгнө өө 2016.09.12-нд нэг мөсөн төлье” гэснээр Иргэн ................... би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016.08.12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. ...М....................оос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд “Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016.04.12-ны өдрөөс 2016.08.12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6,000,000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................... гэдэг хүнтэй манай байгууллага ямар нэгэн аман гэрээ байгуулаагүй. ................... нь манай байгууллагын авсан байсан газрыг өөрийнхөө авсан газартай нийлүүлэн том хэмжээний хашаа барьсан. Манай байгууллага барилгын ажлаа хавар эхлэх болсон. ................... орон сууц барина гээд олон иргэдээс урьдчилгаа мөнгө авчихсан байсан. Тэгээд барилга нь баригдахаа больсон гэхэд иргэд манай байгууллага дээр ирж хэл ам хийсэн. ...................ыг олдохгүй байхаар нь Засаг даргад хашааг нь холдуулж өгнө үү гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Манайх төсөв багатай бүх зүйл нарийн тооцоотой учир түрээсийн гэрээ хийх шаардлагагүй гэж ерөнхий газарт батлагдаж байсан. Хорих ангиудаас тусламж авах ёстой байсан. ...................од орон сууцны урьдчилгаанд мөнгө өгсөн иргэд манай байгууллагаас мөнгөө нэхдэг байсан. Би ...................той ижил нэртэй болохоор нэг залуу мөнгөө авах гээд намайг ална, манай өвөө, эмээгийн мөнгийг өг гээд асуудал болж байсан удаа ч байгаа. Тэгээд манай байгууллагад хамаагүй гэхээр иргэд Бид нарын мөнгөөр авсан байгаа энэ хашааг мөн зуурмагийн машиныг нь би авна би авна гэж дайрч байсан. Бидний зүгээс иргэдэд ингэж болохгүй, ................... гэдэг хүнийг дагуулж ир. Хэрвээ болохгүй бол ................... гэдэг хүний харьяаллыг тогтоож, шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол та нар хэрэгт орно. Хохирсон байдал дээрээ дахиад хохирно гэж 2-3 сарын хугацаанд маш сайн ойлгуулсан. ...................оос бид нар мөнгө нэхэмжлэх ёстой юм. Яагаад гэвэл манаач нь цалингаа өгөхгүй байна гээд нүүгээд бүх юмыг нь хаяад явчихсан. Гэтэл манай байгууллага ...................ын бүх эд хөрөнгийг өөрөө ирж автал нь нэг ч хадаас дутаахгүйгээр харж хандаж байгаад хүлээлгэж өгсөн. Бид гэрээ байгуулах бол ерөнхий газарт хянуулж, ерөнхий газар зөвшөөрөл олгосноор гэрээ байгуулдаг. ...................той бид ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед барилга баригдах үед ................... гэдэг хүнтэй би хальт нэг удаа тааралдаж байсан. Тухайн үед надтай ярилцаагүй. Хашааны хувьд ярихад иргэд тухайн үед манай дарга байсан М....................ын ярьснаар маш олон хүмүүс ирж ...................ын тоног төхөөрөмжийг авна гэж ярьж байсан. Манаач нь ................... бид нартай холбогдохгүй байгаа. 2-3 сарын цалингаа аваагүй гэж ажлаа хаяад явчихсан. Мөн Сөгнөгөр хайрхан ХХК-ийн нүх ухаж овоолсон шороог иргэд бид нарыг зайлуулж өг гэдэг байсан. Тухайн үед ................... аман гэрээ хийсэн гэж ярьж байгаа боловч манай дарга надад энэ талаар хэлж байгаагүй юм. Би энэ талаар мэдээгүй. Хэрвээ аман гэрээ хийсэн бол би цааш нь даргатайгаа ярилцах байсан. Би энэ асуудлыг анх 2018 онд мэдсэн. ................... алга болсон гэх 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд манай байгууллагатай аман гэрээ хийсэн. Мөн түрээсийн төлбөр авах ёстой гэж нэг ч удаа ирж уулзаж байгаагүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар үндэслэлгүй тул ...................ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн төлбөр 2.959.524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.040.476 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг : 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ...................оос тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ...................оос давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн110.950 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 62.302 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...................., Ц.Бямбадорж нар хяналтын гомдолдоо: Тус хэлтэс нь Сайхан сумын Засаг даргын 2011.02.14-ний өдрийн 51 тоот захирамжаар 11-р цэцэрлэгийн баруун тал, 14-р байрны урд талд конторын зориулалттай барилга барихаар 900м2 газар эзэмших эрх авч гэрчилгээг гаргуулсан. Нэхэмжлэгч Сөгнөгөрхайрхан ХХК-ний захирал ................... нь тус хэлтсийн эзэмшиж байсан 900 м.кв талбайг мөн өөрийн эзэмшлийн 2600м.кв талбайн хамт оруулан 3500 м.кв талбайд хашаа барьсан. Манай хэлтсийн газрыг хамруулан хашаа барьсан тул хашаагаа буулгахыг Сөгнөгөрхайрхан ХХК-ний тухайн үеийн даамал гэх хүнд болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайванд газар чөлөөлүүлж өгөхийг мэдэгдэж байсан. Төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр барилга барьсан. Бүх зүйл албан ёсны бичгээр гэрээ байгуулан удирдах газраас зөвшөөрөгдөн шийдэгдэж. Барилгын ажил явагдсан. Түрээсийн талаар захирал ...................той хэлцэл хийсэн зүйл байхгүй. 1,500,000 төгрөгөөр хашаа түрээслэх боломж ч байгаагүй. Энэ хүн түрээс нэхэх битгий хэл үзэгдэж ч байгаагүй. Сөгнөгөрхайрхан ХХК-ний манаач нь цалингаа өгөөгүй гээд нүүгээд явсан бөгөөд би мөнгөндөө энийг нь ч авна гэх зэргээр байнга хүмүүс ирж бид эд зүйлсийг нь хамгаалж байсан. -Та нар ...................ыгоо дагуулж ирээд юмыг нь ав гэхээр тэр хүн чинь олдохгүй байна та нар олж өг гэж шаарддаг байсан. Мөн нэхэмжлэгч ................... нь өөрийн байгууллагын тоног төхөөрөмжөө хамгаалах, барилгын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан хууль, эрхзүйн актад заасан үүргээ хэрэгжүүлж орон сууцны барилгын ухсан суурийн нүхийг хамгаалж хашаа барьсан болохоос манай байгууллага энэ хүнээс гуйж хашаа бариулаагүй, бид энэ хүний эд хөрөнгө, хашааг ирж автал нь бүрэн бүтэн хамгаалж байсан. Нэхэмжлэгч ................... нь эд хөрөнгө түрээслэх гэрээг аман болон бичгээр хийгээгүй байж түрээс нэхэж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар манай хэлтсээс 2,959,524 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2,959,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.

................... нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшиж, газар дээрээ төмөр краказан хашаа барьсан боловч газар давхцсан гэх маргаан үүсч, ................... нь хашааг буулгаж газрыг чөлөөлөх болсон боловч ...................уг хашааг 2016.04.10-2016.08.10 хүртэл хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдсон байх ба энэ хугацаанд хөлс төлөх эсэх асуудал талуудын хоорондох маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нь хашаагаа буулгах гэтэл хариуцагч ашиглахаар харилцан тохироод сарын 1,500,000 төгрөгийн хөлсийг тохирсон гэсэн бол хариуцагч манай эзэмшил газар дээр хашаа барьсан, хашаагаа буулгаагүй, бид өөрсдийн хашааг барих боломжтой байсан, түрээс тохироогүй, нэхэмжлэгч нь хэл ам гаргаад байсан тул 300,000 төгрөг өгье гэсэн гэх үндэслэлээр маргасан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нь зохих хөлсийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж гэрээний төрлийг тодорхойлсон, гэрээг амаар болон бичгээр байгуулж болохыг уг гэрээний зохицуулалт болон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч нь эд хөрөнгөө шилжүүлж өгсөн, хариуцагч уг эд хөрөнгийг эзэмшиж ашигласан үйл баримт тогтоогдсон ба энэ харилцаа нь эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан боловч шүүх хэлцлийн талаар зайлшгүй эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

Аливаа гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байж гэрээ байгуулагдсанд тооцогддог бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээний хувьд хөлслөх эд хөрөнгө, хөлс нь гэрээний гол нөхцөл болж, энэ талаар тохиролцсон болохоо талууд нотлоогүй бол гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Хөлс төлөх талаар талууд тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрчүүд талууд хөлс тохирсон талаар бус нэхэмжлэгчийн хэлсэн нөхцөл байдлыг мэдүүлсэнээс өөр баримт байхгүй нөхцөлд хөлсийг тохирсон гэж үзэх үндэслэлгүй, улмаар гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй тул талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх гэрээ байгуулагдаагүй болохыг үндэслэлтэй дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн нь буруу боловч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах тул магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрсөн болон маргаагүй үйл баримтын хүрээнд дүгнэлт хийдэг бөгөөд хариуцагч нь 300,000 төгрөгийг төлөх талаар тайлбар гаргасан үйл баримтад тулгуурлан энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...287.1-т зааснаар...” гэснийг “...287.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул...” гэж, “...барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн төлбөр 2,959,524...” гэснийг “...300,000...” гэж, “3,040,476” гэснийг “5,700,000” гэж, “62,302” гэснийг “...9,650...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 62,302 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД