Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 25

 

Д-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Д-ийн нэхэмжлэлтэй,  Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох 37.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д, хариуцагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г Шарга сумын Засаг даргын тамгын газарт улсын бүртгэгчээр ажилладаг. Бид 2006 онд танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. Том хүү Г 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, удаах хүү Х 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, охин А 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бид хуримаа хийгээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад 2012 оны 04 дүгээр сард хамтран эзэмшиж байсан 2 өрөө байр, Ниссан Тино маркийн машинаа зарж, хүнд даацын Хово маркийн машин худалдан авч нөхөр хөдөө ажиллахаар би дунд хүүгээ гаргахаар хөдөө ирж аавындаа амьдрах болсон. Улмаар 2013 оноос гэр бүлийн болон бидний эцэг эхийн хоорондын таагүй асуудлууд үүссэнээр тус тусдаа амьдраад 5 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нөхөр миний дүүг зодож танхайрсан хэрэгт холбогдсон бөгөөд өөрийгөө аврахын тулд 2 хүүг надаас авч өөр дээрээ түр байлгасан боловч энэ асуудал намжсаны дараа хүүхдээ авах гэтэл чи хүүхдүүдээ хаясан гэсэн муу нэрийг зүүлгэж өгөөгүй, уулзуулахгүй байгаа. Ингээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж шүүхэд хандах гэхэд нөхөр гэрлэлтээ цуцлуулахгүй, хамтдаа амьдарна, эвлэрнэ гэсээр хэсэг хугацаанд хоорондоо харилцаатай байгаад 2015 онд охиноо төрүүлсэн. Гэвч хүүхдүүдтэй минь уулзуулахгүй 2 хүү аавтайгаа эмээгийндээ, би охинтойгоо аавындаа амьдарсаар өдийг хүрлээ. Манай нөхрийн тухайд нийлэх хамт амьдрах санаа байдаг юм шиг санагддаг боловч ээж, ах, эгч нарынхаа үгэнд хэтэрхий их ордог болохоороо хэзээ ч санаачлагыг гартаа авч зүрхэлдэггүй. Одоо нийлж амьдрах хүсэл сонирхол алга, нийлж амьдрах гэхээр энэ хүн хөдөө ажил хийдэг сүүлийн нэг жилийн хугацаанд ирнэ нийлнэ гэж ярьдаг боловч амьдрал дээр ямар нэгэн дэвшил гаргаагүй амаар ярих төдий байдалтай байгаа учраас эвлэрэх саналд нь итгэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Том хүү Г аавтайгаа амьдарна гэсэн болохоор дунд хүү Х-ыг өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Бага охин А миний асрамжинд байдаг тул хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна.

Дундын эд хөрөнгийн тухайд бид хоёр гэр бүл болоод энэ хүнд эцэг эх нь мал ахуй надад эцэг эх маань байр авахад хувь нэмэр оруулж байсан. Би гэр бүлийн хөрөнгө гэдэг утгаар нь мал ахуй зэрэг өөр бусад асуудлаар хандаагүй. Ямар асуудал яригдаж байгаа вэ гэхээр аавын маань надад өгсөн байранд оруулсан хувийг нэхэмжилж байгаа. Тухайн үед манай аав, ээж хоёр 9.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, байрны үнэ 32.000.000 төгрөгийг 100 хувь гэж тооцоод 9.000.000 төгрөг нь 28.125 хувь болж байна. Тэгээд Хово маркийн машиныг 70.000.000 төгрөгөөр зарсан гэж байсан боловч хариуцагч өмнөх шүүх хуралдаан дээр 60.000.000 төгрөгөөр зарсан гэсэн тул энэ байдлаар тооцож 60.000.000 төгрөгний 28.125% нь 16.875.000 төгрөгийг байранд оруулсан мөнгөнөөс ногдох хувь гэж тооцоод 16.875.000 төгрөгийг, үүн дээр бэлгийн машины үнэ 4.000.000 төгрөг, нийтдээ 20.875.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг 2014, 2015, 2016 онуудад 15.2 хувийн Төрийн банкны хүүгээр бодож банкинд хадгалсан бол 2014 оны хүүд 3.173.00 төгрөг, 2015 оны хүүд 3.655.296 төгрөг, 2016 оны хүүд 4.210.900 төгрөг авах байсан. Ингээд эдгээр хүүг нэмж тооцоод нийт 31.914.196 төгрөгийг нэхэмжилж, 4.285.804 төгрөгний шаардагаас татгалзаж байна гэжээ.
 
Хариуцагч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д-тэй 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. Том хүү Г 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 1 нас 8 сартайгаасаа миний өөрийн аав, ээж дээр байдаг байсан. Удаах хүү Х 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Гэвч хадмуудын дундах үл ойлголцол мөн хадам дүүтэй маргаан үүссэн нөхцөл байдлын улмаас бид хоёр талд амьдрах болж Д хүү Х-г 1 ой 3 сартайд нь надад авчирч өгөөд явсан. Түүнээс хойш эх хүн байж нялх хүүхдээ хөхнөөс нь гаргачихаад, өөрийнхөө аав, ээж, ах, дүүгийн үгэнд орж хоёр хүүгээ хаяж явсан. Бид нэг суманд амьдардаг, хүүхдүүдтэйгээ ойрхон байдаг мөртлөө хүүхдүүдээ хайж сураглаж ирдэггүй, уулзая гэсэн сэтгэл байхгүй. Миний хувьд Д-с салья гэсэн бодол байгаагүй. Бид хоёр хүүтэй, сүүлд нэг охин төрсөн. Тиймдээ ч салах өргөдөл өгч байгаагүй. Энэ хүн салья гэж байгаа тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Х-г өөрийн асрамжинд авахыг зөвшөөрөхгүй. Өнөөдөр л амнаас нь хүү Хурбор гэсэн үг гарч байна. Түүнээс хоёр хүүгээ ерөөсөө ярьдаггүй, сая эвлэрүүлэн зуучлал дээр хүүгийн асуудал яригдаагүй, ерөөсөө л мөнгө л ярьдаг. Энд орж ирэхээрээ Х гэж ярьдаг. Хүү Х ээжийнхээ өвөрт нэг өдөр ч унтаж үзээгүй, ээжээ гэж нэг ч хэлж үзээгүй, нэг ойтоогоосоо 5 нас хүртлээ надтай хамт амьдарч байна. А охин төрсөн цагаасаа хойш ээжтэйгээ байгаа. А ээжтэйгээ байгаад би хоёр хүүтэйгээ байгаа болохоор тэтгэлэг төлөхгүй.

Биднийг гэрлэхэд 32.000.000 төгрөгөөр байр авсан нь үнэн. Тухайн үед 9.000.000 төгрөгийг Д-н аав нь өгсөн нь үнэн. Тэрийг одоо ингэж хувилаад байгаа нь зөв ч юм уу яаж явах юм. Машины үнэ 4.000.000 төгрөгийг би аавд нь буцааж өгсөн. Амьдарч байгаа хүмүүс чинь бас зарлага гарна ямар ч үндэслэлгүй хүү нэхээд байгааг гайхаж байна. Гэхдээ тухайн үед байранд оруулсан 9 сая төгрөгийг хувилаад одоо 16.875.000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ямар ч үндэслэлгүйгээр хүү нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн энд орж ирэхээрээ хүүгийн талаар яриад байдаг. Бусад үед миний хоёр хүүг ярихгүй зүгээр л мөнгө яриад байдаг юм гэв.
 Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д/, хариуцагч Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг тус тус баримтлан 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, хүү Г, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, хүү Х нарыг эцэг Г-н асрамжид, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, охин Г-н -г эх Д-н асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д, хариуцагч Г нар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д, хариуцагч Г нарт үүрэг болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэхэд адил үүрэгтэй бөгөөд Г, Х нарыг эцгийнх нь, А-г эхийнх нь асрамжид үлдээсэн тул Х-г өөрийн асрамжинд авах, Х, А нарт тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5.185.804 төгрөгний хэсгээсээ татгалзсан болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Г нь нэхэмжлэлийн шаардлагаас байранд оруулсан хувьд ногдох 16.875.000 /арван зургаан сая найман зуун далан таван мянган/ төгрөгний шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.039.196 /арван таван сая гучин есөн мянга нэг зуун ерөн зургаан/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 116.198 /нэг зуун арван зургаан мянга нэг зуун ерөн найман/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 312.525 /гурван зуун арван хоёр мянга таван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Г, Д нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 
Нэхэмжлэгч Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д миний бие, хариуцагч Г-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс 37.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэргийн шүүх хурал 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 245 тоот шийдвэр гарсан болно.
Тус шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 6-д “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1.1, 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.039.196 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.
Дээр дурдсан 15.039.196 төгрөгийг бүхэлд нь бус энэ дүнд багтсан миний эцэг, эхийн хуримын бэлгэнд өгсөн NISSAN TINO маркийн машиныг борлуулсан үнийн дүн болох 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг судалж үзвэл дараах 2 үндэслэлээр 4.000.000 төгрөгийг надад олгохгүй байх шийдвэрийг гаргасан байна.
1. Миний эцэг, эх бидний хуриманд бэлэглэсэн суудлын авто машиныг 4.000.000 төгрөгөөр борлуулсан талаар 2 удаагийн хуралд хариуцагч Г нь хүлээн зөвшөөрчихөөд байгаа боловч хариуцагч нь 2014 онд миний эрэгтэй дүүг зодож танхайрсан үедээ шоронд орохгүйн тулд манай аавын хотод байдаг байранд өөрийн гэрийн тавилгаа 2 жил тавьж түрээсийн өрөөг нь ашигласны төлбөр болгож нийт 4.000.000 төгрөг аавд төлснийгөө энэ мөнгийг төлсөн мэтээр шүүгчид ойлгуулах гэж хичээсэн бөгөөд шүүгч ч энэ асуудалд намайг хариу тайлбар хийгээгүй гэсэн шалтгаан дурдсан байна.

2. Олгох шийдвэр гаргахгүй байх хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3  Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууц, гэр; хашаа. байшин зэрэг бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно. гэж дурджээ.
НЯЦААХ НЬ:
1.  Хариуцагч Г нь уг 4.000.000 төгрөгийг өгсөн мэтээр ойлгуулах гэж шүүгчид  тайлбарлахад   миний   бие  "Би  тайлбар  хийж  болох  уу"   гэж  шүүгчээс зөвшөөрөл авч "Энэ мөнгө манай дүүг зодсон үедээ байрны түрээс гэж төлсөн мөнгө" гэдгийг тайлбарлаж, "Энэ мөнгийг чи машины үнэ гэж тушаасан уу?" гэж асуухад хариуцагч Г нь "Үгүй л дээ" гэж хариулсан байгаа нь шүүх хурлын  тэмдэглэл болон дүрс бичлэг, яриа хураагуурт тодорхой тэмдэглэгдсэн байгаа. Энэ нь хариуцагч Г машины мөнгөний талаар өмнө ямар нэгэн тооцоо хийж байгаагүй болохыг гэрчилнэ.
2.  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан Гэр бүлийн гишүүний хуваарвт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн.... гэсэн хэсэгт хамаарах хэргийн  үйл   баримт  байхгүй  болно.  Харин ...   эсхүл  анх  гэр  бүл  болоход  нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэсэн хэсэгт хамааруулж үзсэн болов уу. Энэ заалтаас үзвэл гэрлэгчдэд бэлэглэсэн машин нь гэр бүлийн дундын өмч байна гэж хатуу заасан заалт байхгүй байна. Энэхүү машиныг дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа мөртлөө байранд оруулсан хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж үзэхгүй байх нь эрс тэрс туйлбаргүй шийдвэр бус уу. Учир нь энд дурдагдаад байгаа байр, машины мөнгө нь нэг л угсаа гаралтай, нэг л зориулалттай, нэг л мөнгөний асуудал шүү дээ. Хэдийгээр бид хэн аль нь нотлох баримт бүрдүүлэх үүрэг хүлээсэн боловч бодит амьдрал   дээр   гэр   бүлийн   хүмүүс   алхам   тутамдаа   баримт  бүрдүүлээд,   гэрээ байгуулаад байдаггүй. Тиймээс ч шүүх хуралдааны явцад мэтгэлцэх, асуух замаар ихэнх зүйлийг нотолдог. Гэвч хариуцагчийн хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбараар миний хуваарьт хөрөнгийг тодорхойлж болж байгаа мөртлөө, машиныг эцэг, эхээс бэлэглэсэн, түүнийг 4.000.000 төгрөгөөр худалдан  борлуулсан  гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрчихсөн атлаа "Энэ мөнгийг төлчихсөн" гэдэг худлаа тайлбараар гэр бүлийн дундын эд хөрөнгө болгон тооцож байгаа нь буруу гэж үзэж байна.
Иймд шүүх хуралдааны явцад миний эцэг, эхээс бэлэглэсэн машиныг 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсныг хариуцагч Г нэгэнт хүлээн зөвшөөрсөн байгааг, мөн "Энэ мөнгийг төлчихсөн" гэдэг үгэнд ямар хариу тайлбар хийснийг, ямар асуулт асуусныг, хариуцагч юу гэж хариулсныг 2 удаагийн шүүх хурлын дүрс бичлэг, яриа хураагуураас дахин сонсож хэлэлцээд, улмаар Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна/ дэх заалт, үүнд: 127.1.2өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө/ дахь заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 245 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-д тогтоосон хэсгийг хүчингүй болгож, суудлын авто машин худалдан борлуулсны 4.000.000 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох 37.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид албан ёсны гэр болоод хамтран амьдарсан хугацаанд 2007 онд хүү Г, 2012 онд хүү Х, 2015 онд охин А нарыг төрүүлж өсгөн бойжуулсан ба хамтран амьдрах хугацаандаа хоорондын болон хоёр талын эцэг, эх, ах, эгч дүүсийн таарамжгүй харьцаа, байдлаас болж 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

Гэрлэгчдийн таарамжгүй, эвлэрэх боломжгүй байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болсон гэж анхан шатны шүүх үзэж тэдний гэрлэлтийг цуцалсан нь буруу биш байна. 

Нэхэмжлэгч Д давж заалдах гомдолдоо “...миний эцэг, эхээс бэлэглэсэн машиныг 4.000.000 төгрөгөөр худалдан борлуулсныг Г хүлээн 
зөвшөөрсөн байгааг..., Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1/Гэр бүлийн гүшүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна/ заалт, 127.1.2 /өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, тэдгээрийг худалдсан, арилжсны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө/ заалтуудыг үндэслэн...суудлын автомашин худалдан борлуулсны 4.000.000 төгрөгийг надад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Зохигчдын маргаж байгаа бэлэглэлийн тухайд NISSAN TINO суудлын автомашиныг бэлэглэгч нар нь гэр бүлийн гишүүнд нэр зааж бэлэглээгүй учраас гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар уг 4.000.000 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд адил хэмжээгээр хувааж тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.039.196 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, “ нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.439.196 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Г-с 1.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эохтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН