Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 181/2019/03280/И |
Дугаар | 001/ХТ2021/00668 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00668
2021 06 08 001/ХТ2021/00668
Б.Гонгорын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 172 дугаар магадлалтай,
Б.Гонгорын хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг
Хүсэлт гаргагчийн гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Гонгор түүний өмгөөлөгч П.Баасанжав, прокурор Ш.Одонсүрэн нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Жаргалын Бадамцэрэн нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938.06.24-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгүүлсэн. Хожим хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1970.07.28-ны өдрийн 013 дугаар тогтоолоор цагаатгасан. Үндэсний төв архивын 2018.10.12-ны өдрийн 03-5/4837 дугаар лавлагаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 205 дугаар хуудсанд, өрхийн тэргүүн Жаргалын Бадамцэрэн эрэгтэй, 48 настай, эхнэр Тогоогийн Цэрэндолгор 46 настай, хүү Бадамцэрэнгийн Бат 14 настай, хүү Бадамцэрэнгийн Гонгор 10 настай, хүү Бадамцэрэнгийн Мөнхөө 5 настай, охин Бадамцэрэнгийн Янжин 11 настай, охин Бадамцэрэнгийн Янжмаа 7 настай гэж бүртгэгдсэн бөгөөд одоо 2019.11.12-ны байдлаар бүгд амьд сэрүүн байна. Б.Батаа, Б.Янжин, Б.Даариймаа, Б.Мөнхөө нар нөхөх олговрыг адил тэгш хэмжээгээр хуваан авахаар тохиролцож, бичиг баримт бүрдүүлэх ажлыг надад даалгасан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т 40,000,000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжилжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан. Хэргийн баримтаар хэлмэгдэгчийн эд хөрөнгө хураасан байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гонгорын гаргасан 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 172 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Б.Гонгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн би Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговорыг нэхэмжилсэн. Би урьд нь энэ асуудлаар орон сууц авч байгаагүй, хэрэгт нотлогдсон байгаа. Би шүүхэд хураагдсан хөрөнгө, гэр, орон сууц эзэмших эрх зөрчигдсөн, сэргээгдээгүй байгаа гэж гомдол гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэртээ: Хөрөнгө нь хураагдсан баримт байхгүй, гэр орон сууц эзэмших эрх зөрчигдсөн нь баримтаар нотлогдоогүй байна гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хуулинд хорих ялаар шийтгэгдсэн хэлмэгдэгсдэд олгох 40,000,000 төгрөгийг, хөрөнгө хураагдсан, гэр орон сууц эзэмших эрх нь зөрчигдсөн, сэргээгдэээгүй тохиолдолд олгон гэсэн ямар ч заалт байхгүй байна. Энэ хуулинд 2018.01.12-ны өдөр шинэчилэн найруулгадаж, нэмэлтээр орсон 13.2.2 гэсэн заалт бол энэ хуулийн аль нэг заалттай харшихгүй, бие даасан зүйлчлэл юм. 23.1 дэх заалтыг нөхөх олговор гэж ойлгохгүй, хураасан хөрөнгө, гэр орон сууц нь буцааж олгоно гэсэн утгаар ойлгоно гэж Үндсэн хуулийн цэц, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст албан ёсоор бичиг ирүүлснийг ажил болгохгүй, дүүргийнхээ шүүхүүдийн тамгын газартайгаа нэгдсэн нэг ойлголттой болох ажлыг яаравчлахгүй, хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэхгүй байгаа ЦАУҮБУлсын комиссын урагшгүй ажиллагаанаас болон, иргэд хохирч, үрэгдэл, чирэгдэл ихтэй байгааг холбож үзэхээс өөр аргагүй байна. Улс төрийн хилс хэргээр шоронд ял эдэлж, эрх , эрх чөлөө нь бүдүүлгээр зөрчигдсөн сэргээгдээгүй байгаа гэсэн утгаар, холмэг дэгсдийн хүүхдэд нь нөхөх олговор олгож байгаа гэж ойлговол зөв болох байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг түүхийн судлаачид, эрдэмтэн мэргэд хоёр ангилж үздэг судалдагийг та бүгд эс юу андах билээ. ... Иймд зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Гонгор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 хэсэгт заасны дагуу нөхөх олговорт 40,000,000 төгрөг олгохыг хүсжээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар.
а). Б.Гонгор нь 1945.02.05-нд төрсөн өдгөө 81 настай байх ба тэрээр Жаргалын Бадамцэрэнгийн төрсөн хүү нь мөн болох нь 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Жаргалын Бадамцэрэн эрэгтэй 48 настай, эхнэр Тогтоогийн Цэрэндолгор 46 настай, хүү Бадамцэрэнгийн Бат 14 настай, хүү Бадамцэрэнгийн Гонгор 10 настай, хүү Бадамцэрэнгийн Мөнхөө 5 настай, охин Бадамцэрэнгийн Янжин 11 настай, Охин Бадамцээрнгийн Янжмаа 7 настай гэж бүртгэгдсэнээр болон Архивын Ерөнхий газрын лавлагаа Б.Гонгорын МЬ45020537 тоот регистрийн дугаар бүхий иргэний иргэний үнэмлэхийн эцэг/ эх/-ийн нэр гэсэнд Бадамцэрэн гэж бичигдсэн бичилт, эгч, дүү нар гэх Б.Янжин, Б.Дариймаа нарын гэрчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогджээ.
б).Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Гонгор ах дүү 5 гэж тайлбарлан одоо Б.Батаа, Б.Янжин, Б.Гонгор, Б.Дариймаа, Б.Мөнхөө нар энх тунх амьдарч байгаа, эцэг Жаргалын Бадамцэрэнгийн хэлмэгдсэний нөхөх олговрыг Б.Гонгор төлөөлөн нэхэмжлэхээр хэлэлцэн тохирсон гэж тайлбарлан хэргийн 9 дүгээр талд авагдсан Хэлцэл гэрээ гэх баримтыг гаргажээ.
Дээрх тохиролцоо нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан Нөхөх олговрыг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст тэгш хувааж олгох боловч тэдний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу аль нэгэнд нь олгож болно гэснийг зөрчихгүй гэж үзэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн (цаашид хуулийн гэх) хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан ... эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд гэсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдтэй нэгэн адил эрх бүхий хүмүүс байна.
Б.Гонгор нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн бөгөөд бусад эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр тэднийг төлөөлөх боломжтой гэж үзлээ.
2. Хэлмэгдэгч Жаргалын Бадамцэрэнгийн талаар
Жаргалын Бадамцэрэн нь Сэлэнгэ айгмийн Түшигцагааннуур сумын 10 дугаар багийн харьяат, ард, хар, буриад, нас 29/1938 оны байдлаар/. Ам бүл1, Монгол бичиг бага мэднэ, Ял шийтгэл, гавьяа шагналгүй. Баригдахын өмнө Түшиг хэмээх газар энгийн сууж байсан. Ж.Бадамцэрэнг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938.06.24-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн бүгд хурлын 1970.07.28-ны өдрийн 013 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018.10.18-ны өдрийн 05/6506 дугаар лавлагаагаар тогтоогджээ. /хх-6/
Хоёр шатны шүүх Ж.Бадамцэрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2- т заасан улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж хилс хэрэгт холбогдон хорих ял эдэлж нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн хэлмэгдэгч этгээд гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.
3. Хууль хэрэглээний талаар.
а). Хууль тогтоогч 2018.01.12-ны өдрийн хуулиар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.2-гэсэн заалт шинээр нэмж оруулсан байна.
Энэ заалтад Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэж тодорхойлон 13.2.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн, 13.2.2-т хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид өөрт нь, нас барсан бол 13.2.1-д нэрлэн заагдсан эрх бүхий хүмүүст 40 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор зохицуулжээ.
б). Хоёр шатны шүүх Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан Энэ хуулийн 23.1-д ..орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно гэснийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан ... хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоог хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин сугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэнтэй адилтган тайлбарласан нь алдаатай болжээ.
Шүүх Б.Гонгорын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний эцэг Ж.Бадамцэрэн нь хэлмэгдэх үедээ гэр, орон сууцаа хураалгаж эд хөрөнгө эзэмших эрх нь зөрчигдсөн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэл заасан нь буруу гэж үзэв.
в). 2018.01.12-ны өдрийн хуулиар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай (1998 оны) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхөх олговрыг нэг удаа олгоно гэснийг хүчингүй болгожээ.
Хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилгыг: ...хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, тэдэнд нөхөр олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагавар арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ.
Хуулийн 13, 23 дугаар зүйлийг хуулийн бүтцийн хувьд авч үзэхэд Хуулийн 13 дугаар зүйл нь хуулийн нөхөх олговор олгох бүлэгт хамаарч байгаа бол 23 дугаар зүйл нь хуулийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар арилгах гэсэн бүлэгт байгаа бөгөөд эдгээр заалтын зорилго, зохицуулалт нь өөр, өөр гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно гэснийг хилс хэргийн улмаас хэлмэгдэгч орон байраа алдаж эд хөрөнгийн хохирол учирсны үр дагавар гэсэн утгаар биш харин хэлмэгдэгчид төрөөс энэ хэмжээний нөхөх олговор нэмж олгохоор зохицуулсан гэж ойлгоно.
Иймд нэхэмжлэгч Б.Гонгор нь хэлмэгдэгч Жаргалын Бадамцэрэнгийн төрсөн хүү мөн байх тул, хуулийн 13.2.2-т заасны дагуу 40 сая төгрөгийн нөхөх олговор авах эртэй байна.
Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 172 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан улсын төсвөөс 40,000,000 төгрөг гаргуулж Б.Гонгорт олгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар Б.Гонгор нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД