Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

2019          7              25                                           2019/ДШМ/753            

                                   

Э.А-д холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Г.Хатанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1095 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.А-д холбогдох эрүүгийн 1705006810147 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овгийн Э-ын А  , ..........тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байсан:

1. 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

5. 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар, тус ялыг урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд багтаан, нийт 4 жил 2 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөн суллагдсан,

6. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 он 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай захирамжаар 95 цагийн албадан ажил хийлгэх ялаас чөлөөлсөн,

7. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус ялаа эдлээгүй байгаа,  /РД:.............../;

 

            Э.А  нь:

-  согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси Таун” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Отгонбаатартай бүлэглэн зөрчиж, иргэн М.Баяр-Эрдэнийг хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, отвертк зэргийг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн дээрх үйлдлийн улмаас иргэн М.Баяр-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЭБОЦЭ” ХХК-ний хашаан дахь Вьетнам засварын газарт Ж.Түвшинтөр, Ө.Тулга нарын Вьетнам улсын иргэн Нгүюүн Хуан Ха, Нгюүн Пү Хүн нараас дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, олсон 2 ширхэг “IРhоnе-6” загварын гар утсыг мэдсээр байж өөртөө авч эзэмшин мөнгө угаасан,

- 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” бааранд иргэн Н.Гоц-Олдохыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж Ретро” бааранд иргэн Л.Түвшинтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж ретро” бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Шүрийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол удаа дараа учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.А ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч Э.А  нь хоёр ба түүнээс дээш хүнд, хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн атал түүний үйлдсэн үйлдэл болгонд ял сонсгож, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх яллагдагч Э.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэх боломжтой хэдий ч яллагдагчид дээрх “хоёр буюу түүнээс олон хүнийг” гэсэн тухайн зүйл ангийн хүндрүүлэх шинжээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй тул шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх боломжгүй.

Мөн яллагдагч Э.А ын холбогдсон 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси Таун” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Отгонбаатартай бүлэглэн зөрчиж, иргэн М.Баяр-Эрдэнийг хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, овтерка, зэргийг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийн холбогдогч М.Отгонбаатарын хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй, яллагдагч Э.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд ингэж шийдвэрлэх нь яллагдагч М.Отгонбаатарыг шүүхээр хэргээ шийдвэрлүүлээгүй байхад нь гэм буруутайд тооцох үндэслэл болно гэж тус тус дүгнээд, яллагдагч Э.А-д холбогдох эрүүгийн 1705006810147 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Прокуророос шүүгчийн захирамжинд 1 дэх заалтын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин Э.А-д холбогдох хэргийг яллагдагч М.Отгонбаатарыг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Отгонбаатарт хуульд заасан эрхээ эдлэх боломжоор бүрэн хангасан боловч дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулахгүй байх үүргээ зөрчиж Монгол Улсын хилээр нэвтрэн гарч мөрдөн байцаалтаас оргосон нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй юм. Яллагдагч М.Отгонбаатар байхгүй байгаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмыг дагуу цугларсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянаад эх сурвалжаа шууд заасан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Э.А  нь Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш дахин өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оргосон М.Отгонбаатарыг олж тогтоох хүртэл түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхгүй байснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй үргэлжлэх, улмаар ял завших, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал үүсэх, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим алдагдахад хүрч байна.

Дээрх хэргийг шийдвэрлэснээр яллагдагч М.Отгонбаатарын хувьд аль хуулийн ямар заалтад заасан эрхийг зөрчиж байгаа талаар шүүгчийн захирамжинд тодорхой тусгаж бичээгүй. Нөгөөтэйгүүр, М.Отгонбаатар нь эрх зүйн байдлаа өөрийн мөрдөн байцаалтаас оргосон үйлдлээрээ дордуулсан байгааг анхаарах нь зүйтэй.

Мөн шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэснийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан байна. Харин шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Хэргийг буруу тусгаарласан бол” гэсэн үндэслэлийг удирдлага болгоогүй байх тул М.Отгонбаатарт холбогдох хэргийг нэгтэн шалгаж шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэсэн захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилж өгсөн атал яллагдагч Э.А ын үйлдэл тус бүрт ял сонсгож, яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

 

Яллагдагч Э.А ыг яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хоёр буюу түүнээс олон хүнийг...” гэсэн хүндрүүлэх шинжээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлэн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 Харин, прокуророос тусгаарласан яллагдагч Э.А тай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд яллагдагчаар татагдсан М.Отгонбаатарт холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тусгаарласныг үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Яллагдагч Э.А ын согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси Таун” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Отгонбаатартай бүлэглэн зөрчиж, иргэн М.Баяр-Эрдэнийг хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч, отвертк зэргийг хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн дээрх үйлдлийн улмаас иргэн М.Баяр-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмыг дагуу цугларсан нотлох баримтыг үнэлж, хянан шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Э.А ын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх боломжтой төдийгүй, ингэснээр М.Отгонбаатарын эрхийг ноцтой зөрчих буюу гэм буруугийн асуудлыг урьдчилсан тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн яллагдагч М.Отгонбаатарын үйлдлийг тусгаарлаж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй талаарх үндэслэлийг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгүүлэхээр буцаасан  үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1095 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ