Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2020/00717/и |
Дугаар | 001/ХТ2021/00650 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2021/00650
Ж ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01198 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1421 дүгээр магадлалтай,
Ж ийн нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж нь улсад 25 жил, үүнээс 15 жил нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016.11.01-ний өдрөөс Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд поликлиникийн эрхлэгчээр ажилласан. Гэтэл 2020.02.03-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарч Ж ийг ажлаа хүлээлгэж өг гэсэн. Ингээд түүнийг тасгийн эрхлэгчийн ажлаас халж, мэс заслын эмчээр ажиллуулах тушаал гарсан байдаг. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж халсан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж халж байгаа нь тодорхойгүй байна. Үйл баримтын тухайд 2019 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд албан бичиг ирүүлж “Кафе бэнэ Монголия” компанийн ажилчид танай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эсэх, хамрагдсан бол компанитай байгуулсан гэрээ, ажилтнуудын нэрсийн жагсаалтыг өгнө үү гэсэн байдаг. Ж эмч цахимаар шүүж үзээд үзлэгт хамрагдаагүй гэдэг мэдээллийг даргадаа өгч, 2019.09.25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ...манай эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй талаар мэдэгдсэн. Энэ үйл явдал болсноос хойш 2020.02.03-ны өдөр “Кафе бэнэ Монголиа” ХХК-ийн ажилчид үзлэгт хамрагдсан, үзлэгийн дэвтэрт Ж ийг поликлиникийн тамга дарж баталгаажуулсан гэж ажлаас нь халсан. Поликлиникийн эрхлэгч нь урьдчилан сэргийлэх үзлэг, хөдөлмөрийн чадвар алдсаны магадалгаанд эмчлэх эмч нар, лабораторийн эмчийн дардас, бусад эмч нарын дардас дарагдсаны дараа хамгийн сүүлд тамга дардаг. Гэтэл энэ бүх зүйлийг шалгаж тогтоогоогүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020.02.03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж ийг Поликлиникийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020.02.03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Б/62 тушаалаар Ж ийг ажлаас чөлөөлж, мэс заслын эмчийн ажилд томилсон нь хууль зүйн үндэслэлтэй. Ж нь ажлын хариуцлага алдаж, байгууллагын дотоод журам зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1ё-д заасан байгууллагын тамга тэмдгийг хувийн зориулалтаар ашигласан зөрчил гаргасан. Өмнө нь удирдлагын багийн хурал дээр Ж т удаа дараа сануулж байсан. 2020.01.14-ний хуралд тасгийн эрхлэгч Ж нь тасгийн сувилагчаа согтууруулах ундаа хэрэглэж, ажлаа хийж байсныг нуусан, групп тогтоосон хүмүүст хуурамчаар лист олгож, тамга тэмдэг дарсан тул сануулах арга хэмжээ авсан. Мөн 2020.01.28-ны удирдлагын багийн хуралд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс албан бичиг ирсэн, эрхлэгч Ж нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй хүмүүст тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Иймд 2020.02.03-нд албан ёсоор тушаал гарч албан тушаал бууруулсан ч цалингийн хэмжээ буураагүй, энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01198 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, мэс заслын эмч Ж-г тус төвийн Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төсвөөс 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1421 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01198 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа” гэснийг “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунзаяа” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16 өдрийн 102/ШШ2020/01198 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29 өдрийн 1421 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. БГД ЭМТөвийн даргын 2020.02.03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж ийг Поликлиникийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж мэс заслын эмчээр томилсон байдаг. Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс 2019.09.17-нд “Кафе бэнэ Монголиа” ХХК-ийн ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх талаар лавлагаа мэдээлэл болон гэрээг ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн албан тоот ирсэн. Тус байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээс 2019.09.25 өдөр тоот албан бичгээр “Кафе бэнэ Монголиа” ХХК-ийн нэр бүхий ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй гэсэн хариуг өгсөн. Нэгэнт тус байгууллагын бүртгэлд байхгүй байсан тул үнэн зөв мэдээллийг өгсөн. Гэтэл шүүх энэ үед Ж ийг зөрчил гаргасныг мэдсэн мэт үндэслэх хэсэгтээ дурдсан. Энэ үед нэхэмжлэгчийг тамга, тэмдэг түшихдээ алдаа гаргасныг мэдээгүй. Хэрэв энэ үед мэдсэн бол хариуцлагын асуудал хурлаар яригдах байсан. Нэхэмжлэгч Ж өмнө нь удирдлагын зөвлөлийн хурлын 2020.01.14-ний өдрийн хурлаар олон удаагийн зөрчилтэй үйлдлийг сануулж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байдаг. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус төвийн Поликлиникийн эрхлэгчийн талаар дүгнэлт ирүүлсэн тул удирдлагын зөвлөлийн 2020.01.28-ны өдрийн хурлаар хэлэлцэж тамга тэмдэг түших ажилдаа хариуцлагагүй хандсан Ж ийг Поликлиникийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байдаг. Ж т тус төвийн даргын 2018.05.14 өдрийн А/26 тоот тушаал, тушаал хэрэгжүүлэн ажиллуулах тухай 2018.10.02-ны өдрийн А/62 тоот тушаалаар Поликлиникийн дардсыг хариуцуулан өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тус дардсыг би ганцаар хариуцдаггүй, сувилагч авч явж цэнэглэдэг гэх зэргээр өөрийгөө хаацайлдаг. Удирдлагын зөвлөлийн хурлаар шүүх хуралд хүртэл сувилагч авч явж цэнэглүүлдэг, би ганцаараа энэ тамгыг хэрэглэдэггүй гэх зэргээр хэлж байгаа нь хариуцсан тамгаа түшихдээ хайнга хандаж байгаа нь тодорхой байдаг. Поликлиникийн дардсыг Ж т хариуцуулан өгсөн баримтыг хэрэгт хариуцагч талаас өгсөн байгаа болно. Шүүх хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1.ё. “ажилтан ... тамга, тэмдэг, дардас тушаал, шийдвэр зэрэг баримтуудыг хувийн зорилгоор ашиглах хүнд дамжуулахыг хориглоно” гэсэн заалт нь ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хориглох зүйл /56-60/ болно” үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа Ж ийг ажилд эгүүлэн тогтоож байгаа нь хуульд нийцээгүй. Ямар ч үндэслэлгүй тогтоогдоогүй зүйлийг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй бөгөөд мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлтийг үндэслэсэн болно.
Тамга тэмдэг түших.. үүрэгтээ хайнга хандсаны улмаас үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэд үзлэг шинжилгээнд хамрагдсан эрүүл гэсэн тодорхойлолттой хүнсний газар ажиллаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Нэгэнт ажил үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа учраас ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2020.02.03-ны өдрийн Б/62 тоот тушаал үндэслэлтэй тушаал юм. Иймд 2020.04.16-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/01198 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1421 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2020.02.03-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, Поликлиникийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг алдаатай бичсэнийг залруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь 2016.11.01-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Поликлиникийн эрхлэгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба тус төвийн даргын 2020.02.03-ны өдрийн Б/62 тоот тушаалаар “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалыг нь бууруулан мэс заслын эмчээр томилсон байна.
Нэхэмжлэгч нь сахилгын зөрчил давтан гаргаагүй гэж маргасан байх бөгөөд тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмаар хориглосон үйлдэл болон Байгууллагын баталгааны дардас хариуцуулах тухай 2018.05.14-ний өдрийн А/26 дугаар тушаалыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020.01.14-ний өдрийн хурлаар поликлиникийн эрхлэгч Ж ийн хариуцсан хэсэгт дэг журам алдагдсан үед холбогдох арга хэмжээ аваагүй гэж буруутган нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Ж нь энэ шийтгэлийн талаар гомдол гаргаагүй байна.
Харин 2020.01.28-ны өдрийн хурлаар Ж нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй хүмүүсийн дэвтэрт поликлиникийн дардас дарж баталгаажуулсан талаарх асуудлыг хэлэлцэн, поликлиникийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар тусгагдсан боловч тус төвийн даргын 2020.02.03-ны өдрийн Б/62 дугаар тушаалд заасан тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах, хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасныг ажил олгогчоос шалгаж, тогтоосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020.03.05-ны өдрийн 02-13/53 дугаартай албан бичиг 2020.02.03-ны өдрийн тушаал гарснаас хойш огноологдсон тул тушаалын үндэслэл болох боломжгүйгээс гадна поликлиникийн дардас, тэмдгийг буруу ашигласан болон эрхлэгч Ж ийг буруутгасан агуулга тусгагдаагүй, мөн 2019.09.17-ны өдөр ...мэргэжлийн хяналтын хэлтсээс албан бичгийг ирүүлж лавлагаа хүссэн ба хавсралтаас үзвэл 2019.05.13-ны өдөр үзлэг шинжилгээнд нэр дурдсан хүмүүс орсон эсэх талаар лавлагаа авчээ.
Дээрх баримтуудын агуулга болон хугацааг нягталж үзвэл Ж нь тасгийн тамга тэмдгийг түших, хадгалах, хамгаалах ажилд хариуцлагагүй хандаж алдаа гаргасныг тогтоосон агуулгагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.9 дэх, мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дахь сахилгын зөрчилд тооцож, шийтгэл ногдуулах аль үндэслэл, хориглох зүйлийг Ж зөрчсөнийг шалгаж тогтоосон талаарх өөр баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байх тул ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Б/62 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүх энэ шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр алдаатай бичигдсэнийг залруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД