Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
Хэргийн индекс | 186/2016/0119/Э |
Дугаар | 166 |
Огноо | 2016-10-25 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид, тэдгээрийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
Хохирогч Ч.Энхмэнд нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Должинсүрэнгийн Цэрэннадмид, Должинсүрэнгийн Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн 201625030874 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Найман шарга” валют арилжааны төвд ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3 дугаар байрны 7 тоотод оршин суудаг боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамж 202 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Должинсүрэнгийн Цэрэннадмид (РД:АО79052412),
2.Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхлэгч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын 56 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, Архангай аймгийн сумд дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 130000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Должинсүрэнгийн Мэндсайхан (РД:АО70101016),
нар нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Найман шарга” төвийн гадна хохирогч Ч.Энхмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:
1.Д.Мэндсайханаас:-2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын үүдэнд Энхмэнд явж байсан. Энэ хүн өмнө нь манайд барьцаанд тавьсан машиныг авсан гэж би ойлгож байсан учир мөнгөө нэхсэн. Тэгтэл намайг “хөдөөний тэнэг” гэж Энхмэнд доромжлоод өөдөөс маань давшилсан. Салаавч өгөөд “ийшээ гарч зодолдоё” гэж хэлж байсан. Тэр байтугай миний хүрмийг ч хүртэл урсан. Би харин энэ хүнийг цохьсон зүйл байхгүй. Энхмэнд намайг боохоор нь би зөрүүлээд заамдалцсан. Тэрнээс биш эхнэрийнх нь хэлсэн шиг би түүний цээж рүү нь цохиогүй. Хоолойг нь боолцсоноос болж улайж Энхмэндэд гэмтэл учруулсан байж болно. Харин би түүний гарыг хазна гэж байхгүй. Учир нь би хиймэл шүдтэй хүн. Заамдалцаж байсан учир хумсаар гарыг нь улайлгасан байж болох юм гэв.
2.Д.Цэрэннадмидаас:-Би Мэндсайханыг Энхмэндтэй барилцаад байж байхад нь таарсан. Би очоод тэднийг салгасан болохоос биш Энхмэндийн хүзүүнээс нь боосон зүйл байхгүй. Тэднийг салгах гээд байж байтал Энхмэндийн эхнэр араас миний малгайг авч шидэхээр нь би эхнэрт нь “би салгах гэж байна” гэж хэлсэн. Тэрнээс биш би эхнэрийг унатал нь түлхсэн зүйл байхгүй, зөвхөн холдуулсан. Малгайгаа аваад эргээд хартал энэ хоёр салсан байсан. Тэгээд байж байтал Энхмэнд өөрөө “банди минь овоо юм бол хоёулаа зодолдоё” гээд салаавч гаргаад байсан. Тэгээд цагдаа ирсэн гэв.
Хохирогч Ч.Энхмэндээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед би эхнэр хүүхдийн хамт “Найман шарга” захын тэнд явж байсан. Намайг явж байхад Мэндсайхан намайг “луйварчин чи юу хийж яваа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл цагдаад хэлээд шалгуул” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Би энэ хүнээс нэг ч төгрөг луйвардаж аваагүй. Намайг Мэндсайхан боогоод зогсож байхад Цэрэннадмид нэг хүнтэй цуг гарч ирээд над руу дайрсан. Тухайн үед миний өмсөж явсан хувцас, эмнэлгийн зураг, баримт зэргийн хохирлыг 130.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэр мөнгийг надад өгөхөөр нь би авахгүй гэсэн. Би гомдолтой байна. Мэндсайхан намайг хаана ч явсан байнга заналхийлж байгаа. Одоо хүртэл намайг өөрөөс нь мөнгө залилсан юм шиг ярьж явдаг юм. Тэр залилсан гэж ойлгоод байгаа асуудал нь Даваасүрэн гэдэг хүнээс болсон юм. Би өөрөө тэр Даваасүрэнд бас л хохирогч болсон. Энэ талаар Мэндсайхан ойлгохгүй байгаа юм. Нэхэмжлэх зүйлийн хувьд бол 130.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хохирогч Ч.Энхмэндээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр Цацрал, хүүхдийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга төвийн гадаа явж байхад зүс мэдэх Мэндсайхан гэж хүн таараад намайг муу луйварчин гэх мэтээр харааж зүхээд бариад авсан. Тэгээд миний хоолойг боож над руу дайрсан. Би гарыг нь тавиулах гэж гартай нь ноцолдож байсан. Тэр үед манай эхнэр Цацрал дундуур орж салгах гэж оролдож байтал цаанаас нь ирсэн 2 хүний нэг нь болох цагаан малгайтай залуу манай эхнэрийг түлхэж холдуулаад миний баруун гарын чигчий хуруунаас мушгиж хазсан. Мэндсайханы гараас тавиулаад миний ар талаас хувцаснаас зуурсан. Тэгэхээр нь би Мэндсайханы заамдаад энгэрээс нь адилхан барьсан. Тэгэхэд Мэндсайхан миний зүүн нүд рүү хуруугаа хийж заамдаж байсан. Баруун гарын эрхий болон ядам хурууг хазсан. Тэгээд байж байхад манай эхнэр болон өөр гарч ирсэн хүн нь биднийг салгаж болиулаад цагдаа дуудсан юм. Би Даваасүрэн гэж хүнд 2014 онд 22 сая төгрөг өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаад шалгуулж байх үед Даваасүрэн цагаан өнгийн инфинити машиныг авч яваад зараад мөнгөө олж ав гэсэн юм. Тэр үед Мэндсайхантай уулзахад Даваасүрэн нь мөн Мэндсайханд өртэй гэхээр нь би өргөдөл өгсөн, шалгуулж байгаа талаар хэлээд өөрийг нь Баянгол дүүргийн байцаагч Нямдагватай уулзуулж байсан. Түүнээс хойш би тэр машиныг нь хараагүй бөгөөд Мэндсайхантай уулзаагүй. Тэгтэл сая тааралдахад намайг Даваасүрэнтэй нийлж залилсан луйварчин мэтээр хэл амаар доромжилж дайрч давшилсан юм. Мэндсайхан намайг боож хуруунаас хазаж зүүн талын нүд рүү хуруугаа хийсэн. Араас нь гарч ирсэн цагаан малгайтай залуу миний баруун гарыг хойш нь дарж мушгиж хувцасны арын захнаас татаж хоолой боож татаж хойш нь татаж гэдийлгэж байсан. Миний хүзүүнд учирсан гэмтлүүд бол Мэндсайхантай хамт явж байсан цагаан талгайтай залуу учруулсан бөгөөд Мэндсайхан бол намайг урд талаас заамдаад барьчихсан байсан. Тэгээд хуруу хазаж нүд рүү гараа хийсэн….Сүүлд ирсэн цагаан малгайтай залуу нь Д.Мэндсайханы дүү гэх Д.Цэрэннадмид мөн. Тэр үед би нэрийг нь мэдэхгүй байсан. Харин сүүлд нэрийг нь мэдсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр миний биед учирсан хүзүүний цус хуралт, зулгаралт, цэгчилсэн цус харвалт бүхий гэмтлүүдийг Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар хоёулаа учруулсан гэжээ.
Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:
1.Б.Бадамцацралаас:-Тухайн өдөр 17 цагийн орчим нөхөр Энхмэнд болон 9 настай охин Анхилууны хамт Найман шарга төвийн гадаа явж байхад урьд нь Даваасүрэн гэх хүнийг хамт цагдаа дээр авч ирж байх үед зүс харж байсан ах “хөөе луйварчин чи энд юу хийж яваа юм гэхэд би нэг их тоохгүй явах гэтэл манай нөхөр инээгээд юу гээд байгаа юм гэхэд нөгөө ах хүрч ирээд чи төрсөн дүү нь биз дээ миний мөнгийг залилсан луйварчин биз дээ гэхээр нь тийм зүйл байхгүй гэтэл манай нөхрийг барьж аваад цээж хавьд нь цохихоор нь манай нөхөр та хүнд яагаад гар хүрдэг юм гэсэн. Би дундуур нь орж салгаж дийлэхгүй байсан. Цаад талаас нь цагаан малгайтай залуу гарч ирээд өө энэ байсан юм уу гээд хүрээд ирэхээр нь би охиноо холдуулаад хэд алхамын цаана байсан газар руу ор гэчихээд эргээд харахад Энхмэндийн урдаас 1 гарыг нь хойш нь дарж өчсөн байдалтай байхаар нь би урдуур нь ороод та нар хүн алчихвал яана наад хүн чинь үхлээ гэхэд тоохгүй байсан ба би салгах гээд дийлэхгүй байсан. Энхмэндийн нүүр улаан хүрэн болсон цус нь боогдсон байсан. Тэгэхээр нь цагаан малгайтай залуугийн малгайг хойш нь унагаагаад татаж байж салгахад намайг түлхэж унагаасан. Тэгээд маргалдаж байх үед би цагдаа дуудсан юм. Цагдаа ирэхээс өмнө нөгөө ах Энхмэнд 2 барилцаж байсан. Тэр цагаан малгайтай залууг бариад цагдааг ирэхээр уулз гэхэд миний гарыг тавиулаад цаашаа явсан гэжээ.
2.Д.Чулуунсүхээс:-2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн ажилладаг “Найман шарга” төв дээр валют арилжааны цэгийн үүдэнд зогсож байсан чинь манай төрсөн Мэндсайхан ах нэг залуутай маргалдчихсан зогсож байхаар нь би “чи одоо болиоч ээ” гэж хэлсэн чинь тэр залуу над руу бас дайраад “чи зүгээр хол бай” гээд над руу салаавч гаргаад байхаар нь би “чи одоо болио, жаахан соёлтой байгаач” гэж хэлсэн. Тухайн үед намайг очиход Энхмэнд Мэндсайхан ахын нүүр рүү нь салаавч гаргаад орилж хашгичаад хараалын үг хэлээд байхаар нь би “чи залуу хүн байж жаахан соёлтой харьцаач” гэж хэлсэн. Би Мэндсайхан ах болон Ч.Энхмэнд нарын хооронд болсон зодооны үед байгаагүй учир үзсэн харсан зүйл байхгүй. Харин Ч.Энхмэнд Мэндсайхан ахын нүүр рүү нь салаавч өгөөд л орилоод байсан гэжээ.
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016.4.12-ны ¹4992 тоот актын дүгнэлтэд:
1.Энхмэндийн биед хүзүүний цус хуралт зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун гарын 1 дүгээр хурууны зулгаралт, 4 дүгээр хурууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэлд:...Хохирогч Энхмэндийн биед учирсан хүзүүний цус хуралт, зулгаралт цэгчилсэн цус харвалт бүхий гэмтлүүд нь хохирогчийн хүзүүний эргэн тойронд учирсан гэмтэл учир хойноос болон урд талаас аль алинд нь үүсэх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь харин цохилтоос үүсэх боломжгүй. Харин заамдах болон боох үед 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна. Хүзүүний эргэн тойрон гэдэгт хохирогчийн биеийн хүзүүний дунд хэсэгт эргэн тойронд хөндлөн 0.5-1 см өргөлттэй, улаан хүрэн цус хуралт, хүрэн ягаан өнгийн цэгчилсэн цус хуралттай мөн баруун урд дээд хэсэгт 0.5-3.5 см, 0.5-1.5 см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай байх тул уг гэмтэлүүдийг хохирогчийн биеийг урд болон ард талаас аль алинд нь заамдах болон бооход учирч болох гэмтлүүд эргэн тойронд учирсан гэмтэл байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Д.Мэндсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Найман шарга” төвийн гадна хохирогч Ч.Энхмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг заамдан, боож, хуруунаас нь хазаж зодож байх үед Д.Цэрэннадмид нь бүлэглэн оролцож хохирогчийн баруун гарыг хойш нь дарж мушгин, хувцасны арын захнаас татаж хоолойг боосноос Ч.Энхмэндийн биед хүзүүний цус хуралт зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун гарын 1 дүгээр хурууны зулгаралт, 4 дүгээр хурууны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Д.Мэндсайханы “2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын үүдэнд Энхмэнд явж байсан. Энэ хүн өмнө нь манайд барьцаанд тавьсан машиныг авсан гэж би ойлгож байсан учир мөнгөө нэхсэн. Тэгтэл намайг “хөдөөний тэнэг” гэж Энхмэнд доромжлоод өөдөөс маань давшилсан. Энхмэнд намайг боохоор нь би зөрүүлээд заамдалцсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Цэрэннадмидын “Би Мэндсайханыг Энхмэндтэй барилцаад байж байхад нь таарсан. Би очоод тэднийг салгасан болохоос биш Энхмэндийн хүзүүнээс нь боосон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Энхмэндийн “Намайг явж байхад Мэндсайхан намайг “луйварчин чи юу хийж яваа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл цагдаад хэлээд шалгуул” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Намайг Мэндсайхан боогоод зогсож байхад Цэрэннадмид нэг хүнтэй цуг гарч ирээд над руу дайрсан. Мэндсайхан намайг боож хуруунаас хазаж зүүн талын нүд рүү хуруугаа хийсэн. Араас нь гарч ирсэн цагаан малгайтай залуу миний баруун гарыг хойш нь дарж мушгиж хувцасны арын захнаас татаж хоолой боож татаж хойш нь татаж гэдийлгэж байсан. Миний хүзүүнд учирсан гэмтлүүд бол Мэндсайхантай хамт явж байсан цагаан малгайтай залуу учруулсан бөгөөд Мэндсайхан бол намайг урд талаас заамдаад барьчихсан байсан. Тэгээд хуруу хазаж нүд рүү гараа хийсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр миний биед учирсан хүзүүний цус хуралт, зулгаралт, цэгчилсэн цус харвалт бүхий гэмтлүүдийг Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар хоёулаа учруулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бадамцацралын “... манай нөхрийг барьж аваад цээж хавьд нь цохихоор нь манай нөхөр та хүнд яагаад гар хүрдэг юм гэсэн. Би дундуур нь орж салгаж дийлэхгүй байсан. Цаад талаас нь цагаан малгайтай залуу гарч ирээд өө энэ байсан юм уу гээд ... Энхмэндийн урдаас 1 гарыг нь хойш нь дарж өчсөн байдалтай байхаар нь би салгах гээд дийлэхгүй байсан. Энхмэндийн нүүр улаан хүрэн болсон цус нь боогдсон байсан. Тэгэхээр нь цагаан малгайтай залуугийн малгайг хойш нь унагаагаад татаж байж салгахад намайг түлхэж унагаасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.4.12-ны ¹4992 тоот дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Должинсүрэнгийн Мэндсайхан, Боржигон овогт Должинсүрэнгийн Цэрэннадмид нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял оногдуулах хууль үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Цэрэннадмид 2002 онд, шүүгдэгч Д.Мэндсайхан 2001 онд Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон тул тэдгээрийг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, тэдгээрийг нийгмээс тусгаарлаж баривчлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Цэрэннадмид нь гэмт хэрэг үйлдээгүй, зодооныг салгасан хэмээн маргаж байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч Ч.Энхмэндийн “Мэндсайхан нь намайг боож, хуруунаас хазаж, зүүн талын нүд рүү хуруугаа хийсэн. Нөгөө араас нь гарч ирсэн цагаан малгайтай залуу нь миний баруун гарыг хойш нь дарж мушгиж, хувцасны арын захнаас татаж хоолой боож, зулгааж, хойш нь татаж гэдийлгэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бадамцацралын “…Энхмэндийн хоолойг хоёулаа ард урдаас нь боогоод минут орчим болсон…Цагаан малгайтай залуу нь араас нь боогоод нэг гарыг хойш нь нугалж дарчихаад зогсоод байсан” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Ундармаагийн “Хохирогч Энхмэндийн биед учирсан хүзүүний цус хуралт, зулгаралт цэгчилсэн цус харвалт бүхий гэмтлүүд нь хохирогчийн хүзүүний эргэн тойронд учирсан гэмтэл учир хойноос болон урд талаас аль алинд нь үүсэх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүдийг хохирогчийн биеийг урд болон ард талаас аль алинд нь заамдах болон бооход учирч болох гэмтлүүд эргэн тойронд учирсан гэмтэл байна” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
Хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Должинсүрэнгийн Мэндсайхан, Боржигон овогт Должинсүрэнгийн Цэрэннадмид нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид тус бүрийг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялыг баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мэндсайхан, Д.Цэрэннадмид нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ