Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2018/01225/и |
Дугаар | 182/ШШ2018/01395 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2018/01395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ц-ийн С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, өөрийн байранд байрлах, /регистрийн дугаар /, Ү ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь Ү ХХК-д Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албанд Хадгаламжийн ажилтан албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргасан тул ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн байдаг. Ямар зөрчлийг гаргасан, ямар үүрэг даалгавар биелүүлээгүй тухай ямар нэг ойлголт байхгүй бөгөөд зөрчил дутагдал гаргаж ажиллаагүй байхад сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтаар ажлаас чөлөөлсөн байна. Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Б/25 тоот тушаал нь эрх зүйн үндэслэлгүй, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалт, Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэжээ. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ү ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Ц.С нь тус албанд Хадгаламжийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан. Асуудлыг шийдвэрлэхээр компанийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Ц.С нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэхдээ удаа дараа алдаа дутагдал гарган ажиллаж ирсэн бөгөөд өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан. Тухайн үед компанийн зүгээс хариуцсан ажилдаа анхааралтай, хариуцлагатай ажиллахыг холбогдох тушаалаар сануулж байсан. Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.7, 5.1, 5.5 дахь заалтуудыг зөрчсөн тул компанийн дотоод журмын 10.2 дах хэсэгт заасанчлан Компанийн дүрэм, ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцүүлэн Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар Захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажилтан Ц.С нь сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Б/25 тоот тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
Ажилтан Ц.С нь Ү ХХК-д Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албанд Хадгаламжийн ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус төвийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83.1 дэх заалт, Ү ХХК-ийн дүрмийн 8.1, 8.10.11 дахь заал, Хөдөлмөрийн дотоод журмын 2.12, 10.2.3 дахь заалт, Захирлуудын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, Гүйцэтгэх захирлын Б/25 тоот тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 тоот тушаалын үндэслэлээ “Ажилтан Ц.С нь “Тайлант санхүүгийн эхний улирал буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд байгууллагын И-клиринг хаус системд хувьцаат компаниудад хувьцаа эзэмшигчдийн талаархи мэдээлэл гаргахдаа шимтгэл үнийн дүнг санаатайгаар системд буруу оруулж, уг дотоод системд нийт урьдчилсан тооцоогоор 5,018,500 төгрөгийн зөрүүг үүсгэсэн, Санхүүгийн зохицуулах хороонд 1 хувиас дээш, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигчдийн судалгааг огт явуулаагүй буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар тогтоогдоогүй байна.
Ажилтан Ц.Ст 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/72 тоот тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/119 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.
Ажилтан Ц.С Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.Ажлаа хугацаанд нь бүрэн чанартай гүйцэтгэж, ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, захиалсан шалгалтыг хугацаанд нь шуурхай биелүүлж, эргэн тайлагнаж ажиллах, 7 дугаар зүйлийн 7.2-ын в.Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлыг удаа дараа биелүүлээгүй үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албаны захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тайлбараар /хх-ийн 41-42 тал/ тогтоогдсон гэж нэхэмжлэгч мэтгэлцэж байгаа боловч энэ өргөдөл нь Захирлуудын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралд оруулсан “Танилцуулга” гэж үзэхээр байх ба И-клиринг хаус системд 5,018,500 төгрөгийн зөрүүг үүсгэсэн, Санхүүгийн зохицуулах хороонд судалгаа явуулаагүй талаарх бүртгэл судалгаа гаргах боломж ажил олгогчид байжээ.
Иймд Ү ХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/25 тоот тушаал үндэслэлгүй байх тул ажилтан Ц.Сийг урьд эрхэлж байсан Ү ХХК-д Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албаны хадгаламжийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,014,151 төгрөгийг :21,5 =өдөрт 47,169 төгрөг х 60 хоногийн олговор/ 2,830,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Нэхэмжлэгч Ц.Сийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 10 талд/ тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Сийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албаны хадгаламжийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,830,190 /хоёр сая найман зуун гучин мянга нэг зуун ер/ төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60,233 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ