Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2018/01393/и |
Дугаар | 182/ШШ2018/01541 |
Огноо | 2018-07-31 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2018/01541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Ө ХНН-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар 9012001002, регистрийн дугаар 2073943/, М ХК-д холбогдох
Ажлын хөлс 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө ХНН шүүхэд болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Ж ХХК-иас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386,149,885 төгрөг гаргуулах иргэний хэрэг дээр өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. Ө ХНН нь гэрээ байгуулагдсанаас эхлэн 2016 оны 05 дугаар сар хүртэл М ХК-ийн удирдах болон техникийн албаны хүмүүстэй уулзаж, хэргийн талаар санал солилцож, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, Харилцаа холбооны зохицуулах газраас лавлагаа авах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Үйлчилгээний ямар нэг хөлс аваагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын хөлсөө авах тохиролцоотой байсан. Гэтэл гэрээт ажил дуусаагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компаниас гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол хийсэн ажлын хөлсөө тооцож авахаар албан бичгээр мэдэгдэж өөрсдийн хийсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тайлбар, цагийн тооцоог дэлгэрэнгүй гаргаж хүргүүлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэг адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэг адил үйлчилнэ” гэж заасан байна. Гэтэл тус компани гэрээ цуцласнаар хуулийн нөхөрлөлийн өмнө нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж бодохгүй байна. Тиймээс гэрээний дагуу авсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээнийхээ хөлсийг тус компани төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар эгүүлж өгөх боломжгүй” гэсэн тохиолдлыг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний өмнөх гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж тооцсон ч тус компани өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байна. Иймд М ХК-иас 11,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М ХК шүүхэд болон төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХНН-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 139 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр М ХК нь Ж ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 06, 07 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, Ө ХНН нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, гэрээнд заасны дагуу хөлс авахаар тохиролцсон. Тус гэрээний 2.1.Энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон. 2.2.Үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг тооцож, Худалдаа хөгжлийн банк дахь Ө ХНН-ийн ....... дугаартай төгрөгийн дансанд даруй шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Дээрх дурдсан маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00471 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхой илэрхийлсэн албан ёсны байр суурийг хүлээн аваагүй, хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй М ХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болж мөн шүүхийн 101/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,732,811.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүй, гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн учир үйлчлүүлэгч нь гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. М ХК нь Инсто лекс ХХН-ийг өмгөөлөгчөөр авахаар гэрээ байгуулсан үндэслэл нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн мэргэшсэн өмгөөллөөр хамгаалуулах зорилготой байсан. Гэтэл өмгөөлөгч нь тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс болж хэрэг маргаан өдий хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирч байна. Хэрэв Ө ХНН нь энэ маргааныг хуулийн хугацаанд шийдэрлүүлэх боломж байгаа гэж гэрээ байгуулан нэхэмжлэл гаргаж байнгын харилцагч Ж ХХК-тай өөр байдлаар бизнесийн журмаар тохиролцон асуудлыг шийдвэрлэж өнөөдөр нэг том харилцагчаа алдаагүй байх байсан. Харин ч буруу зөвлөгөө өгч шүүхэд нэхэмжлэл гарган харилцагчаа алдах, бизнесийн зах зээлд нэр хүндгүй болох асуудал үүссэн учир гэрээгээ цуцалсан. Түүнчлэн ажлын хөлс нэхэмжлэхдээ 100 цагийн ажил хийсэн, нэг цагийн хөлс нь 100,000 төгрөг гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 100 цаг гэж тооцсон нь бодит бус хэн нэгэн этгээд зохиож гаргасан мэт хэлбэрийн төдий байгаа бөгөөд талууд нэг цагийн ажлын хөлсийг 100,000 төгрөг байх талаар огт тохироогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө ХНН нь хариуцагч М ХК-д холбогдуулан ажлын хөлс 11.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэргийн явцын талаар тухай бүр цаг алдалгүй бичгээр болон биеэр ирж уулзан танилцуулах зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Уг гэрээний 1.1. Ж ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 06, 07 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, Өмгөөлөгч буюу Инсто лекс ХХН нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, гэрээнд заасны дагуу хөлсийг авахаар, 2.1.Энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар, 2.2.Үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг тооцож, Худалдаа хөгжлийн банк дахь Ө ХНН-ийн ....... дугаартай төгрөгийн дансанд даруй шилжүүлнэ гэж /хх-ийн 7-9 тал/ харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.
Талууд гэрээний гол нөхцөл болох гүйцэтгэх ажил үүрэг, төлөх хөлс зэргийг тохиролцож гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Ажил гүйцэтгэгч Ө ХНН нь захиалагч М ХК-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар Ж ХХК-нд холбогдох 386,149,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр оролцсон болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны 101/ШШ2016/00168 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 884 дугаартай магадлал зэргээр тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Захиалагч М ХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1а/336 тоот албан бичгээр...Тус гэрээнд заасны дагуу танай ХХН М ХК-ийн нэхэмжлэлтэй Ж ХХК-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч М ХК-д хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа боловч хэргийн явцын талаар тухай бүр цаг алдалгүй бичгээр болон биеэр ирж уулзан танилцуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Цаашид үйлчлүүлэгч М ХК-нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр оролцохоор шийдвэрлэж байгаа тул талуудын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаар бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн “Мэдэгдэл” /хх-ийн 10 тал/ хүргүүлжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр Ж ХХК-иас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386,149,885 төгрөг гаргуулах иргэний хэрэг дээр өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөхөөр тохирсон боловч захиалагч М ХК нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцалж, цаашид хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хийж гүйцэтгэсэн ажлаа цагаар тооцож 100 цаг зарцуулж, 1 цагийн ажлын хөлсийг жишиг үнээр тооцож 100,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувиар тооцож 1,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийн ажлын хөлс шаардаж, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээний 50-60 хувийг хийж гүйцэтгэсэн гэж мэтгэлцэж байгааг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаж татгалзлаа нотолж чадахгүй байна.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2018/00839 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хэрэг маргаан анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан магадлал, тогтоол /хх-ийн 85-94 тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6.Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч М ХК-иас ажлын хөлс 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХНН-д олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-иас 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХНН-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 190,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө ХНН-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ