Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 743

 

                                                          Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

хохирогч Н.Сарангоо,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Сарангоогийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн 1809004800443 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Б.Б-, 1971 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 278 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1112 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

            - Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 4 дүгээр шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 4/11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

            - Нийслэлийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 241 дүгээр зүйлд зааснаар нийт 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 6 дугаартай шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

             Б.Б- нь:

            1. 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 633 тоотод оршин суух иргэн Ц.Отгонбаярын байшингийн цонхоор нэвтэрч, бэлэн 10.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 450 тоотод оршин суух иргэн Б.Хулангийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, нэхий дээл 1 ширхэг, гэрийн хөшиг 1 ширхэг, пүүз 1 ширхэг, хивс 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 436.200 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн хашаанд байсан иргэн Н.Ууганбаярын автомашинаас 51.000 төгрөгийн үнэ бүхий автомашины хөгжмийг хулгайлан авахыг завдсан,

            3. 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 346 тоотод оршин суух иргэн А.Бурмаагийн байшинд нэвтэрч, одон медаль хулгайлан авч, 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 404 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэчулууны байшингийн цонхоор нэвтэрч, хөөрөг 1 ширхгийг хулгайлан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух иргэн Ж.Жавзанхорлоогийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “TCL” загварын телевизорыг хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамжны 23 тоотод оршин суух иргэн Ц.Дамдинсүрэнгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, бэлэн 35.000 төгрөг, өвлийн хүрэм 2 ширхэг, чемодантай хувцас, DVD тоглуулагч 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 278.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 163 тоотод оршин суух иргэн Б.Ганчимэгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн телевизор, мах, чихэр, бэлэн 40.000 төгрөг зэргийг хулгайлан авч, 352.700 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух иргэн С.Сувдмаагийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Samsung” загварын телевизорыг хулгайлан авч, 199.600 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжны 427 тоотод оршин суух иргэн Ж.Галдүгэрийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн эдлэл, печень, ундаа, архи зэргийг хулгайлан авч, 215.400 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 33 тоотод оршин суух иргэн Д.Энхтөрийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Monel” загварын телевизор, 20 литрийн усны сав зэргийг хулгайлан авч, 189.600 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2018 оны 3 дугаар сарын 5-наас 8-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 35 тоотод оршин суух иргэн Э.Өсөхбаярын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “HP i3” загварын зөөврийн комьпютерыг хулгайлан авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. Мөн тоотод оршин суух иргэн С.Батцэнгэлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Sony” загварын телевизорыг хулгайлан авч, 1.119.920 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд оршин суух иргэн О.Сансарын байшингийн цонхоор нэвтэрч, цахилгааны утас, аяга тавагны иж бүрдэл, тогоо зэргийг хулгайлан авч, 237.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжны 84 тоотод оршин суух иргэн Б.Өлзийсайханы байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн телевизор, гар утас, СиДи тоглуулагч зэргийг хулгайлан авч, 311.400 төгрөгийн хохирол учруулсан,

            15. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 52 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэтуяагийн байшингийн цонхоор нэвтэрч, 32 инчийн “Samsung” загварын телевизорыг хулгайлан авч, 299.400 төгрөгийн хохирол учруулсан,

            16. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод оршин суух иргэн Ц.Амаржаргалын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Phillips” загварын телевизорыг хулгайлан авч, 405.000 төгрөгийн хохирол учруулсан,

            17. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамжны 134 тоотод оршин суух иргэн С.Жаргалсайханы байшинд нэвтэрч, “Dell” загварын 17 инчийн зөөврийн компьютер, “IPhone 4” загварын гар утас, 3 кг үхрийн цул мах зэргийг хулгайлан авч, 420.500 төгрөгийн хохирол учруулсан,

            18. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжны 148 тоотод оршин суух иргэн Т.Анхбаярын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, “Sky T100” загварын гар утас, хар өнгийн загвар нь тодорхойгүй гар утас, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг зэргийг хулгайлан авч, 242.000 төгрөгийн хохирол учруулсан,

            19. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 547 тоотод оршин суух иргэн М.Золзаяагийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, систем хөгжим, хонины мах зэргийг хулгайлан авч, 136.000 төгрөгийн хохирол учруулсан,  

            20. 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух иргэн Н.Сарангоогийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, зурмал бурхан 1 ширхгийг хулгайлан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

             21. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн Т.Отгонбатын байшингийн цонхоор нэвтэрч, 310.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизорыг хулгайлан авахыг завдсан,

            22. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны орчим иргэн А.Хосбаярын эзэмшлийн 56-59 УНӨ улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашины зүүн талын толийг хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, орон байр агуулах саванд нэвтэрч, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад нийт 7.515.720 төгрөгийн хохирол учруулжээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 7.217.320 төгрөгийг хохирогч Ж.Жавзанхорлоо /РД:УС67070107/-д 192.000 төгрөг, хохирогч Ц.Дамдинсүрэн /РД:УШ92072191/-д 278.000 төгрөг, хохирогч Б.Өлзийсайхан /РД:ЧО83040612/-д 311.400 төгрөг, хохирогч Ц.Отгонбаяр /РД:ХК83012813/-т 170.000 төгрөг, хохирогч Д.Энхтөр /РД:ХМ56060170/-д 189.600 төгрөг, хохирогч С.Сувдмаа /РД:ХЕ71121403/-д 199.600 төгрөг, хохирогч Э.Өсөхбаяр /РД:ЖЯ92021051/-т 270.000 төгрөг, хохирогч Н.Сарангоо /РД:АИ63061401/-д 120.000 төгрөг, хохирогч Ц.Амаржаргал /РД:ДБ78080114/-д 405.000 төгрөг, хохирогч М.Золзаяа /РД:ОМ87091800/-д 136.000 төгрөг, хохирогч Ж.Галдүгэр /РД:ХЕ61030612/-т 251.400 төгрөг, хохирогч С.Жаргалсайхан /РД:ХК81081108/-д 420.500 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчулуун /РД:ЕЙ92092037/-д 120.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэтуяа /РД:ЛЛ74041463/-д 299.400 өгрөг, хохирогч Т.Анхбаяр /РД:ЕЭ87011570/-т 242.000 төгрөг, хохирогч А.Бурмаа /РД:ХЖ60122502/-д 1.080.000 төгрөг, хохирогч С.Батцэнгэл /РД:ВШ65071277/-д 1.119.920 төгрөг, хохирогч Б.Ганчимэг /РД:ДЭ83103001/-т 312.700 төгрөг, хохирогч Б.Хулан /РД:ХИ69040763/-д 436.200 төгрөг, хохирогч О.Сансар /РД:УУ76022613/-т 297.000, хохирогч А.Цолмон /РД:ВЮ84121076/-д 366.600 төгрөг тус тус олгож, Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Сарангоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие эртний 1670-аад оны ур хийц сайтай, шороон зурмал бурхнаа алдсан. Уг бурхнаа юугаар ч солилгүй авна гэж байхад дур мэдэн 120.000 төгрөгөөр үнэлж байгааг эс зөвшөөрч байна. Орчин үеийн 200-аад жилийн өмнөх зурмал бурхан зах зээл дээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хэрэв бурхныг маань олохгүй бол 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар талаас 89 дүгээр талд хохирогчоор тогтоогдсон мэдүүлэг, алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд авагдсан. Эдгээрээс үзвэл шүүгдэгч нь хохирогч Н.Сарангоогийн гэрт орж зурмал бурхныг авсан. Улмаар уртцагаан дээр аваачиж худалдах гэсэн боловч тухайн бурхан нь үнэд хүрэх боломжгүй байсан тул Нарантуул захад дээр аваачиж 20.000 төгрөгөөр худалдсан тухайгаа мэдүүлдэг. Хохирогчийн хэлснээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгө үнэлгээний компани тухайн эд зүйлийг 120.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээтэй хохирогч мөн оны 7 дугаар сарын 8-ны өдөр танилцаад “Бурхнаа буцааж авмаар байна” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн. Иймд хохирогчийн 1.500.000 төгрөг нэхэмжилсэн асуудал нь хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б- нь дангаараа 22 удаагийн үйлдлээр, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэний улмаас иргэн Ц.Отгонбаяр, Б.Хулан, Н.Ууганбаяр, А.Бурмаа, Б.Эрдэнэчулуун, Ж.Жавзанхорлоо, Ц.Дамдинсүрэн, Б.Ганчимэг, С.Сувдмаа, Ж.Галдүгэр, Д.Энхтөр, Э.Өсөхбаяр, С.Батцэнгэл, О.Сансар, Б.Өлзийсайхан, Б.Эрдэнэтуяа, Ц.Амаржаргал, С.Жаргалсайхан, Т.Анхбаяр, М.Золзаяа, Н.Сарангоо, Т.Отгонбат, А.Хосбаяр нарт нийт 7.571.720 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ц.Отгонбаяр /1хх-ийн 162-163/, Б.Хулан /4хх-ийн 89/, А.Бурмаа /3хх-ийн 135-137/, Б.Эрдэнэчулуун /3хх-ийн 35/, Ж.Жавзанхорлоо /1хх-ийн 29/, Ц.Дамдинсүрэн /1хх-ийн 95-96/, Б.Ганчимэг /4хх-ийн 36/, С.Сувдмаа /2хх-ийн 11/, Ж.Галдүгэр /2хх-ийн 220-221/, Д.Энхтөр /1хх-ийн 227-228/, Э.Өсөхбаяр /2хх-ийн 44-45/, С.Батцэнгэл /3хх-ийн 178-179/, О.Сансар /4хх-ийн 109-110/, Б.Өлзийсайхан /1хх-ийн 126-127/, Б.Эрдэнэтуяа /3хх-ийн 62-63/, Ц.Амаржаргал /2хх-ийн 157-158/, С.Жаргалсайхан /3хх-ийн 14-15/, Т.Анхбаяр /3хх-ийн 99-100/, М.Золзаяа /2хх-ийн 189/, Н.Сарангоо /2хх-ийн 80/, Т.Отгонбат /1хх-ийн 189-190/, А.Хосбаяр /1хх-ийн 65/ нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:

- яллагдагч Б.Б-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаарх /1хх-ийн 12, 58, 79, 112, 145, 181, 212, 245, 2хх-ийн 25-26, 66-67, 145, 179, 206, 242, 3хх-ийн 26-27, 49, 86-87, 120, 165, 4хх-ийн 16, 59, 96, 162/ мэдүүлгүүд, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд хөрөнгө хулгайлан авсан газраа зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 241-249/,

- хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-25, 89-92, 119-123, 156-159, 135-137, 185-186, 191-192, 220-224, 2хх-ийн 3-6, 33-37, 73-75, 151-154, 211-217, 247-250, 3хх-ийн 1, 54-59, 92-96, 172-175, 4хх-ийн 25-29, 66-71/, алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /1хх-ийн 36, 70, 99, 103, 131-132, 164, 237, 195, 2хх-ийн 13-14, 47-48, 91-92, 168-169, 194-195, 223-224, 3хх-ийн 12-13, 40-41, 73-74, 112-113, 150-151, 186-187, 4хх-ийн 47, 85, 118-121, 5хх-ийн 23, 27/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.

Гэмт хэргүүдийн үйл баримт, давтамж зэргээс дүгнэвэл шүүгдэгч Б.Б- хувийн байдлын хувьд өмнө нь 1992, 1999, 2015 онуудад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсаныхаа дараа 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд, 22 удаагийн үйлдлээр бусдын орон байр болон хүн тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийн бүхээг рүү багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр нэвтэрч, бэлэн мөнгө, хувцас, үнэт эдлэл, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 7.515.720 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах, бусдад тараах зэргээр амьдралдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрөөсөн, хулгайлсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

Хохирогч Н.Сарангоо давж заалдсан гомдолдоо “Манай гэрээс алдагдсан шороон зурмал бурхан нь эртний ур хийц сайтай бурхан байсан. Уг бурхнаа юугаар ч солилгүй авна гэж байхад дур мэдэн 120.000 төгрөгөөр үнэлж байгааг эс зөвшөөрч байна. Орчин үеийн зурмал бурхан зах зээл дээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хэрэв бурхныг маань олохгүй бол зах зээлийн ханшаар үнэлнэ.” хэмээн маргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Дамно” ХХК-аар үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үнэлгээг хийлгэх явцад тухайн байгууллагын үнэлгээчдэд хууль сануулсан, тэд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.

Нөгөөтэйгүүр алдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон дээрх байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайланг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба хохирогч Н.Сарангоогийн зүгээс эс зөвшөөрч ямар нэгэн санал хүсэлт /2хх-ийн 94, 4хх-ийн 178/ гаргаагүй, тэрээр алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийг тодорхойлох баримт нотолгоо гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд шүүгдэгчийн хариуцвал зохих төлбөрийн хэмжээнээс хохирогч нарт буцаан олгогдсон зарим эд хөрөнгийн дүнг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, тооцооны алдаа гаргасан дараах асуудал байна.

Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор Б.Б-т холбогдох хэргээс “А.Цолмонгийн гэрээс эд зүйл хулгайлсан” гэх хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн, уг хэргийн талаар яллах дүгнэлтэд ч тусгагдаагүй атал анхан шатны шүүх дээрх хохирогчид 366.600 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцээгүй болно.

Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас хохирогч А.Цолмонд 366.600 төгрөгийг олгохоор заасныг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-аас гаргуулвал зохих хохирлын нийт хэмжээг нийт 6.804.020 төгрөгөөр тогтоон, уг мөнгийг нэр бүхий 20 хохирогчид олгохоор зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...ял эдэлсэн хугацаанд...” гэснийг “...эдлэх ялд...” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирлын хэмжээний талаар маргасан хохирогч Н.Сарангоогийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 832 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан зарлан явуулах тухай” захирамж /5хх-ийн 61/-ийн 4 дэх заалтад “Шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан” гээд өгүүлбэрийн утгыг цааш үргэлжлүүлэлгүй орхигдуулсан байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг тоолоход эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгааг анхааруулан тэмдэглэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-  4 дэх заалтын “...ял эдэлсэн хугацаанд...” гэснийг “...эдлэх ялд...” гэж,

-  6 дахь заалтын “...шүүгдэгч Б.Б-аас 7.217.320 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Б.Б-аас 6.804.020 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж,

- 6 дахь заалтаас “...хохирогч А.Цолмон /РД:ВЮ84121076/-д 366.600 төгрөг...” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Н.Сарангоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН