Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/01891

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Л-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт С.Б,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, байр тоот /регистрийн дугаар /, овогт С.Б нарт холбогдох

 

Орон сууцны үнийн урьдчилгаа, өмгөөлөлийн хөлс, засварын зардалд,  28.000.000 төгрөг гаргуулах, С.Б-ын засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42.589.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагч С.Б, С.Б, хариуцагч С.Б-ын өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Шуурхай зар сонины зарын дагуу С.Б, С.Б нараас  дүүргийн дүгээр хороо байрны  тоот 156,46 м.кв талбайтай дугаар гэрчилгээтэй орон сууцны зориулалттай 5 өрөө байрыг 290,000,000 төгрөгөөр худалдан авч, сувилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан. Би энэ хэлцлийг худалдах худалдан авах гэрээ гэж ойлгосон бөгөөд нотариатч мөн тэгж хэлсэн. Би хэлцлийн дагуу байрны төлбөрт 13.000.000 төгрөгийг төлж энэ өдрөө С.Бтай уг байранд очиж түлхүүрийг авч байрны тухайн үеийн байдлыг гэрэл зургаар авсан. Уг байранд ямар нэг доголдол байгаа эсэхийг тодруулсан боловч тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд би уг байранд 13,000,000 төгрөгөөр засвар хийлгэж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бохирын ус алдаж энэ талаар С.Бд мэдэгдсэн. Орон сууцыг хариуцсан сантехникийн инженер Д.Болормаад мэдэгдэхэд С.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хямд үнээр худалдан авч 2 жил бусдад борлуулж чадахгүй байж байгаад надад зарж борлуулсан, мөн уг байр урьд нь байнга бохир алддаг байсан талаар мэдсэн. Би С.Бд 3 сарын хугацаа өгч, доголдолоо засаад 3 сарын хугацаанд бохир алдахгүй бол би байраа авдагаараа авна гэж ярилцаж тохиролцсон. Гэвч С.Б бохир алдаж байгаа доголдолыг засаагүй. Одоо байрыг зарах зар өгөөд эндээс мөнгийг чинь өгнө, зарагдаагүй байсан ч би таньд өөрөө зохицуулаад 25,000,000 төгрөг өгнө гэж яриад байрыг зарах зар өгсөн. Үүний дараа хүмүүс ирж байрыг нь үзэж байсан. Би сэргээн засах чиглэлээр өдрийн эмчилгээ явуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас 23,000,000 төгрөг авч С.Бд 13,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон өгч, 13,000,000 төгрөгийн засвар уг байранд хийсэн. Иймд С.Б, С.Б нараас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,000,000 төгрөг, мөн байрны урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөг, байрны засварт зарцуулсан 13,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ хэлцэл надад ямар ч хамааралгүй гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Л нь гэрээ хэлцэлд заасан үүргүүдээ зөрчиж, бидний байрыг түрээсэлж, худалдан авахаар хэлцэл хийж, орон сууцны түлхүүрийг авчхаад 1 жил орчим араасаа хөөцөлдүүлж, цаг зав, ажил, төрөл, сэтгэл санаагаар хохироосон. Мөн энэ хугацаанд байрны ханш 30 хувиар унаж 40,000,000-50,000,000 төгрөгийн алдагдалд оруулсан. Харилцан тохиролцож гэрээ хийхдээ Б.Л нь би орон сууцны зориулалтыг өөрчилж эмнэлгийн зөвшөөрөл авна, зардлаа би өөрөө гаргана, та нар байраа зарахгүй хүлээж бай, би гурван сарын түрээс 3,000,000 төгрөг төлнө, мөн 10,000,000 төгрөгийн урьдчилгаа өгье, заасан хугацаандаа худалдаж авч чадахгүй бол, та нарыг хохироохгүй, урьдчилгаа мөнгө, түрээсийн мөнгө засвар хийсэн зардлаа эргүүлэн авахгүй, эмнэлгийн зориулалтыг буцаагаад орон сууцны зориулалт болгоход 10,000,000 төгрөг зарцуулаарай, би буцааж авахгүй, мөн түрээсэлж байх 3 сарын хугацаандаа худалдан авч чадахгүй тохиолдолд 3 сарын түрээсийн мөнгө, урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг эгүүлэн олгохгүй, зориулалтыг өөрчлөхөд зарцуулна. Мөн түрээслэн худалдан авах 3 сарын хугацаандаа орон сууцны зориулалтыг дур мэдэн өөрчилж засварлавал өөрийн зардлаар бүрэн хариуцна, орон сууцыг түрээсэлж ашиглаж байх хугацаандаа байрны урсгал зардал, байрны төлбөр тооцоог 100 хувь хариуцна гэж гэрээндээ тусгасан. Гэрээний түрээслэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд 3 сарын хугацаатай байсан. Иймд Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л нь дүүргийн хороо, байр  тоотод байрлах 156.46 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 290,000000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож талууд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулсан. Б.Л 3,000,000 төгрөгийн түрээс төлснөөр уг орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Орон сууцыг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар өөрчилж, гал тогоо байсан хэсгийн сантехникийн хоолой болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь өөр өрөө рүү шилжүүлсэн. Ийнхүү орон сууцны засварын ажлыг мэргэжлийн бус хүнээр, доголдолтой гүйцэтгүүлснээс  ус алддаг болоод байна. Тиймээс гал тогооны хэсгийг буцааж зориулалтын өрөөнд нь аваачих, бүх өрөөний паркетан шалыг солих, хана, хаалганы цагаан өнгийг өөрчлөх зэргээр орон сууцны засварыг өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардал 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2015 оны 02 дугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны мөн үеэс 13,7 хувиар буурсан болох нь Бэсгэ ХХК-ийн судалгааны тайлангаар нотлогдож байна. Судалгаагаар орон сууцны зах зээлийн үнэ ханш хурдацтайгаар буурсан бодит хохирол 29,000,000 төгрөгийг гаргуулна. Б.Л нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сар хүртэл 16 сарын хугацааны орон сууцны ашиглалтын зардал 1,589,000 төгрөг төлөөгүй учраас нийт 42,589,000 төгрөгийг Б.Лас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Б өөрийн бичсэн Иргэд хоорондын хэлцлийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр танил нотариатч дээр дагуулж очоод миний санаа бодлыг асуулгүй илт надад хохиролтой, ойлгомжгүй хэлцэлд гарын үсэг зуруулсан. Бид анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг түрээслэн ашиглах талаар ярилцаагүй байсан. Би тухайн орон сууцанд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаагаа С.Бд хэлж түүний зөвшөөрснөөр засвар хийсэн. Засварыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны үед эхэлсэн ба засварын явцад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ус алдсанаар доголдолтой болохыг мэдсэн. Ус алдсан асуудал нь хийсэн засварын ажилтай огт хамааралгүй угаасаа ус алддаг байр байсан ба миний хийсэн засварын ажил буруутай гэдгийг нотолсон ямар нэг баримтыг өгөөгүй. Мөн орон сууцны засварыг өмнөх байдалд нь оруулахад 12,000,000 төгрөг шаардлагатай болох талаар гаргаж өгсөн санхүүгийн тооцоо баримт байхгүй, өөрт нь 29,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Би орон сууцыг 16 сарын хугацаанд ашиглаагүй. Иймд 42,589,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.Б, С.Б нарт холбогдуулан орон сууцны үнийн урьдчилгаа 13,000,000 төгрөг, засварын зардал 13,000,000 төгрөг өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Б нь энэ гэрээ хэлцэл надад хамааралгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч С.Б нь Б.Л гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаж, улмаар засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42,589,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.Бтай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 243, 318, 302 дугаар зүйлүүдийг үндэслэн “Иргэд хоорондын хэлцэл” байгуулж, Нийслэлийн дүүргийн хороо, дугаар байрны  тоотод байргилтай 156.46 м.кв талбайтай орон сууцны 5 өрөөг 290,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр  гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

С.Бд Нийслэлийн дүүргийн хороо, дугаар байрны тоотод байршилтай 156.46 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул дугаарт бүртгэж гэрчилгээ олгогджээ.

 

Тус гэрээний 4 дүгээр зүйлд худалдах, худалдан авах гэрээ хийгдэх хүртэл түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлөх бөгөөд уг төлбөр нь үл хөдлөх хөрөнгийг худалдах үнэд багтахгүй гэж тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

          Мөн гэрээний 5, 6  дугаар зүйлд тохиролцсон хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийг худалдан аваагүй тохиолдолд урьдчилгаанд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан олгохгүй бөгөөд Б тал гэрээнээс татгалзсанд тооцно, Б тал эзэмшиж, ашиглах хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх зорилгоор засвар, үйлчилгээг хийж болох бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд өөрчлөлтийг засварлахад зориулан урьдчилгаанд төлсөн мөнгийг А тал зарцуулах бүрэн эрхтэй гэж заажээ.

 

Өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй бөгөөд худалдагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч С.Б, С.Б нарт холбогдох  28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч С.Бын  засварын зардал, алдагдал, ашиглалтын зардалд 42,589,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

            Орон сууцны зах зээлийн үнэ ханшийн бууралтаас бий болсон алдагдал 29,000,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй. Өмнөх байдалд нь сэргээхэд шаардагдах засварын зардлыг талууд урьдчилгаанд төлсөн мөнгийг зарцуулах замаар өөрчлөлтийг засварлахад тооцохоор харилцан тохиролцсон, мөн түүнчлэн ашиглалтын зардал 1,589,000 төгрөг нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч Б.Л нь тус байрыг ашиглаагүй, цоожны голыг сольсноос болж нэвтрэх боломжгүй байсан, дотор байсан эд хөрөнгөө аваагүй үлдээгээд утсаа салгаад зугтаад алга болсон гэсэн тайлбараа нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Лас 42.589.000 төгрөг гаргуулах С.Бын  сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Шинжээч дүгнэлт гаргаж, “Нэхэмжлэх”-ийн хамт шүүхэд ирүүлсэн тул шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг хариуцагч С.Баар нөхөн төлүүлж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                              

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б, С.Б нарт холбогдох 28,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч С.Бын нэхэмжлэгч Б.Лас 42,589,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,895 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас шинжээчийн ажлын хөлс 500,000 төгрөгийг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ