Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/02023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, гудамж байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.Бын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, О ОНӨААТҮГ-т холбогдох

 

ОСНААУГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, Х  төв 3-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн төлөөлөгч П.А, Д.Г, Б.О, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00011 дугаар тогтоолоор намайг ОСНААУГ-ын Х  төв 3-ын даргаар эгүүлэн тогтоох шийдвэр гаргаснаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээн авсан. Ажлаа хийх явцад ОСНААУГ-ын дарга надтай Үр дүнгийн гэрээ байгуулахгүй орхихоос эхлээд шахалт үзүүлж сэтгэл санааны хүнд хямралд оруулснаас би өвдсөн. Авилгатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 07-ны  өдрийн албан тоотыг үндэслэн Б/430 тоот тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А.Мийг даргын албан тушаалд томилж, ажил хүлээлцэх комисс байгуулан, миний оролцоогүйгээр шууд шилжүүлсэн байсан. ОСНААУГ-ын дарга Ж.Б ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан намайг Х  төв 3-ын даргаар эгүүлэн томилохын оронд миний нөхөн олговрыг гүйцээн олгуулахаар тавьсан хүсэлтээр барьцаалан, гачигдалтай байдлыг хясан боогдуулах замаар өөр ажилд, албан тушаал бууран ажиллах өргөдөл гаргуулж, ажил хүлээлцсэн актан дээр гарын үсэг зурах тулгалт хийсэн. Үүнийгээ хоёр тал харилцан тохиролцсон мэтээр тусгаж, Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэсэн гэх Б/548 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалыг гаргаж, албан тушаалаасаа хүчээр татгалзахад хүргэн дарамталсан. Хууль бус аргаар миний албан тушаалыг бууруулснаас байгууллага хамт олны дунд буруу сэтгэгдэл бий болж, нэр төрд сөргөөр нөлөөлөн, сэтгэл санааны ихээхэн дарамт учирч, хардлага сэрдлэгт өртөж байгаад гомдолтой. Дээрх тохиролцсон гэх өргөдлийг ажил олгогчийн илт хууль бус шахалт шаардлага, хууль бус дарамт нөлөөллийн улмаас өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр гаргаагүй тул ОСНААУГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, заавал биелэгдэх шүүхийн шийдвэрийн дагуу Х  төв 3-ын даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч О /ОНӨААТҮГ/-ын төлөөлөгч П.А, Д.Г, Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Д.Быг Х  төв 3-ын даргаар ажилд авсан тушаал гарсан боловч 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирж ажлаа хүлээн авсан. Ажил авсан өдрөөсөө эхлэн ажилтнуудтайгаа таарамжгүй харилцаа үүсгэн, ажилтны төлөөлөл өргөдөл, гомдол гаргасан. Б.Б 2018 оны 04 дүгээр сард өвчтэй гэх шалтгаанаар ажлаа хийхгүй алга болж байгаад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр ажлаа өгөх өргөдөл хүсэлт гаргасны дагуу түүнийг нь хүлээн авч хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгож Х  төв 3-ын ахлах инженерийн ажилд авсан тушаал гарсан. Д.Б нь одоогоор ахлах инженерийн ажлаа хийж байна. Нэхэмжлэлд дурдсан ажил олгогчийн зүгээс ажил үүргийг гүйцэтгэхэд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн явдал байхгүй бөгөөд харин ч ажилтнуудаас нь Х  төв 3-ын дарга Д.Бын талаар ажил олгогчийн нэр дээр ирүүлсэн өргөдөл гомдол саналыг шалгаж үзээд түүний буруутай үйлдлийг тогтоож хариуцлагатай ажиллахыг сануулан дэмжиж ажиллаж байсан. Х  төв 3-ын нийт 60 орчим ажилчдын 32 буюу дийлэнх тооны ажилчдаас гомдол санал ирсэн байдлыг үндэслээд Д.Б нь даргын албан тушаалд ёс зүйн хувьд тохирохгүй гэж үзсэн. Д.Б нь ажиллах хугацаандаа 2,495,000 төгрөгийг хэрэглэгчдээс дутуу авсан. Тухайлбал Темпини Монголиа ХХК нь сар бүр 1,044,000 төгрөгийг дутуу төлж байсан. Д.Б өөр ажилд шилжих хүсэлтээ өөрөө бичгээр гаргасан  бөгөөд ОСНААУГ-ын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 дугаартай тушаал үндэслэлтэй тул Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Б От /ОНӨААТҮГ/ холбогдуулан тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, Х  төв 3-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөр ажилд шилжих хүсэлтээ ажилтан өөрөө бичгээр гаргасан тул шилжүүлсэн тушаал үндэстэй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ТТ2018/00011 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/171 тоот тушаалаар тус газрын Х  төв 3-ын даргаар Д.Быг эгүүлэн ажиллуулахаар томилж шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.

 

Ажилтан Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Миний биеийг ХҮТ-3-ын ахлах инженерээр ажиллуулна уу” гэсэн хүсэлтээ бичгээр гаргасныг ажил олгогч хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 тоот тогтоолын хавсралтаар баталсан О /ОНӨААТҮГ/-ын дүрмийн 8.3.1 дэх заалтыг үндэслэн Д.Б нь өөр ажилд шилжих хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс дуусгавар болгож ахлах инженерээр шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

Ажилтан Д.Б 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх өвчтэй байсан болох нь Эмнэлгийн хуудас, Цалин олгосон карт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож /хх-ийн 70, 71 тал/ байна.

Түүнийг өвчтэй байх хугацаанд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/430 тоот тушаалаар Х  төв 3-ын даргын ажил албан тушаалд А.Мийг /хх-ийн 5 тал/ томилжээ.

Ажил олгогч нь ажилтан Д.Бын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Д.Бт олговор олгох тухай Б/547 тоот тушаалаар, А.Мийг ажилд авсан тухай Б/550 тоот тушаалаар, Д.Бын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/548 тоот тушаалаар шийдвэрлэсэн байдал нь нэхэмжлэгч П.Б-ын “Эцэг хүндээр өвчилж, банкны зээл нэхэгдэж, эдийн засгийн хүнд нөхцөлд байхад  нь цалинтай тэнцэх олговор олгохгүй, албан тушаалаасаа хүчээр татгалзаж өргөдөл гаргахад хүргэсэн” гэх тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна.

Нэхэмжлэгч Д.Бт сайн дурын үндсэн дээр өөр ажилд шилжих хүсэл зориг  байгаагүй, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллөөр өргөдөл  бичсэн гэж үзэхээр байна.

 Иймд ОСНААУГ /ОНӨААТҮГ/-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, Х  төв 3-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Быг Х  төв-3-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ