Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0374

 

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0374

     Улаанбаатар хот

 

 

 

З.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                                   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

 

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгч Т.Д;

 

Нэхэмжлэгч: З.Н

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д.М

Гуравдагч этгээд: Л.Б;

 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0346 дугаар шийдвэртэй;

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Гуравдагч этгээд Л.Б,

Гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгч Т.Д нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0892/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Н-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, 128,76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0346 дугаар шийдвэрээр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг тогтоох буюу хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Д.М-аас Л.Б-т уг үл хөдлөх өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дахин акт гаргах хүртэл 6 сар хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

 

3. Гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгч Т.Д-аас давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Шүүх, хэрэг маргааныг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, хуулийг зөв хэрэглэх ёстой. Ингэж байж шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангадаг. Гэтэл материаллаг эрх зүйн хэм хэмжээ болон процессын эрх зүйн хэм хэмжээ, олон хууль журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн заалтыг хангасангүй. Учир нь: Маргааны зүйл болсон Ү-2202025*** үл хөдлөх эд хөрөнгө 3.Нарангийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.М-д 385,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, түүнтэй үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн тухай гэрээ байгуулсныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.М өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг. Улмаар Д.М 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр 77,000,000 төгрөгийг гуравдагч этгээд болох иргэн Л.Б-аас зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулж дээрх Ү-2202025*** тоот хөрөнгийг барьцаанд тавьж зохих журмын дагуу бүртгүүлсэн, мөнгөө өгөөгүй тул шүүхэд хандсан байна.

 

3.1.1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2580 дугаар зээлийн гэрээний үүрэгт 83,283,200 төгрөгийг Д.М-аас гаргуулан Л.Б-т олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргасан, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02840 дугаар Албадан гүйцэтгэх захирамж гарсан. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Албадан дуудлага худалдаагаар худалдахаар нийтэд зарласан боловч борлогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 дахь худалдаагаар 221.785,000 төгрөгөөр Л.Б өөрөө худалдан авсан. Гэтэл З.Н 2021 онд Захиргааны хэргийн шүүхэд “...З.Н-аас Д.М-д шилжсэн шилжилтийг бүртгэснийг хүчингүй болгон өгнө үү” гэсэн шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0690 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдсэн. Харин дээрх дуудлага худалдааны ялагч Л.Б 221,785,000 төгрөгөө тушаагаад 2-3 жил болж байгаа ч хөрөнгөө олж чөлөөлж авч чадалгүй өдий ч хүрч байгаа учир шалтгаан нь З.Н Д.М-аас дуудлага худалдааны дагуу Л.Б-т шилжсэн Ү-2202025*** хөрөнгийг хууль бус шилжсэн гэж үзэж цагдаа сэргийлэхэд хандан хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн төдийгүй Захиргааны хэргийн шүүхэд “Д.М-аас Л.Б-т шилжсэн шилжилтийг бүртгэсэн Чингэлтэй бүртгэлийг хүчингүй болгон өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх түдгэлзүүлж шийдвэрлэхдээ: Дээрх Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд зэрэг нотлох баримт зэргийг харгалзан үзэлгүй шийдсэн нь: Шүүхийн шийдвэр зохих журмын дагуу биелэгдэж Л.Б дээрх эд хөрөнгийн өмчлөгч болсон атал анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагаа, Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан бүхий л хууль дүрэм шийдвэрийг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэл явагдаад дуусгавар болж Л.Б-ын нэр дээр гэрчилгээ гарсан ч бодит байдал дээр эд хөрөнгөө шилжүүлж авч чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дараа З.Н нь 2022 онд яг тухайн Ү-2202025*** эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гаргах хүртэл актыг 6 хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

3.1.2. Учир нь: Анхны өмчийн эзэн З.Н өөрөө Д.М-д 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгөө шилжүүлэн өгчихөөд мөнгөө дутуу авсан асуудал нь эрүүгийн хэргийн шийдэх асуудал Нөгөөтээгүүр тухайн хөрөнгийг Д.М , Л.Б-т барьцаалсан улмаар шүүхийн шийдвэрүүд, дуудлага худалдаа, Д.М-аас Л.Б-т шилжсэн бүртгэл бүгд хууль журамд нийцсэн шийдвэрүүд атал Эрүүгийн шүүхийн шийдвэрээр буцаан эд хөрөнгийг З.Н-д олгох ёстой гэсэн шийдвэрт эргэлзэн шүүх 106.3.11-ийг баримтлан шийдсэн нь Захиргааны эрх зүйн харилцаа, эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлээс үүдсэн хохирол, хор уршиг, гэмт хэргийн нөхцөл байдал зэргээс үүдсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэрэг эрүүгийн хууль тогтоомжоор шийдэх асуудлыг захиргааны хэргийн шүүхэд оруулж ирж тайлбарласан тайлбарт үндэслэн, хуулийг буруу хэрэглэн шийдлээ гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл З.Н Д.М-д Ү-2202025*** хөрөнгийг өөрөө гэрээ хийгээд шилжүүлсэн ч мөнгөө дутуу авсан залилуулсан үйлдэл нь эрүүгийн хэргийн асуудал байгааг харгалзан үзсэнгүй, /энэ талаарх тайлбар, гэрээ, хэрэгт хангалттай байгаа/ төдийгүй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0690 гэсэн дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүгч О.О шүүгчийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаар талын доороос 5 дахь догол мөрөнд мөн дүгнэгдсэн байгаа болно. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөрөнгийг хэнд нь өгөхийг шийдэх эсхүл бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байх эсхүл 6 дотор шийдэхгүй бол одоогийн хүчин төгөлдөр бүртгэл хүчингүй болно гэсэн нэг мөр үл ойлгогдох /салаа/ утгатай шийдвэр гарчээ гэж үзэхээр байна. Дээр дурдсанаар хууль зүйн хувьд З.Н-д хөрөнгө шилжих үндэслэл огт байхгүй юм.

 

3.1.3. Учир нь З.Н 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аль хэдийн худалдах, худалдан авах гэрээгээр Д.М-д хөрөнгийг шилжүүлсэн мөнгөө дутуу авсан нь одоогийн эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэж буй асуудал юм. Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь гараад 5 хонож буй шүүхийн шийтгэх тогтоолоор З.Н-д хөрөнгийг буцаан шилжүүлэх гэсэн шийдвэрт эргэлзэн хэргийг түдгэлзүүлсэн нь:

Нэг. Анхан шатны шүүх, эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан, /шийдвэр дараагийн шатаар хянагдаагүй байсан/-ыг харгалзан үзээгүй.

Хоёр. Захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, нэхэмжлэлийн үндэслэл, бүртгэл хууль ёсоор хийгдсэн эсэхэд дүгнэлт өгөх хуультайгаас бус иргэн З.Н, Д.М нарын хөрөнгөө зарсан мөнгөний илүү дутуу, залилсан эсэхийг шүүдэг, дүгнэлт өгдөг газар биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Д.М-аас Л.Б-т шилжүүлсэн шилжилт бүртгэлд хууль дүрэм зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд бүх зүйл дуудлага худалдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл албан бичигт үндэслэн Чингэлтэй дүүргийн бүртгэл явагдсаныг зөрчиж бүртгэсэн байна хэмээн шүүх дүгнэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Бүртгэлийн тухай хууль гэх мэт.

Гурав. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Дөрөв. Шүүх, нэгэнт нотлогдсон буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн /ИХШХШтХуулийн 40.1.4/ заалтыг зөрчиж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин нотлох шаардлагагүй гэж хуульчилсныг Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор мөн баталгаажуулж, дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй гэж заасныг зөрчин нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль зэргийг зөрчсөн гэж үзэж байна. Жич: Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн байгууллага, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудын шийдвэр эрх ашиг бас хөндөгдөж буй болно” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

  1. Маргаан бүхий үйл баримтын талаар:

 

1.1. Нэхэмжлэгч З.Н-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.М-ын нэр дээрээс Л.Б нэр дээр шилжүүлснийг бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.2. Харин хариуцагч Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан тоотоор “... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Л.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг мэдэгдье”, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 сарын 04-ний өдөр 28т-⁴/8469 дүгээр албан тоотоор “Шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан тул үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, эрхийг сэргээж өгөх талаар мэдэгдсэн” зэрэг баримтуудыг үндэслэн ...Л.Б-ын гаргасан мэдүүлгийн дагуу түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн” гэж гуравдагч этгээд Л.Б-аас “ ... бүх шатны шүүхээр явж хуулийн дагуу дуудлага худалдаагаар худалдан авсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Хууль хэрэглээний талаар;

 

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэрэгт” холбогдуулан Д.М-д эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйл, 26.1 дүгээр зүйлийг үндэслэн “Д.М-ын өмчлөлд байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 байр 3 давхарт байрлах оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” саналыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, тус Хэлтсийн дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар хянуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт танилцуулжээ.

2.2. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 15 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” олгосон тухай шийдвэр гаргажээ.

2.3.Үүний дараа 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30т-1/4430 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хязгаарлалт хийсэн хууль хяналтын байгууллагын шийдвэрийг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байна.

2.4. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 20 дугаар зүйл. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж Улсын бүртгэгчид хориглосон зохицуулалтыг хуульчилж өгсөн байна.

2.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:”, 30.1.4-т “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;” гэж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг хуульчилжээ.

2.6. Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай зөвшөөрлөөр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлалт тавьсан байхад Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн нь дээр дурдсан хуулийг зөрчсөн хууль бус бүртгэл болжээ.

2.7. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №28/8469 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 91 дэх тал/-ийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг Д.М-ын нэр дээрээс Л.Б-т шилжүүлэн бүртгэх үндэслэл болгосон, энэхүү бүртгэлтэй холбогдуулан үүссэн эрүүгийн хэргийн талаар Нийслэлийн прокурорын газар прокурорын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “...Улсын бүртгэгч Ц.О нь дээрх албан бичгийг үндэслэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцалсны улмаас хувийн ашиг сонирхлоо хэрхэн гүйцэлдүүлсэн болох нь ... тогтоогдоогүй... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хаажээ.

2.8. Мөн энэхүү тогтоолын Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар “...хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тодорхой болох хүртэл хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

2.9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол хүчинтэй байхад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж зааснаар эрх бүхий этгээдээс эрхийг хязгаарласан шийдвэрээ хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад үүнийг улсын бүртгэгч нь нягтлан шалгалгүйгээр иргэн Л.Б-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийсэн нь хууль бус байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч З.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.

2.10. Мөн цаг хугацааны хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлалт тавьсан Чингэлтэй дүүргийн Прокурорын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай зөвшөөрөл нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2580 дугаартай шийдвэр гарах үед болон тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч хүчин төгөлдөр байсан байна.

2.11. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд прокурорын хүчин төгөлдөр тогтоолтой холбогдуулан маргаан бүхий бүртгэлийг хууль бус эсэх талаар дүгнэсэн бөгөөд харин Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон хүчин төгөлдөр болоогүй байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудтай холбоотой дүгнэлт хийгээгүй болно.

 

3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болох талаар:

 

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /13-р хуудас/ “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол ... энэ шийдвэр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа зэрэг зүйл баримтууд шүүхэд тогтоогдлоо” гэж дүгнэсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсныг харгалзан үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

3.2. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарах бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн шийдвэр нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад тус тус хамаарч байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны акт, хэм хэмжээний акт, гэрээ иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, нэхэмжлэлийн үндэслэл, бүртгэл хууль ёсоор хийгдсэн эсэхэд дүгнэлт өгөх хуультайгаас бус ... хөрөнгө зарсан мөнгөний илүү дутуу, залилсан эсэхийг шүүдэг, дүгнэлт өгдөг газар биш” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

3.3. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.М-ын нэр дээрээс Л.Б-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлтэй холбоотой асуудлаар урьд шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна.

 

3.4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Б, зээлдэгч Д.М нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс үүссэн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэсэн, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэсэн болохоос улсын бүртгэгчийн бүртгэлийг хууль бус эсэхтэй холбоотой захиргааны маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шийтгэх тогтоол биш байна.

 

3.5. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан “... шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. ...шүүх нэгэнт нотлогдсон буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчиж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэх гомдол үндэслэлгүй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Бакула ринбучийн гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025*** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.М-ын нэр дээрээс Л.Б-т шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА