Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00889

 

2021           07            01                                          001/ХТ2021/00889

 

 

 

“...................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1695 дугаар магадлалтай,

 

“...................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“...................” ХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 109,756,702 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээ болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3,333,860 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...................” ХХК нь “...................” ХК-тай 2014.05.20, 2015.05.20-ны өдрүүдэд ажил гүйцэтгэх гэрээ, 2016.07.29 өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2014 оноос хойш жил бүр гэрээгээ сунган ажиллаж ирсэн. “...................” ХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэж гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн ба шинэ удирдлага нь төлбөр төлөхөөс зайлсхийж талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хийгдсэн ажил, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар үл ойлголцол үүссэн. Манай компанийн зүгээс удаа дараа гэрээ дүгнэх, тооцоо нийлэх тухай хүсэлт, санал албан бичгээр болон цахим шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл “...................” ХК нь тооцоо нийлж, төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн. “...................” ХХК нь “...................” ХК-тай байгуулсан гэрээний дагуу дараах төлбөр тооцооны өр үүссэн байгаа: Иргэн ...................ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд иргэн ...................аас ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 34,116,279 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулалд 47,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг “...................” ХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч “...................” ХК нь байгууллагаас зээлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор иргэн ...................ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 34,116,279 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулал болох 47 000 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэн ...................аас зээл 8,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Нийт ажлын хөлс 8,015,813.95 төгрөг болж байгаагаас “...................” ХК нь 840 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 7,175,814 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иргэн Г.Энхтайвантай холбоотой иргэний хэрэг. “...................” ХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. “...................” ХК-иас энэхүү хэрэгтэй холбоотойгоор дараах тооцоог 2018.04.06 өдрийн 181/487 тоот албан бичгээр ирүүлж төлөхийг зөвшөөрсөн бөгөөд ажлын хөлс болох 3,250,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна. ................... ХХК-ийн тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийн баримтанд хийсэн дүгнэлт. Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу ................... ХХК-ийн 111 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийж 130,004,415 төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд шинжилгээний дүгнэлтийг хүргүүлсэн. “...................” ХК нь ажлын хөлс болох 5,550,000 төгрөгийг төлөөгүй байна. “...................” ХК-ийн ................... ХХК-д холбогдох иргэний хэрэг. “...................” ХК нь ................... ХХК-иас нотлогдоогүй даатгалын тохиолдолд олгосон нөхөн төлбөр болох 201,985,022 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй гар утасны зээлийн гэрээний төлбөрт олгосон 32,029,569 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй интернет ашигласны төлбөрт олгосон 11,249,608 төгрөг, нийт 245,264,199 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...................” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. “...................” ХК, ................... ХХК нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр ................... ХХК-ийн хэрэглэгч нараас нэхэмжлэх 245,264,199 төгрөгийн шаардах эрх “...................” ХК-д үлдсэн бөгөөд ................... ХХК нь тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн даатгалын нөхөн төлбөр болох 117,828,045 төгрөгийн шаардах эрхээсээ татгалзсан. “...................” ХХК ба “...................” ХК нарын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний тооцоо 36,309,224 төгрөг байх бөгөөд үүнээс шилжүүлсэн 22,110,568 төгрөгийг хасаж тооцохоор 14,198,656 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна. ................... ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой тооцоо. “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй ................... ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэх эсэх нь 2016.04 сараас хойш тодорхойгүй байсан ба 2017.10.06 өдрийн “...................” ХК дээр хийсэн уулзалтаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нь ................... ХХК-ийн хэрэглэгч нараас төлбөрийн өрийг нэхэмжлэх ажиллагааг цаашид явуулахаас татгалзаж, байгаа гэж хэлсэн. ................... ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой шүүхийн журмаар төлүүлсэн ажиллагааны ажлын хөлс 36,585,567 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд “...................” ХК нь ажлын хөлсний төлбөрт 73,171,134 төгрөгийн 50%-иар алдангийг тооцоход алданги 36,585,567 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч “...................” ХК-иас ажлын хөлсний төлбөрт 73,171,134 төгрөг, алданги 36,585,567 төгрөг, нийт 109,756,702 төгрөгийг гаргуулж “...................” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...................” ХХК нь 2014.05.20-ны өдөр 14/015 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015.05.21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4 болон 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж ................... ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014.10.02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015.03.02-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3, 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014.04.27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг. 2015.05.20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016.05.21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2016.07.29-ний өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байдаг. “...................” ХК-ийн зүгээс “...................” ХХК-ийн захиралтай хэд хэдэн удаа уулзалт хийж, тооцоо гаргаж хүргүүлж байсан боловч “...................” ХХК-ийн захирал ...................нь үндэслэлгүй өндөр төлбөр нэхэмжилдэг байсан тул талууд тооцоо нийлж чадалгүй өдий хүрсэн бөгөөд “...................” ХК-ийн эрхийг зөрчсөн, олон ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж байсан. Тухайлбал, Г.Энхтайваны нэхэмжлэлтэй “...................” ХК-д холбогдох маргаанд хариуцагчийг төлөөлж оролцохдоо шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргааны зүйл болсон орон сууцыг өөрийн холбоотой этгээд (эхнэр/найз бүсгүй Э.Маргад)-ын нэр дээр шилжүүлэн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ барьцаанд тавьж, “...................” ХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнээс болж, “...................” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Энхтайванд орон сууцыг шилжүүлэх боломжгүй байдалд орж, “...................” ХХК болон Э.Маргад нарын зээлийг төлж, барьцаанаас суллан шүүхийн шийдвэрийн дагуу Г.Энхтайванд шилжүүлж байсан. “...................” ХХК болон Э.Маргад нар нь одоо болтол манайд тус зээлээ төлөөгүй байгаа бөгөөд манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсан хэрэг маргаанд шүүхэд төлөөлж, оролцсоны төлбөр тооцооны хувьд: ...................ын нэхэмжлэлтэй “...................” ХК-д холбогдох хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэж, “...................” ХК-иас ажилгүй байсан хугацаан цалин 34,116,279.00 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлын урамшуулалд 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ...................аас 8,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015.05.20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6 болон 4.1.2-д заасны дагуу ................... ХХК-д 5,255,814 төгрөгийг төлөх тооцоо гарсан. Г.Энхтайваны нэхэмжлэлтэй “...................” ХК-д холбогдох хэргийн тооцоо: Тус хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015.05.20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.б-д заасны дагуу тооцоход “...................” ХХК-д 600,000 төгрөгийг илүү шилжүүлсэн. Нөхөн төлбөрийн баримтад хийсэн дүгнэлтийн төлбөрийн тухайд: “...................” ХХК 63 ширхэг нөхөн төлбөрийн материалд дүгнэлт хүргүүлсэн бөгөөд үүний төлбөрийг 2015.05.20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.10-д заасны дагуу тооцоход төлбөрийн үлдэгдэлгүй байх бөгөөд бүх төлбөрийг шилжүүлсэн байна. ................... ХХК-тай холбоотой ажиллагааны төлбөрийн тухайд, “...................” ХК болон ................... ХХК нь шүүхийн өмнөх шатанд харилцан гэрээ байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2015.05.20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д заасны дагуу тооцоход 3,750,000 төгрөгийг илүү шилжүүлсэн. ................... ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны төлбөрийн түхайд: ................... ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014.10.02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 4.1-т зааснаар урьдчилгаа 5,000,000 төгрөг төлөх бөгөөд төлбөрийг дансанд төлүүлсэн төлбөрийн 20%-иар төлөхөөр харилцан тохиролцож, 5,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн боловч “...................” ХХК нь ................... ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдэд холбогдуулж, авлага барагдуулах ажил хийж, манай байгууллагын дансанд төлүүлсэн баримт, шүүхийн шийдвэр захирамжийг ирүүлж байгаагүй. Мөн нэхэмжлэлдээ энэхүү ажиллагааны хөлсийг 2016 онд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.2 болон 2.1.4-т заасны дагуу тооцсон байх боловч тухайн тооцоололд дурдсан тоо баримтууд ямар ч үндэслэлгүй бөгөөд 2016 оны эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тооцооноос үзэхэд “...................” ХК нь “...................” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...................” ХХК нь 2014.05.20-ны өдөр 14/015 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015.05.21-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4, 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, ................... ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014.10.02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015.03.02-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3, 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014.04.27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг. Дараа он буюу 2015.05.20-ны өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016.05.21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2016.07.29-ний өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Хариуцагч “...................” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд тус компани болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ...................нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа компанийн өмнөх удирдлагуудтай гэрээ байгуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг. “...................” ХХК нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагааг тус хуулийг зөрчиж явуулсан. Тус компани нь бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарч байна. Иймд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хууль зөрчиж, хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. “...................” ХК-ийн илүү төлсөн төлөлтийн тухайд “...................” ХХК нь ................... ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг “...................” ХК-иас авсан бөгөөд үлдэгдэл 3,333,860.81 төгрөгийн баримтыг өгч, хаалгаагүй байх тул 3,333,860.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “...................” ХХК нь “...................” ХК-иас олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдэгчийн олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан ................... женерал даатгал ХХК-иас “...................” ХХК-д олгосон итгэмжлэл, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд хуулийн этгээдийн эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд төлөөлөх чиглэл нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй байна. Талуудын байгуулсан гэрээнүүд, “...................” ХК-иас өгсөн даалгаврын дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд “...................” ХХК нь зохих ёсоор, шударгаар үүргээ гүйцэтгэж тайлагнаж, гэрээнд заасан ажлын хөлсийг тодорхой хэсгийг авч зарим хэсгийг аваагүй байгаа болно. Мөн 2014.05.20 өдрийн 14/15 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015.05.20 өдрийн АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно, 2016.07.29 өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэрээний 8.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болж гэрээний дагуу ажиллагаа хийгдсэн. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан. Илүү төлсөн төлбөр гаргуулах тухайд: “...................” ХК-иас сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 3 санхүүгийн баримт байна. Нэгд 2016.04.08-ны өдрийн “...................” ХК-иас “...................” ХХК-руу шилжүүлсэн 328,532 төгрөгийн ...................аас тэмдэгтийн хураамжийн төлбөр шилжүүлэв гэсэн утгатай санхүүгийн баримтын тухайд, Иргэн ...................ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “...................” ХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 328,532 төгрөгийг “...................” ХХК-руу шилжүүлсэн. Уг мөнгийг 2016.04.08-ны өдөр Улаанбаатар хотын банкинд 2611016809 тоот дансанд тушаасан. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн тэмдэгтийн хураамж төлсөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.06 өдрийн 891 тоот магадлалын тогтоох хэсгийн 2-т зааснаар нотлогдоно. Хоёрт, 2016.02.05-ны өдрийн “...................” ХХК-руу ...................аас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв гүйлгээний утгатай 478,500 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд, уг шилжүүлгийн баримтын гүйлгээний утга нь ...................аас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв гэсэн байна. Энэхүү шилжүүлэг нь улсын тэмдэгтийн хураамжид хамаарахгүй байгаа нь нотлогдож байгаа бөгөөд “...................” ХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлд хамаарахгүй болно. Манай компани нь “...................” ХК-ийн даалгавраар ................... ХХК-ийн 1000 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд их хэмжээний бичгийн хэрэгслийн зардал гарсан. Гуравт, 2016.02.08-ны өдрийн “...................” ХХК-руу ...................аас улсын тэмдэгтийн хураамж шилжүүлэв гүйлгээний утгатай 5,199,926 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд “...................” ХК нь ................... ХХК-д өр төлбөртэй 1000 хэрэглэгчийг эхний ээлжинд шүүхэд шилжүүлсэн бөгөөд үүний тэмдэгтийн хураамжийг хамт шилжүүлсэн. Манай компани нь 1000 хэрэглэгчид холбогдох шүүхийн тэмдэгтийн хураамжийг харьяа дүүргийн татварын албанд төлж, 1000 нэхэмжлэлийг шүүхэд өгсөн. 1000 хэрэглэгчид холбогдох ажиллагааны тайланг хариуцагчид хүргүүлсэн. Төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрүүдийн дагуу тэмдэгтийн хураамжийг хэрэглэгч төлөхөөр хуульчилсан байгаа. Шийдвэрлэгдээгүй иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг харьяа дүүргийн татвар, төрийн сангаас буцаан шилжүүлдэг бөгөөд үүний дагуу гэрчилгээний хуулбар, албан хүсэлт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг холбогдох материалыг өгдөг. Эдгээр материалууд нь хариуцагчид өөрт нь байгаа бөгөөд гэрээгээр “...................” ХХК нь тэмдэгтийн хураамжийг төрийн байгууллагаас гаргуулах үүрэг хүлээгээгүй болно. Иймд ................... ХХК-ийн хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг манай компаниас нэхэмжилдэг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харьяа дүүргийн татвар, төрийн сангаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шаардах нь зүйтэй. Дээрхи үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ................... ХК-иас 7 368 837 төгрөг гаргуулж, ................... ХХК-д олгож, нэхэмжлэлээс 102 387 865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ................... ХК-ийн 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 132 851 төгрөг гаргуулж, ................... ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1695 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 гэж, ... 7 368 837 /долоон сая гурван зуун жаран найман мянга найман зуун гучин долоо/ ... гэснийг 26 690 230 гэж, ... 102 387 865 ... гэснийг 83 066 647 гэж, 3 дахь заалтын ... 132 851 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун тавин нэгэн/ ... гэснийг 291 401 гэж тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 132 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 670 260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...................хяналтын гомдолдоо: ...Хэргийг тал бүрээс нь бодитой, шударга шийдвэрлэхийн тулд талуудын маргаж буй нөхцөл байдлын бодит байдлыг тогтоох шаардлагатай. ... “...................” ХХК нь “...................” ХК руу 2015.10.21 өдөр албан бичгээр санал хүргүүлсэн байгаа. Энэхүү албан бичиг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд уг хүсэл зоригийг хариуцагч хүлээж авсан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Хүсэл зоригийг хүлээн авсныг буюу холбогдох суутгалыг хийсэн гэдгийг нотлох нотлох баримт бол санхүүгийн баримт, тооцоо нийлсэн акт эсвэл хариу албан бичиг байна. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөөгүй, хэргийн хавтаст байхгүй. ...Хариуцагч нь 2018.01.23 өдрийн 18/533 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох тооцооллыг нэхэмжлэгчид ирүүлсэн бөгөөд уг тооцоололд нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн авлагатай гэж тусгаагүй бөгөөд энэ нь тус тооцоо дуусгавар болсон гэдгийг нотолно. Уг тооцооллыг хариуцагчийн санхүүгийн алба гаргаж өгсөн бөгөөд санхүүгийн тамга дарагдсан байгаа. ..Нэхэмжлэгчийн 2015 онд явуулсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч 2020.05 сард хүлээн авч суутган тооцсон гэх тайлбараар нэхэмжлэгчид 5 жилийн дараа шүүх хуралдаан дээр мэдэгдэж байгаа бөгөөд ИХШХТХуулийн 25.2.2-т хуульчилснаар өөрийн тайлбарыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх “нэхэмжлэгч үгүйсгээгүй тул” гэж дүгнэсэн. Гэтэл 2015.10 сард явуулсан хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч 2020.05 сар хүртэл хүлээж авсан тухай мэдээгүй байсан, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан холбогдох тооцоололтой албан бичгийг хариуцагч руу удаа дараа явуулж байсан нь нотлох баримтаар авагдсан байхад “нэхэмжлэгч үгүйсгээгүй” гэж дүгнэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. ...Нэхэмжлэгч нь хүлээн авсан 840,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг огт хүлээж аваагүй, суутган тооцоололт хийгдээгүй болно. (хх76-81 нүүр буюу хариуцагчаас ирүүлсэн албан бичгүүд) ...Тиймээс “...................” ХХК нь ...................ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр ажилласан ажлын хөлсөнд 7,205,813 төгрөгийн авах эрхтэй байна. ...Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Хэргийн хавтасны 32 нүүрэнд нэхэмжлэгчээс хариуцагч руу явуулсан 2015.07.02 өдрийн албан бичиг нотлох баримтаар авагдсан. Уг албан бичгээр ................... ХХК-ийн тоног төхөөрөмжийн 111 ширхэг нөхөн төлбөрийн баримт дээр хийсэн дүгнэлтийг хүргүүлсэн байгаа. (хх32-49 нүүр) Энэхүү нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй байна. Харилцагч нь 2018.01.23 өдрийн 18/533 тоот албан бичгийн хавсралтаар холбогдох тооцооллыг нэхэмжлэгчид ирүүлсэн бөгөөд уг тооцоололд нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн авлагатай гэж тусгаагүй бөгөөд энэ нь тус тооцоо дусгавар болсон гэдгийг нотолно. Уг тооцооллыг хариуцагчийн санхүүгийн алба гаргаж өгсөн бөгөөд санхүүгийн тамга дарагдсан байгаа. Тиймээс “...................” ХК-иас ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн урьдчилгааг 2014.09 сараас 2015.06 сард хийсэн ажлын гүйцэтгэлээр авах байсан ажлын хөлсөөр тооцоог хаасан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх авах ёстой ажлын хөлснөөс 5,000,000 төгрөгийг дахин суутгаж тооцоолол хийсэн нь алдаатай байна. ...Хариуцагч нь ................... ХХК-тай тооцоо нийлээгүй байгаа болохоор холбогдох тооцоог гаргах боломжгүй талаар шүүхэд 2019.09.23 өдрийн албан бичгээр мэдэгдсэн бөгөөд зөвхөн өөрийн дансанд нь төлөгдсөн тооцоог гаргаж өгсөн. Энэхүү мэдээлэл нь өмнө манай байгууллагад ирүүлж байсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа тооцоо нийлэх албан бичгийн хавсралттай зөрж байна. (хэргийн 2 хавтасны 32 нүүр хариуцагчийн шүүхэд ирүүлсэн албан бичиг) ...Одоогийн байдлаар бидний ажлын үр дүнд ................... ХХК-д 38,010,662.59 төгрөг төлөгдсөн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжилсэн ................... ХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой тооцоо, ажлын тайланг удаа дараа хариуцагч руу явуулж байсан бөгөөд хариуцагч ажлын тайланг хүлээн авсан бөгөөд тооцоолол дээр санал нийлдэггүй. ...Хийгдсэн ажлын тайланг хүлээн авсан нь мөн үзлэгээр тогтоогдсон байгаа. ИХ-ийн 189 зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд гэрээний 4.1.4-т “Захиалагч нь буруутай этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байхад өөрийн хүсэлтээр зогсоох санаачилгаа гаргавал тухайн этгээдээс төлбөрийг гаргасан гэж үзэх бөгөөд төлбөл зохих төлбөрийн 10% хөлс авна” гэж тохиролцсон. Үүний дагуу бид холбогдох тооцоог гаргаж нэхэмжилж байгаа. Хэргийн материалууд бүгд “...................” ХК-д байгаа бөгөөд бид хийсэн ажлын тайланг тухай бүрт нь хүргүүлж байсан бөгөөд хариуцагчаас ямар нэгэн санал гарч байгаагүй тул ажлын тайланг хүлээн авсанд тооцно. Тиймээс ажлын тайлан нь өөрөө нотлох баримт болох бөгөөд хариуцагч шүүх хурал дээр ажлын тайланг эсэргүйцэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн ажлын тайлангийн дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтуудын дагуу тооцоолол хийж 37,163,265 төгрөгийн ажлын хөлс авах эрхтэй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. 2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдээгүй орхигдуулсан нь процессын алдаа гарсан. Нэхэмжлэгч нь шүүхэд ................... ХХК-ийн 1959 хэрэглэгч нартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх зөвхөн 1000 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шийдвэр гаргасан бөгөөд 959 хэрэглэгчтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэх эсэхийг шийдвэрлээгүй нь ИХШХШТХуулийг зөрчиж процессын алдаа гаргасан байна. 3.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан байдаг. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаан хийхдээ ИХШХШТХуульд заасан процессын алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт шийдвэрлэхгүй орхигдуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нотлох баримт дээр үндэслэж бодит тооцоолол хийгээгүй нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 102,387,865 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нийт хариуцагчаас 109,756,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Шүүх гэрээг “хөлсөөр ажиллах” гэрээ гэж буруу дүгнэсэн талаар : Магадлалын хянавал хэсэгт “Хэдийгээр талууд ажил гүйцэтгэх болон эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний агуулга, хэрэгжилтээс дүгнэвэл тодорхой ажлын үр дүн бий болгох талаар бус тодорхой ажил, үйлчилгээ үзүүлж тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ” гэж хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “Гүйцэтгэх гэрээний зүйл нь хийсэн ажлын бодит, чанартай үр дүн байна”, Мөн гэрээний 4.1 дэх заалтуудад ажлын үр дүнгээс хамааран төлөх хөлсний хувь хэмжээ өөр өөр байгаа. Тодруулбал талуудын хооронд ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан ажлын хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд энэ талаар ч гэрээнд тодорхой тусгасан. Давж заалдах шатны шүүхээс мөн ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч талыг хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхгүй этгээд болохыг зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч талыг төлөөлж тодорхой үр дүн гаргах ажил гүйцэтгэж байсан талаар анхаарч үзээгүй байна. 2. Тооцооны алдаа гаргасан талаар: Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлыг дараах байдлаар дүгнэсэн байна. /Хүснэгтээр харуулав/... 3-т Хөөн хэлэлцэх хугацааг шалгаж, шаардах эрхийг тодорхойлоогүй. Энэхүү ............ын эвлэрэлтэй холбоотой ажлын 2015 онд “...................” ХК нь “...................” ХХК-д төлж дууссан бөгөөд төлөх ёстой төлбөрөөсөө 3,750,000.00 төгрөг илүу төлсөн байдаг. Энэ хугацаанд эвлэрлийн ажиллагаатай холбоотой төлбөрийн үлдэгдэлгүй болохыг байнга илэрхийлж ирсэн бөгөөд төлбөр төлөх талаар хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлж, тооцооллыг гаргахдаа нэг ноцтой алдаа гаргасан нь нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй явдал юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2015 онд дууссан ...................     ХХК-ийн эвлэрлийн гэрээний талаарх “...................” ХК болон “...................” ХХК-ийн ажлын хөлстэй холбоотой харилцааг дүгнэхдээ хөөн хэлэлцэх хугацааг шалгалгүйгээр шаардах эрхийг тодорхойлсон нь үндэслэлгүй болсон юм. Тодруулбал, Хариуцагч буюу “...................” ХК нь нэгэнт гэрээний үүр’’ээ дуусгавар болгосон, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг давхар тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь шүүх шаардах эрхтэй гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг мөн шалгаж нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлох үүрэгтэй бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Мобиком ХХК-тай холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэсэн хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн, дээрээс нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлсон үйлдэл болсон юм. Хэрэв нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн бол хөөн хэлэлцэх хугацааг давхар шалгах үүрэгтэй байсан юм. Мөн 1 дүгээр Хавтаст хэргийн 62 дах талд байгаа “...................” ХХК-ийн 2017.01.27-ны А01/08 дугаар албан тоотын 6 дах нүүрэнд “Нийт ажлын хөлс нь 23,182,804.5 төгрөг байх бөгөөд үүнээс урьдчилгаанд олгосон 22,110,568 төгрөгийг хасахаар 1,072,236.5 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг талуудын хооронд байгуулах гэрээний дагуу ................... Женерал Даатгал ХК нь төлөх үүрэгтэй байна” гэсэн нэхэмжлэгчийн ирүүлсэн албан тоотыг ч анхаарч үзэлгүй, төлбөр тооцоо дууссан мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан маргааныг үндэслэлгүйгээр дүгнэсэнд гомдолтой байна. 2.3. НТ баримтад шинжилгээ хийх ажлын хөлсний тухайд мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардах эрхгүй байхад 50,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 2.4. Мобикомын хэрэглэгч нартай холбоотой хэргийн ажлын хөлсний тухайд хянавал хэсэгт 2,354,509.00 төгрөгийг төлж 2,645,491.00 төгрөгийг илүү төлсөн тухай зөв дүгнэсэн атлаа магадлалын 14-р талын 2 дах мөрөнд бичсэн тооцоондоо оруулж нэмж дахин гаргуулахаар алдаатай тооцсон. Ийнхүү “...................” ХК нь ...............тай холбоотой ажлын хөлс болох 2,535,813.95 төгрөгийн үлдэгдэлтэйгээс илүү шилжүүлсэн 3,295,491.00 (650,000.00+2,645,491.00) төгрөгөө тооцвол 759,677.05 төгрөгийн авлагатай болж байгаа юм. Иймд магадлалын тогтоох хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “...................” ХХК нь хариуцагч “...................” ХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 109,756,702 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээ болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3,333,860 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, зохигч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч талууд маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

 

“...................” ХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, үүнээс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгчийн ................... тоот Хаан банк /Өмгөөллийн ...................ХХН/-д дансанд шилжүүлэх, нэхэмжлэгч “...................” ХХК нь үлдсэн 99,756,702 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, “...................” ХК нь “...................” ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангаас буцаан аваагүй мөнгөн дүнгээр “...................” ХХК-д төлөх бөгөөд “...................” ХХК улсын тэмдэгтийн хураамжийг хариуцахгүй, эргэн төлөх үүрэг хүлээхгүй гэж улсын тэмдэгтийн хураамжийн талаар тус тус эвлэрлийн гэрээ байгуулсан байна. 

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан байна.

 

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1695 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “...................” ХК нь улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 3,333,860 төгрөгийг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч “...................” ХХК нь 109,756,702 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн 99,756,702 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч “...................” ХК нь “...................” ХХК-д 10,000,000 төгрөгийг төлөх, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа шилжүүлэх, “...................” ХК нь ................... ХХК-д улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөр тус тус тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,310 төгрөг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,410 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Б.УНДРАХ