Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/773

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Мд холбогдох 1809018080191 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Э-ийн М, 1999 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Э.М нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурхан" пабын гадаа иргэн Б.Аыг "гар утсаар чинь яриад өгье" гэж хуурч түүний эзэмшлийн гар утсыг шилжүүлэн авч залилан бусдад 222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Мг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Хосбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат Э.Мгийн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хяналтын прокурор Ш.Хосбаяр би анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор улсын яллагчаар оролцсон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 469 дугаар шийтгэх тогтоолоор Э.Мг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн. Энэ талаар тодорхойлох хэсэгтээ "түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болжээ.

Тодруулбал, дээрх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй" гэж, мөн хуулийн зүйл, хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" гэж, мөн хууль, зүйл, хэсгийн 1.2-т зааснаар "энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн" гэж тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч Э.Мгийн гэм буруутайд тооцогдсон дээрх гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн буюу хорих ялын доод хэмжээ 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, дээд хэмжээ 3 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус хамаарч байгаагаас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг хэдий хугацаагаар тооцоход тодорхой бус, эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. ..." гэж заасан хуулийн зарчмыг баримталж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамааруулж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хамаарч ялгамжтай байдлаар зохицуулсан байхад шүүхээс шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна гэж дүгнээд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт оногдуулах ялд "эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял" шийтгэхээр заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 3 жил байхад хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамруулан нэмэлт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрсөн гэж үзсэн нь буруу байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Э.М “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Мг 2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гацуурхан" пабын гадаа иргэн Б.Аыг "гар утсаар чинь яриад өгье" гэж хуурч, түүний эзэмшлийн гар утсыг шилжүүлэн авч залилан бусдад 222.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч ... түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн хэргийн ангилалд хамаарах хэдий ч хууль тогтоогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд, доод хэмжээгээр ялгамжтай тогтоон хуульчилсан болно.

Шүүгдэгч Э.Мгийн үйлдсэн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.Мд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Мд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ