| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0106/Э |
| Дугаар | 2019/ДШМ/772 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2019/ДШМ/772
Д.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд,
хохирогч Б.Агийн өмгөөлөгч Б.Даваадорж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Д.Бд холбогдох 1807006520064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ын Б, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 2 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 18-10 тоот хашаанд байрлах иргэн М.Гын сууцанд иргэн Б.Аг түлхэж унагаан, хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал, тархи доргилт, хүзүү, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх өөрийн санаачлагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, талуудын тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдал, дахин шинжилгээ хийлгэх, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:
1. Хохирогч Б.Ад учирсан гэмтлийн талаар 08шэ/604 дугаартай шинжээчийн "...Хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн цууралт, хүзүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." гэсэн, дахин гаргасан шинжээчийн 279 дугаартай дүгнэлтэд "...Хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал, тархи доргилт, хүзүү, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ..." гэсэн дүгнэлтүүд гарсан байх ба хохирогчид учирсан эдгээр гэмтлүүд нь хэдэн удаагийн ямар үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх, ямар гэмтлүүд нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх, зарим гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дурдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шинжээч эмчийг асуух шаардлагатай байна.
2. Яллагдагч Б нь хохирогч Б.Аг өөрөөсөө холдуулж түлхсэн талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулж түүний гэмт хэрэгт холбогдсон сэдэлт, зорилго, гэм бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу дараах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
- хэргийн талаар мэдүүлсэн гэрч Урангоо, Ганбаяр, хохирогч Б.А нарын яллагдагчийн үйлдлийн талаар өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг шалгах,
- тухайн цаг хугацаанд хэрэг болсон гэх газарт байсан гэрч Урангоогийн нөхөр гэх Батбаярыг уг үйл баримтын талаар гэрчээр асуух,
- яллагдагч Б нь гэрч, хохирогч нарыг ирэхэд гэртээ ирсэн байсан эсэх, эдгээр хүмүүстэй архи ууж, эхнэр гэрч М.Гыг зодсон эсэх, хохирогч Б.А нь ямар шалтгаанаар Б-г зодож цус гаргасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй байна.
3. Яллагдагч Д.Бд хэрэг бүртгэлтийн шатанд үзүүлсэн хохирогч Б.Аг гэмтэлгүй гэх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан эсэхийг цагдаагийн хошууч Наранбаатараас асууж тодруулах, үзүүлсэн гэх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.
Иймд хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч Д.Бд холбогдох 1807006520064 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэлдээ: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичив.
Шүүгчийн захирамжинд 1. "...Хохирогчид учирсан гэмтлүүд нь хэдэн удаагийн ямар үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх, ямар гэмтлүүд нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа эсэх, зарим гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дурдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шинжээч эмчийг асуух шаардлагатай. ..." гэсэн байх ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ШЭ/604 дугаартай дүгнэлтэд "...Б.Агийн биед хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн цуурал, хүзүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." гэж,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ш.Цэцэгмаа, Б.Ганзориг, М.Аригуунтөгс нарын давтан шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтэд "...Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №08шэ/60 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Агийн биед хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ..." гэж тус тус дүгнэсэн.
Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн "...Б.Агийн биед үүссэн хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү хуйханд зөөлөн эдийн няцрал нь газар унаснаас үүсэх боломжтой. ..." гэх мэдүүлэг, шинжээч М.Аригуунтөгсийн "...Тухайн үедээ үндэслэлтэй гэж хариулсан. Учир нь, комисс шинжээч бид 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хүзүүний MRI зургийг уншуулж, хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтлийг оношилсон.
Төгсбуян дүгнэлт гаргах үед энэ гэмтэл оношлогдоогүй байсан. MRI шинжилгээ нь илүү ач холбогдолтой. ..." гэх мэдүүлэг авагдсан бөгөөд өөрөөр хэлбэл, Б.Агийн хүзүүний нугалмын 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал гэмтэл нь хүндэвтэр зэргийн, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь дээрх дүгнэлтүүдээр болон дээрх гэмтлүүд нь газар унах үед үүсэх боломжтой гэсэн шинжээч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүхээс дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болохоор зохицуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авах боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш юм.
2. "...Гэрч Урангоо, М.Г, хохирогч Б.А нарын яллагдагчийн үйлдлийн талаар өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг шалгах. ...Урангоогийн нөхөр гэх Батбаярыг гэрчээр асуух ... яллагдагч Б нь гэрч, хохирогч нарыг ирэхэд гэртээ байсан эсэх, эдгээр хүмүүстэй архи ууж эхнэр М.Гыг зодсон эсэх, хохирогч Б.А нь ямар шалтгаанаар Б-г зодож цус гаргасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох нь зүйтэй. ..." гэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл явдал болох цаг хугацаанд, тухайн газарт байсан Н.Ганбаяр, Ү.Урангоо, Т.Батбаатар, хохирогч Б.А, яллагдагч Д.Б нарын мэдүүлгээр Б.А, Д.Б нарын хооронд маргаан болсон, Д.Б нь Б.Аг түлхэн унагаасан талаар бүгд тогтвортой мэдүүлдэг. Урангоогийн нөхөр гэх Батбаяраас мэдүүлэг авах шаардлагагүй. Түүний мэдүүлэг хэргийн зүйлчлэл бусад байдалд нөлөөлөхгүй бөгөөд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэж байна.
3. "...Яллагдагч Д.Бд хэрэг бүртгэлтийн шатанд үзүүлсэн хохирогч Б.Аг гэмтэлгүй гэх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан эсэхийг цагдаагийн хошууч Наранбаатараас асууж тодруулах, үзүүлсэн гэх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах шаардлагатай. ..." гэсэн боловч энэ талаар 1807006520064 дугаартай эрүүгийн хэрэгт огт дурдагдаагүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд яллагдагчийн зүгээс энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байсан зүйлгүй бөгөөд захирамжид дурдсан энэ ажиллагаа нь хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлт, бусад байдалд нөлөөлөхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Бгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилсон байгаа. Шинжээч С.Төгсбуянгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр “хөнгөн” зэргийн гэмтэл гэж гарсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ш.Цэцэгмаа, Б.Ганзориг, М.Аригуунтөгс нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 3 дугаар 5-ны өдрийн 279 дугаартай давтан шинжилгээний дүгнэлтээр “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Ш.Цэцэгмаа "...Б.Агийн биед үүссэн хүзүүний 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, хүзүү хуйханд зөөлөн эдийн няцрал нь газар унаснаас үүсэх боломжтой. ..." гэж, яллагдагч Д.Б “А-г хойш нь түлхэх үед хүчтэй унаагүй. ...” гэж мэдүүлсэн байгаа. Эхний шинжээчийн дүгнэлт гарах үед хохирогч MRI зураг авахуулаагүй байсан. Хоёр дахь удаагаа авахуулсан MRI зураг буюу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зургаас тухайн гэмтэл үүсэх боломж нь ажиглагддаг. Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд "...Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт нь үндэслэлтэй байна. Шинжээч бид 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн MRI зургийг үндэслэн дүгнэлт гаргасан. ...” гэж мэдүүлсэн.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүхээс дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болохоор зохицуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авах боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл явдал болсон тухайн газар, цаг хугацаанд М.Г, Урангоо, Батбаатар, хохирогч Б.А, яллагдагч Д.Б нарын мэдүүлгээр Б.А, Б нарын хооронд маргаан болсон. Б нь Б.Аг түлхэн унагаасан талаар тогтвортой мэдүүлсэн байдаг. Урангоогийн нөхөр Батбаатар нь хөдөө ажлаар явсан гэх бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй байх тул мэдүүлэг аваагүй. Мөн мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийн зүйлчлэл болон бусад зүйлд нөлөөлөхгүй, хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэмтэлгүй гэсэн дүгнэлтийг танилцуулсан гэх цагдаагийн хошууч Наранбаатараас асууж тодруулах гэсэн боловч тухайн танилцуулсан гэх дүгнэлт хэргийн материалд хавсаргагдаагүй ба яллагдагчийн зүгээс энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаагүй байна. Иймд захирамжид дурдсан үндэслэл нь хэргийн зүйлчлэл, бусад байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна.
Иймд Д.Бд холбогдох хэрэгт авагдсан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдсан. Нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байгаа тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ..” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд шаардлагатай гэрч, шинжээч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг дуудан оролцуулж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ