Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/02838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 20-р байрны 62 тоотод байрлах, РД-2737515, Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

НШШГГ-ын 2018-05-02 өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д 50 хувийн үнээр санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь НШШГГ-ын 2018-05-02 өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д ШШГТХуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан журмаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахаар гаргасан гомдлыг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гарсан нэхэмжлэл, тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014-12-16 өдрийн 6246 захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Х.Эрдэнэбаатараас төлбөр гаргуулах ажиллагааг хийж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн үнийг 119 538 697 төгрөг болохыг тогтоолгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар Х.Эрдэнэбаатараас барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох дээрх орон сууц борлогдоогүй. Тус газрын комиссын 2018-04-02 өдрийн санал болгох хурлаар Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасанчлан, үнэлгээчний тогтоосон үнээр тус ББСБ-д өгөхөөр санал болгосон. Манай байгууллага тус комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул 2018-04-11 өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч 2018-05-28 өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн. Энэхүү хариуг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул дээд шатны байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018-05-29 өдөр гомдол гаргасан бөгөөд 2018-06-08 өдөр мөн гомдлыг хангахгүй тухай хариу өгсөн.

Манай ББСБ-ын үзэж байгаагаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө нь анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд ороогүй тохиолдолд төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалт гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь зохицуулалт, 2017-07-01 өдрөөс мөрдөгдсөн шинэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтууд ижил байгаа тул 73.1 дэх хэсэгт заасан журмаар барьцаа хөрөнгийг ББСБ-ийн нэр дээр шилжүүлэх ёстой гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёр дахь дуудлага худалдаагаар 59 769 348 төгрөгөөр зарагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 119 538 697 төгрөгт тооцон манайд өгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох комиссын 2018-05-02 өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ориент инвест ББСБ ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт заасан үнээр санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014-12-16 өдрийн 6246 захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгох шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015-01-26 өдөр үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан авах үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр тогтоолгосон үнэлгээгээр тооцож авахыг төлбөр авагчид санал болгосон.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шүүгчийн захирамжууд, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны баримт бичгүүд, үнэлгээний тайлан, шүүхийн шийдвэрүүд, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар шинжээчээр тогтоолгосон үнээр барьцааны хөрөнгийг төлбөртөө авахыг санал болгосныг эс зөвшөөрч, гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар үнийг 50 хувиар бууруулж, 73.1-д заасны дагуу өөртөө шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015-01-17 өдөр гарсан, тус шүүхийн шүүгчийн 2014-12-16 өдрийн 6246 захирамжийн дагуу төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгох ажиллагааг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн 2015-01-19 өдрийн 249 гүйцэтгэх хуудаст үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015-01-26 өдөр үүсгэж явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13-р хороо, 1-р байрны 68 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205005525 дугаарт бүртгэгдсэн, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж, хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч үнэлгээг 119 538 697 төгрөгөөр тогтоосон, энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдсэн, албадан дуудлага худалдааг 2015-10-02 өдөр явуулахаар тогтоож, дуудлага худалдаанд оруулах анхны дуудах үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар буюу 83 677 087 төгрөгөөр тогтоож оруулсан боловч худалдан авах санал ирээгүй, 2 дахь дуудлага худалдааг 2016-09-02 өдөр явуулахаар тогтоож, Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг 50 хувиар бууруулж тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан авах үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс хариуцагч байгууллага 2018-04-05 өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр тогтоолгосон үнэлгээгээр тооцож төлбөртөө авахыг төлбөр авагч болох нэхэмжлэгчид санал болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь зохицуулалт, 2017-07-01 өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтууд нь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэх талаар зохицуулсан төсөөтэй зохицуулалт байгаа боловч үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны хөрөнгө нь албадан дуудлага худалдаанд ороод борлогдоогүй барьцааны хөрөнгийн хувьд төлбөр авагчид санал болгох үнийн талаар зохицуулсан нарийвчилсан зохицуулалт болох 2017 онд батлагдсан хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг хариуцагч байгууллага баримтлах нь хууль хэрэглээний зөрчилгүй байх тул хариуцагч хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.